antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

”МАН-ын батламж өөрөө хууль зөрчсөн үйлдэл”

нийтлэсэн Admin

Сонгуулийн хуулийг шинэчлэх тухай асуудал ид маргааны цэг, анхаарал татах үйл явдал болж байна. Парламент дахь улстөрчид энэ талаар янз бүрээр тайлбарлаж байгаа. Тэгвэл бид энэ удаад парламентын гаднаас буюу улстөр судлаачдын байр суурийг сонсгох нь зүйтэй гэж үзлээ. Ингээд “Сонгогчдын боловсролын төв”-ийн тэргүүн, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн  Р.Бурмаатай ярилцлаа.


-Сүүлийн үед улстөрчдийг хараад байхад их л гоё юм болж бай­на. Өөрсдөө кноп дарчихаад одоо эсэргүүцээд л. Сонгуулийн тогтол­цоог өөрчилнө гэж амлаад байсан чинь бүрэн эрхийнх нь гурван жил өнгөрчихөж. Харин одоо сонгуулийн тогтолцоо нэг их чухал биш гэж байх юм. Хамгийн сүүлд 28:48 гэсэн хувилбар яриад байна. Та үүнийг хараад юу гэж бодов?

-Ер нь үе үеийн парламент иймэрхүү л авир гаргадаг байсан. Сонгууль ойртоод ирэхээр “Би яаж дахин сонгогдох вэ” гэх нүдээр хардаг учраас Сонгуулийн хууль бодитой, шударга батлагдах боломж нь багасдаг. Одоо ч өмнөхөөсөө ялгаа алга. “Би, манай нам яаж ялах вэ” гэдэг нүдээр л харахаас биш улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс харах нь улам л багасаад байна. Сонгууль ойртох тусмаа л “би, манай нам” гэдэг тал руугаа л чиглэнэ.

-Ардчилсан нам мажори­тари, про­пор­цио­­налийн хоо­­рон­­дын харь­цаа нэг их чухал биш. Тойргийн хуваа­рилалтыг ярья гээд байгаа. Нөгөөдүүл нь жижиг, том тойр­гоор явъя л гээд яриад байна лээ. Сонгогчдын шилжилт хөдөлгөөнд ер нь өөрчлөлт орсон болов уу. Нийслэл рүү жилд хэдэн мянган хүн нүүж ирдэг шүү дээ?

-Сонгуульд хэд хэдэн зарчим бий. Бүх нийтийн, чөлөөт, ил тод, эрх тэгш, шударга байх гээд зарчимтай. Тэгш эрхийн зарчимд сонгогчдын саналын жин адил байх ёстой. Иймээс тойргуудын сонгогчдын тоо өөр хоорондоо дээд тал нь 10 хувийн хэлбэлзэлтэй байхаар бусад улсад зохицуулдаг л даа. Өөрөөр хэлбэл, ойролцоо тооны хүн амыг төлөөлж сонгогддог гэсэн үг.

-Манайд тойргуудын сонгогчдын харьцаа 10 хувь байтугай 2-3 дахин зөрүүтэй байдаг шүү дээ?

-Манайд энэ байдал алдагдсан. Хүн амынх нь 45 хувь нь амьдарч байгаа нийслэлээс УИХ-ын нийт гишүүний 26 хувь нь сонгогддог. Харин 55 хувь нь амьдардаг орон нутгаас УИХ-ын 76 хувийг бүрдүүлэх төлөөлөгч сонгогддог. Ин­гэхээр улаанбаатарчуудын эрх нь зөр­чигдөөд байгаа юм. Ажилгүйдэл, ядуурал, гэмт хэ­рэг гээд нийгмийн хамгийн их тулгамдсан асуудал Улаанбаатарт л илүү байдаг. Нийслэлийн энэ асуудлыг нь шийдье гэхээр хөрөнгө оруулалтын асуудал тулгардаг. Хөрөнгө оруулалтыг нь түлхүү олгох гэхээр хотоос сонгогдсон гишүүд нам харгалзалгүй нийлээд ч УИХ-д цөөнх байгаад байна. Нэг иймэрхүү жишээ байна. Хоёрдугаарт, нэг хотын хоёр өөр дүүрэгт амьдарч байгаагаасаа хамаараад харилцан адилгүй өөр. Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа нь хоёр хүн, Сонгинохайрханд амьдарч байгаа хүн дөрвөн хүнийг сонгох эрхтэй байх жишээтэй. Энэ нь сонгогчийн саналын жин тэгш бус байгааг харуулдаг. Саналын жин тэгш бус байна гэдэг нь тэгш эрхийг зөрчиж байна гэсэн үг. Нэг газар хоёр хүнийг сонгож байгаа бол нөгөө газар ч хоёр хүнийг л сонгодог байх ёстой. Энэ зөрчлүүдийг арилгах хэрэгтэй.

-Манайд бас төлөөллийн зарчим бас алдагддаг гээд байдаг шүү?

-Тийм. Тухайлбал, сонгогч­дын 51 хувийн саналыг авсан нам 90 гаруй хувийн суудал авч байсан тохиолдол гарсан шүү дээ. Ер нь бол нэг болон олон мандаттай сонгуулийн систем нийт сонгогчдын арав гаруй хувийнх нь санал авсан нам 100 хувийн суудал авах боломжтой систем шүү дээ. Хамгийн товчхон хэлбэл, сонгогчдын санал гээгддэг.

-Сонгогчдын саналыг гээх­гүй байя гэвэл яах ёстой юм бэ?

-Сонгуулийн системүүдийг харь­цуул­сан олон улсын судал­гааны номонд манай системийг сонгогчдын санал гээгддэг хам­гийн муу жишээнд тооцсон байдаг.

­­-Тэгэхээр одоо яах вэ?

-Одоо мажоритарийг ямар нэгэн байдлаар үлдээнэ, буцаагаад олон мандаттай мажоритарийг хэрэглэнэ ч гэдэг юм уу, ийм шийдвэрт хүрвэл дээр дурдсан бүх гажгууд хэвээрээ л үлдэнэ гэсэн үг. Сонгуулийн үеэр дахиад зөрчил гаргахгүй, будилаан болгохгүй гэвэл сонгуулийн системээ л өөрчлөх хэрэгтэй. Системээс гадна сонгууль будилаантуулдаг бүтцээ өөрчлөх хэрэгтэй.

-Хотын таван нөхөр хөдөөгийн нэг малчинтай тэнцээд л яваад байгаа. Энэ нь ч улстөрчдөд ашигтай. Сүүлдээ хамтарсан Зас­­гийн газар байгуулаад явдаг болчихлоо?

-Өөрсдөө тэрийгээ хэлсэн шүү дээ. Стандарт бус гэдэг чинь хууль бус л гэсэн үг шүү дээ. Энэ чинь гажуудал. Парламент гэдэг чинь олонх болсон намын хэрэгжүүлэх ёстой мөрийн хөтөлбөрийг л ард түмэн баталж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс тэр нам л эрх мэдлээ аваад хэрэгжүүлнэ ээ гэсэн үг. Нөгөө талд цөөнх болсон хэсэг нь хяналт тавих үүрэгтэй. Тэгэхийн тулд л парламентад олонх цөөнх байдаг. Нэг нь хэрэгжүүлж нөгөө нь батладаг. Гэтэл эвсчихээр ямар ч хяналтгүй болчихлоо. Тэднийг ингээд нэгдчихээр хэн хянах юм бэ? Хяналтгүй парламент маш олон гажуудлыг бий болгоно. Дээр нь Засгийн газрын гишүүд нь давхар УИХ-ын гишүүн. Хамтарсан нэг бүлэг гэчихсэн. Энэ тохиолдолд Засгийн газрынх гишүүний буруутай асуудал ороод ирэхээр нийлж байгаад хамгаалчихдаг нь түүний хамгийн том жишээ.

-МАХН-ын дарга асан С.Баяр “Сонгуулийн дараа ч хамтарна” гэсэн байна лээ?

-Сонгуулиар хоёр өөр мөрийн хөтөлбөр ярьж, өрсөлдөж байгаа юм шиг царайлчихаад сонгуулийн дараа буцаад нийлчих юм бол өрсөлдөхийн хэрэг юу байсан юм. Сонгууль явуулах хэрэг байна уу. Ингэвэл буцаад авторитари дэглэм, нэг намтай, өрсөлдөгчгүй сонгууль болдог коммунист байдал руугаа л орно.  Тэгэх гээд байгаа юм бол ардчилсан сонгууль гэж ярихын хэрэг байхгүй.

-Гадныхан үүнийг яаж шийд­дэг юм. Хуульчилдаг байх, тийм үү? Манай хуульд ч хориглосон заалт байгаад байх шиг байгаа юм. Ашигладаггүй л болохоос…

-Сонгууль өөрөө процесс. Процес­сийг нь хэн нэгэн хүн үзэмжээрээ шийдэхгүй байхын тулд үг үсэг бүрийг нь нарийвчилан хуульчилж өгдөг. Бүх ард түмний санал асуулгын тухай хууль гэж нэг хууль уг нь манайд байдаг. Арав хүрэхгүй хуудастай хууль. Яагаад хэрэгжихгүй байна гэхээр Ард түмний санал асуулгыг хэрхэн, яаж зохион байгуулах вэ гэдэг процесс нь тодорхойгүй, байдаггүй. Гэтэл Оросын Рефрендумийн хууль 149 хуудастай. Сонгуулийн хууль нь 119 хуудастай байх жишээтэй. Дотор нь санал асуулгыг яаж зохион байгуулах вэ гэдгийг бүр нарийвчлаад бичсэн байдаг. Тэгэхээр Сонгуулийн хууль дотроо саналын хуудас нь хүчингүй болбол яах вэ, гологдол болбол хэрхэн яаж устгах, ямар байдлаар хяналт тавих, сонгогчид шаардлагатай мэдээллээ яаж авах, ямар үүрэгтэй, эрхтэй байх вэ гээд бүх процесс дэлгэрэнгүй байдаг. Харин манай хууль маш бүрхэг, бөөрөнхий, ерөнхий. Ингэхээр сонгуулийг зохион байгуулж буй байгууллага нь үзэмжээрээ хандах боломжтой болдог. Сталины хэлсэн үг байдаг гэдэг дээ. “Сонгуулийг санал өгч байгаа нь биш. Санал тоолж байгаа нь шийддэг” гэж. Тийм л юм болдог.

-Сонгогчдын сонголт гол асуудал биш болчихож байна гэсэн үг, тийм үү?

-Сонгууль сонгогчдоосоо биш сонгуулийг зохион байгуулагчдаас хамааралтай болж байна шүү дээ. Яагаад гэвэл, тэр хүмүүс асуудлыг өөрсдөө дураараа шийддэг. Асуудал орж ирлээ гэж бодъё. Тэгэнгүүт нууц санал хураалтаар шийднэ гээд өөрсдөө дураараа шийддэг ч юм уу. Хуулийн дагуу асуудлыг шийднэ гэхээсээ илүү захиалгын дагуу ажиллах боломжийг олгож байна. Тийм болохоор бүх зүйлийг нарийн тусгаж өгөх ёстой. Бичиг мэддэггүй хүн гэхэд саналын хуудас дээр тэмдэглэгээг яаж хийх ёстой юм. Нэрийн жагсаалтад өөр хүнийг оруулахгүй байлгахад яаж хяналт тавих вэ гээд бүгдийг маш өндөр нарийвчлалтай хийсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр 28:48 уу, 38:38 уу гэхчилэн тоо л яриад байна шүү дээ. Сонгогч ямар эрхтэй байх, яаж луйваргүй байлгах, хэрхэн шударгаар явуулах, намууд нь яаж хариуцлагатай байх юм гэдгийг ярихгүй байна. Хэрвээ аль нэг нам сонгогчийн саналыг худалдаад авчихсан байх юм бол татан буулгах ёстой гэдгийг ч ярихгүй байна. Уг нь манай Үндсэн хууль тийм заалт байдаг юм. Улс төрийн нам, аливаа байгууллага Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Хэрвээ Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх, мэдлийг авбал татан буугдана гэж. Одоогийн нөхцөлд зэвсэглээд төрийн эрхийг авна гэж байхгүй л дээ. Үндсэн хуулийн бус арга гэдэг маань хууль зөрчиж эрх мэдэл авахыг л хэлж байгаа юм. Хуульч Чимэд гуайн номондоо бичсэн тодорхойлолт нь энэ. Энэ юу вэ гэхээр сонгогчдын саналыг худалдан авах, эсвэл луйвар хийх, саналын дүнг өөрчлөх гэх мэт янз бүрийн аргаар сонгуулийн дүнд өөрчлөлт оруулж эрх мэдэл авч байгаа тохиолдлыг хэлээд байгаа. Ийм тохиолдолд тэр хүмүүстэй хариуцлага тооцож, нам бол татан буулгах хэрэгтэй. Гэтэл бүгдээрээ л санал худалдаж авсан, луйвар болсон гэдэг мөртлөө хэнтэй ч хариуцлага тооцдоггүй.

-МАХН-ын /одоогийн МАН/ амласан 1,5 сая төгрөгийг та хэлээд байна уу. Тэр амлалт Үндсэн хуулийн бус аргаар тө­рийн эрхийг авсанд тооцогдох уу?

-С.Баяр гэнэт батламж тарааж өгсөн шүү дээ.

-Тийм.

-Тэр батламж чинь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Яагаад гэвэл МАХН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 1,5 сая төгрөг олгоно гэж бичиж өгөөгүй. Ардчилсан нам бол харин мөрийн хөтөлбөртөө бичсэн. Гэтэл СЕХ эрх бүхий байгууллагаар шалгуулах ёстой байтал шалгуулалгүй бүртгэж авсан. МАХН-ын үйлдэл бол сонгогчдын саналыг худалдаж авах гэдэг үйлдэлд орж байгаа юм. Дээд шүүхийн тайлбар бий. Төсвийн мөнгийг, эд хөрөнгө амлахыг сонгогчдын санал худалдаж авах гэнэ гээд маш тодорхой тодорхойлчихсон. Яг энэ заалтыг аваад үзэхэд, 1,5 сая төгрөгийн батламж тараасан нь Сонгуулийн хуулийг зөрчсөн маш ноцтой үйлдэл. СЕХ нь хуулийн дагуу ажилладаг сан бол МАХН-ыг тухайн үед нь Үндсэн хуулийн бус аргаар эрх мэдэл авах гэсэн үйлдэл гэж үзээд татан буулгах ёстой. Ингэж л намуудыг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байлгахгүй юм бол хууль зөрчөөд, түүндээ стандарт бус ч гэдэг юм уу гоё нэр өгөөд аргацаагаад явдаг. Гоё гоё амлалтууд өгдөг. Сонгуулийн хуулийг өөрчилнө ч гэх шиг. Улс орноо хөгжүүлэхийн тулд толгой тойрсон хэдэн гэрээг чигтэйхэн сайхан хийнэ гээд л амласан. Одоо хар л даа. Хуулиа ч өөрчилсөн юм алга. Хийсэн гэрээ нь араасаа бөөн будилаан, хуудуу дагуулсан. Дараачийнхаа гэрээг ч хийж чадахгүй л байна. Өнгөрсөн гурван жилд үр бүтээлтэй хийсэн юм юу байна. Байхгүй л байна шүү дээ. Тэгэхээр хууль зөрчсөн үйлдэлээ аливаа нэгэн амлалтаар цагаатгадагт нь хууртах хэрэггүй юм байна гэдгийг л харууллаа. Тийм болохоор л хууль зөрчсөн нам, нэр дэвшигчдийг татаж л байх ёстой.

-За, тэдэнтэй яаж хариуцлага тооцох вэ. Сонгохгүй байх уу, эсвэл…?

-Торгож болж байна. Тухайн үйлдэл хийсэн улстөрчдийг нь нэрийн жагсаалтаас хасч, тодорхой хугацаанд улс төрийн албан тушаал хаших эрхийг нь хасдаг. Бүр тухайн намыг тухайн сонгуульд орох эрхийг нь ч хасч болно. Бүр болохгүй бол тухайн намын үйл ажиллагаа явуулах эрхийг нь Дээд шүүхээс хасч, татан буулгадаг. Ийм арга хэмжээг гадаадад авдаг. Энэ мэт арга хэмжээг авах ёстой.

-Сонгогдсон хойно нь яах вэ. Дараагийн сонгууль болтол дураараа дургидаг шүү дээ?

-Эргүүлэн татдаг байх ёстой. Сонгуулийн санал авсан шөнө санал тоолох үед будилаан, луйвар хийсэн нь хожоод л өнгөрдөг. Ирэх дөрвөн жилд сонгогчиддоо юу ч тайлагнадаггүй. Юу дуртайгаа хийдэг байдал улс оронд л сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэ бүхнийг хаасан хууль хийх хэрэгтэй.

-Яаж хаах вэ. Тэд чинь…?

-Зөрчил гаргах боломжийг хаасан хууль хийх хэрэгтэй. Нэгдүгээрт нь, нэрийн жагсаалтаар будилаан хийдэг. Нэрийн жагсаалт гэдэг маань сонгуулийн бүх нийтийн зарчимыг хангадаг үндсэн баримт бичиг. Яагаад гэвэл, тэр нэрийн жагсаалтаар хэн нэгнийг үл ялгаварлан бүртгэсэн байх ёстой. Гэтэл манайд Сонгуулийн хэсгийн хороонд ажилласан хүмүүс “Энэ эсрэг намын хүн учраас хасъя. Үүний оронд өөрийн намын хүмүүсийг оруулъя” гэдэг. Ингээд будилаантуулдаг. 2008 онд “Филантрофти төв” гэдэг байгууллага СЕХ-ны гаргаж өгсөн нэрсийн жагсаалтыг нь бариад Баянзүрх дүүргийн айл айлаар очоод үзэхэд, 1/3 нь л тэнд оршин суудаг хүмүүс байсан. 1/3 огт байхгүй гудамж, хүмүүсийг байдаг мэт бичээд гаргачихсан байсан. Үлдсэн 1/3 нь тодорхойлох боломжгүй.

-Яагаад?

-Очиход нь байдаггүй ч юм уу, эсвэл бичиг баримтыг нь тулгах боломжгүй байх жишээтэй. Зөвхөн нэрсийн жагсаалтын 1/3 нь л баталгаатай байна шүү дээ.

-Одоогийн батлах гээд байгаа Сонгуулийн хуулийн төсөл үүнийг өөрчилж чадах уу?

-Яг хэвээрээ байгаа. Нэрсийн жагсаалтыг хэн нэгэн хүн дураараа өөрчилдөг, будилаантуулдгийг хэвээр нь үлдээчихсэн. Тэр ч битгий хэл, сонгогчийг гомдол гаргах эрхгүй болгочихсон. Өмнө нь нэр дэвшигч гомдол гаргадаг байсан чинь тэр эрхийг нь хасчихсан. Өмнө нь нэр дэвшигч Р.Бурмаа “Нэрсийн жагсаалтыг будилаантуулсан байна” гээд СЕХ-ны дарга Б.Баттулгад гомдол гаргаад шүүхээр нэг жилийн дараа тогтоолгож байсан. Гэтэл одоо үүнийгээ засахын оронд “Нэр дэвшигч гомдол гаргаад шүүхээр шийдвэр гаргуулчихдаг юм байна. Тэгвэл одоо нэр дэвшигчийг гомдол гаргуулж болохгүй. Намыг гомдол гаргуулахгүй ээ” гээд болиулчихаж байгаа юм. Ингээд зөвхөн сонгогч гомдол гаргана. Тэгэхдээ зөвхөн санал авах өдрөөс өмнө л гомдол хүлээн авна. Түүнээс хойш хүлээж авахгүй гэсэн заалттай болгож байна. Нэрсийн жагсаалттай холбоотой гомдлыг СЕХ ч, шүүх ч, хэн ч авахгүй болгоод өөрчилж байна. Энэ тэгээд шударга уу.

Хамгийн том зөрчил бол шударга шүүхээр шүүлгэх боломжийг өмнө нь хаасан байсан. Луйвар болдог. Хууль бус байлаа. Стандарт бус эвслийн Засгийн газар байгуулахдаа С.Баяр хэлээд л байв даа. Сонгуулийг шударга явуулахын тулд бид хуулиа сайжруулна гэж шударга бус байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Сонгууль будилаантсан гэж бүгд л хэлдэг. Гэтэл нэг ч хүн ял аваагүй. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр шүүхээр хянуулдаг тэр заалт Сонгуулийн хуульд байдаггүй. Тэрийг бултуулчихдаг. Хууль зөрчсөн 1,5 сая төгрөгийг баримтыг нь аваад шүүх рүү очихоор “Манай харъяалал биш ээ” гэдэг. Бие бие рүүгээ түлхчихдэг. Хуульд харъяаллыг нь тогтоогоогүй. Гомдлыг хэн ч хүлээн авахгүй байхуйцаар шийдсэн байдаг.

-Үүнийг одоо хэлэлцэх гээд байгаа хуулийн төсөлдөө хэрхэн тусгасан байна. Дээрдүүлж үү, дордуулж уу?

-Өмнөхөөсөө ч долоон дор болго­чих­сон. Асуудлыг хэн ч шийддэггүй байдлаа улам лавшруулчихсан. Явцыг нь хараад байхад, мөнгө өгсөн нь нэр дэвших эрхээ ав гэсэн л үг болж байна. Намын нэрсийн дээгүүрт бичигдсэн нь баталгаатай сонгогдоно оо. Чи эхний эгнээнд нэрээ бичүүлье гэвэл намын удирдлагад ахиухан мөнгө хандивла. Чиний ямар боловсролтой, хаанаас мөнгө олсон чинь хамаагүй. Сонгогдсон хойноо яах чинь хамаагүй гэж байгаа юм. Ийм байвал улсаа худалдсанаас ялгаа байхгүй. Уг нь бол аль ч тогтолцоонд нэр дэвшиж буй хүмүүсийн шалгууруудыг маш сайн тавих ёстой. Тэгэхгүйгээс намд нэр дэвших эрхийг нь өгчихөөр нөгөөдүүл нь зараад байвал маш аюултай. Мөнгөө өгөөд нэр дэвших эрхээ ав гэвэл нөгөөдүүл нь Хятадын компани дээр гүйж очоод баахан мөнгө авчихна. Ингээд нэр дэвшээд гараад ирчихсэн хойноо нөгөө мөнгөө төлөх гээд лиценз авч өгөхийн тулд тэдэнд ашигтай, Монголд хамгийн алдагдалтай гэрээ бариад л гүйнэ шүү дээ. Утсан хүүхэлдэйтэй л болно гэсэн үг. Утсан хүүхэлдэй ард түмний өмнөөс бус тодорхой бизнесийн бүлэглэлийн төлөө л кноп дарна шүү дээ. Энэ бүхнийг сайн харж, шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Энэ намууд аль нь ямар санал оруулаад байна вэ гэдгийг сайн харах хэрэгтэй. Сайжруулах гээд байна уу, улам дордуулах гээд байна уу гэдэгт дүгнэлт хийх л хэрэгтэй. Сонгууль болгоны дараа эвсээд, ямар ч хяналтгүйгээр дураараа дургидгаа үргэлжлүүлэх гээд байна гэдэгт дүгнэлт хийх л хэрэгтэй.

-Эвсэхийг чинь уг нь хориг­лочих­сон юм биш үү. Бас л тодорхойгүй байгаа юм бол бүр хориглож бол­доггүй юм уу?

-Болно шүү. Эвсэл чинь ерөөсөө зөвшөөрөгдөөгүй зүйл шүү дээ. Энэ бол улс төрийн соёлд харш зүйл. “Ард түмний төлөө” гээд байгаа юм. Үнэндээ ард түмнийг хахуульдах гэсэн л алхам шүү дээ. Энэ том ордууддаа хамгийн муу нөхцлөөр гэрээ хийж байна. Түүнээс олсон мөнгөө тарааж байна. Дараа нь “Чи 21 мянган төгрөг авч идээ биз дээ” гээд буцааж асууна. Бүх хүн л авчихсан юм чинь. Бүгдээрээ нийлээд идчихсэн болж хувирна л даа.

-Сонгууль будилаантсаны дараа таван хүний амь сүйдэж, МАХН-ын байр шатсан. Хэн буудсан нь тогтоогдоогүй л байгаа. Харин шат­сан байшингийн суу­рин дээр төсвийн мөн­гөөр шинэ ордон сүндэрлэж байна. Ахиад л иймэрхүү юм болох вий дээ?

-Сонгууль будилаантуулсан нь хож­дог. Түүний эсрэг дуугарсан хүнийг “залхаана шүү” гэж заналхийлж бай­гааг л харуулж байна. Үүний эсрэг сонгогчид бүгдээрээ идэвхитэй оролцох ёстой. Эхлээд нэрсийн жагсаалтан дээр “Манай хаяг дээр өөр хүн нэмээд бичиж үү, үгүй юу. Бидний нэрийг хасч уу” гэдгийг шалгаж, тэртэй тэргүй будилаантай болдог юм чинь больё гэхийн оронд оролцох хэрэгтэй. Хэн нь ч таалагдахгүй байвал очоод эсэргүүцсэн саналаа өгдөг байх хэрэгтэй.  Ингэвэл сонгууль дахина шүү дээ. Намууд ч дурын нөхрөө нэр дэвшүүлдэггүй болно. Тухайн сонгуульд “үгүй” гэж хэлэхийн төлөө очих л хэрэгтэй. Жишээ авъя. Нийт 1,2 сая сонгогчийн нэг саяыг нь нэрсийн жагсаалтанд бичлээ гэж бодъё. Тэдний 501 мянга нь сонгуульд оролцлоо гэхэд 25 хувийн санал авсан нэр дэвшигч ялсанд тооцогддог. Ингээд тооцвол 125 мянган хүний санал авсан нам 100 хувийн санал авч болдог. Тийм л тогтолцоо байна шүү дээ. Ард нь 80 орчим хувь нь дэмжээгүй, дургүй байгаа юм. Тэглээ гээд сонгуульд оролцохгүй байх нь ийм аюултай. Дургүй байвал очоод дургүй гэдгээ илэрхийл. Сонгогчид шударга сонгууль хүсэмжилж байгаа л бол ингэх л хэрэгтэй.

Л.НАРАНТӨГС

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car