Энэ жил авлигалчдад ширүүхэн байна. Уг нь Л.Тэрбишийн зурхайд энэ тухай огт дурдаагүй байсан билээ. Гэвч авлигачдын “аавынх” руу явах цуваа тасрахгүй нь. Монгол улс анх удаа авлигачидтай өргөн фронтоор тэмцэж байна уу эсвэл сонгуулийн өмнө улс төржиж, хэлмэгдүүлж байна уу гэдгийг одоогоор хэн ч хэлж чадахгүй. АТГ, шүүхийнхэн АН-ынхны мэдэлд байна. Учир нь тэд МАН-ын хүмүүсийг ээлж дараалан дуудаж байгаа нь нэгийг өгүүлнэ. Одоогоор Орхон аймгийн засаг дарга Д.Оюунбатыг төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн гэж 2.6 жилийн ял өгсөн. Мөн Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан хоёр энэ долоо хоногт төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, өөрсдийн компанийг дэмжсэн асуудлаас болж 2-3 жилийн ял авав. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн л авлигалын хэргээр яллагдагчаар татагчидхаад байна. Үүнтэй зэрэгцээд Хөвсгөл аймагт нэр дэвших гэж байсан АМГ-ын дарга Д.Батхуягийг уул уурхайн лицензийн наймаатай холбогдуулан “аавынд” хийчихэв. Энэ бүхэн авлигалын мөсөн уулын дөнгөж орой нь гэж эх сурвалж мэдээлж байна. Одоо авлигалын хэргээр олон албан тушаалтан шалгагдаж байна. Налайх дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэр, ИТХ-ын дарга С.Батдорж хоёр газар олгох нэрийдлээр 50.000 ам долларын хахууль авсан хэргээр, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Болдыг 300 сая төгрөг завшсан асуудлаар, Баянзүрх дүүргийн засаг дарга Б.Батзоригийг хөшөөний санхүүжилтээр, Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнхийг авлигалын хэргээр, Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлавыг хөрөнгөө нуусан гэж шалгаж эхэлжээ. Мөн Говь-Алтай аймгийн засаг дарга Ш.Амгаланбаярыг тендергүйгээр худалдан авах эрх олгосон асуудлаар, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжавыг 1 тэрбум төгрөгийн буруу зарцуулалтаар, Булган аймгийн засаг дарга М.Оюунбатыг аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний газар олгосон гэж АТГ-ынхан шалгаж байна. Харин Архангай аймгийн засаг дарга Ё.Баатарбилэгийг уул уурхайн компаниудаас хахууль авсан асуудлаар, Өвөрхангайн засаг дарга Д.Тогтохсүрэнг эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр шалгаж эхэллээ.
Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар хоёр аймгийн гурван удирдлага ял сонслоо. Харин 10 аймаг, дүүргийн 11 удирдлагыг АТГ-аас шалгаж байна. Ийнхүү аймаг, дүүргийн дарга нарын “аавынх” руу хөтөлцөөд явах цуваа тасрахгүй нь. Энэ жилээс аймаг, нийслэлийн засаг дарга нарын хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл улам нэмэгдэж байгаа. Тэгэхээр ирэх жилээс шалгагдах хүмүүсийнх нь тоо улам нэмэгдэж мэдэх юм.
Үүний зэрэгцээ Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт гадаадад эмчилгээ нэрээр яваад таван сарын нүүрийг үзлээ. Учир нь тэрээр АТГ-ын дуудлагаас айгаад эх орондоо ирж чадахгүй байгаа юм.
Энэ бүгд МАН-ын орон нутгийн удирдлагууд гэдгийг хүн бүхэн мэднэ. Мөн МАН-ын харъяат хэд, хэдэн УИХ-ын гишүүнийг ч гэсэн авлигалын хэргээр шалгах тухай мэдээлэл тарлаа. Ийнхүү АТГ-ыг зорих албан тушаалтны тоо сонгууль болтол эрчимтэй нэмэгдэхээр байна. Сонгуулийн үеэр МАН-ынхан ийм том авлигачид хэмээн шоронд хийж, шонд дүүжилж харуулах том жүжиг эхлэл шатандаа байна. Удахгүй өрнөл, тайлалдаа хүрнэ. Энэ бүхэн сонгууль угтсан улс төр битгий байгаасай.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 10, 2012 2:03:57 pm )
зөв авилагчтай тэмцэх л хэрэгтэй өшөө ч олон байгаа
1 Comment