АТГ-аас Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг уржигдар баривчлан Төв аймаг дахь урьдчилан хорих төвд саатуулжээ. Жил гаруй өмнө түүнийг лиценз зарсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-ынхан шалгаж хэрэг үүсгээд байсан юм. Гэвч төд удалгүй ямар нэгэн гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлсэн удаатай.
Д.Батхуяг ч АМГ-ын даргын ажлыг хүлээлгэж өгөөд Ерөнхий сайд С.Батболдын зөвлөхөөр томилогдон ажиллаж байв. Хөвсгөлд МАН-аас нэр дэвшихээр бэлтгэлээ базаагаад явж байхад баривчлан хорилоо.
Гэмгүй гэж санааг нь амрааж байгаад гэнэдүүлж барив уу, булхайтай зүйл нь баримттайгаар батлагдав ууг гэдэг нь одоогоор бүрхэг байна.
Уг нь Д.Батхуягт Прокурорын байгууллагаас 2011 оны хоёрдугаар сарын 17-нд Эрүүгийн хэрэг үүсгэснийг харьяаллын дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд АТГ хүлээн авч шалгаж эхэлсэн юм. Тэрбээр Ашигт малтмалын газрыг тэргүүлэх болсноос хойшхи долоон сарын хугацаанд 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар Ашигт малтмалынхаа хуулийг зөрчиж сэргээсэн гэдэг. Жишээлбэл, “Коммод” ХХК-ийн 7583Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны тавдугаар сарын 25-нд, “Хэрээжи” ХХК-ийн 134641Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 6-ны өдөр, “Азаргын гол чонот” ХХК-ийн 13926Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 11-ний өдөр, “Алтан тахь” ХХК-ийн 10153Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 31-ний өдөр, “Афро азиа минералз” ХХК-ийн 13844Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 31-нд тус тус сэргээсэн гэнэ.
Мөн Монгол Улсын Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий малтмалын бүс, ой сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг гарснаас хойш ашигт малтмалын 192 зөвшөөрөл олгожээ.
Урт нэртэй хууль гарчихаад байхад гол, нуурын эргийн ойролцоо буюу мэдээжийн хориглох газарт хайгуулын лиценз олгосон байсан нь илэрчээ.
Энэхүү лиценз олгосон талбайд нь Зоост-Уул, Баян нуур, Алтан од, Гурван тэс, Шаажгайн гол, Хонгор толгой, Баян ноён зэрэг нутгийн ардуудын сүслэн шүтэж бишэрдэг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газрууд олон орсон юм байх.
Гэвч АТГ-ынхан яагаад уг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь сонирхолтой. Д.Батхуяг ардаа том хамгаалалттай учир хэргээ хаалгаж, нэр цэвэр үлдэж, 2012 онд УИХ-ын гишүүн болж дархан эрхээр хамгаалуулахаар зэхлээ гэсэн мэдээлэл ч хэвлэлийн хуудаснаа хөвөрч байв.
С.Баяр Ерөнхий сайд болсныхоо дараа нутгийн дүү Д.Батхуягийг Ашигт малтмалын газрын даргаар томилуулахад тусалсан гэдэг. Тиймээс түүнийг С.Баярын хүн гэх .
“Монгол газар” компанийн босс Ц.Мянганбаяр “Олон овоот”-ын алтны ордын лицензээ “Голдман Сакс” зэрэг хэд хэдэн банкинд давхар барьцаанд тавьж мөнгө зээлсэн байдаг. Сүүлдээ “Жаст” группын Ш.Батхүүгийн эзэмшлийн компанитай хамтран ажиллахар болсноо мэдэгдсэн. Гэтэл Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг “Голдман Сакс”-ын мэдэлд байсан лицензийг цуцлангуутаа “Жаст”-ын охин компанийнх болгосон хэмээн дуулиан тарьж байв.
“Жаст”-ын босс Ш.Батхүү, АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарыг С.Баярын “түрийвч” гэх нь бий. Тиймээс эрх дархтай хэмээцгээдэг. Ш.Батхүү нь ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээлийн дийлэнхийг авсан, төмөр замд шатахуун нийлүүлэх эрхийг гартаа оруулсан, Зоос банк дампуурахад төрөөс 100 тэрбум төгрөгийн бонд гаргахад түүний 60 тэрбумыг нь бага хүүтэйгээр зээлсэн гэдэг. Д.Батхуяг нь Олон овоотын алтны ордтой болоход нь тусалсан гэсэн мэдээлэл хөвөрч буй. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж үнэн мөнийг тогтоох биз ээ.
192 лиценз олгосон гээд хэл амны бай болоод байхад нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар АМГ-ын газрын дарга Д.Батхуягийг ажлаа өг гэсэн гэдэг. Гэвч тэрээр “чаддаг юм бол аваарай” хэмээн амыг таглаж байсан юм байх. Харин сүүлдээ намын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө гэж үзээд МАН-ын удирдлагуудын зүгээс тохироо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хөвсгөлд нэр дэвших эрхийг МАН-аас олгоно гэснээр тэрбээр ажлаа хүлээлгэн өгч Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болсон гэх.
Д.Тэнгис www.times.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 09, 2012 2:45:54 pm )
хэхэ ойлгомжтой шүү дээ. МСS ийн ЭНХАМГАЛАНГ уих-д гаргахын тулд өрсөлдөгчийг намнаж байгаа юм аа. МСS ЭЛБЭГДОРЖ 2 АХ ДҮШҮ БОЛСОН ШҮҮ ДЭЭ.
-
Anonymous (May 09, 2012 3:01:31 pm )
Ogson bol ordo nugel nudeere gej ene za
-
Anonymous (May 09, 2012 3:35:59 pm )
ene songuuliin l shou shdee.bathyg bol huvsguld hiisen zuiltei,huvsgul nutgiinhaa hugjild bainga ooriin zugees demjleg uzuuldeg ,huvsgul todiigui mongol ulsiin toloo tsohiloh zurehtei iim zaluu hun.ooroo huviin biznestei avilgal avaad bhaargui l hun sh dee.enhamgalan chin harin hujaa taldaa uilchildeg hujaagiin munguur huvsgulchuudiig suuliin 4n jil tarhi hodoodoor ni toglj doromjilj bgaa shdee.
-
Anonymous (May 09, 2012 3:40:35 pm )
huvsguld yum hiisen genuu teneg chin.ter yamar ch hamaagui hulgaich bol hulgaich
-
Anonymous (May 10, 2012 4:45:57 pm )
Tegeed yagaad genet barivchlav gedgiig ogt oilgosongui e! ene setguulchid unen um bichij chadahgui um da.
5 Comments