antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2012 1 comment

Н.Даваа: Дээгүүр ажил хийж байгаад гэнэт ёроолыг нь үзсэн чинь бүгдийг өөрчлөх хүсэл маш их төрсөн

нийтлэсэн Admin

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа Н.Давааг урьж ярилцлаа.  Өнгөрсөн амралтын өдөр түүний гэрт зочилж, дэлгэрэнгүй, сонирхолтой яриа өрнүүлэх боломж тохиолдсон юм. Тэрбээр эхнэр хоёр  хүүхдийн хамтаар  Зайсангийн аманд таван давхар хувийн хаусанд амьдардаг юм билээ.  Хэдийгээр тэр “Анод” гэдэг нэрээр олонд танигдсан ч мундаг зохион бүтээгч,  археологич хүн байсан юм.  Түүнийг  мундаг  зохион бүтээгч гэдгийг нь гэрийнх нь нэг өрөөг  бүхэлд нь халааж буй тосон тениэр  нотолж болно. Тэрбээр  гэр халаагуур болох тосон тениэс авахуулаад мөнхийн хөдөлгүүрийг хүртэл  өөрөө зохион бүтээж хийж чадсан нэгэн юм билээ.  Агуу   их гүрний удирдагч болохыг хүсч мөрөөдөж явдаг Н.Даваа хэмээх айлд зочилж ярилцсанаа хүргэе.

-Таныг “Анод”-ын Н.Даваа гэдгээр хүмүүс сайн мэднэ. Таны гэр бүл болоод хүүхэд насны тань дурсамжийг сөхөж яриагаа эхэлье гэж бодлоо?
-Миний аав нисгэгч хүн  байсан. 1945 оны дайны үед  Оросын сөнөөгч онгоцыг  жолооддог байж байгаад дараа нь олзны японы  сөнөөгч онгоцнуудыг барьж байсан  маш их технологи ярьдаг хүн байсан. Ялангуяа онгоцны моторын тухай  их ярьдаг байлаа. Би эхээс  долуулаа. Гурван хүү дөрвөн охинтой  айл. Гэхдээ миний эрэгтэй ах, дүү хоёр  хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
-Таны хүүхэд насны мөрөөдөл  юу байв?
-Би  сахилгагүй хүүхэд  байгаагүй. Маш томоотой хүүхэд байсан. Гэхдээ бас агуу ихийн дэмийрэлд автчихаад л явж байдаг хүүхэд байлаа.  Пуужин, нисэх онгоц төрөл төрлөөр нь хийгээд, түүнийгээ  туршиж байна гээд энд тэнд гал гаргаж шатаачих гээд  бөөн эрсдэлтэй зүйлүүд хийнэ. Пуужинг бол янз бүрээр нь хийж хөөргөж үзнэ  шүү дээ. Маш их хүчирхэг хүн болж байгаад улс орноо ч хүчтэй болгохыг хүсдэг байсан. Түүхэн дурсгалт их хаадын хөшөө, байгууламж,  тахилын сүмийн хажууд багадаа байсан болохоор тэндээс эзэнт гүрний хаадууд ямар агуу хүчирхэг байсныг харж мэдэрч, үзэл санаа тогтсон. Тэр үзэл санааныхаа араас насан туршдаа явчихсан хүн дээ. Тиймэрхүү л өвөрмөц тавилантай сонин хүн.
-Аль нутаг вэ?
-Архангай аймаг, Хашаат сум, Орхоны хөндийд байлаа. Түрэгийн эзэнт гүрний хаан жанжны гэрэлт хөшөөнүүд байдаг шүү дээ. Түрэгийн эзэнт гүрний  хоёр зуун жилийн түүхийг биччихсэн байдаг байсан.  Агуу их эзэнт гүрнээс үлдсэн түүх дурсгал тэнд аж төрж байгаа хүмүүс болон орчиндоо нөлөөлж, агуу их хүчийг тэрхүү нутгийнханд мэдрүүлж байдаг байхгүй юу.  Тийм зүйлийг багаасаа мэдэрч өссөн хүмүүс чинь анхнаасаа агуу их  зорилго, мөрөөдөлтэй болчихдог. Тэр  хүмүүс ямар агуу болохыг гайхан биширч,  тэр их мундаг гүрэн ямар хүний хүчээр оршин тогтнож байсан бэ гэдгийг их сонирхдог байсан. Тэр сонирхолдоо хөтлөгдөн малтлага ч хийж үзсэн.
-Таныг археологи сонирхдог гэж дуулж байсан юм байна шүү?
-2008 онд малтлага хийгээд  их том байгууламжийг уулын орой дээр ил гаргаснаараа уг нь их том нээлт болсон гэж үздэг. Гэвч одоохондоо манайхан ойлгох арай болоогүй байна.  Бүхэл зунжин ажиллаад, таван тоннын хутгагч хоёрыг аваачиж байгаад асар их чулууг уулын орой дээрээс зайлуулаад том хөшөөг гаргасан. Бидэнд нүүдэлчдийн их хаадын талаар тийм их ойлголт байдаггүй. Жижиг хиргэсүүр, булш ухдаг болохоос ганцхан манайханд ч биш дэлхий дахинд нүүдэлчдийн хаадыг яаж оршуулдаг талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Миний хувьд анх  малтлага хийгээд дараа нь Чингисийн онгон энэ тэр гээд их явсан даа.

-Таны хобби гэж хэлж болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Тэр жинхэнэ миний хобби байхгүй юу. Тэнгэр угсаа хэмээх нийгэмлэгийг  үүсгэн байгуулагчдын нэг нь би. Тус нийгэмлэгт түүх археологийн манайхны урдаа барьдаг шилдэг судлаачид байдаг юм. Багаараа зун болохоор  хайгуул судалгааны ажил хийдэг юм. Тэр үзэл санаатай чинь миний амьдрал  тэр чигээрээ холбоотой. Хар багаасаа агуу ихийн дэмийрэлтэй болчихсон хүн болохоор үргэлж гаж сонин гэсэн зүйлсийн араас явдаг. Их мөрөөдлийн араас яваад л унаж тусаад, буцаж сэргээд их л юм үзсэн. Гэхдээ тийм зүйлийн араас явж байгаа хүн чинь өөрийн гэсэн зорилготой. Түүнийхээ төлөө эцэс төгсгөлгүй тэмцсээр ирсэн. Тэр тусмаа уналт гэдгийг зөндөө л үзсэн. Эхлээд армийн амьдралаар 15 жил явсан. Дараа нь бусдын л адил ганзагын наймаа  хийгээд дээрэмдүүлж нам унаад л. Ченж зэрэг янз бүрийн  зүйл хийж эргэж босч ирээд л банк байгуулаад дахиж унаад л. Гэтэл өнөөдөр дахиад улс төрд орох гээд  явж байна. Энэ бүхний хамгийн цаад зорилго нь ерөөсөө дээр хэлсэнчлэн үзэл санааныхаа хойноос явж байгаад оршино. Яаж хүчирхэг улс болох вэ гэдэг л мөрөөдөл. Түүнээс хувийн амьдрал гэдэг бол хажууд нь жижиг асуудал гэх юм уу даа.
-Манай улс хоёр том гүрний дунд оршин тогтнодог орон. Тэгэхээр энэ улсыг хүчирхэг  байлгах хамгийн том хөдөлгүүр юу вэ. Зарим хүмүүс энэ том хоёр гүрний дунд улс орон тусгаар тогтнолоо өдий зэрэгтэй аваад явж байгаа нь  их юм  шүү дээ ч гэх нь сонсогдох  л юм?
-Хамгийн боломжийн замаар нь яваад ирсэн байж ч болох. Гэхдээ миний хувьд тэгж боддоггүй. Тун тааруу. Яахав социализмын үед хөгжөөд, хүн ам нь хөгжиж байсан.  Гэвч зах зээл рүү шилжихдээ улс оронд ашигтайгаар боломжийн хөгжүүлж чадаагүй. Гэтэл Сингапур зэрэг улс бидэнтэй яг л адилхан байсан өнөөдөр хөгжил нь  биднээс хол давсан. Уг нь бид  маш зөв яваад амьдрал сайхан байсан бол ядаж  таван саяулаа байх ёстой. Гэтэл өнөөдөр сая хүн үр хөндүүлсэн ч гэх шиг.  Өчнөөн хүн утаанд хордож байгаа зэргээс шалтгаалан хүн ам нь ч олигтой өсч чадахгүй улмаар эдийн засагтаа нөлөөлөөд эхэлсэн. Тэгсэн хэр нь эдийн засаг нь 17 хувь өссөн гээд байгаа юм. Хөрөнгө оруулалт нь хорь гаруй их наяд болчихсон  мөртлөө улс эх оронд наалдаж байгаа зүйл огтхон ч байхгүй. Энэ байдлаас нь болоод гадныхан чинь манайхыг тэнэгүүдийн орон гэдэг юм шүү дээ.  Хоёр том гүрний дунд хэдэн тэнэгүүд амьдардаг. Тэднээс авч л байхад боломжийн гэж үздэг. Ер нь бол Хүннү, Түрэг аль ч эзэнт гүрний үед дамжуулагч тээвэрлэгч байхдаа л маш хүчирхэг эзэнт гүрэн болж чадаж байсан гэж боддог.  Хятадууд бол генээсээ үйлдвэрлэгч байдаг шиг нүүдэлчид дамжуулах тээвэрлэхийг эртнээсээ  сайн хийдэг. Нэг ёсондоо ченж л дээ. Тэр утгаараа бид анх Орос Хятад хоёрыг холбосон гүүр нь болох байсан ч түүнийгээ олигтой хийж чадаагүй. Тэр болгоныгоо хийж чадахгүй гаднаасаа хараат, дотроо хэрэлдээд л нэг их мундаг улс төр,  хэнд ч хэрэггүй үзэл бодол яриад л. Тэр нь хэнд хэрэгтэй юм бэ. Ерөөсөө уул уурхайг бид баялаг гэж харж байсан бол өнөөдөр  аюул болон хувирчээ. Тэгэхээр бид эрчим хүч газ авто төмөр зам гээд тээврийн хэрэгслийг асар хурдан хөгжүүлэх ёстой.  Ийм зүйлийг би яриад байгаа юм.
-Танай намын нэр  дэвшигчдийн 90 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа нь маш  их сонирхол татаад байна. Та эрчүүдээс тэгтлээ залхаа юу. Яагаад ийм сонголт хийсэн юм бэ?
-Тиймээ. Өөр ямар ч гарц алга байна. Ашиглагдаагүй хүн амын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд. Бодлого тодорхойлох хэмжээнд эмэгтэйчүүдийн үүрэг роль гэж байхгүй. Хүн амын боловсролын төвшнөөрөө өндөрт ордог эмэгтэйчүүд бодлого тодорхойлох төвшинд оролцохгүй  байна гэдэг  нь  улс орон доголдох үндэс суурь болж байна. Оюун ухааны хувьд эмэгтэй эрэгтэй хүмүүс ямар ч ялгаагүй болохыг  шинжлэх ухаан баталчихсан байдаг.  Хамгийн гол нь эмэгтэйчүүд барьцаалагдсан байгаа улс орноо аварч чадна. Харин өнөөдрийн улстөрчдийн хоорондын хэрүүл хэнд хэрэгтэй юм гэхээр гадны нөхдүүдэд хэрэгтэй. Бид хоорондоо муудалцаж сул байх  тусмаа  гадныхан манай баялгийг авахад амар болно.
-Эмэгтэйчүүдэд бэлтгэгдсэн хүн ховор гэж ярьдаг хүмүүс байдаг. Таны хувьд тэдэнтэй санал нийлэхгүй нь ээ?
-Он гармагц эмэгтэйчүүдтэй уулзаж үзсэн.  Нөгөө талаас төр түшилцэж яваа эрх мэдэлтнүүдтэй ч их уулздаг. Гэтэл би эмэгтэйчүүдтэй уулзахдаа маш их гайхсан. Тэдний боловсрол асар өндөр төвшинд хүрсэн, ярьж хэлж байгаа нь үргэлж алсыг харсан.Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний  боловсролтой эмэгтэйчүүд маш их болжээ. Гэтэл манай гишүүд чинь бүгд  өөрсдийгөө мундаг гэж өргөмжилдөг. Яг  хийсэн ажил гэж тэдэнд юу ч байдаггүй.  Ер нь бол бөхчүүд, дуучид УИХ-д ороод юу хийх юм бэ. Эх орондоо хайртай  хүн бол мэдэхгүй байж улс төр рүү орох огт шаардлагагүй.  Юу ч мэдэхгүй байж парламент руу орж байгаа хүмүүс  яг үнэндээ эх орноо алж байгаа юм.  УИХ  муу ажиллаж байгаа учраас улс орон дампуу байдалд орсон байна. Эмэгтэйчүүд өөрсдөө мундаг чадалтай хүмүүс болохоороо улс төрд орох ямар ч сонирхол байдаггүй юм билээ.  Мундаг баг цуглуулах гэж  их явсан даа.
-Бодлогын хүүг  нэг оронтой тоонд барина гэж та ярьдаг. Үүнийг хэрхэн зохицуулж болох юм бэ. Боломжгүй талаас нь харж тайлбарлах эдийн засагчид их байдаг  л даа?
-Социализмын  үед банк бол ердөө мөнгө олгодог касс байсан. Дараа нь бид өөр нийгэм рүү шилжихдээ банкийг ломбард маягаар ойлгож барьцаа өгөөд  мөнгө авдаг. Өрөө төлөхгүй бол барьцааных нь зүйлийг хураагаад авчихдаг  зарчмаар явсан. Гэтэл зах зээлийн банк гэдэг нь үйлчилгээнийхээ шимтгэлээр 80 хувийнхаа орлогыг бүрдүүлдэг байх ёстой. Манайхан чинь зөвхөн хүүгээрээ л олдог болохоос бусад үйлчилгээний орлого гэж огт байхгүй. Аж ахуйн нэгжүүдэд зайлшгүй шаардлагатай байдаг санхүүгийнх нь асар их бүтцийг банк хийгээд өгчихдөг. Ашигтай болоод аж ахуйн нэгжүүд нь хийлгэж байгаа. Ашиггүй байсан бол тэд өөрсдийн бүтцээ байгуулдгаараа л байгуулна.  Манайхан болохоор бүх олж байгаа мөнгөө гадаадын  банкинд хадгалуулаад шимтгэл төлж байдаг. Гадныхан болохоор манайд мөнгөө байршуулаад хүүлж байдаг байхгүй юу. Банкинд ажиллаж байсан хүний хувьд  би үүнийг маш сайн мэдэж байна. Тэгэхээр гадныхан нутагтаа байршуулах юм бол  хадгалуулсныхаа хөлсийг өгдөг учраас манайд байршуулаад мөнгөө өсгөж авахыг илүүд үзнэ биз дээ.  Тиймээс миний  хэлээд байгаа санаа бол нэг их шинэ санаа ч биш л дээ. Амлалт ч биш. Зүгээр л бусад орнуудад ямар тогтолцоогоор явж байна түүнийг мөрдөе. Банкуудын хадгаламжийн хүүг тэглэчихье гэж байгаа юм. Тэгэх юм бол  жилийн гурван хувийн хүү гэдэг нь банкинд ч ашигтай.  Тэр жилийн гурван хувийн хүүгээр чинь иргэд аж ахуйн нэгжүүд сэргэж эхэлнэ.  Гэтэл өнөөдөр жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авсан аж ахуйн нэгжүүд юун сэргэх харих эсрэгээрээ уналтад орчихож байгаа юм.
-Мөнгө хүүлэхийг хориглох боломжтой юу?
-Хүмүүс янз бүрийн аргаар мөнгө олдог. Харин олсон мөнгөө нутагтаа байрлуулах эрхзүйн асуудлыг нь шийдчих хэрэгтэй.  Дээрээс нь Монголын банкууд хамгийн баталгаатай. Өнөөдөр дампуурлаа гэж бодоход маргааш  нь мөнгийг хүүтэй нь зүгээр өгчихдөг төр ер нь хаана байна  байх  вэ дээ. Монголд л байна шүү дээ.
-Та хэр зэрэг шүтлэгтэй хүн бэ?
-Шүтлэгтэй хүн биш. Ямар сайндаа нутгийнхаа шүтээн уулыг ух­чихаж байх вэ дээ. Миний ээж 90 настай, эгч нь гэхэд 90 нэлээд гарсан хоёр хөгшин байдаг. “Өвөөгийнхөө тахьдаг  байсан уулыг ухан сэндийчиж болохгүй шүү” гэдгийг дахин дахин сануулж байсан. Гэтэл  би  археологийг багаасаа сонирхдог  байсан болохоор ухчихгүй яахав дээ. Ядаж  байхад намайг найз нөхдүүд маань худалч гээд шордоод болдоггүй. Зүгээр нэг уул харчихаад бунхан гэдэг юм гээд л академийнхан хэлнэ. Тэгэхээр нь нэг зун зориуд давхиж очоод эксковатороор ухчихсан. Баахан ухаж бунхан, хөшөө бүгдийг нь гаргасан. Сүүлдээ хөшөөг нь  хулгайд алдчихсан. Гэтэл  нутгийн ард түмэн “газар уул ус хилэгнүүлсэн үл бүтэх амьтан” гээд зүхэж өгсөн дөө. Шүтлэгтэй хүн бол тийм зүйл хийж зүрхлэхгүй шүү дээ.  Зорьсон зүйлээ хийхийн тулд яахаас ч буцахгүй нөхөр. Уг нь бол өвөөгийнхөө жил бүр тахин шүтдэг байсан уулыг  уламжлал болгоод тахиад явах ёстой биз. Гэтэл өнөө хүү нь баахан техник аваачаад ухаж  байдаг. Би тийм л аюултай хүн.
-Оюутан ахуй нас чинь их сонирхолтой өнгөрсөн байх даа. Цэргийн сургуулийн амьдрал тэр тусмаа бусдынхаас ялгаатай байдаг шүү дээ?
-Цэргийн дээдэд сурч байсан.  МАН-ын генсек У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ  бид сургуульд хамт сурч  байсан юм. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үед дэслэгч цолтой манай ангид ирж байхад би ахмад цолтой байлаа. Ерөнхийлөгч Улаан-Үдэд байхдаа манай ангид очоод яруу найраг, утга зохиол уншаад, бид шимтэн сонсоод сууж байдаг байсан шүү дээ.
-У.Хүрэлсүх дарга ч нэлээд хөдөлгөөнтэй байсан байх, тийм ээ?
-Бид  цэргийн сургуулийг нэг ангид сурч төгссөн.  Дараа нь ганзагын наймаанд ч  хамт  явж байсан.
-Хамгийн эхэлж ямар хүмүүстэй хаашаа ганзаганд явж байв?
-Эхлээд Эрээн явсан. Хойшоо Орос руу гараад сүүлдээ Польш зэрэг улс орнууд руу явсан. Польшийн нутгаар цыган мэт  гахайгаа үүрээд хэсч өгнө дөө. Украйнаас Москва руу наймаа хийгээд маш урт хугацааны туршид овоо их мөнгөтэй болчихоод яг эх  орондоо ирэхийнхээ өмнө Ярасловский вокзал дээр бүх мөнгөө багуудад дээрэмдүүлчихсэн.  Мөнгөөр тогтохгүй өөрөө зодуулаад шархны халуун болоод  биеэ гайгүй болохоор нь Монгол руугаа 14 хоног вагонд бадарчилж явж ирсэн.
-Хэдий хэмжээний мөнгө алдсан юм бол ?
-10 гаруй мянган ам.доллар байсан. Тэр үедээ бол их мөнгө шүү дээ.
-Эргээд яаж хөл дээрээ босов. Ерөөсөө шантраагүй юу. Ингэж шархны халуун болж байхаар болъё гэж бодох хүмүүс байдаг шүү дээ?
-Тэр үед Д.Энхтөр бид хоёр  хамт явж байсан. Бид чинь цэцэрлэгийн найзууд. Бид хоёр өмнө нь нэг зүйл  ажигласан байсан. Тухайн үед банкнаас зээл авч машины наймаа хийхээр төлөвлөчихсөн байсан юм. Гэтэл яг банкнаас мөнгө  авах үед долларын ханшны зөрүүний ялгааг харсан. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг бас ноолуурын наймаа хийнэ. Бид чинь яг нэг үеийн найзууд. Тэгээд дансны ченж хийгээд эхэлсэн чинь дороо мөнгөтэй болоод банк байгуулчихсан. Толгой ажиллах ченж хийх чинь маш аймшигтай.  Д.Энхтөр бид хоёр хоосноос ченж хийгээд банк байгуулж болсон юм чинь манай улс   ч гэсэн дамжуулагч хийвэл хөл дээрээ хурдан босно.
-Нэг хэсэг бусдын анхаарлын төвд ороод цагдан хоригдож байсан. Тухайн үед та гурав юу ярьж байв. Танд юу гэж бодогдож байв?
-Бидний хэмжүүр тэс өөр. Бид асуудалд ороод дөрвөн тэрбум  ам.долларын араас явж байсан. Гэтэл банкны асуудал 100 тэрбум ам.долларынх байсан.  Дөрвөн тэрбум ам.долларын араас явж байсан гэхээр  жижигхэн  сонсогдож байгаа биз. Гэтэл тэр асуудал банк хуулийн системийн асар том хэмжээсийн ялгааг гаргасан. Биднээс илүү улс орон маш том хохирол хүлээсэн. Том том ордууд, бидний хийх гэж байсан том төслүүд нам унасан. Биднийг чадах биш улс орны эрх ашгаар тоглосон. Тэгэхээр  төр хувийн хэвшил рүү оролцдогийг болиулах гэж би улс төр рүү орох гээд байна.  Бид маш сайн багийг бүрдүүлж ажилласан.  Маш ухаантай ТУЗ  Анодынх байсан. Монголын анхны үндэсний хэмжээний банк байсан. Тийм баг ажиллаж байгаа үйл ажиллагааг өнөөдөр зүгээр нэг банкны хянан шалгагч ч юм уу мөрдөн байцаагч ойлгоно гэж байхгүй. Тэгэх нь бүү хэл өнөөдрийн Төв банкных нь Ерөнхийлөгч ойлгохгүй юм чинь.  Ерөнхий сайд нь ч ойлгохгүй. Учир нь тэд зүгээр  хууль харж ажил хийдэг хүмүүс. Харин бидний тухайд үндэстэн дамнасан корпорациудтай хамт­ран ажиллаж байсан. Тэр хоёрын хооронд асар том ялгаа бий. Тав, арван жилийн дараа  ямар байх вэ гэдгийг ярина. Том зүйл бүтээхийн тулд их мөнгө орно.  Тэр мөнгийг хараад  зарим хүмүүс ухаан алдах нь холгүй байсан. Хувьцааны талаар ч тодорхой ойлголтгүй байсан хүмүүс олон байсан. Харин одоо л хөрөнгийн бирж дээр ч гаргаагүй байж Тавантолгойн хувьцаа энэ тэр гэж яриад  байна шүү дээ.  Өөрөөр хэлбэл, улс төр хийдэг хүмүүсийн тоглоом болоод байгаа байхгүй юу.
-Эхнэртэйгээ яаж танилцаж байсан бэ. Авч суухад хэцүү байв уу?  
-Маш удаан гүрийлгэсэн. Би чинь өөрөө паналаар тааруу хүн л дээ. Гэхдээ манай өвөө Архангайн алдарт дархан уран Гомбо гэж хүн байсан. Би чинь бас өвөөгөө дуурайгаад гараар юм хийнэ. Үг хэлэндээ тааруухан  хүн шүү дээ.
-Та тэгэхээр өөрийн гараараа хийсэн юм гээд  өөрөө хийсэн зүйлээ өгөөд сэтгэлийг нь хөдөлгөж дээ?
-Чи яг мэдчихлээ. Оёдол хийнэ. Тэгээд өөрийнхөө гараар хийсэн зүйлээ анх бэлэглэж байлаа.
-Та ер нь хэр шуналтай хүн бэ?
-Би хязгааргүй шуналтай хүн. Улс орныг өөрчилнө гэхээс авахуулаад аймаар том юм  мөрөөддөг болохоор өөрийгөө шуналтай гэж тодорхойлж байгаа юм.
-Гэхдээ бас гарзанд харамсдаггүй юм аа даа?
-Унаж босч л явна. Баригдаж хоригдож байсандаа ч гэсэн нэг их харамсдаггүй. Харин ч овоо сайн хүмүүжээд гарчихсан юм шиг санагддаг. Хүмүүжих гэхээсээ илүү ухаажсан, хатуужсан гэж боддог. Тэр дээгүүр ажил хийж байгаад гэнэт ёроолыг нь үзсэн чинь бүгдийг өөрчлөх  хүсэл маш их төрсөн. Тийм  болохоор би улс төр рүү орох гэж байгаа юм.
-Ёроолд байгаа хүмүүстэй уулзсан чинь юу бодогдож байна?
-Би ерөөсөө буруу яваад байна гэдгийг ойлгосон. Эдийн засгийн гэмт хэрэгтнүүд гэж хэсэг бүлэг хүмүүс байгаа юм. Гэтэл тэд нь   цаг үе нийгмийн золиос болчихсон хүмүүс байгаа байхгүй юу. Үнэхээр харамсч байсан. Тэнд байсан хүмүүсийн 80 хувь нь эмэгтэй. Ихэвчлэн эдийн засгийн гэмт хэрэгтэн. Маш сайн сайн хүмүүс олон байсан. Монголын анхны машин хийсэн хүн зэрэг тиймэрхүү хүмүүс өөрсдийнхөө мөрөөдлийн төлөө явж байгаад дотор орчихсон байдаг юм билээ. Эдийн засаг байхгүй учраас мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн гэсэн бүх л эд зүйлсээ зараад эцэст нь хүнийх рүү орж аваад тав арван жил авчихсан хүмүүсийг хараад харамсч байсан. Нэг хэсэг траншейны хүүхдүүд олон байсан. Цаг үе нийгмийн золиос болсон тэдгээр хүүхдүүд хаана байна тэнд орчихсон.  Дээрээс нь хэт шоронжсон байдалтай манай эрүүгийн хууль ч  бас яасан хатуу юм. Аливаа зүйлийг шийдэхийн тулд хуулийг засах шаардлагатай ч эдийн засгийг бүр илүү сайжруулах  нь зөв. Тэгвэл хулгай хийж, худлаа ярьж шоронд орж үйлээ үзэх хүн байхгүй шүү дээ.
-Найз нөхөрлөлийн тухайд та юу гэж боддог вэ?
-Багаасаа найзалсан хүмүүс салдаггүй. Бие биедээ гомдоод, туниад байх нь ч ховор. Миний хувьд  багынхаа хоёр найзыг хөлдөө чирж, их хохироолоо. Аваачиж хориулчихсан нөхөр шүү дээ. Эхнэрүүд нь ууртай байдаг юм. Н.Даваа гэж нэг хүнээс болж амьдрал сүйрлээ гээд л. Гэхдээ өнгөрсөн хугацаанд миний  ажигласан хамгийн том зүйл гэвэл эмэгтэй хүмүүс их тууштай юм билээ. Биднийг дэмжиж тэтгээд байсан нөхдүүд  бүгд цаашаа явсан.  Тэгэхэд эхнэрээс минь эхлээд эмэгтэйчүүдийн үзэл санаандаа маш тууштай хатуу зогсч  байдаг юм билээ Харин эрчүүд Н.Даваатай  ойртвол хэрэгт орчихож магадгүй гэж  бодоод зайгаа бариад эхэлсэн шүү.
-Та чинь тэгэхээр найз нөхдийгөө хүртэл айлгахаар зүйл сонирхдог хүн байх нь. Сонирхлынхоо дагуу сүйтгэж байсан зүйл байна уу. Юм дэлбэлж байсан ч юм уу?
-Шувуун фабрик руу явж байсан өндөр хүчдэлийн хүчийг үзэх гээд төмөр шидээд нөгөөх нь буудаад бөөн хэрэг тарисан шүү дээ.  Өндөр хүчдэл рүү төмөр шидчихээр асар том дэлбэрэлт болдог юм билээ. Баларсан юм боллоо гэж бодож байгаа юм  чинь. Шувууны өндөгнүүд нь муудаад. Гэхдээ баригдаагүй шүү.
-Нөгөө гурав чинь юу хийж байгаа вэ?
-Манай Д.Энхтөр  ком­­паниудад зөвлөх хийж байгаа.  Мөнгө босгох тендерт бэлдэж өгөөд.
-Зан аашийг нь юу гэж тодотгох вэ?
– Бид маш эсрэг зантай. Би бол маш тайван хүлээцтэй. Манай Д.Энхтөр бол сайхан сүр сар. Э.Гүр-Аранз гэж  нэг бөөрөнхий нөхөр. М.Уламбаяр бол маш их ухаантай. Өндөр боловсролтой, манай хамгийн урдаа барьдаг банкируудын нэг. Тэрбээр одоогоор онц хийсэн зүйлгүй. Э.Гүр-Аранз гэж ёстой нэг хөдөлгөөнгүй сууж байгаа нөхөр дөө. Ач гучаа хараад сууж байгаа даа.
-Эмэгтэйчүүдийг толгойлоод улс төрд орж буй бодлогыг чинь хэр дэмжиж байна?
-Огт дэмжихгүй байгаа. Бүтэхгүй нөхөр гээд надаас холхон байхыг л бодож байгаа байх. Би хөдөлгүүр хийж оролддог. Гүр-Аранзыг инженер юм болохоор нь үзээд өгөөч гэхээр ёстой гонж шүү дээ. Чиний хийсэн зүйлийг би харчихаад хүнд ярьвал намайг мэдрэл муутай гэнэ гээд огт хөдөлдөггүй юм.
-Та мөрийтэй тоглоом тоглодог уу?
-Би хөзөр байтугай шатар ч тоглохдоо уйддаг. Хөдөлгөөнтэй зүйлд дуртай. Янз бүрийн туршилт хийх юм уу, эсвэл элдэв пуужингаа  хөөргөөд сууж байвал сайхан байдаг.
-Ангийн хорхойтой юу?
-Армиар явсан хүн гэхэд ан сонирхдоггүй.  Ан, буу хоёрыг огт сонирхохгүй.  Цэргийн сургуульд байхдаа залхтлаа буудчихсан. Хамгийн том бууны дарга хүртэл хийж явсан. Анд хоббитой байсан бол харин ташраар нь  унагаах мэргэн бууч байх  байсан биз.

Б.Даваа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 04, 2012 4:31:58 pm )

    mundag hyn yum aa! Tord garaasai gej bodoj bna.

antalya rent a car