Төрийн ажлыг гацаахад ганцхан үг ашигласан ч хангалттай амжилт олдгийг энэ 7 хоногийн эхээр эрх баригч асан МАН харууллаа. Зөвшилцөх л хэрэгтэй, зөвшилцөхийг л хүлээсэн тэдэнд ЗӨВШИЛЦӨЛ хамгаас чухал байгаа бололтой. Энэ үгийг энгийн утгаар нь хараад үзвэл биднийг яах гэж байна, та нар хариуд нь юу өгч, яах вэ… бид зөөлөн сэнтийдээ баяртай гэж хэлмээргүй байна гэсэн санаа биш гэж үү? Хараад байхад МАН-аас гадна хувь хүн болов чиг АН-д зөвшилцлийн санал олныг тавьж буй бололтой. Харин үүний хирээр Ерөнхийлөгчөөс шууд хамааралтай гэж үзэх хууль шүүхийн байгууллагын нэр хүнд иргэдийн дунд багагүй унаж байгааг нь сануулах зөв байх. Н.Энхбаярыг өмөөрч нийтлэл бичсэн эрхэм өдгөө өмгөөлөгчөөр нь ажиллахаар болсон. Харин түүний шууд хэлсэн санаа нь нэгэн тайлал агуулжээ.
7-р сарын 31-ний өдөр болон Н.Энхбаяртай холбоотой хэргийн шүүх хурлыг нээлттэй зарлахаар болсон. Яагаад вэ гэхээр хэргийг шалгаж үзсэний эцэст эзэн биед холбогдсон хэрэг биш гэсэн шийдэлд хүрчээ. Ингэхээр 7 сарын 31-ний өдөр Н.Энхбаярын гэх авлигын хэрэг хаагдаж мэдэх прогнозыг хууль шүүхийн байгууллагынхан гаргажээ. Үүний хажуугаар сонгуульд нэр дэвшихийн өмнөхөн авлигын хэргээр баривчлагдсан “Мон-Уран”-ы Б.Наранхүү өдгөө УИХ-ын гишүүн болчихсон. Тэгвэл түүнийг хэрхэн яагаад суллав, хэрэг яагаад хэрэгсэхгүй болов гэдэг нь асуулт. 50 саяын дэнчинтэй АН-аас 1 тэрбум буюу 20 дахин илүү мөнгө төлсөний эцэст нэр дэвших эрхээ олж авсан Б.Наранхүү АТГ-ыг мөн л худалдаж авсан гэх олны яриа байгаа. Олны яриа ортой гэж үг бий.
Авч өгсөн мөнгийг нь өөрийн нүдээр хараагүй болохоор, одоо гишүүн болчихсныг нь харахаар үнэний ортой ч байж мэдэх юм. Мөн Я.Батсуурийн хатгалгаар АТГ-т шалгуулсан гэх Ц.Анандбазарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ар араасаа АТГ-т хутгалдсан аймгуудын засаг дарга нар бүгд МАН-ынх. Гэтэл сонгуулий дараахнаас эхлээд тэдний олон саяын идэж уусан хэрэг хэрэгсэхгүй болоод эхэллээ. Магадгүй энэ байдалд ажиглалт хийвэл зөвшилцлийн нэг хэлбэр ч байж болох ажээ. Тэгснээ сүүлдээ бүр Ц.Нямдорж сайд энэ удаагийн ЗГ-ын ажил “Бодь групп”-ийг л дагасан ажил болох нь гэж хардаж суух. Харин нэг ёж үгтэй нөхөр өөдөөс нь “Эм-Си-Эс”-ийг дагаснаас дээр биш үү гэж хатгаас хийж эхэлжээ. “Мон-Уран”-ы Б.Наранхүүг манай намд байхад бид нарыг газрын наймаачин гэдэг байлаа, одоо АН-д орсон юм чинь АН-ыг бид газрын наймаачин гэж дуудаж болно биз дээ гэх мэтээр Ц.Нямдорж сайдын тунирхал гэж цэцэрлэгийн хүүхэд шиг ар араасаа хөврөөстэй л байгаа харагдана. Аргаа ядахдаа л өрөөгөө суллахгүй гээд чичрээд байгаа байх. Хэрвээ өөртэй нь зөвшилцөөд үзвэл нэг магадгүй л юм.
Сонгуулийн өмнөхөн ар араасаа дэгдсэн авлигын олон хэргүүд нэг нэгээрээ хаагдаж, хэрэгсэхгүй болсоор хэн ч авлига аваагүй болж таарах гээд байгаа нь хамгаас сонин санагдаад байх юм. Нэгнийгээ авлигачаар нь дуудаж авсан идсэн уусныг нь зарлаад л АТГ руу ачуулаад байсан. Гэтэл одоо ч хэн ч юу ч завшаагүй, хэн ч хэнд ч авлига өгөөгүй болоод хувирчих юм. АН-ын хийж байгаа юм бүхэн МАН-д таалагдахгүй байгаа юм байх аа. Ямар ноён доллар биш таалагдах ч албагүй. Явах хүнээр ачаа бүү татуул гэдгийн адил АН-ынхан эхэлсэн ажлаа дуусгахаар завдсан нь тэр биз. Гэхдээ хоёр нам зөвшилцөөгүй гэж үү? Энэ л хэргийн гол зангилаа.
Хорооны даргаас эхлээд бүх газруудад цэвэрлэгээ явуулах хэрэгтэйгээ хэлж байсан хирнээ яг шүүрийг нь өгчихлөөр хогоо шүүрдэхгүй байлгаад байгаа нь өнөөх зөвшилцөл байж болох л юм. Ард олны дунд хүлээлт үүсгэсэн аймгуудын засаг дарга нарын, С.Дэмбэрэлийн, Н.Энхбаярын гээд олон хэргүүд бий. Эдгээр хэргүүдийг хэрхэн шийдэхээс хэр сайн зөвшилцөөн хийсэн нь харагдах биз ээ. Эхнээсээ хэд хэдэн хэрэг нь хаагдаад, хэрэгсэхгүй болчихсон нь өмнөх үйлийг баллуурдах ажлууд эхлэж байгааг харуулах шиг… Ард олондоо, улсынхаа хөгжилд ихийг хийж бүтээж байвал зөвшилцөх нь ч дүүрчээ. Улс төр нь байгаа цагт тэр хэлээд байгаа зөвшилцөл нь байж л таарах байх. Байгаа юм хойно одоо зөвшилцөөд л байхаас даа.
Г.Тэгшжаргал (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 28, 2012 11:21:19 am )
МОНГОЛ ТӨР ЛУЙВАР ХУЛГАЙН ҮҮР ШҮҮ ДЭЭ ҮҮНИЙГ МАН ИЙХАН САЙН МЭДДЭГ
ГОЛ ГОЛ ХҮЧЭН НЬ МАН ИЙН ГАРТ БАЙГАА БОЛХООР ТЭД ТОХИРОО ХИЙХ ГЭЖ БАЙНА
БИДНИЙ ЛУЙВАРЫГ ИЛЧЭЛЭХГҮЙ БОЛ БИД ТА НАРТАЙ ХАМАТ ЛУЙВАР ХИЙСЭНЭЭН ИЛЧЭЛЭХГҮЙ ГЭХ МЭТ -
Anonymous (July 30, 2012 9:18:18 am )
Авилгал бол албан тушаал хашдаг хүн л хийдэг ажил, гэтэл Наранхүү энэ насандаа албан тушаал хашиж байгаагүй нөхөр. Энэ Нямдорж ингэж л тэнэгтдэг байгаа юм.
2 Comments