Хүмүүс хэн нэгэнд нэг л удаа молигодуулж хаширдаг. Сонгуульд санал өгөхдөө ч мөн адил. Монголын ард түмэн Ардчилсан холбоо эвслийг 1996 онд УИХ-д олонхи болгож хаширсан. Тиймээс ардчиллаар овоглож, ардчилсан хувьсгалын үнэ цэнээр 20 гаруй жил наймаалцсан энэ намд сонгогчдын олонхи дахин санал өгөөгүй юм. Тэр үед Ардчилсан холбоо эвсэл УИХ-д 50 суудал эзэгнэж, дөрөвхөн жилийн дотор дөрвөн ч Засгийн газрыг огцруулсан түүхтэй. Шилжилтийн үед тэд төрөөр ингэж л тоглож, түмний хөрөнгийг өмч хувьчлал гэх нэрийдлээр түйвээсэн билээ.
Ардчилсан нам бол ёстой л туг ч барьж, тугал ч хариулж үзсэн улс төрийн хүчин. Энэ бол түүхэн үнэн. Гэвч өөрийн гэсэн үзэл баримтлалгүй, өрөөлийг итгүүлэх барьцтай шийдвэргүй, өнгөн дээрээ шударга ёс, ардчиллаар бамбай хийдэг энэ намхаалганы цаана ёстой л орондоо орох завгүй олзолдон булаалдацгаадаг олигархийн сүлжээ юм. Үүний хамгийн тод жишээ бол УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах явдал байв. Тэр үед тус намын гишүүн-парламентчид аймгийн Ардчилсан намын хорооны даргын эхнэрээс ч дор эрх мэдэлтэйгээ мэдэрч, бүр зарим нь хурал хаясан удаатай. Тус намд ассан “гал” одоо ч унтраагүй байна. Ардчилсан намын эрх барих цэгийг “Аалзны тор” хэлхэгчид атгасан бол аймаг, хотууд дахь салбарууд нь ах дүү, амраг садангаар дүүрэн. Гэвч үүнийг буруутгах юун. Энэ бол Ардчилсан нам дахь ил тод байдал, олон ургальч үзэл, ангийн ялгаа гэж үгүй ардчилсан засаглал юм чинь. Тиймээс мөнгөтэй, намтай, тойрон хүрээлэгчидтэй хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, юуны хамаа! Харин нэг зүйлийг мартаж болохгүй. Товчхондоо, ардчиллын нэрийг барьсан нөхөд яаж гай болсныг Монгол төрийн ой санамжаас арчиж болохгүй.
Ардчилсан нам үзэл бодол, ашиг сонирхлын зөрчилдөөн бүхий олон фракцитай.Тэд нам хэмээх нэгэн дээвэр доор багтдаг ч улс төр, эдийн засгийн эсрэг тэсрэг бүлэглэлүүд юм. Харамсалтай нь тэдний эв нэгдэлгүй байдал, элдэв сөргөлдөөний гол золиос нь ямагт төр, түмэн байдаг. Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга болмогцоо хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд болсон.Намаа, бас эгэл жирийн олон гишүүнээ ийн арилжсан нь тэр. УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Баярцогт, Л.Болд, Л.Гансүх, С.Ламбаанар ч тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяраас адис хүртэцгээсэн. Харин үлдсэн хэд нь тэдэнд дургүйцсэн, өширхсөн, хорссон, бас тэднийг эсэргүүцсэн билээ.Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар хамтарсан Засгийн газарт ажиллах болсон нь тус намд хагарал, хямрал дахин нүүрлэхэд хүрсэн юм.Ардчилсан намын олигархиуд ийнхүү 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан таван халуун амиар сайдын суудлыг “арилжсан”нь бас л 2008 он. Гэвч Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах тухай шийдвэрийг ганцаарчлан гаргасан нь намыг биш, төрийг хямраав.Улиг болсон эсэргүүцлийн үгс, УИХ-ын чуулганы хуралдаанаас завсарлага авах, төрийн ажлыг гацаанд оруулах, элдвээр бойкот хийх… Энэмэтчилэн зэвэрсэн “зэвсэг”-ээ тэд дахин агсаж эхэлсэн юм. Тийм ээ, энэ үзэгдэл үргэлжилж байна. Харин олон жилийн өмнөх түүхийг нь эргэн санацгаая.
АН-ын эрх баригчид тэр үед их хөрөнгөн дээр эзэн сууцгаасан байв. Тиймээс “Ард”, “Сэргээн босголт” банкны мөнгийг зээл нэрээр хэдэн зуун саяар ньавч дампууруулсан юм. Тэдний “Урт гар” банк, санхүүгийн ертөнцөд хямралын цанг дэлдэж, төрийн болон үйлчилгээний албан хаагчид цалингаа авч чадахгүй, хөгшид тэтгэврийн мөнгөгүй 4-6 сар болж, бүр талхны ч мөнгөгүй болтлоо туйлдаж байсныг Монголын ой санамж мартаагүй. Ардчилсан холбоо эвслийнхэн засгийн эрхийг гартаа авсан ч Засгийн газарт хяналт тогтоохын төлөө их сөргөлдөөнийг эхлүүлсэн удаатай. Тэд эхлээд М.Энхсайхан тэргүүтэй Засгийн газрыг 1998 оны эхээр огцруулав. Тэгмэгцээ Ц.Элбэгдоржид Ерөнхий сайдын тамгыг атгуулав. Харин мань эр яасан гээч. Тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр гуравхан сар ажиллахдаа “Сэргээн босголт” банкийг дампууруулж, бас л огцорсон. Ж.Наранцацралт агсны ээлж ирэв. Ардчилсан холбоо эвслийнхэн мань хүнийг “Орос ах нарт захиа бичлээ” гээд л хөнтөрч орхисон. Тэгвэл дөрөв дэх нь хэн бэ. Тэр эрхэм бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Түүний тэргүүлж байсан Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, 2000 онтой арай гэж золгосон юм. Хамгийн сонирхолтой нь Ардчилсан холбоо эвслийн удирдлагууд дөрвөн жилийн дотор бүгд төрийн сайд болж үзэцгээсэн байдаг. Ардчилсан намынхны хувьд, энэ бол гайхамшигтай түүх! Тийм ээ, “Ардчиллын төлөөх намуудын нэгдэл” гэх өнгөлөн далдлалтаар АН-ыг 2000 онд байгуулсан бүлэглэлүүдийн түүхэн гавьяа үүнд оршино. Харин Баабар яагаад “АН-ын гэгээн дурсгалыг хүндэтгэе” хэмээн бичсэн юм бол. Тэр нийтлэлийг та бүхэн сайн уншаарай.Эцэс төгсгөлгүй сөргөлдөөнөөр дүүрэн АН-ын гэгээн дурсгалыг бас дахин хүндэтгэе.
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 06, 2012 5:12:46 pm )
Шилжилтийн үед тэд төрөөр ингэж л тоглож, түмний хөрөнгийг өмч хувьчлал гэх нэрийдлээр түйвээсэн билээ.ha ha ha estoi gants uneng ni helsen bn.bas bolooguiee.ard tumnii ed bayalgiig hybaaj idej yyh bolohoroo 3 jil esreg namtaiogaa negdecheed songyyli duhuud ireher shydrga tsrailaad ,hariytslgaa tootsoh tsag ireher suulee habchaad zygtaasan uguruud shdee.iim baij ichihgui nuguu nama gazriin hursnees archih estoi geed batuul ni soliorood bgaa.ene ugnees ni elebgdorj,batuuul 2iin anarhist zan,chanar ni bnga ilerch bn.suuliin ued hiij bga auildeluud ni notloj bn
-
Anonymous (June 06, 2012 5:31:40 pm )
brabo,goe bichij uNen bichij.ARDCHILSAN NERTEI OLIGARHIYD GEJ!
2 Comments