antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2012 1 comment

Монголыг угтаж буй нөгөөдөр

нийтлэсэн Admin

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт маргааш болно. Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 1838849 сонгогч 26 тойрогт нэр дэвшсэн 380 xүний төлөө саналаа өгөх юм. 1-3 мандаттай тойрогт нэр дэвшиж буй 380 хүний 354 нь 11 нам, хоёр эвслийнх, 26 нь бие даагч. Нам, эвсэл, түүний удирдлага, сонгуулийн баг нэр дэвшигчдээ богино хугацаанд чамгүй сайн сурталчлав. Өрсөлдөгчдөө ч чамгүй муучилж баалав. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр хэн, хэнийгээ л хардаж, гүтгэж, доромжлох шиг боллоо. Ашгүй, тэр хар цагаан хэл ам өчигдөр нэг юм шувтрав. Улсын хэмжээгээр энэ сонгуульд хэдэн зуун тэрбум мөнгө хөрөнгө цацаж, үрэн таран хийсэн нь хожим тодорхой болно. Сонгууль хэмээх энэ их марафоны бариа маргааш болно. Парламентад аль нам хэчнээн суудал авах, аль тойргоос хэн гэдэг аавын хүүгийн од гийж УИХ-ын гишүүний эрх өвөртлөх, намын жагсаалтаар аль намын хэн, хэн 76-д багтахыг тааж хэлэхийн аргагүй. Сонгуулийн ерөнхий хорооныхны хэлж буйгаар зургадугаар сарын 29 буюу нөгөөдөр өглөө үүрээр гэхэд сонгуулийн урьдчилсан дүн улсын хэмжээгээр гарчих аж. Зарим орон шиг ирц гүйцэхгүй байх вий, сонгууль хүчингүй болох вий гэж айж болгоомжлох зүйл байхгүй. Монголчууд шиг сонгуульдаа хамгийн идэвхтэй оролцдог ард түмэн энэ дэлхийд бараг үгүй биз ээ.

Олуулаа ялна уу, бүгдээрээ ялна уу, Улаанбаатар хотыг инженер удирдах уу, физикийн багш удирдах уу, Монголдоо сайхан амьдрахыг уриалагчид олонх болох уу, цөөхүүлээ хөлжихийг үзэн ядаж, олуулаа хөгжихийг сануулагчид буюу хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийг хүсэгчид олонх болох уу, МАНАН сарних уу, улам өтгөрөх үү, С.Батболд, Н.Алтанхуяг хоёрын хэн нь Ерөнхий сайдын суудалд залрах вэ, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл нарын аль нь нийслэлийн Засаг дарга болохыг энэ сонгууль шийдэх юм. Сонгууль яах вэ, болдгоороо болоод л өнгөрнө. Түүний маргааш нар урьдынхаараа мандаж, монголчууд бидний амьдрал үргэлжлэх болно. Хэргийн учир үүнд л байна.

Монголчуудын маань 1.5 сая нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа Засгийн газарт худалдаж, нэг сая төгрөгөө бэлнээр авах саналаа илэрхийлжээ. Тэд 7-8 дугаар сард багтаж, тэрхүү мөнгөө авах гэнэ. Дээр нь тус компанийн давуу эрхийн нэг ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болов. Батаар ч бил үү, дэлхий даяар шуугиан тарьсан үлэг гүрвэлийн араг ясыг эх орондоо авчрах сураг дуулдлаа.

Монгол түмний их баяр цэнгэл-эрийн гурван наадам хаяанд ирлээ. Монголчууд бид хойтон жилийн наадам хол байна даа гэж түүнийг тэсч ядан хүлээж байдаг ард түмэн билээ. Хүчит бөхчүүд гал галаараа бэлтгэлээ базааж, уяачид хурдан буяныхаа уяа сойлгыг тааруулж, мэргэн харваачид нум сумаа эвшээлгэж байна. Хаанахын хэний хүүгийн од гийж, наадамд босоо түрүүлэхийг, хэн хэн цолоо ахиулж түмнээ баярлуулахыг, хэний уясан ямар хурдан хүлэг магнайдаа тоосгүй ирж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамч олноо баясуулахыг, ямар харваачийн сум цэцэн тусахыг нүдээр үзэж, сэтгэлээр баясах цаг ойртсоор. Хүн төрөлхтний спортын их баяр Лондоны олимп эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Энэ тоглолтод Монгол Улсаа төлөөлж, 35 тамирчин буудлага, хөнгөн атлетик, жүдо, бокс, чөлөөт бөх, байт харваа, усан спорт гэсэн долоон төрлөөр өрсөлдөх юм. Монголчууд 48 жилийн тэртээ 1964 онд Токиод болсон олимпод анх оролцсоноос хойш олимпийн хоёр аварга төрүүлж, цөөнгүй медаль хүртсэн түүхтэй. Манай тамирчин Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг олимпийн аварга болно, гавьяат тамирчин М.Бундмааг мөнгөн медаль хүртэнэ гэж гадаадын мэргэжилтнүүд таамагласан байна лээ. Гавьяат тамирчин, холын зайн гүйгч Б.Сэр-Одын өргөсөн Монгол Улсын төрийн далбаа Лондоны тэнгэрт хэдэнтээ мандахын ерөөл талбия. Монголын ир бяртай хөвгүүд М.Даваажаргал, Д.Бямбадорж, Н.Цэвэгням, А.Хүчитбаатар, М.Ананд, Б.Дашням, Б.Мөнх-Оргил, Д.Нямсүрэн, Т.Эрдэнэбаатар, Европын бөхчүүдээс оозэки хэмээх эрхэм алдрыг хүртсэн Болгарын Котоошү, Эстонийн Баруто, Японы нэртэй сүмоч оозэки Котошогикү, Кисэносато, Точиозан нарын зэрэг хүчтэнүүд зодоглох Нагоя башё хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Тэднийхээ дээлийн захыг мушгиж суух цаг айсуй.

УДЭТ-ын тайзнаа өнгөрсөн оны Монголын манлай жүжиг Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” дахин амилж, ДБЭТ-т алдарт “Жизель”-ийг тоглож, үзэгч олны оюун мэлмийд толилуулахаар зэхэж байна. Монгол Улс энэ хавар 304 мянган га-д улаан буудай, 15 мянган га-д төмс, найман мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалсан юм. Ирэх намар 490 мянган тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээл, техникийн ургамал хураан авах зорилт тавьжээ. Ингэснээр гурил, төмс, хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээг бүрэн хангах юм.

Эдийн засгийн өсөлт өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 15 орчим хувьтай байна. Төсвийн орлого эхний таван сарын дүнгээр 407 тэрбум төгрөгөөр тасарчээ. Инфляц дунджаар 16 орчим хувьтай байгаа гэх. Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 200 хол давсан тэрбумд хүрчээ. Малын тоо толгой чамгүй өсч буй ч мах магнаг болсон хэвээр л байна. Нэг килограмм хонины мах найм, үхрийнх арван мянган төгрөгт ойртож байна. Сувай эм хонь 200 мянган төгрөгт дөхжээ. Агуулахдаа ганц ч шуудай гурилын нөөцгүй болсон “Алтан тариа” компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн ч түүнийг авч хэрэглэхээс өөр замгүй.

Хүн төрөлхтнийг айлгасан үхлийн хар тахал болох ДОХ- ын халдвар тээгч монгол хүний тоо 110-т хүрчээ. Хэзээ, хэдээр нэмэгдэх бол доо. Халдвар тээгч арван эмэгтэй жирэмсэн гэсэн шүү. Тэднээс эрүүл хүүхэд төрөх эсэхийг хэлж мэдэхгүй. Архангай, Завхан, Өмнөговь зэрэг аймгийн зарим сумын нутаг гантай байгаа дуулдав. Цаг уурын мэдээгээр энэ зун усархаг аадар бороо ихээр орж, үер болох аюултай гэлээ.

Нөгөөдөр өглөө нар манддагаараа мандана. Бид амьдрах учиртай. Алдаа, оноогоо цэгнэж, амьдрах л учиртай. Харин 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг эмгэнэлт үйл явдал бүү давтагдаасай.

Б.БИЛГЭЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 27, 2012 2:10:50 pm )

    28-nii udur ene udur bid AN-iin avchirsan huchirhiilel surduulelt allaga arhidalt yanhandalt MAN-iin avchirsan avilga heel hahuulaias salj chadah esehiig todruulj bid yalah yalagdahaa uzeh udur AN-MAN-d sanalaa bitgii uguurei

antalya rent a car