antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 9, 2012 5 comments

Нөхөд минь намайг “сахилга, хариуцлага” гэж шоглодог юм

нийтлэсэн Admin

Монгол Улсын гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Н.Чулуунхүүгийн ажлын өрөөнд түр саатлаа. Цэргийн ангиас гаралтай тэрбээр өдгөө Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дэд тэргүүн хэмээх нэр хүндтэй албыг хашиж буй. Тиймээс ч санаа зовж, толгой гашилгах зүйл мундахгүй.

Мэргэжил нэгт нөхдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө цаг наргүй гүйхийн зэрэгцээ уран бүтээлээ туурвиж, өөрөөсөө хэдэн үе мултарсан залуустай мөр зэрэгцэн хийж бүтээсээр явна.

-Таныг олж уулзах гэж нэлээд хэд хоног явлаа. Завтай байна гэж үгүй юм аа?

-Тэгэлгүй яах вэ. Ажил тун ихтэй байна. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяраар морины тухай дуунуудаараа “Уяач хүн уяан дээрээ жаргалтай” нэртэй цомог гаргасан. Цомогт би аяыг нь зохиож, дуулснаас гадна Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Ц.Түвшинтөгс, С.Ганзориг, МУСТА М.Бямбажав нарын сайхан залуусын дуулж амьдруулсан 20-иод дуу багтсан.

Би монгол хүний залуу нас, сүлд хийморь хоёр морьтой зайлшгүй холбоотой байдаг юм болов уу гэж боддог. Тиймээс яруу найрагч Р.Баярсайханы “Хийморьтойхон залуу нас” шүлгээр хийсэн дуугаа цомогтоо зориуд оруулсан.

Гадаадад ажиллаж, амь­дарч байгаа монгол­чууддаа зориулсан “Нутаг минь санагдана” цомгоо хэвлэлтэд өгчихөөд сууж байна. Удахгүй ирнэ. Мөн зуны дэлгэр сайхан цагийг ашиглаад, хэдэн дуугаа дүрсжүүлэхээр төлөвлөсөн. Энэ ондоо багтаагаад Ч.Мөнхжаргал, М.Бямбажав, бид гурвын дуунуудаас бүрдсэн хос цомог гаргана гэж бодож байгаа.

-Таны анхны цомог “Соёолон хүлгийн тоос” нэртэй байсан санагдана?

-Тийм ээ. Энэ бол миний морины тухай дуунуудаар бүтээсэн хоёр дахь цомог. Монгол түмэн морио дээдэлж, бахархдаг. Төрийн сүлдэндээ хүртэл дээдлэн багтаасан байдаг. Анхны цомогт багтсан дуунуудаас ч бас энэ цомогтоо оруулсан. Гэхдээ хөгжмийн найруулгыг нь өөрчилж, өмнөхөөсөө арай илүү төгс болгосон.

-Та моринд хэр эрэмгий вэ?

-Морь сонирхдоггүй мон­гол эр хүн гэж байхгүй шүү дээ. Уяач биш ч найз нөхөд, ах дүү нарын бэлэглэсэн хэдэн морь бий.

-Таны уран бүтээлийн дийлэнх хувийг ээжийн тухай дуу эзэлдэг. Ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн бага насны сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-“Настан буурал эмээ” дуу маань олонд их хүрсэн. Түүнээс хойш над дээр ээжийн тухай шүлэг барьж ирдэг хүмүүс олширсон юм. Ээжийн тухай бараг бүхий л сэдвээр дуу хийлээ. Заримдаа утга санаа нь давхцах үе ч гардаг.

Би аравдугаар анги төгстөлөө хөдөө амьдарсан. Бага насны дурсамжууд нэг их тод биш ч үе үе санагддаг. Хөдөөний хүүхдүүд л болсон хойно жалга довоор нүцгэн гүйлдэж, ааруул хурууд, өрөм тараг эргүүлдэнэ. Сумын төвд сургуульд сурч, амралтаараа гэртээ ирнэ. Өмссөн хувцас нь хадаг яндар шиг болчихсон л ирдэг байлаа. Тэр бүхнийг ээж минь л оёж шидэж, бүтэн болгоод явуулна. Энэ мэтээр яриад байвал одоо ч сэтгэлд уяатай явдаг сайхан дурсамж олон.

-Та “Зуу наслаарай, ээж ээ” гэсэн дуу зохиосон. Ээж тань ерэн насны босгыг даваад явж байна. Мөн ч сайхан аа?

-Хүн бүхэн л ээжийгээ зуу наслаасай гэж хүсдэг байх. Би энэ дуугаа Монголын сайхан ээжүүдэд зориулж зохиосон юм. Эх, үрийн харилцан шүтэлцээ шиг агуу зүйл энэ хорвоод үгүй биз ээ. Би ээжтэйгээ хамт өтөлж явна. Үүнээс илүү жаргалыг хаанаас хайх билээ.

-Ээждээ нэлээд эрх үү?

-Би одоо хүртэл ээжээрээ толгойгоо илүүлж, духаа үнэрлүүлэх дуртай. Тэгэхээр эрх л байж таарлаа.

-Хүмүүн гэдэг мунхаг амьтан. Ээж, аавыгаа дэр­гэд байхад нь төдийлөн тоодоггүй хэрнээ хол явчихаар нь хачин их санаж бэтгэрдэг?

-Ээжийгээ их санадаг. Өдөр бүр утсаар ярина. Ярихгүй нэг л өнжчихвөл сэтгэл тавгүйтчихдэг юм. Ээжид маань ч гэсэн эвгүй л байдаг байлгүй. Хадам ээж маань одоо наян насыг зооглоод явж байна. Настнуудтайгаа хамтдаа өтлөхийн жаргалыг эдэлж сууна даа.

-“Ээжийн бор аяга” дууг мэдэхгүй хүн байхгүй. Энэ мэт бурхан болсон ээжийн тухай дуу дуулах танд хэцүү байдаг уу?

-Анх энэ дууны шүлгийг үзээд их дурамжхан хүлээж авсан юм. Ямартай ч хийгээд дуулсан. Ард түмэн ч их таашаасан. Надаас хойш нэлээд хэдэн хүн дуулчихлаа. Одоо би эмэгтэй хүнээр дуулуулж үзье гэж бодож байгаа. Сонин байж болох юм.

-Хүн бүр ээжийнхээ энтэй бусдыг энэрч, аавынхаа дайтай ноён нуруутай байх юмсан гэж хүсдэг?

-Би ээж, аав хоёрыгоо хайрлаж, энэрч чадсан. Боломжийнхоо хэрээр үүргээ биелүүлж яваа гэж боддог. Эргээд бодоход, ямар нэгэн байдлаар эцэг, эхдээ тус хүргэж чадсангүй дээ гэж харамсах зүйл алга.

-Өрх гэрийн хос баганын нэг нь яах аргагүй аав. Аавын тань зан төрх, байгаа байдал танд их үлгэр дуурайл болсон байх?

-Айлд гэрийн эзний нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэдэг. Аливаа улс орныг төрийн тэргүүн, түшээд нь авч явдгийн адил эцэг хүн гэр орноо төвхнүүлж, үр хүүхэд, хань ижилдээ түшиг тулгуур болдог. Бие сэтгэл, оюун ухаан, хэлж буй үг, хийж буй үйлдэл бүрээрээ эр хүн, гэрийн эзэн ямар байх ёстойг хүүхдүүддээ ойлгуулж, мэдрүүлж чаддаг эцэг хүн хамгийн агуу. Аав минь тэр хэмжээний эр хүн байж чадсан. Тиймээс ч би олон зүйлд үлгэр дуурайл авсан.

-Эцгээсээ авсан бахар­хам чанаруудаараа өдгөө та өөрөө ард түмэн, үр хүүхдэдээ үлгэрлээд явж байна. Сайхан хэрэг шүү?

-Би түмэндээ үлгэрлэх хэмжээний агуу аав биш л дээ. Үүргээ зохих хэмжээгээр биелүүлж л яваа аав. Сургууль соёл төгсөж, зохих хэмжээний боловсрол эзэмшсэн. Аав, ээжээс заяасан авьяас билгээ хөгжүүлж чадсан. Хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлсэн. Хань ижилдээ ханийн дайтай түшиг тулгуур болсоор ирсэн. Тиймээс би өөрийгөө гэрийн эзний үүргээ сайн биелүүлж яваа гэж боддог. Үүнийгээ хэний ч өмнө бардам хэлнэ дээ.

Би биеэ их дайчилдаг. Уран бүтээлч хүнд ажил мунддаггүй. Хийх зүйл ч их байх юм. Шөнө дээд тал нь долоон цаг л унтдаг. Ихэнхдээ үүрийн таван цагт босдог.

-Цэргийн хүний дэг сургууль нөлөөлдөг байх л даа?

-Би нэг ч ажлыг энгийн хүний жишгээр хийж байгаагүй. Байлдагчаас бэлтгэл хурандаа хүртэлх бүх цолыг зүүж, цэргийн ангитай бүхий л амьдралаа холбосон болохоор арга ч үгүй биз. Өглөө их эрт босно. Ерөнхийдөө ажил хэрэгч шинжтэй.

Ямар ч хүнтэй загнаж, зандарсан мэт байдлаар харьцана. Бүр хар бага наснаасаа л “сахилга, хариуцлага” гэдэг үгийг хэлсээр ирсэн. Тиймээс цэргийн нөхөд маань намайг “сахилга, хариуцлага” гэж шоглодог юм.

-Амьдралд санаснаар болдоггүй зүйл гэж бий. Хэзээ нэгэн цагт санаснаараа сахилга, хариуцлагатай байж чадахгүй үе танд тохиолдож байв уу?

-Цэргийн хүмүүс ихэнхдээ шударга, дүрсхэн байдаг. Хүнтэй санал зөрөлдөх явдал гаралгүй яах вэ. Би ер нь их амархан уурлачихдаг. Уурласан үедээ хэнээс ч айлгүй үгээ хэлж чаддаг. Харин буруу зүйл хийчихвэл их шаналдаг. Буруугаа гэмшиж, гомдоосон хүнээсээ уучлалт гуйхыг хүсдэг. Хийсэн үйлдлийнхээ талаар заавал эргэж боддог. Хүн ямар нэгэн алдаа гаргаж болно. Харин буруугаа хүлээдэг байх хэрэгтэй. Энэ бол маш сайн чанар.

-Шавь нар болоод үр хүүхэд, ойр дотныхондоо өндөр шаардлага тавьдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Ахмадаа хүндэлж, үеийнхэн болоод өөрөөсөө дүү хүмүүстэй зөв боловсон харьцаж байхыг байнга сануулна.

Би нэлээд хэдэн шавьтай хүн. Хамгийн ууган нь М.Бямбажав. Нэгэн үе алдаж эндэж явсан ч одоо намба төрх суугаад сайхан амьдарч байна. Урлагтай амьдралаа холбоод хориод жил болчихлоо. Төр засгийн хайр хишиг, гавьяа шагналыг хүртэх ёстой хүмүүсийн нэг гэж боддог. Шавь нараас маань хамгийн отгон нь Монголын үндэсний дууны их наадмын нийтийн дууны төрөлд дэд байрын шагналт Ц.Дэлгэрмөрөн.

Би түүнийг их сайн дуучин болно гэж найдаж байгаа. Ямар ч дууг өөрийнхөөрөө дуулж чаддаг. Би ер нь хүний дууг хуулбарлаж дуулахыг шавь нартаа хориглодог юм. Хуучны дууг сэргээж дуулж болох ч түүнийг яг өөрийнхөөрөө л дуулах хэрэгтэй.

-Таны охин Ч.Мөнхжаргал аавынхаа замаар замнаж яваа. Монголын цөөхөн эмэгтэй хөгжмийн зохиолчдын нэг. Бас сайхан дуулдаг. Сүүлийн үед дуулахаасаа хөгжим бичихийг илүүд үзэх болжээ?

-Ч.Мөнхжаргал маань их сайхан торгон мэдрэмжтэй дуулдаг. Гэхдээ би хөөцөлдөж байгаад Хөгжмийн багшийн сургуульд оруулчихсан юм. Дараа нь Соёл урлагийн их сургууль, ОХУ-ын П.И.Чайковскийн нэрэмжит их сургуулийг төгссөн. Охины маань хөгжмийн зарим бүтээл надад их өвөрмөц санагддаг. Ямартай ч энэ хүн урлагийн замд эргэлт буцалтгүй орчихлоо. Одоо хариуцлагатай ажиллах л хэрэгтэй.

Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, төр засаг хөгжмийн эмэгтэй зохиолчдоо дэмжиж туслах хэрэгтэй. Том бүтээлүүд туурвиж байгааг нь үнэлэх цаг нь болсон. Ч.Мөнхжаргалд ч гэсэн төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Төр, түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлэх цаг нь болсон гэж бодож байна. Олон түмэн ч хэлдэг. Харин би өмнө нь энэ тухай дуугүй л явдаг байсан. Энэ жилээс л дуугарч эхэлж байна.

-Тайзан дээр дуулж байхыг тань харахад уян зөөлөн хүн шиг санагддаг. Харин таныг мэддэг хүмүүс их зарчимч, хатуу хүн гэлцэх юм билээ?

-Би хүнтэй аятайхан харьцчихдаг. Гэхдээ хүн миний уурыг хүргэвэл дүрсхийгээд л явчихдаг. Үүнийгээ мэддэг хэрнээ л алддаг. Арга ч үгүй дээ. Би армиар хүмүүжсэн хүн шүү дээ. Цэрэг, цагдаагийн хүн хэзээ номхон, дөлгөөн, нам дуутай байлаа. Гэвч хүн гомдоохгүй, урмыг нь хугалахгүй юмсан гэж хичээдэг.

-Амьдралынхаа туршид ямар нэгэн зүйлд сэтгэл хангалуун байж чадав уу?

-“Будант уулын оргилыг

Бугуйл шидээд бярдаж татмаар

Бардам зантай ч гэнэн сэтгэлтэй

Балчирхан багын гэгээн өдрүүд

Зассан шагай шиг заяа тэгшхэн

Хийморьтой явлаа, миний залуу нас” гэж миний дуунд гардаг юм. Яруу найрагч Р.Баярсайхан маань магадгүй намайг бодож, зориулж бичсэн юм болов уу.

“Хөглөх дуундаа харам­гүй аялгуутай

Хүслээрээ туучсан он жилүүд ээ” гэж. Би өнөөдрийг хүртэл санаснаараа л явсаар ирсэн. Миний амьдралд зовсон зүдэрсэн, дундуурхан үе таарч байсангүй.

-Уран бүтээлч Н.Чу­луун­­­хүү, иргэн Н.Чулуун­хүү хоёр хоорондоо хэр ял­гаатай вэ?

-Ялгаа байлгүй яах вэ. Уран бүтээлч Н.Чулуунхүү бол олонд танигдсан хүн. Тиймээс өөрийгөө тэр хэмжээнд зөв авч явах ёстой. Энэ чинь нэг талаараа хариуцлага шүү дээ. Миний ганцхан буруу үгийг маш олон хүн сонссон байдаг. Иргэн Н.Чулуунхүү тэр үгийг хэлсэн бол дэргэдэх хүн л сонсоод өнгөрнө шүү дээ.

-Туулж өнгөрүүлсэн амьдралаа эргээд харж суухад, танд юу бодогддог вэ?

-Би энэ амьдралыг өдий хүртэл авч явсаар ирсэн. Цаашид ч бас аз жаргалтай, эрүүл энх, зөв боловсон байлгах юмсан. Уран бүтээлч хүн тэтгэвэрт гардаггүй гэдэг дээ. Ажил нь цаг үргэлж ундарч байдаг. Хийж бүтээх зүйл их байна.

-Дуулахаас өөр дурладаг зүйл бий юу?

-Ухаантай хүний үгэнд дуртай. Б.Лхагвасүрэнгийн ярилцлагыг унших дуртай. Б.Шарав бас хөгжмийн талаар гоё ярилцлага өгдөг. Би Л.Түдэв гуайг “Өөрийнхөө цагийг хамгийн сайн найзаасаа хүртэл харамлаж чаддаг байх хэрэгтэй” гэж ярьсныг уншсанаа огт мартдаггүй. Мөн Д.Пүрэвдорж гуайн “Уран бүтээл жаргал, зовлон хоёрыг хоёуланг нь дэврээж байдаг” гэсэн үгийг үргэлж санаж явдаг.

-Ухаантай хүнийг шүтэн дээдэлдэг байх нь ээ?

-Би ухаантай хүнийг хүндэтгэдэг. Үгийг нь анхааран сонсдог. Харин амьдралынхаа туршид ээжийгээ л шүтсээр ирлээ. Ээжийн минь цагаан буян намайг тэтгэж, өдий зэрэгтэй явуулж байгаа биз. Ээжийгээ баярлуулах л гэж урлагт зүтгэж яваа юм шиг санагддаг. Ээж маань баярлаж байгаа байх аа.

-Өөртөө амралт өгч, тэтгэвэрт гаргах бодол алга уу?

-Ард түмэн намайг “Чи одоо боль доо” гэж хэлэх хүртэл дуулна. Харин ая зохиох ажлаа амьдралын эцсийн өдөр хүртэл хийнэ. Хэр эрч хүчтэй хийх нь миний л асуудал. Дуучин хүн 40, 50 хүрээд ирэхээрээ тэтгэвэртээ гардаг. Надад бол нэг давуу тал байна. Аяа өөрөө зохиодог учраас өөрийнхөө хоолой, нас намбанд зориулсан дуу хийчихдэг. Өөртөө зориулсан дуунууд минь хэзээд мөнх юм.

Би урлагаас холдож чадахгүй. Уул нь би Цэргийн эдийн засгийн академи төгссөн учраас бизнесмэн байх ёстой. Олон хүн намайг энэ ажил руу түлхэж байсан. Би ч хийж үзсэн. Гэвч урлагийнхаа ажилд илүү дуртай. Тэр үед Сангийн сайд байсан Э.Бямбажав гуай намайг бизнесмэн болгохын тулд зээл авч өгье гэж хүртэл хэлж үзсэн. Тэр хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Хэрвээ би бизнес хийсэн бол сайн хийх байснаа мэддэг. Гэвч урлагаа л сонгосон.

-Өнөө цагт урлаг ч бас бизнес болчихоод байна шүү дээ?

-Бизнес гэж хэлж болохгүй. Хүний цайны газраас бууз авч идэхдээ хүртэл мөнгө төлдөг л биз дээ. Гэтэл уран бүтээл хийж байгаа бид өөрийнхөө хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Дууны ая 300-500 мянга, дан хөгжмийн зохиол 500 мянгаас нэг сая, томоохон бүтээлийг тэр хүн өөрөө үнэлнэ гэсэн жишгийг Монголын хөгжмийн зохиолчдын хол­боо тогтоосон. Үнэлэмж заавал байх ёстой.

-Нас ахих тусам бусдын өмнө хүлээх хариуцлага, санаа зовних зүйл олширдог. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дэд тэргүүн болсноор санаа зовних зүйл тань нэгээр нэмэгджээ?

-Хөгжмийн зохиолчдын үнэлэмж хэтэрхий бага байна. Олон сайхан уран бүтээлч маань төр засгаараа хөдөлмөрөө үнэлүүлж чадал­гүй бурхны оронд одлоо. Аливаа шагнал урамшуулал оройтоод байгаа юм шиг санагддаг. Дуурь бүжгийн эрдмийн театрын хөгжимчин Б.Ганбат, Үндэсний дуу бүжгийн чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, Улсын филармонийн хэдэн сайхан хөгжимчинд төр засаг шагнал урамшууллаа хүртээх талаар бодож үзүүштэй.

Миний санааг хамгийн их зовоож байгаа зүйл бол Монголын хөгжмийн зохиолчдын холбооны байрны асуудал юм. Бусад холбоо хоёр, гурван давхар байранд төвхнөж байхад манайх ганц өрөө ч үгүй байна. Олон сайхан уран бүтээлч маань нас өндөр болсон. Тэднийхээ уран бүтээлийг архивлаж хадгалах газартай болмоор байна. Ер нь хөгжингүй орнуудад Хөгжмийн зохиолчдын холбоо төрийн ивээл дор байдаг юм билээ. Энэ талаар бодож үзэхэд гэмгүй л байх гэж бодогдох юм.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (August 09, 2012 11:19:58 am )

    Чулуунхүүг сайхан дуулдаг гэхэд би ойлгохгүй,ойлгодог хүмүүс ховор байхаа,сүүлийн үеийн залуучууд ямар гое дуулж хуурддаг болсон байна аа,дууныхаа үгийг сайхан бичиж өөрсдөө ая оруулж хариуцлагатай дуулддаг болжээ,энэ хүний хажууд залуучууд сахилаг хариуцлагатай болж харагддаг болжээ

  • Anonymous (August 09, 2012 11:35:13 am )

    Найз минь нэр дүр, билэг авъяасаараа гайхуулж яваа хүн дээ. Хүний ертөнцийг дүүргэж түмний сэтгэлийг нь цатгаж яваа Чуядаа нэг яваад очноо.Самбуу

  • Anonymous (August 09, 2012 12:41:58 pm )

    zochin saixanxun shuu amjilt xusie

  • Anonymous (August 09, 2012 1:00:21 pm )

    zonog tolgoi zail

  • Anonymous (August 09, 2012 3:46:26 pm )

    chylyynhuu gyain togloltiig neg ydaa uzsen uym.shavi byambajavtaigaa toglocon togloltiig ni.toglolt ehneecee dyysan dyystalaa 2 mori garch irj davhij dyylcaar orood yavchihcan.

antalya rent a car