Нар уулын цаагуур алгуурхнаа жарган өдөржингөө төөнөсөн халуун элчээ хумин сэрүүн салхинд боломж олгоход цэцэрлэгт хосууд хөтлөлцөн аз жаргалтайгаар хайрын дарсанд мансууран жаргах зуны үдэш. Хайртай залуугаа хүлээн суугаа гэнэн залуу бүсгүй, дурлалт бүсгүйгээ тэсэн ядан хүлээн гал улаан сарнай гартаа атган догдлон зогсох залуус, хайрын дарсанд хамтдаа согтчихоод хажуудахаа ч анхаарах сөхөөгүй дурлалцан суугаа хосууд. Тэднийг уяраг гэж цэцэрлэгийн модод шаржигнан, бие биенээ сайн харж бас хайрлаж аваг гэсэндээ саран тэнгэрээс гэрэлтүүлсэн ийм л нэг зуны үдэш. …
Гуч гаран настай боловуу гэмээр халамцуухан нэг эр цэцэрлэгийн модон сандалаа олж ядан гуйвах ч хажуу хавиргаар өнгөрөх охид бүсгүйчүүд рүү айлгүйтэн аяглах аж. Энэ нь түүнийг нэлээн хөнгөмсөг хийгээд бүсгүйчүүдийг эрхэндээ оруулж сурсан нэгэн гэдгийг илтгэнэ… …Харин Вера бол огт өөр бүсгүй. Жинхэнэ хайраа хайж түүнийгээ олох аваас насан туршдаа хамт жаргалтай амьдарна гэдэгт бат итгэн мөрөөдлийнхөө хайранд умбаж яваа гэнэн итгэмтгий бүсгүйчүүдийн төлөөлөл. Ийм л хоёр хүн бүхэл бүтэн хоёр цагийг цэцэрлэгт өнгөрөөнө. Тэр хоёр худал хуурмаг, хууран мэхлэлт, хайр дурлал, шохоорхол, шунал хүсэл, тачаал гээд олон өнгийг үзүүлэх аж. Оросын алдарт зохиолч А.Гельманы “Цэцэрлэгт учирсан хоёр” жүжгийг УДЭТ-ийн найруулагч Н.Наранбаатар найруулан бүх дүрд МУСТА, жүжигчин С.Болд Эрдэнэ, Д.Ганцэцэг нар тогложээ. Угаас энэ жүжиг хоёрхон дүртэй. Бүх дүрд нь гэж онцлон хэлсэн минь ийм учиртай. Ингээд бид зочны хоймортоо энэ жүжгийн тавин хувийнх нь дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин Д.Ганцэцэгийг урьлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргье. Бид тантай ярилцлага хийхээр нэлээн олон хоног хөөцөлдөж байж арай гэж уулзаж байна. Үнэхээр их ажилтай, завгүй л байна аа даа?
-Та бүхэнд ч энэ өдрийн мэнд хүргэе. Ялангуяа “Хүмүүс” сониныг уншиж суугаа эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэйгээ уулзалгүй нэлээн удсан байна шүү. Би яг нэг жилийн өмнөөс л ажилдаа эргэн орсоод байна. Хүүхдээ төрүүлчихээд гэртээ суусан хоёр жилд үзэгчидээ их санажээ. Миний ажилдаа орсон жил буюу 2011 он олон түүхэн ой зэрэг тохиосон гайхалтай, бас ажил ихтэй жил байлаа шүү дээ. Энэ их ойтой давхцан манай театрын 80 жилийн ой бас болж өнгөрсөн. Тиймээс манай театрын 80 жил, “Хүннү” гүрний 2220 жилийн ойг тохиолдуулан Б.Цогнэмэхийн зохиол найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” жүжигт Шагэ гүнж буюу Модун хааны хатны дүрд тоглолоо. Бас 3-р сарын 1-ээс Оросын нэрт зохиолч А.Гельманы зохиол “Цэцэрлэгт учирсан хоёр” хэмээх хоёр хүний мелодрам жүжигт Вера хэмээх гэнэн итгэмтгий, үнэнч, сайхан хайрынхаа төлөө тууштай тэмцэгч бүсгүйн дүрд тоглож байна. Орой бүр тоглож байгаа болохоор их л завгүй гүйж байна даа. Бас үзэгчидийн хүсэлтээр “Тэнгэрийн хүү” жүжиг тоглогдож байгаа. Ингээд үндсэндээ өдөрт хоёр жүжгэнд тоглож байна.
-Багагүй хугацаанд тайзан дээр гараагүй санагдана. “Цэцэрлэгт учирсан хоёр” жүжигт тоглох болсон шалтгаан нь юу байв?
-Хүмүүс энэ талаар асуугаад байгаа шүү. Яг тайзан дээр огт гараагүй биш шүү дээ. Хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа өөрийнхөө тоглох жүжигт ирж байсан. Хүүгээ төрүүлчихээд гэртээ хэсэгхэн суух хооронд хүмүүс ээжээс минь намайг “Америк явчихсан юм уу, Монголоос бүр явчихсан уу” гэж асууж сурагласан гэсэн./инээв.сур/ Тухайн үед бие тааруухан байсан учраас хоёр дахь хүүгээ төрүүлэхдээ хэл амнаас эмээгээд чимээгүй явж байгаад л төрүүлчихсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ тухай мэдээгүй, долоон жилийн дараа төрж байгаа учраас энэ тухайгаа мэдэгдэхийг хүсээгүй.
-Өмнө нь нэг хүний драмын жүжиг тавигдаж байсан. Харин “Цэцэрлэгт учирсан хоёр” хоёр хүний драмын жүжиг гэдгээрээ бас анхдагч болж байна уу?
-Монголд анх удаа хоёр хүний мелодрам тавигдаж байгаа нь энэ бүтээл. Өмнө нь “Би чинийх” нэртэй нэг хүний жүжгийг Пара (Н.Наранбаатар) ах найруулж МУГЖ У.Уранчимэг эгч гол дүрийг нь бүтээж үзэгчдийн хүртээл болгосон юм. Үүний дараа Пара ах “Би ч гэсэн жаргамаар байна” дөрвөн хүний жүжиг найруулан тавьж байсан. “Цэцэрлэгт учирсан хоёр” гэдэг энэ жүжигт хоёрхон хүн тоглодог гэдэг утгаараа жүжигчний ур чадварыг нэлээд шаардах нь ойлгомжтой. 1980 аад оны үед Зөвлөлтийн театрт улмаар одоо ч Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын театрт тавигдаж шуугиан тарьж байгаа. Бүхэл бүтэн хоёр цагийн турш үзэгчидийг барьж уйдаахгүйгээр байлгана гэдэг том хариуцлага. Бас өөр хэнийг ч биш зөвхөн бид хоёрыг харилцааг л харах учраас ур чадварынхаа хувьд ч бид улсын шалгалт өгч байгаа хэрэг юм. Ийм том бүтээл дээр ажиллахад хүндрэлтэй байлаа. Гэсэн ч арав гаруй жил хамт ажиллаж, бие биенээ мэдэрчихсэн уран бүтээлчид учраас найруулагч Пара ах, жүжигчин Болд-Эрдэнэ бид гурав ямар ч байсан энэ жүжгийн ард гарч чадсан гэж бодож байна. Санасныг бодвол бид орой бүр үзэгчидийн халуун алга ташилт, чин сэтгэлийн урмын үг, инээмсэглэлээр шагнуулж байгаа болохоор сэтгэл дүүрэн байна. Хэрвээ энэ жүжгийг үзэж амжаагүй хүн байвал заавал ирж үзээрэй гэж хэлье.
-Таныг драмын жүжиг болоод олон сайхан уран сайхны кинонд бүтээсэн дүрээр тань үзэгчид мэддэг. Ер нь мэргэжлийн жүжигчний хувьд кино, драмын жүжиг хоёрт тоглох ялгаатай байдаг биз?
-Кино, жүжиг хоёр хоёулаа хэцүү. Бид хэдийгээр мэргэжлийн жүжигчин боловч цоо шинэ дүр гаргаж, байхгүй хүнийг бий болгоно гэдэг дахин шинээр сурч байна л гэсэн үг. Харин гол ялгаа нь драмын жүжиг шууд тайзан дээрээс нэг дор 700 хүнд хүрдэг учраас нэмэлт тоглолт шаардлагатай болно. Ямар ч жүжигт мэргэжлийн бус нэг ч жүжигчин тоглодоггүй бол кинонд арай өөр. Драмын жүжиг бол жүжигчин, найруулагчийн урлаг харин кино бол мантажийн урлаг гэж ярьдаг шүү дээ. Ер нь жүжигчин хүнд хялбар юм гэж байдаггүй.
-Таны бүтээсэн дүрүүдээс хамгийн хэцүү, бас хамгийн их хайрладаг дүр чинь?
-Театрт ороод удаагүй байхдаа “Цахлай” гээд дэлхийн сонгодог жүжгийн Маша гэдэг эмэгтэйн дүрийг бүтээж байлаа. Яагаад ч юм энэ дүрдээ илүү хайртай байдаг юм. Намайг театрын жүжигчин болгосон дүр гэж дотроо бодож явдаг. Би их олон жүжигт эерэг талын дурлалт бүсгүйн дүрд тогложээ. Тоглох бүрдээ өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, хоорондоо ялгаатай дүрүүдийг бүтээх гэж хичээж ирсэн
-Киноны санал ирж байна уу. Ойрын үед кинонд тоглох уу?
-Кинонд тоглоход цаг хугацаа их хэрэгтэй. Өглөө үүрээр ч, шөнө ч дөлөөр ч зураг авна гээд л… Жүжиг бол арай өөр. Өглөөнөөс орой хүртэл бэлтгэл хийсэн ч дунд нь хооллох цаг зав гарна. Наанадаж хоёр хүүхдээ эргээд байна шүү дээ. Нөгөө талаас сүүлийн үед сайн зохиолууд гарахгүй байх шиг санагддаг. Тэр утгаараа сүүлийн үед хоёр гурван киноны ганц нэг үзэгдэлд үүрэг гүйцэтгэсэн. Үнэхээр сайхан зохиол байгаад, санаа сэтгэл нийлсэн уран бүтээлийн хүчирхэг багтай хамтарч ажиллавал нэг сарын хугацааг тэр кинонд зориулж чадна. Урлаг хэмээх агуу ертөнцийн ганцхан цэгийг нь ч болов тавихсан гэж боддог
-Манай уран бүтээлчид бараг л насаараа ажиллаж байж л “би одоо л жүжигчин болж байна” гэдэг. Таны хувьд өөрийгөө хэр хэмжээний жүжигчин болсон гэж дүгнэх вэ?
-Би 12 жил театрт ажилласан байна. Гэтэл бүхэл бүтэн арван жил ажилласныхаа дараа л “би одоо л жүжигчин болох гэж байгаа юм байна даа” гэж бодож билээ. “Гэгээн Муза” наадмын шагналт, маш ирээдүйтэй найруулагч, СУИС-ийн багш н.Хишигзаяагийн 2010 онд найруулан тавьсан “Онц сурлагатанууд орохыг хориглоно” жүжигт тоглосон юм. Энэ жүжгийн нээлтийн дараа надад өөрийн эрхгүй л тэгж бодогдсон. Энэ хооронд би олон жүжигт тоглосон ч ийм бодол орж ирээгүй л байхгүй юу. Тэгэхээр би одоо хүртэл жүжигчин болох гээд л яваа болж таарч байнаа даа.
-Нэг хэсэг хошин урлагт хүч үзээд амжсан …?
-Амбий ах, Хүрлээ ах хоёр санал тавиад хэсэг хугацаанд хамт тоглосон. Манай хошин урлагт сэтгэмж сайтай, цаг үетэйгээ уралдсан, хурдтай жүжигчид ажилладаг юм байна лээ. Хоёрдугаарт хошин урлагт хэмнэл, темп маш чухал юм, секунд долийг ч алдалгүй үзэгчдийг хөгжөөх мэдрэмжтэй байдаг учраас хошин урлагийнхнаас сурах асар их зүйл бий.
-Нэг хэсэг театрт үеийнхэн дундаа та ганцаараа эмэгтэй бас залуу жүжигчнээр орж байсан. Харин одоо театрт шинэ залуу эмэгтэй жүжигчид олон болж?
-Хойноос залуу охидууд орж ирж байгаа ч үеийнхэн дундаа одоо ч ганцаараа байна. Ганцаараа байх хэцүү. Мэдээж би эмэгтэй хүн юм чинь эрчүүдтэй сэтгэлээ хуваалцаад суухгүй. Үеийн эмэгтэй жүжигчин байсан бол хоорондоо өрсөлдөөд дүрээ авчихна. Нэг дор гурван шинэ жүжигт бэлдэх ачаалалтай үе ч надад байсан. Тэр хэрээр намайг хөгжүүлсэн гэж боддог. Одоо шинэ залуу, эрч хүчтэй, авьяаслаг охид гараад ирлээ, тэдэндээ хандаж юунаас ч битгий ай, бас битгий шантар гэж хэлмээр байна. Залуу хүн чадахгүй юмаа зоригоороо хийх тохиолдол бий. Хамгийн гол нь хэрэгтэй газар нь зөв цагтаа дээр зориг гаргах хэрэгтэй. Чадахгүй бүтэхгүй гээд л айгаад суугаад байвал сайн уран бүтээл гарна гэж байхгүй шүү дээ.
-Арав гаруй жил театртын жүжигчин байж олон сайхан дүрд гол болон туслах дүр бүтээжээ. Тэгэхээр шинээр жүжигчин болон орж ирж байгаа шина залуу жүжигчиддээ зааж зөвлөх үе гарна биз?
-Жүжигчин хүн хамгийн гол нь өөрийн дотоод сэтгэлээ сонсож, өөрийнхөөрөө тэр дүрийг амьдруулах хэрэгтэй болдог. Мөн дотоод мэдрэмж, авьяас чадвар дээрээ зуу бүр хоёр зуун хувь хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэр мэдрэмжийг хүнд зааж өгнө гэж байхгүй. Өөрөө л тэр бүхнийг олж авна шүү дээ. Гэхдээ хэлэх зүйлээ хэлнэ ээ. Миний үгийг ч сайн сонсдогт нь баярладаг юм.
-Ингэхэд та хүсэл мөрөөдөлдөө хэр ойр яваа бол?
-Ямартаа ч би өөрийнхөө хүссэнээр л явж байна. Миний мөрөөдлүүд бага багаар биелсээр тодорхой хэмжээний байр суурьтай болчихлоо. Гэхдээ миний нэг нууцхан мөрөөдөл байдаг юм. Би аавынхаа нутагт нэг жижигхээн цэцэрлэгийг нь тохижуулаад мод тарихсан гэж хүсдэг. Миний аав байгаль орчны яаманд насаараа ажилласан ойн инженер, маш олон мод тарьж, цэцэрлэгжүүлэлт хийсэн буянтай хүн байлаа. Байгаль дэлхийдээ элэгтэй хүн байсан учраас аавынхаа нэрэмжит цэцэрлэг байгуулахсан гэсэн мөрөөдлөө заавал биелүүлнэ ээ.
-Жүжигчин гэдэг мэргэжил сайхан ч заримдаа их хатуужил шаарддаг юм шиг санагддаг. Танд шантрах няцах үе гарч байв уу?
-Олон хэцүү үе тохиолдож байсан ч амьдралынхаа нарийн ширийн зүйлийг яримааргүй байна. Гэхдээ нэг тохиолдлыг ярья л даа. СУИС-ийг төгсөх дипломынхоо жүжгийг өглөө 10 цагт хамгаалах гээд байж байтал машины аваарт ороод бие нь тааруу байсан аав минь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн мэдээ авсан юм. тмаав маань машины аваарт ороод өнгөрчихсөн. Тэр үед үнэхээр хэцүү санагдаж амьдралын бэрхшээлүүд ямар хэцүү юм гэж бодож суусан. Тэр үед л үхэх төрөх хоёр уйтгар харуусал, баяр хөөр хоёрын туйл нь юм гэдгийг л ухаарсан даа. Улсдаа нэртэй доктор, профессорууд шалгалт авах гээд ирчихсэн байхад хойшлуулах эрх жижигхээн оюутан надад байхгүй шүү дээ. Ингээд л би нулимсаа арчаад инээсээр тайзан дээр гарч байснаа хэзээ ч мартдаггүй. Эргээд бодохоор урлаг дэндүү хатуу, заавал золиос шаарддаг ч юм шиг. Гэхдээ энэ бол миний л сонгосон зам, хүсэл мөрөөдөл минь. Нөгөө талаас би ганцхан өөрийхөө төлөө хөдөлмөрлөөгүй. Тиймээс ч урлаг хэмээх энэ агуу ертөнцийн ганцхан цэгийг нь ч болов тавихсан гэж боддог доо. Тоглолттой, ажилтай завгүй байх тусам бүх хэцүү зүйлийг амархан даван туулдаг юм. Урлаг уран бүтээл минь намайг тайтгаруулж бас хүмүүжүүлдэг болохоор би тайзан дээрээ л байх дуртай.
-Тэгвэл ямар үед мэргэжилдээ дурлаж, бахархдаг вэ?
-Тоглолт бүрийн дараа. Тайзан дээр тоглож байхад үзэгчид миний үг бүрийг анхааралтай сонсож, хамт уйлж, баярлаж инээж байгааг мэдрэх ямар сайхан гээч. Долоон зуун хүний сайхан энергийг мэдэрч, тэдэнтэй хамтдаа инээж, уярч байгаа тэр л мөч надад хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг юм.
-Хэрвээ би жүжигчин болоогүй байсан бол гэж бодож байсан уу?
-Хүүхэд байхдаа мөрдөн байцаагч болохыг хүсдэг байлаа. Тэр үед би адал явдалд дуртай байсан ч юм уу. Одоо бодохоор мөрдөн байцаагч гэдэг мэргэжил хэцүү юм шиг санагддаг. Нэг талаас үзвэл жүжигчний мэргэжилтэй ойр ч юм шиг. Ижилхэн хүний дотоод сэтгэлийг судалдаг нарийн мэргэжил. Хэрвээ би жүжигчин болоогүй байсан бол гэж ёстой бодож байгаагүй юм байна. гэхдээ арван жилийн ангийн багш Должинсүрэн гээд монгол хэлний мундаг багш байлаа. Багшийн минь нөхөр “Мандах” дээд сургуулийн захирал их өндөр боловсролтой хүн намайг “Ийм сайн толгойг дэмий юманд өглөө. Жүжигчин биш мундаг эдийн засагч болох байсан юм. Манай сургуульд орохгүй дээ” гээд л харамсаж байж билээ. Намайг жүжигчин болно гэхэд олон хүн харамсаж бас эсэргүүцэж байсан ч би өөрөө хүссэн учраас л энэ мэргэжлийг сонгосон. Одоог хүртэл нэг ч минут энэ шийдвэртээ харамсаж байгаагүй болоод ч тэрүү өөр мэргэжилтэй болсон бол гэж бодож байгаагүй юм байна.
-Таныг театрын болоод монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэг. Тэгэхээр та сайхан бүсгүй гэх энэ тодотголд хэр үнэлэлт өгөх вэ?
-Хэрвээ намайг үнэхээр сайхан бүсгүй гэж үнэлдэг хүмүүс байгаа бол баярлалаа гэж хэлмээр байна. Би боддог юм. Өнөөдрийн охид бүсгүйчүүд үнэхээр нүд алдам сайхан болжээ гэж. Тэдэнтэй зэрэгцэн сайхан гэж нэрлэгдэж байгаа минь миний сайхных биш мэргэжлийн минь сайных юм шүү дээ. Хэрвээ би өөр мэргэжилтэй байсан бол хүмүүс миний сайхан муухайн тухай огт ярихгүй шүү дээ. Харин миний тоглосон дүрүүдийн гадаад хийгээд дотоод гоо сайхны хүчинд л хүмүүст сайхан харагдаж чадсан биз дээ. /инээв.сур/ Аав ээж хоёрынхоо бүх эд эсийг агуулж буй хоёр хүүгээ эх орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин болгохыг хүсдэг
-Та улам л дөлгөөн, илүү намбатай болсон санагддаг. Ээж болоод тэр үү?
-Баярлалаа./инээв.сур/ Ээж гэдэг эрхэм нандин үгээр дуудуулаад есөн жил болчихжээ. Анхны хүүгээ төрүүлээд нэг сар гаруй болчихоод л кинонд явж байлаа. Хорь гаруйхан настай залуу ч байж, зоригтой ч байж. Харин хоёр дахь хүүгээ төрүүлчихээд жил гаруй гэртээ хүүхдээ харлаа шүү дээ. Тэгэхээр жинхэнэ утгаараа ээж болсон байгаа биз. /инээв/ Нас тогтоод ч тэрүү хүүхдүүдтэйгээ эрхлэлдээд л нялхраад байдаг болчихсон байна. Гэтэл би чинь их хурц зантай хүн шүү.
-Эх хүн болно гэдэг эмэгтэй хүний жаргал. Гэртээ хариад тэднийгээ эрхлүүлэх бас л жаргал биз?
Тэгэлгүй яахав хүүхдүүдээ эрхлүүлээд суух чинь хамгийн сайхан жаргал. Сүүлийн сар шахам хугацаанд жүжгийн бэлтгэл, жүжиг гээд л хоёр хүүхэддээ төдийлөн анхаарал хандуулж чадсангүй. Жүжгээ дуусгаад хоёр хүүтэйгээ хэдэн өдрийг өнгөрөөе гэсэн бодолтой байна. Бага хүүгээ өглөө унтаж байхад нь гараад л орой унтаж байхад нь ороод байгаа болохоор хүү маань бараг ээжийгээ мартаж байх шиг байна даа. Ирэх дөрөвдүгээр сард манай театрынхан зүүн аймгуудаар тоглолт хийнэ. Тэр үеэр л хоёр хүүхэдтэйгээ салхинд гараад сайхан амарна даа гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ бас урлагийнхны нэг бэрхшээлтэй зүйл бол амьдралдаа ямар ч зүйлийг төлөвлөж болдоггүй явдал. Гэнэтхэн кино ч юм уу эсвэл клипний зураг авалт гараад ирнэ.
-Олны танил байна гэдэг ямар вэ. Залхах, шантрах үе гардаг уу?
-Би хүмүүсээс болж өөрийгөө вакумд оруулж амьдрахыг хүсдэггүй ээ. Өнөөдөр би гэрээсээ яаж гармаар байна, хүссэн хувцсаа өмсөөд л гардаг. Амьдрал дээр нүүрээ ч буддаггүй. Учир нь тоглолтын үед маш олон давхар будаг түрхдэг болохоор арьсаа амраах хэрэгтэй. Хүүтэйгээ гадуур явж байхад намайг хүмүүс таних ч үе байна, анзаарахгүй өнгөрөөх ч тохиолдол таарна. Миний хувьд амралттай үедээ байнга гэртээ байж хүүхдүүдтэйгээ хамт байхыг л хичээдэг дээ.
-Гоо сайхандаа хэр их цаг зав зарцуулж байна. Эмэгтэй хүн гаднаасаа төдийгүй дотроосоо гэрэлтэх ёстой гэж ярьдаг?
-Гоо сайхны салонд нэг их ороод байдаггүй л дээ. Би ер нь их сонин араншинтай хүн юм шиг байгаа юм. Үсчинд 20 минут суухаар л уур хүрээд сууж чаддаггүй юм. Ерөөс нэг хэвийн байдалтай удаан сууж чаддаггүй гэсэн үг. Гоо сайханд ороход дор хаяж хоёр цаг болно. Тэнд хоёр цаг хэвтээд нүүрээ илүүлээд байхын оронд би тийм тийм ажил амжуулна шүү дээ гээд л бодогдоод эхэлж байгаа юм. Тэрний оронд гэртээ хариад хүүхдүүддээ хоол хийж өгөөд эсвэл ямар нэгэн ном уншаад сууж байсан нь дээр. Тэгэхээр би их тэвчээргүй бас их завгүй хүн байгаа биз. /инээв.сур/ Дотоод гоо сайхны хувьд хүн бүрт заавал байх ёстой зүйл. Хүнд баярласан бол түүнийгээ илэрхийлэх, дандаа сайн сайхан зүйл бодож явах ёстой гэж боддог. Хүнээс гарч буй тэр сайхан энерги өөрийг нь гэрэлтүүлдэг. Миний бодлоор хүнийг ном л хүмүүжүүлж бас дотоод гоо сайхныг бэлэглэдэг юм уу даа. Ирээдүйн мянган жилийн амьдралын сайн сайхны төлөө өөрөөрөө байж, хүн чанараа алдахгүй хүнээрээ байхыг хичээж явна
-Та шүтлэгтэй юу?
-Шүтлэгтэй. Манай монголчууд эртнээс мөнх хөх тэнгэрээ шүтэж ирсэн. Би ч гэсэн тэнгэрээ шүтэж, сүү цайныхаа дээжийг өргөдөг. Заслаа хийлгэдэг багштай. Манай өвөө их мундаг лам байсан гэдэг. Аавыг минь хоёр настай байхад хэлмэгдэж буудуулсан юм билээ. Аавыгаа дагаад бид ч их шүтлэгтэй болцгоосон. Тиймээс өвөг дээдэстээ, наран ээж, долоон бурхан одондоо, мөнх тэнгэртээ шүтэж, бүх л зүйлсээ даатгаж явдаг даа. Хүн болгоныг харсан тэнгэр байдаг гэдэгт би итгэдэг. Монгол хүнийг тэнгэр заяатай гэж ярьдаг шүү дээ.
-Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Би сэтгэл амгалан амьдарч байгаа хүнийг баян хүн гэж ойлгодог. Өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээд хайртай дотны хүмүүстэйгээ хамт эрүүл энх, элэг бүтэн амьдрах шиг жаргал хаа байна. Манайх олон охинтой айл байсан болохоор бага байхаасаа л хүүтэй болно оо гэж хүсдэг байлаа. Одоо бол хоёр сайхан хүүтэй. Сайн ханьтай учирсан, дуртай мэргэжлээрээ ажиллаж байна. Иймээс би өөрийгөө хамгийн аз жаргалтай хүн гэж боддог. Нөгөө талаас үхсэний дараах мөнхийн амьдрал байдаг гэдэгт итгэдэг. Хүн өөд болно гэдэг хийсвэр ойлголт. Яг л хувцсаа солихтой адил. Махан биеэ дэлхийдээ оршоогоод сүнсэн бие нь өөр ертөнцөд очоод мөнхийн амьдралдаа орж байгаа хэрэг. Тэгэхээр дэлхий дээрх жар далан жил бол дараагийн мөнхийн амьдралынх нь өмнөх шалгуур юм. Зөв санаж, зөв харж, зөв сэтгэж бас зөв алхаж явах аваас мөнхийн амьдралдаа жинхэнэ аз жаргалыг мэдрэх болно. Ирээдүйн мянган жилийн амьдралын сайн сайхны төлөө өөрөөрөө байж, хүн чанараа алдалгүй хүнээрээ байхыг л хичээж явна даа. Улс орны минь ирээдүй сайхан болно гэдэгт итгэдэг. Хорин жилийн дараа миний хүүгийн үед монгол хүний хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг болох байх. Өнөөдөр театрын зуун тавин хүн сардаа гурван зуун мянган төгрөгийн цалин авахын тулд өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ мөнгө амьдралд хүрэхгүй нь ойлгомжтой. Нэг хүүхдийн цэцэрлэгийн төлбөр хоёр зуун тавин мянга байна. Гэхдээ энэ бүхэнд сэтгэлээр унаад байвал юу ч бүтэхгүй. Жүжигчин хүн сэтгэлээрээ баян учраас л бие биеэ хөглөж амьдардаг юм шүү дээ.
-Тэгвэл таны амьдралын туйлын зорилго юу вэ?
-Хүн энэ ертөнцөд анх ирэхдээ л өөрөөсөө дахин хүн бий болгох үүрэгтэй ирдэг юм шиг. Зүгээр л эд хөрөнгөтэй, эсвэл зөвхөн талх хийх гэж ирнэ гэж байхгүй. Монголын хүн амыг нэмэгдүүлэхийн тулд мөн үр үндсээ үлдээхийн тулд аав ээж хоёрынхоо үргэлжлэл болж бүх эд эсийг нь агуулж төрсөн хоёр хүүгээ эх орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин болгохыг л хүсдэг дээ.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултаа танд нээлттэй үлдээе?
-Бидний уран бүтээлийг ирж үзэж, урлагийг оюунлаг талаас нь хүлээн авдаг үзэгч, уншигч та бүхнийг хүндэтгэн мэхийн ёслоё. Мөн бидний уран бүтээлийг үргэлж дэмжин, сэтгэлээрээ тусалдаг “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа эгчдээ баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Отгоо эгч маань өөрөө жүжигчний мэргэжлээр сурч байсан учраас урлагийг маш сайн ойлгож сонгодог урлагийг дэмждэг. Өөрөө сонгодог урлагыг сайн ойлгодог учраас бидний жүжгийг үзээд энэ хэсэгт нь тэг, ингэ гээд сэтгэлээсээ зөвлөгөө өгч байсан. Урлагт ийм их хайртай, элэгтэй хүмүүс олон байгаасай. Ер нь ганцхан урлаг ч биш манай спортынхонд ч гэсэн зайлшгүй дэмжлэг хэрэгтэй. Азаар сүүлийн үед соёл урлаг, спортынхныг сэтгэлээсээ дэмждэг хүмүүс их гарч ирж байна. Урлаг спорт хоёр хоёулаа хүмүүжлийн маш чухал ач холбогдолтой. Тиймээс соёл урлаг, спортыг чин сэтгэлээсээ ивээн тэтгэдэг, дэмждэг, тусалдаг бүх хүмүүст баярлалаа. Ийм хүмүүс улам олон болох болтугай гэсэн сайхан ерөөлөөр яриагаа өндөрлөе дөө.
“Хүмүүс” сонин Э.Тунгалагтуяа
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 14, 2012 7:23:56 pm )
huurhiiduu um mani badmi hum nuhuriig ni nas barsan gej sonsson
-
Anonymous (May 16, 2012 10:55:54 pm )
sain jujigchin shuu.togloltiig ni uzekh durtai az jargal amidraliin erch huch husie
2 Comments