antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

НАДАД САЙН ЖИЖҮҮР БАЙХ НУУЦ АРГА БИЙ

нийтлэсэн Admin

Одоогоос зургаан сарын өмнө буюу “1х3=5 буюу Орцон дахь гэр бүл” төсөлд хамрагдах орцны жижүүрүүдтэй уулзах үед М.Сугартай танилцаж байв. Тэрбээр 2000 оноос хойш орцны жижүүр хийж байгаа боловч авч байгаа цалин нь хоол ундандаа чүү чамай хүрч, өмсөж зүүх, гоёл чимэглэл гэдгийг мартаад удаж буйгаа ярьж байсан юм. Харин өчигдөр уулзахад тэрбээр “Миний амьдралыг үзэх үзэл өмнөхөөсөө огт өөр болсон. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас бидэнд зориулан хэрэгжүүлж буй төсөлд хамрагдсан нь олон хүнд эерэг өөрчлөлт, нөлөө өгч байгааг хэлмээр байна” хэмээн яриагаа эхэлсэн юм. Тэрбээр эхээс дөрвүүлээ бөгөөд айлын гурав дахь, ууган охин.

1983 онд аав, 1993 онд ээжийгээ алдаж өнчирсөн 8-16 насны дөрвөн хүүхэд амьдралын хүнд хэцүү бүхнийг амссан гэдэг. Хоолгүй хонох, өвдөж, даарах юу ч биш төдийгүй, сургууль, цэцэрлэг гэдэг тэдний хувьд санахын ч хэрэггүй мөрөөдөл болсон аж. 16 настай ахынхаа авчирсан жаахан гурил, ногоогоор амттай гэгч хоол хийгээд, цадталаа иддэг байснаа дурссан юм. Цаг хугацааны эрхээр том ах нь гэрлэж, М.Сугар ч айлын хүн болсон байна. Хүнтэй сууж, хүүхэдтэй болсон ч ахынхаа гэрээс өрх тусгаарлаж чадалгүй гурван жил гэрт нь амьдарчээ. Түүнд мэргэжил боловсрол байхгүй учир аль нэг байгууллагад ажилд орох боломж хомс байлаа.

Мөн ажилдаа явсан хойгуур нь хүүхдийг нь харах хүн байхгүй зэрэг нь түүнийг орон сууцны жижүүрийн ажил хийхэд ихээхэн нөлөөлсөн байна. Учир нь амьдрах байртай болохоос гадна ажлаа хийнгээ хүүхдээ харж, хүмүүжүүлэх боломжтой хэмээн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Мандах-2” СӨХ-д ажилд оржээ. Одоо тэрбээр 37 настай бөгөөд орцны жижүүрийн ажлыг 12 дахь жилдээ хийж байгаа юм. Үүнийгээ “Би 25-хан настай залуухан бүсгүй охиноо тэврээд ажилд орж байсан минь өчигдөр юм шиг л санагдаж байна. Гэтэл 12 жил өнгөрчихсөн байна шүү дээ” хэмээн тайлбарласан юм. “Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн шилдэг жижүүрийн анхны шагналыг би авч байлаа. Энэ ажлыг хэдийчинээ үнэн сэтгэлээсээ хийнэ, төдийчинээ амьдрал минь дээшилнэ гэж боддог.

Анх жижүүр болсныхоо дараа хүмүүсээс ичдэг байлаа. Өглөө эрт гадаа талбай, шатаа угаачихаад өрөөндөө ороод, хөшгөө хаагаад суучихдаг байсан. Сүүлдээ “Би ариун цагаан хөдөлмөр хийж байгаа учраас ичих хэрэггүй. Ямар хүнээс хоол гуйж, гудамжинд тэнэж, хулгай хийж яваа биш” гэж бодох болсон. Тэгээд л ажлаа идэвхтэй, сайн хийж эхэлсэн дээ. Миний ажил сайн үнэлэгддэгийн нууц нь “Давхар бүрийг тухайн давхарт нь амьдардаг хүүхдүүдэд “Энэ чиний давхар шүү. Ханан дээрээ юм зуруулж болохгүй, муухай болгож болохгүй шүү” гээд даалгаж өгдөг. Тэгээд баяр ёслолоор тэднээс шилдгийг шалгаруулж, жижигхэн баярын бичиг, модтой чихрээр ч юм уу урамшуулдаг юм. Тэгэхээр хүүхдүүд бие биетэйгээ өрс өлдөөд хариуцсан давхрууддаа анхаарал тавьж, улам цэвэрхэн, аятайхан болгодог.

Мөн баяр ёслолоор айл өрхүүдтэйгээ хамтран Орон сууцныхаа “тоосыг гөвдөг”. Үүнээс гадна ядраад ирж байгаа оршин суугч бүртээ тусалж, юмыг нь дамжлан гэрт нь оруулж өгөхийг хичээдэг. Энэхүү хувийн зохион байгуулалт маань оршин суугчдад таалагддаг юм” хэмээн ярив. Түүнчлэн “Одоо бид эдийн засгийн сургалтад сууж байгаа. Өмнө нь цалингаас цалингийн хооронд өр тавиад, авсан мөнгө маань юунд ч хүрэхгүйгээс сэтгэлээр унаж, байнгын сэтгэл дундуур амьдардаг байсан. Энэ сургалтад сууснаараа бид мөнгөтэй хэрхэн зөв харилцах вэ, байгаагаа яаж хүр гэх вэ, түүнээсээ яаж хад галах зэргийг хүртэл суралцаж байгаа. Мөн сэтгэл за сах бясалгалд хамрагдсан нь амьдралыг үзэх үзэл, бусадтай харилцах байдалд маань асар их өөрчлөлт авчирсан.

Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд их зүйл хэрэггүйг ч ойлгосон. Ер нь өнгөрсөн хавраас хойш манай гэр бүл маш тайван, мөрөөдөл, тэмүүлэлтэй болсон. Өмнө нь би “Би яах вэ, энэ хоёрыгоо л сайн сайхан явуулах минь, хоёр хүүхэд маань л эрдэм ном сураг” гэж боддог байсан. Гэтэл хүн өөрөө эрдэм мэдлэгтэй болж, гоё сайхан хувцаслаж, бусадтай сайхан харилцаж, толгойгоо цэнэглэж чадвал үр хүүхэд маань аяндаа тийм болдог юм билээ. Үүнийг би сургалтад хамрагдсанаараа ойлгосон. Тиймээс би өөрөө уранхай ноорхой хувцастай, ууртай, ааштай байхгүйн тулд хичээж, үр хүүхдэдээ үлгэрлэх ёстой.

Энэ хэвшлийг бий болгож болдог сайн энерги сэтгэлд байдгийг ойлгуулж өгсөн Гантөгс багшдаа, Ганди сайддаа баярлалаа гэж хэлмээр байна. Орцны жижүүр, том дарга хоёр хүнийхээ хувьд ялгаа байхгүй гэдгийг ойлгосон учраас би болон бусад жижүүр эмэгтэйчүүд маань өмнөхөөсөө огт өөр, зорилго тэмүүлэлтэй болсон гэдгийг хэлмээр байна” гэж тэрбээр ярив.

Б.МАРТ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car