Шинэ УИХ тангаргаа өргөж чадалгүй бүтэн долоо хоногоор саатаж байна. Шинэ нь тангараг өргөх нь байтугай хуучин нь хаалтаа хийсэнгүй. Шалтгаан нь сонгуулийн дүн эрх барьж байгаа намын хүсч байснаас эсрэгээр гарсан явдал. УИХ-ын 76 суудлын 31-ийг Ардчилсан нам, МАН 25, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН хоёр суудал авч, гурван бие даагчийг УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцохоор СЕХ өчигдөр тогтоолоо Ерөнхийлөгчид танилцууллаа. Өвөрхангайн тойргоос сонгогчдын олонхийн санал авсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгуулийн хууль зөрчсөн нь баримтаар нотлогдож, шүүхийн шийдвэр гарсан тул тэднийг УИХ-ын гишүүнд сонгогдсон тооцохоос СЕХ татгалзсан байна. Мөн нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс сонгогчдын саналаар гурваар гарсан Б.Батзориг, Л.Эрхэмбаяр нарын авсан санал тойргийн нийт сонгогчдын 28 хувьд хүрээгүй тул дахин санал хураалт явуулахаар болжээ. Харин Увсын тойргоос сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын хувьд сонгогчдын саналыг худалдан авахаар мөнгө тараасан буюу “төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдсан” хэргээр тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа ч шүүхийн шийдвэр хараахан гараагүй тул тэдний нэрийг түдгэлзүүлэх нь одоогоор боломжгүй гэж үзсэн байна. Гэхдээ тэднийг тангараг өргөсний дараа шүүхийн шийдвэр гарч, ял сонсоход хүрвэл сонгуулийн шинэ хуулиар сонгогчдын өгсөн саналаар тэдний араас жагссан хоёр нэр дэвшигч УИХ-д шууд сонгогдох боломжтой. Ингээд одоогийн байдлаар УИХ-ын 76 мандатын 72 нь бүрдээд байна.
Хэдийгээр Ардчилсан нам УИХ-д суудалтай бусад намуудаас хамгийн олон буюу 31 суудал аваад байгаа ч Засгийн газраа дангаараа байгуулахын тулд дор хаяж 39 суудал авч, УИХ-д олонхи болох ёстой. Тиймээс ирэх дөрвөн жилд ажиллах Засгийн газар аль нэг намын бус, эвслийн Засгийн газар байх нь тодорхой боллоо. Харин сонголт Ардчилсан намын талд байгаа. 2004 онд яг ийм нөхцөл байдал бий болж, МАХН 38, Ардчилсан нам 34 суудал авсан тул хоёр намын дарга нар үүнийг “Хаан сонголт” хэмээн нэрлээд Эвслийн Засгийн газар байгуулсан билээ. Гэхдээ УИХ-д илүү олон суудал авсаны хувьд МАХН Засгийн газраа толгойлохын оронд тухайн үеийн Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржид Ерөнхий сайдын албан тушаалыг найр тавин өгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын даргын сэнтийд сууснаар эвслийн Засгийн газруудын хувь заяаг Н.Энхбаяр шийдэх эрхээ авсан юм. Тэгээд жил хүрэхгүй хугацааны дараа Ардчилсан намыг Засгийн газраас шахаж, тэдний орон зайг УИХ-д суудалтай жижиг намуудад өгсөнөөр өөрийн улс төрийн тоглолтыг амжилттай дуусгасан билээ.
Дараа нь 2008 онд МАХН 44 суудал авч олонхи болсон ч бас л 27 суудалтай Ардчилсан намд “урилга” илгээснээр “стандарт бус” хэмээх тодотголтой хамтарсан Засгийн газар байгуулагдан гурван жил хагас ажилласан. МАХН-ын энэ урилга заллага хийгээд хамтарсан Засгийн газар урт удаан хугацаанд тэсч тогтсон шалтгаан нь сонгуулийн дүнг эсэргүүцсэн долдугаар сарын 1-ний үймээн, түүний улмаас үрэгдсэн таван хүний амь нас, үүнээс үлдсэн нийгмийн талцал, айдас хүйдэс байсан юм. Хэдийгээр энэ Засгийн газар санасныг бодоход урт удаан насалсан хэдий ч өмнөө тавьсан зорилгынхоо тал хагасыг ч биелүүлж чадаагүй. Яагаад гэвэл УИХ-д суудалтай хоёр том намын хувьд сонгогчдод өгсөн амлалтууд дэндүү их байв.
Тиймээс амлалтаа биелүүлэх шаардлагад шахагдсаар нийгмийн өмнө тулгамдсан, зайлшгүй хийх ёстой ажлууд бүгд орхигдсон гэсэн үг. Тэгээд ч парламентыг хяналтгүй болгосон, улс төрийг “манан”-туулсан гэгдэх олон шүүмжлэлүүд аль алиных нь рейтингэд нөлөөлж, өнөөдөр аль нь ч олонхи болж чадахгүй байх нөхцөл бүрдсэн билээ.
Тиймээс Ардчилсан намын хувьд өнөөдөр Эвслийн Засгийн газарт хэн байх вэ, хамтрагчаа хэрхэн сонгох вэ гэдэг дээр арай өөр сонголт тулгараад байгаа бололтой. Тус нам доторх олон бүлэг фракциудын ярьж буйгаар энэ сонголт нь МАХН байх магадлалтай. Учир нь тус намын хувьд улс төрийн тодорхой байр суурь, үзэл баримтлал буюу тууштай зорилго гэж байхгүй. Олонхи нь МАН-д гологдогсод буюу алдагдсан эрх мэдлээ эргүүлж авах, улс төрд арай удаан хугацаагаар амь зуух гэсэн хүмүүс. Тэдэн дээр нам намаас хөөгдсөн, хаягдсан эрээвэр хураавар нөхдүүд нэмэгдэж байгаа. Нэг ёсондоо тэднийг намынх нь нэр, хувийнх нь эрх ашгаас өөр нэгтгэх зүйл огт байхгүй. Ялангуяа намын дарга нь авлигын хэргээр шоронгийн хаалга татах нь хэзээ мөдгүй болчихоод байгаа одоогийн нөхцөл байдалд.
Тиймээс Ардчилсан намын хувьд энэ намыг хамтрагчаараа сонгох нь нэлээд “доош орсон”, “итгэл алдсан” мэтээр харагдаж байгаа. Ялангуяа ийм нам Ардчилсан намын бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хүчээ өгөх үү гэдэг эргэлзээтэй. Гэвч Ардчилсан намын хувьд МАН-тай дахин хамтраад “манан” нэрээ зүүх, тэдний бодлогыг гүйцэлдүүлэх гэж дахиад дөрвөн жил хүчээ тарамдаж, хугацаа алдаж байхын оронд энэ хэсэг “эрээвэр хураавар” нөхдүүдээр онгорхой зайгаа нөхчихөөд өөрсдийнхөө бодлогын төлөө явах нь цаг хугацаа, хүч хөдөлмөр хэмнэсэн зүйл ч байж магадгүй. Энэ тохиолдолд МАН гэдэг хүчтэй сөрөг хүчинтэй яаж хэл амаа ололцох вэ, УИХ-ын үйл ажиллагааг гацаахгүйгээр яаж явуулах вэ, түүнчлэн Засгийн газраа хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэг нь эхний шийдлийг дагаж гарч байгаа хамгийн том асуудал.
Мэдээж үүн дээр намын удирдлагууд ямар нэг тооцоо, өрөг, нүүдэл хийж л байгаа байх. Гэхдээ хамгийн том хамгаалалт бол нийгмийн зүгээс үзүүлэх дэмжлэг. Ямартай ч үүн дээр тус намын удирдлага болоод бүлэг фракциуд санал нэгдээд байгаа бололтой. Ардчилсан нам УИХ-д хэдий олонхи болж чадаагүй ч улс төрийн намуудаас харьцангуй хамгийн өндөр санал авсан, сонгогчдын дэмжлэгийг илүү ихээр хүлээсэн гэдэг утгаараа өмнөө тавьсан гол зорилго буюу нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийхийн төлөө явна. Ардчилсан нам ард түмний сонголтод ингэж хариу барина, эрх мэдлийн хуваарилалт дээр энэ удаа “бялуу хуваах” зарчмаар ажиллахгүй гэдэг дээр тогтсон гэнэ. Ингэхдээ хамгийн түрүүнд том бизнестэй, ашиг сонирхлын зөрчил гаргаж болзошгүй нөхдүүдийг Засгийн газраас хол байлгана. Хоёрдугаарт өмнөх УИХ-ын үед хамтарсан Засгийн газарт орж ажилласан хуучин сайд нараа Засгийн газарт дахин оруулахгүй гэдэг байр суурийг зарим нэг нөлөө бүхийн нөхдүүд намынхаа удирдлагад тулгажээ.
Үүний хажуугаар УИХ-д анх удаа сонгогдож байгаа “шинэков”-уудыг Засгийн газарт оруулахгүй, дор хаяж 1-2 удаа сонгогдсон, сонгогдсон хугацаандаа аль нэг салбарт өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлсэн, хурдтай, хүчтэй хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлэх ёстой гэдэг шаардлагыг ч тавьж байгаа юм байна. Мэдээж энэ тохиолдолд шинээр байгуулсан Засгийн газар сонгогчдын зүгээс дэмжлэг хүлээж чадна. Энэ нь нийгмийг тогтвортой байлгах, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, хамгийн гол нь шударга ёсыг тогтоох, эдийн засгийн эрүүл саруул бүтцийг бий болгохоор тэдний тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд, сонгогчдод амласан нийгмийн томоохон шинэтгэлийг илүү хурдтай хийх боломжийг олгоно хэмээн тооцож байгаа юм байх. Тиймээс дээрх шалгуурууд дээр нам доторх бүлэг фракциуд үндсэндээ нэгдмэл байр суурьт хүрээд байгаа хэдий ч нийтээрээ нэгэн дуугаар хүлээн зөвшөөрнө гэдэг бас л бэрхшээлтэй. Ялангуяа “Засгийн газраас хол байх” шалгуурт өртсөн, эрх ашиг нь хөндөгдсөн нөхдүүд ч бас зүгээр суухгүй л болов уу. Харан байж л итгэхээс.

Холбоотой мэдээ
-
Anonymous (July 09, 2012 5:27:27 pm )
Чиний хүссэнээр болохгүй! АН тийм уян хатан бодлоготой маневр хийж чадахгүй.
-
Anonymous (July 15, 2012 1:50:07 pm )
AN uneheer bologui bnaa tuluwshuugui yum bna gedgiig mederle dargiin songuulid hezee ch AN d uguhgui de oron nutgiin songuuliarch uguhgui dee
2 Comments