Манай орны улс төрийн амьдрал үймээн бужигнаантай байгааг гадны хэвлэлүүдээр цаг алдахгүй мэдээлж байгааг хүмүүс андахгүй. Түүний зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжил, уул уурхайн салбарыг эдийн засагчид, шинжээчид анхааралтай ажиглаж, өөр өөрсдийн үзэл бодлыг хөндлөнгийн нүдээр харан илэрхийлсээр байна. Урьд нь бид манай улсын улс төрийн хүрээний үйл явдлыг Оросын тоймч хэрхэн дүгнэж цэгнэж бичсэнийг хүргэж байсан бол энэ удаад Монгол дахь Азийн хөгжлийн банкны төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Ян Хансен Хятадын Синьхуа агентлагт өгсөн ярилцлагыг тоймлон хүргэе.
Монгол улсад үндэсний аж үйлдвэрийн олборлох салбаруудын үсрэнгүй хөгжлөөс үүдэн эдийн засгийн динамик өсөлт ажиглагдаж байгаа тухай Азийн хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Ян Хансен өгүүлжээ. 2011 онд Монгол улсын ДНБ 17.3 хувиар өссөн бол 2012-2013 онд өнөөгийн прогнозоор бол жил бүрийн эдийн засгийн хөгжлийн хэмнэл 15-20 хувь байх тухай Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр өгүүлсэн байна. Түүний зэрэгцээ өөдрөг ирээдүй харагдаж байгаа ч зорилтот, тэнцвэртэй эдийн засгийн хөгжилд хүрэхийн тулд Монгол Улсын өмнө олон хүндрэлүүд тулгарч байгааг Ян Хансен онцолжээ. “Зэс, алтны асар их нөөцтэй Оюу толгойн орд газрын бүсэд ашигт малтмал олборлосноор цаашдаа ч ДНБ өсөх, экспортоос олох орлого нэмэгдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ” хэмээн онцолсон Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч манай улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд аюул учруулах эрсдэлийн томоохон хүчин зүйлүүдийн нэг болох олборлох салбарын бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөл байдлаас Монгол Улсын эдийн засаг ихээхэн хамааралтай байгааг онцолжээ. Я.Хансений өгүүлснээр эдийн засаг олборлох салбараас хэт хамааралтай болсон нь хүн амын янз бүрийн бүлгийн орлогын ялгаа ихсэхэд хүргэдэг гэнэ. (Учир нь ашигт малтмал олборлох үед ажлын байр бага гарах бөгөөд харин олборлолтоос олох ашиг хүн амын багахан бүлгийн гарт төвлөрдөг аж.)
Монгол Улс түүхэндээ хүн амын орлогын тэнцвэргүй байдал ийм мэдэгдэхүйц болж байсан тохиолдол бараг л гарч байгаагүй гэж шинжээчид тэмдэглэдэг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд олборлох салбарын динамик өсөлттэй холбогдон хүн амын орлогын зөрүү үргэлжлэн гарч, манай орны зүй зохистой тогтвортой хөгжилд аюул занал учруулан, өдрөөс өдөрт орлогын ялгаа ихэсч байгааг эдийн засагчид ч анхааруулж байгаа юм. Ян Хансен ч Синьхуа агентлагт өгсөн энэхүү ярилцлагадаа олон сөрөг тал байгааг онцолжээ. Түүний үзэж байгаагаар Монголын Засгийн газар эрдсийн нөөцийн олборлолтоос олж буй орлогыг чанга, шударга хуваарилах тогтолцоог бий болгохын тулд одоо эхлүүлчихсэн байгаа эдийн засгийн болон улс төрийн шинэчлэлийг үргэлжлүүлэн, зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй бусад салбаруудад хөрөнгө оруулалтын урсгалыг ихэсгэх замаар эдийн засгийн олон талт хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх ёстой гэнэ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны төлөөлөгч сүүлийн үед инфляцийн санхүүгийн бодлого гэсэн томоохон асуудалтай тулгараад байгааг онцолжээ. Өнгөрсөн хоёр жилд Монгол улсын төсвийн зардал эрс ихэссэн нь инфляци нэмэгдэхэд хүргэсэн тухай тэрбээр өгүүлсэн байна. 2012 оны гуравдугаар сард Монголд инфляцийн түвшин 15.3 хувь байжээ.
Харин Азийн хөгжлийн банкны гаргасан таамаглалаар ойрын хоёр жилд Монголд инфляцийн хэмнэл өссөн хэвээр байж хоёр оронтой түвшин дээр үлдэх аж. Я.Хансений тэмдэглэснээр инфляци өндөр хэмнэлтэй байгаа нь манай улсын эдийн засгийн хэт халалтын аюулыг илэрхийлж байгаа гэнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсч байгаа нь амьдралын боломж тааруу хүн амын амьдралд хүндээр тусч, үндэсний эдийн засгийн хамааралтай байдлыг улам нэмэгдүүлж байгааг эдийн засагчид ч онцолж байгаа юм. Эдийн засгийн хэт халалтыг таслан зогсоохын тулд инфляцийн хэмнэлийг тогтоон барихад Монгол Улсын төв банк томоохон үүрэг гүйцэтгэж байгаа тухай Азийн хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч өгүүлжээ. Нөөцийн хүү болон нөөцийн хуримтлалын хүүг өсгөхөд чиглэгдсэн банкны бодлогын арга хэмжээг идэвхжүүлэх шаардлагатай гэдгийг Ян Хасен мөн ярилцлагаараа дамжуулан манайханд уламжлаад авав.
“Монгол улсын Засгийн газар хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ашигт малтмал олборлох явцад олсон ихээхэн хэмжээний санхүүгийн. орлогуудыг үр дүнтэй хуваарилах ёстой. Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгож буй мөнгө бага орлоготой хүн амд туслах биш харин ч эсрэгээр одоо байгаа хэрэгцээг нэмэгдүүлэн, хэрэглээний үнэ эрчимтэй өсөх шалтгаан болж байна” хэмээн Ян Хасен онцолсон байна. Өөрөөр хэлбэл төрөөс мөнгө хуваарилж байгаа нь зохих ёсны үр дүнг авчраагүй, нэмэлт ажлын байр гараагүй харин ч бага орлоготой хүн амын гадаад цохилтыг сөргөх чадварыг сулруулан тэр дундаа олон улсын зах зээл дээрх бөөний үнийн тогтвортой бус байдлын нөхцөлд тэсэн гарах чадваргүй болгох, сөрөг нөлөө үзүүлж байгааг ахлах эдийн засагч онцолжээ. Харин ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр Монгол Улсын санхүүгийн удирдлага эдийн засгийн өсөлтийн гарааны хэмнэл болон үндэсний эдийн засгийн амжилттай хөгжилд зохих нөлөө үзүүлэн тэнцвэртэй макро эдийн засгийн балансыг барихад чиглэх ёстой хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Б.Мөнхцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 23, 2012 10:46:25 am )
2 XUJAA TSARAITAI EX ORNOO XUDALDSAN AVILGACH UDAXGUI DEELEE NUMURCH ARD TUMNII SHUDRAGA SHUUXEER OROX TSAG CHINE IRNEE!!
-
Anonymous (May 25, 2012 6:25:03 pm )
yamar humuus minii horongiig av nadad 34g ni og ta nar 66g ni av gedeg bainaa
2 Comments