antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2012 Comments are off

Айдас

нийтлэсэн Admin

Улс төрийн хүрээнийхэнд айдас хургаж эхлэв. Хэзээ ч айж далдирч байгаагүй тэд өнөөдөр хэн ч, хэзээ ч авлигын хэргээр араасаа шалгуулж болохыг, хэний хэнбугай ч хуулийн хариуцлага хүлээлгэж болохыг ойлгож, мэдрэн, бараг мартагдаад байсан айх, ичих нь булчирхай нь ажиллаж эхэлж байна.

Удтал шуугиулсан Засаг дарга нарын гэх хэргүүд задарч, эхнээсээ шүүхээс гэм буруутай хэмээн үзэж ял оноогоод байгаа. “Саутс гоби сэндс” компаниас үүдэлтэй ашигт малтмалын лицензийн гэх хэргүүд ар араасаа шалгагдаж эхлэх бололтой. Монгол Улсын Ерөнхий сайдыг саатуулан шалгаж байгаа дуулианы сургаар хүний мууд дуртай зарим нь араас нь тэр энэ “явах” ёстой гэж хуруу даран тоолж сууна. Магадгүй зарим нь “Дараагийнх нь…” гэсэн айдаст автаж байж болох юм. Гэхдээ энэ бол 1937 оных шиг иш мухаргүй айдас биш.  Хэрэг хийсэн байж гэмээнэ, хариуцлага хүлээнэ гэдгийг мэдрэх айдас байгаасай гэж олон нийт хүлээж байна. “Дараагийнх…” гэсэн энэ үг авлигын олон, олон хэргийг илрүүлэн, илчлээсэй гэсэн итгэл найдварын горьдлого ч төрүүлж байж болох.

Монголын улс төр, биз­несийн­хэн толгойноосоо эх­лээд доод шатандаа хүртэл барь­цалдан сүлжилдэн ижилс­сэн болохоор нэгхэн учиг хэр­гийг бус нийтдээ идэгдээд бай­гаа системийн гэмээр өвч­лөлийг эдгээсэй гэх итгэл “Дараагийнх…” гэх хүлээлтийг бий болгож байвал бүр сайн байна. Түүнээс биш хэн нэгний дургүйг хүргэсэн залуухан улстөрчийг, асар том намын хамгаалалтаас адарч гарсан нэгнийг нэрвээд өнгөрөөх, сонгуулийн сурталчилгааны настай айдас биш байгаасай гэж итгэхийг хүсч байна. Монголчууд нэвт идэгдэж, биднийг шууд хэлэхэд жирийн иргэдийн ясанд тултал, шулж, мөлжиж, зовоож байгаа авлига хэмээх айдсыг айлгах айдас байгаасай гэж хүснэм. Зөвхөн сонгуулийн өмнө хэн нэгнээ бүдрээх гэсэн арга бус, намын хамгаалалт гээч үгүй нь өртдөг оноолт бус, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн далд тэмцлийн ил харагдах төдий золиос бус байгаасай гэж итгэхийн хүсч байна.

Уг нь монголчууд унасан хүнийг өшиглөдөггүй гэдэг. Харин ч бүр хүчин мөхөсдөж байгаа, бөөрөлхүүлж,  дээрэлхүүлээд байгаа юм шиг харагдах нэгнийг бүр өмөөрч хамгаалан, талд нь ордог. Нүдэн дээр нь нөгөө залуугаа өдөж, өшиглөчихөөд дийлдэх тал руугаа орж байгаа танхай залууг өмөөрөн ханцуйгаа шамлан дайран орох гэдэг хүмүүс. Саяхан л авлигын загалмайлсан эцэг гэж цоллож хашгираад байсан эрхмийг өлсгөлөн зарлалаа гэхэд өр нь өвдөж, шаналж байгаа хүмүүс.  Гэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргийн хувьд хэн нь хэн байлаа ч ууч сэтгэл гаргаж огт болохгүй гэдгийг хэлүүлэх юун. Ерөөсөө асуудал Бат, Балдан, Дорж хэн байх нь чухал биш. Хэн ямар авлига авч байсан нь ямар нотлох баримтаар тогтоогдсон, хэн юунаас ч үл хараат хамааралгүйгээр зүй ёсны шийтгэлийг оноож чадах болов уу гэдэг нь мэдээж чухал. Гэхдээ одоогийн байдлаар бол жараахайнуудад л жараахайны хэрийн шийтгэл оноодог, том хэмээх улстөрчид хийгээд төрийн дундаас дээш албан тушаалтнуудад бол хууль ёсны хариуцлага, шийтгэл гэдэг зүйл огтоос нөлөөлдөггүй гэсэн сэтгэлгээ тогтоод байгаа учраас үүнийг өөрчилж, үнэхээр авлигатай тэмцэж чадах уу гэсэн хүлээлттэйгээр Авлигатай тэмцэх газрын дараагийн алхмыг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Уг нь бол авлигын хэргийг шалгана гэдэг бол намын хамгаалалт, нөмөр нөөлөг, хэтэвчний хэмжээгээр даллахаар ил гарч, далайхаар далд орж байдаг хэрэглүүр төдий зүйл биш. Гэвч Монголд л их үү, бага уу л гэдэг нь болохоос биш тэртэй тэргүй бүгд л уусан идсэн тодорхой болохоор хэн нэгнийг айлгахын тулд хэрэгтэй цаг үед “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв” хэмээн тунхаглаад элсэнд шургасан мэт чимээгүй болчихдог олон удаагийн “туршлага” ийм болгоомжлолыг төрүүлэхээр болгоод байгааг өгүүлэх юун.

Энэ удаа баривчилгаа, шал­галтыг өдөөж байгаа бас нэг хүчин зүйл нь ээлжит сон­гууль. Сонгуульд нэр дэвшиг­чийг зарлахаас өмнө хэн нэг­нийг хэрэгтэн болгох гэсэн оролд­лого нөлөөлж байхыг ч үгүйс­гэх аргагүй. Өмнө нь эрх мэдэл, өөрөөр хэлбэл эд хөрөнгөний төлөө УИХ-ын гишүүний суудал руу үхэн хатан мацалдаж байна гэдэг байсан бол эдүгээ УИХ-ын нөмөр нөөлгөөс салж гэмээнэ арай өөр өнгөтэй ордонд морилох айдастай эрхмүүд байгаа ч гэх юм билээ. Эсрэгцүүлбэл,  УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хамгаалалтад л орох­гүй “дараагийнх нь…” гэсэн айдас­тай давшиж яваа хэсгийнхэн ч бас байгаа л гэсэн үг. Тийм ч учраас “Ардын эрх” авлигын аливаа хэрэгт орооцолдож байсан, шалгагдаж байгаа эрхмүүдийг сонгуульд бүү нэр дэвшүүлээч ээ гэж улс төрийн намуудад хандан уриалсан. Угаасаа ч сонгуульд авлигачдыг нэр дэвшүүлэхгүй байх нь намуудын эрхэм зорилго хийгээд нийгмийн шаардлага байх ёстой л доо. Гэвч таминь ээ, цаана чинь нэр дэвшихийнх нь өмнө баривчлан хориулж хорлох, ямар ч хамаагүй аргаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн далбаан дээр амиа авч үлдэх гэсэн хоёр янзын хатуухан тоглоом өрнөөд эхэлчихлээ. Сонгуулийн дажинт зуны эхлэл өдрүүдийн энэ бүх шуугиан мэдээж хэрэг хэн нэгний хор, сонгуулийн шоу биш байгаасай.  Басхүү энэ удаагийн сонгууль өмнөх авлигачдаасаа салж, ирээдүйд авлигач төрүүлэхгүй байх сонголт байгаасай гэж хүсэх байна.

Хамгийн гол нь, УИХ гэдэг хийсэн гэмээсээ айхдаа мөлхөөд ч хамаагүй ордог нуувч биш, тэр тусмаа УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг хэсэг хугацаанд ч болтугай гэмт хэргээс бултах нөмөр, халхавч биш бөлгөө.

А.АЛТАНТУЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car