antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2012 1 comment

Исус уу, Иуда юу?

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлига, албан тушаалын хэргээр шалгагдаад хоёр жил хагас, аавынхаа гэрээс баривчлагдан Төв аймгийн хорих руу ачуулаад бараг нэг сар болж байна. Өнгөрсөн долоо хоногт түүнийг “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд шилжүүлэн авчраад байгаа. Н.Энхбаяр Төв аймгийн хориход байхдаа өөрт нь тулгаж буй авлига, албан тушаалын хэргийг эсэргүүцэж, АТГ-ынханд байцаалт өгөхөөс татгалзан хуурай өлсгөлөн зарласан билээ. Үүний улмаас түүний эрүүл мэнд нь эрсдэлтэй байдалд орсон тул “Ганцхудаг”-ийн урьдчилан хорих төвд шилжүүлж, албадан эмчилгээнд оруулсан.

Үүний дараа Н.Энхбаярын толгойлдог МАХН-ынхан болон түүний гэр бүлийнхэн Н.Энхбаярыг батлан даалтад гаргуулахаар прокурорт хүсэлт гаргасан боловч нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг “мөрдөн шалгах ажилд саад учруулж болзошгүй” гэдэг үндэслэлээр батлан даалтад гаргахаас татгалзсан юм.
Учир нь, тэр өөрийг нь энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээс хойш сүүлийн нэг жилийн дотор АТГ-аас 10-аад удаа мөрдөн байцаалтад дуудахад нэг ч удаа очиж мэдүүлэг өгөөгүй билээ. Үүний улмаас түүнийг албадан саатуулах шүүхийн шийдвэр гарсан боловч уг баривчилгааг явуулах үед Н.Энхбаяр хэрхэн зугтаж нуугдсан болон түүний улс төрийн холбоотнууд болох МАХН, МҮАН-ын дарга нар баривчлахаар очсон АТГ-ын ажилтнуудыг эсэргүүцэж, цагдаагийн тусгай ангиар хүч нэмэгдүүлэхээс аргагүйд хүрсэн, баривчлах ажиллагаа арван цаг гаруй үргэлжилж, телевизийн сувгууд шөнийн турш ажиллан бүрэн эхээр нь дамжуулсан зэргийг уншигчид санаж байгаа нь лав.

Харин одоо МАХН-ын удирдлагууд Н.Энхбаярыг суллуулахаар өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа. Н.Энхбаярын баривчилгаанаас болж МАХН-ын рейтинг огцом өсч, гишүүнчлэл нь улам нэмэгдэж байгаа тухай ч тэд өдөр алгасахгүй хэвлэл мэдээллээр цацаж байгаа билээ. Намын дарга нь авлигын хэрэгт шалгагдахаар намынх нь рейтинг суга өсдөг ийм жишиг Монголоос өөр оронд байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Нэг ёсондоо Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигын хэрэгт холбогдсон нь МАХН-ынханд харин ч “аз завшаан” болж, зодсоныг нь бус, зодуулсныг нь өмөөрдөг монголчуудын өр зөөлөн зан дээр гайгүй сайн тоглолт хийж байна. Ингээд арав гаруй жил “авлигын загалмайлсан эцэг” хэмээн цоллуулж явсан экс МАХН-ын /одоогийн МАН/ дарга, “Үндэсний их удирдагч” маань нэг л өдөр хүмүүсийн гэм нүглийн төлөөсөнд өөрийгөө цовдлуулсан Исус Христийн дүрд хувилчихлаа.

Хорихын ажилтнуудаас дам сонсоход Н.Энхбаяр гуай Төв аймгийн мөрдөнд байхдаа болж өгвөл гаднаас янз бүрийн юм оруулчих гээд, элдэв эм бэлдмэл хайж, эрүүл мэндээ хохироочих гээд хэцүү л байсан гэдэг юм билээ. Тэд ч гэсэн хүн шүү дээ, яалаа л гэж бусдын өмнөөс хэрэгт орохыг хүсэх билээ. Аргагүйн эрхэнд нийслэл рүү шилжүүлсэн шиг байгаа юм. Тэгэхээр намынх нь нөхдүүдийн яриад байгаа “хэзээ мөдгүй үхэх гээд байна, даргыг хорлох гээд байна” энэ тэр гэдэг мэдэгдлүүд ч гэсэн санаандгүй биш санаатай, зорилготой ч юм шиг.

Нөгөө талаас Н.Энхбаяртай холбоотой өөр эх сурвалжийн мэдээллийг өөрийнх нь болон МАХН-ын нөхдүүдийн ярьж буй зүйлтэй харьцуулах бас нэг шаардлага шинээр гарч ирлээ.

Түүнийг Төв аймгийн хо­рихоос “Ганцхудаг” руу шил­жүүлсэний дараа “Н.Энхбаяр гадаадын хуулийн фирмээс өмгөөлөл хүсчээ” гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн билээ. Уг мэдээллийн анхны эх сурвалж нь гадаадын хэвлэлүүд. “Wall Street Journal”, “Financial Times” зэрэг барууны нөлөө бүхий хэвлэлүүдэд Н.Энхбаярын баривчилгаатай холбоотой нийтлэлүүд гарчээ. Тэдний анхаарлыг ийнхүү татах шалтаг юу билээ. Монголыг “моод”-онд оруулсан хорт Боб хочит  Фрийдланд Монголын авилгач түшмэдээс авсан лицензээ зарсаар өдгөө тэрбумтан болж, дэлхийн хэвлэлд ч нөлөөлөх чадвартай болж.

2003 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа ОХУ-д төлөх их өрийг тэглэхийн тулд тэр үед Оюутолгойн орд дээр хөрөнгө оруулах гэрээ хэлцэл эхлээд байсан “Айвенхоу Майнз” компаниас 50 сая ам.долларыг Засгийн газрын нэр дээр зээлсэн билээ. Хожим Ц.Элбэгдоржийн Засгийн газар энэ өрийг “Айвенхоу Майнз”-д эргүүлэн төлсөн хэдий ч энэ зээлийн уршиг одоо хүртэл үргэлжилж байгаа юм. Өнгөрөгч даваа гаригийн шөнө АТГ-ынхан гэнэт хөдөлж, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг цагдан хорьсон, өчигдөрхөн “Саусгоби сэндс” компанийн оффисийн байранд нэгжлэг хийж, битүүмжилсэн зэрэг ч энэ хэрэгтэй холбоотой байж болзошгүй л юм.

Тодруулбал, их өрийг тэглэхийн өмнөхөн буюу 2003 оны арванхоёрдугаар сарын 16-нд АМГ-аас уул уурхайн 40 гаруй лиценз нэг өдрийн дотор “Айвенхоу Майнз”-д шилжсэн байдаг аж. 50 сая ам.доллараар авсан 40 гаруй лицензийнхээ зөвхөн нэгийг нь “Саусгоби сэндс”-т 900 сая ам.доллараар үнэлж зарсан зэргээс харахад Р.Фрийдлэнд, Н.Энхбаяр нарыг холбож буй ихээхэн том эрх ашиг байдаг бололтой. Н.Энхбаярын улс төрөөс бүрмөсөн явчихаж чадахгүй, тахимаа өгдөггүй бөх шиг эргэж зүтгээд байдгийн шалтгаан ч бас энэ байж мэднэ. Хэзээ эрх мэдэл нь дуусна, тэр цагт хэрэг нь сөхөгдөнө. Энэ мөнхийн айдас л түүнийг амар тайван амьдрах цаг хугацааг хойш татаж, эрх мэдлийн төлөө ингэтлээ улайрахад хүргэсэн ч юм бил үү.

Гадаад эх сурвалжид дурд­санаар бол Н.Энхбаяр хуу­лийн “Debevoise and Plimpton” фирмээс хууль зүйн тусал­цаа авахаар хандсан бө­гөөд өмгөөлөгчөөр Лорд Петер Голдсмит ажиллахаар бол­сон аж. Лорд Голдсмит өнгө­рөгч Даваа гаригт Монголд газардсан бөгөөд мягмар га­ригт  сэтгүүлчидтэй уулзаж, “Н.Энх­баярыг албадан баривчлах үеэр хуулийн байгууллагууд хүний эрх зөрчсөн, мөн түүний хэр­гийг прокурорт шилжүүлсэн болохоор цагдан хорих хуга­цааг цааш үргэлжлүүлэх шаард­лагагүй” гэсэн билээ. Түүнчлэн энэ хэрэг дээр судалгаагаа үргэлжлүүлэхээ ч мэдэгдсэн.  Лорд Петер Голдсмит нь 1950 онд Английн Ливерпуулд төр­сөн, Англи, Уэльсийн Ерөнхий хуульчаар ажиллаж байгаад 2007 онд тэтгэвэртээ гарсан. Тэт­гэвэртээ гарсанаас хойш “Debevoise and Plimpton” фир­мэд ажиллаж байгаа.

“Debevoise and Plimpton” фирм нь 1931 онд АНУ-д бай­гуулагдсан. Хууль зүйн өндөр түвшний тусалцааг цогцоор ол­гох зорилготой. АНУ-ын Нью Йорк хотод төв нь байрладаг. Вашингтон, Лондон, Парис, Франкфурть Москва, Хонг Конг, Шанхай хотуудад салбаруудтай, 650 гаруй хуульч, өмгөөлөгчтэй. АНУ-ын Өмгөөлөгчдийн хол­боо­ноос гаргадаг топ-100 судал­гаагаар дэлхийд томд төдийгүй хамгийн ашиг орлоготойд тооцогдох хуулийн фирм гэнэ.

Харин Н.Энхбаяр энэ пүүс  хоёр холбогдсон учгийг хөөвөл одоогийн МАН-ын удирдлагад ажиллаж байгаа, тухайн үед түүнтэй  шадарлаж явсан нөхдүүд  холбогдох бололтой.

Ямартай ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэрэг Монголын хууль хяналтын байгууллагуудын хяналтаас гарч, Монголын уул уурхайн баялагт эзэн суусан гадаадын хөрөнгө оруулагчид, дэлхийн долларын тэрбумтануудын гар хөл энэ хэрэгт оролцож эхэллээ. Монголын төрийг нэгэн үе хаанчилж, нэг хэсэгт нь бурхан шиг тахигдан, нөгөөд нь буг шиг үзэгдэж явсан энэ эрхэм газар нутгаа тэр чигээр нь гадаадынханд худалдчихаад, түүгээр тэжээгдсэн долларын тэрбумтангууд Монголын хууль, шүүхийн байгууллагуудыг дэвслэхэд бэлэн болоод байгаа юм биш үү…

Б.СЭМҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 10, 2012 9:07:25 am )

    za unen nuur n tsyhyij ehellee dee! muu novsh!

antalya rent a car