Үл таних эмэгтэй, Өдөр өдрийн нар олон ангит кинонуудаар та бидний танил болсон залуу жүжигчин О.Долгортой уулзаж чин сэтгэлээсээ ярилцсан юм. Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд хүч түрэн орж ирж буй авьяаслаг бас алаг нүдэн энэ бүсгүй энгийн бас эгэл жирийн нэгэн эзэгтэй юм билээ. Ингээд түүний уран бүтээлийн сонин болон гэр бүлийнх нь талаар ярилцсанаа та бүхэнд хүргэж байгаадлаа баяртай байна.
– “Үл таних эмэгтэй” киноны Зулцэцэгийн дүрээр танил болсон энэ дүр тань олонд маш ойр дүр болсон шиг санагддаг?
-Н.Наранббатар найруулагчийн “Үл таних эмэгтэй” кинонд тоглохоосоо өмнө хэд хэдэн уран бүтээлд туслах дүр бүтээсэн. Зулцэцэг эмэгтэйн дүр маань урьд урьдын дүрүүдээс жүжигчний ур чадвар, ажиллагаа шаардсан. Ерөнхийдөө бодож ажиллах хэрэгтэй байлаа. Намайг олон зүйл дээш шалгасан, мэргэжлийн хувьд, өсөж дэвжих бас нэгэн шат ахиулж туршлага хуримтлуулсан уран бүтээл болсон. Анх энэ дүрийн саналыг аваад зохиолтойгоо танилцаад багагүй эмээж байсан. Ингээд урьд өмнөх дүрүүдээр бага зэрэг туршлага хуримтлуулсан болохоор би энэ дүр дээр ажиллаж чадах ёстой, заавал ард нь гарна гээд л өөртөө зориг өгсөн. Гэхдээ чадварлаг хамт олон сайн найруулагчийн ачаар дүрээ бүтээж чадсан. Энэ дүрд тоглосон нь аз завшаан гэхээсээ илүүтэйгээр том зүйлд өөрийгөө сорьсон, туршлага хуримтлуулж нэг шат ахисан нь миний хувьд маш үнэтэй байр суурь эзлэж байгаа.
-Маш олон чадварлаг залуу жүжигчидээс сонгогдож тоглосон бас нэгэн шалтгаан байгаа байх?
-Найруулагч маань энэ дүр дээр маш олон эмэгтэй жүжигчдийг нэг сар гаруй шалгаруулж үзсэн юм билээ. Тэгээд нэлээд их шигшигдсэн байхад нь очид пробонд орсон. Гэхдээ нэг удаагийн пороб шийдээгүй шийдээгүй гурван удаа орсоны дараа сонгогдсон. Тухайн үед маш олон өрсөлдөгчид дундаас сонгогдсон нь надад маш том хариуцлага ирсэн.
– “Өдөр өдрийн наран” телевизийн олон ангит киноны сувилагч Сүрэнгийн дүрээр үдэш бүр эх ороны өнцөг булан бүрт суугаа айл өрхийн урилгагүй зочилсон…?
-Миний хувьд дүр болгон өөр өөрийн онцлогтой байдаг юм шиг санагддаг. Энэ кино ч бас онцлогтой уран бүтээлүүдийн маань нэг болж чадсан байх. Учир нь монголд олон ангит кино хөгжиж байгаа үед анхны сриалуудын нэгд тоглож, өөрийгөө сорьж үзье гэж зориглосон. Гэхдээ алдаа оноо олон байсан. Сувилагч Сүрэнгийн дүр дээр нэлээд их хугацаа зарцуулан ажиллсан. Тиймдээ ч 60 ангитай кино нэг ангитай кино хоёрын хооронд ямар ялгаатай вэ гэх харицуулалт бас л явагдаж байлаа.
-Олны танил болоход тань Зулцэцэг бас Сүрэнгийн дүр нэлээд түлхэц болсон гэж бодогддог?
-Урьд нь хэд хэдэн уран бүтээлийн гол ба туслах дүрийг бүтээсэн гэж хэлсэн. Ерөнхийдөө нэг уран бүтээлээс дараагийн уран бүтээлд дамждаг байх. Магадаггүй миний бүтээсэн дүрүүдээс хамгийн их олон танигдсан нь Зулцэцэг, Сүрэн нар байсан ч гэсэн энэ хоёр дүрд тоглоход миний урьд нь бүтээж байсан дүрүүд суурь нь болж өгсөн. Миний хувьд нэг уран бүтээл дээрээс дараагийн уран бүтээл хийх алхам маань нээгдэж өгдөг учраас бүх л дүрүүддээ хайртай.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Чиний хувьд чөлөөт уран бүтээлч ?
-Алтантуяа найруулагчийн удирдлганд “Домогт Ану хатан” түүхэн киноны уран бүтээл дээр ажиллаж байна.
-Дүрээ хэрхэн сонгодог вэ, найруулагч нар санал тавьдаг уу эсвэл өөрөө пробонд ирж ордог уу?
-Янз бүр л байдаг. Заримдаа кино уран бүтээлчид манай пробонд орно уу гэдэг эсвэл би өөрөө очоод орох үе ч байна. Миний ихэнх дүр сонгоон шалгаруулалтаар гарч ирдэг. Яахав надад зориулж бичсэн ганц нэг уран бүтээл байдаг.
-Мэргэжлийн байгууллагад харьяалагдах чөлөөт уран бүтээлч байх ялгаатай л байх, ямар нэгэн газраас хамтран ажиллах санал ирвэл хүлээн авахад бэлэн үү?
-Уран бүтээлчид тэр дундаа жүжигчин хүмүүсийн харьялагдах ганцхан байгууллага байгаа нь УДЭТ л байна. Хуучин кино үйлдвэр гэж байсан ч татан буугдсан одоо театараас өөр мэргэжлийн харьялагдах байгууллага алга. Миний хувьд жүжигчин мэргэжилийг сонгоод явж байгаа залуу хүн учраас драмын урлагт хүчээ сорино гэх битүүхэн хүсэл байдаг. Энэ маань ч хэзээ нэгэн өдөр биелэнэ гэдэгт итгэлтэй явдаг./инээв,сур/ Хуучин кино үйлдвэр шиг мэргэжлийн байгууллага нээгдээд чөлөөт уран бүтээлчид биднийг нэгтгэе гэвэл би харьяалагдахгүй гэх үндэс байхгүй ээ.
-КУДС-ийг 2006 онд төгссөн гэсэн энэ хугацаанд Долгор өөрийгөө бэлдэж байсан байх?
-Сургуулиа төгсөөд охиноо төрүүлсөн. Харин дараа нь бие маань өвдөөд уран бүтээл хийгээгүй бараг хоёр жил эмнэлэгээр явсан. Тухайн үед нэлээд хүнд өвчин туссан ч түүнийгээ ялан дийлээд өдгөө хүссэн мэргэжилээрээ ажиллаж байгаа нь өөрийгөө энэ амьдралд ялагч байж чадсан. Хамгийн гол нь өвдсөнөө яриад бахархаад байгаа биш тэр өвчнийг ялж чадсан нь миний хувьд бахархал.
-Долгорын бүтээсэн дүрүүд их даруухан эсрэг дүрүүд байдаг тэгвэл бодит амьдрал дээрээ өөрөө ямархуу зан ааштай хүн бэ?
-Хүмүүс өөр өөрийнхөөрөө л дүгнэлт өгөх байх. Миний хувьд ямартаа ч хэлэх гэсэн үгээ хэлэх цагт нь хэлчихдэг, тэр нь заавал сөрөг байх албагүй. Үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлээд хийх ёстой ажилаа хийгээд л явж байна.
-Сайн уран бүтээлч байхын гол үндэс нь юу вэ, чиний хувьд хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглоод багагүй туршлагатай болсон одоо хэр сайн жүжигчин болж байна?
-Өөрийгөө дүгнэх ньарай л эрт байна. Нөгөө талаас үзэгчид миний хийж буй уран бүтээлээр дамжуулаад дүгнэлт өгөх байх. Хийсэн уран бүтээл бүхнийхээ алдаа, оноон дээрээс туршлага хуримтлуулаад өгсөж явна гэхээс биш уруудана гэж үгүй. Би баг хамт олон туршлагатай ахмадуудаас, мэргэжил нэгт нөхдөөсөө туршлага хуримтлуулан өсч яваа л нэгэн жүжигчин.
-Уран бүтээлч хүн маш сайн мэдрэмжтэй байх хэрэгтэй юм шиг санагдаг, тэгэхээр чи өөрийгөө хэр их мэдрэмжтэй гэж боддог вэ, бодит амьдрал дээр ч уран бүтээл дээр ч ?
-Аливаа зүйлд урлагийн буянаар мэдрэмжтэй болдог юм шиг санагддаг. Энэ мэдрэмжээ зөв хөгжүүлвэл сайн уран бүтээлч, сайн ээж, хань байх гол үндэс. Бүх зүйлийн л эхлэл.
-Чамайг хараад байхад их хэнэггүй, аль эсвэл өөрихйнхөөрөө байж чаддаг шиг санагддаг, гэхдээ ихэнх хүмүүс олны танил болоод ирэхээрээ “од”-ын өвчинд нэмвэгдчихсэн байдаг?
-Би амьдралд энгийнээр хандахыг л хүсдэг. Энэ талаар гэр бүлийнхэн маань ч хэлдэг. Гэхдээ “од” гэх ойлголт чинь уран бүтээлээрээ дамжуулан олонд танигдахыг л хэлдэг байх. Тэрнээс энэ хүн намайг танидаг болчихсон юм чинь гээд л уруулаа будаад дээгүүр хараад өнгөрөх нь ухамсаргүй ойлголт. Яахав эмэгтэй хүн өөрийнхөө гадаад төрхөндөө анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ чинь үзэгчидээ хүндэж буй асуудал.
-Тэгвэл Долгор хэзээ нэгэн өдөр тэр өвчинд нэрвэгчихгүй байгаа?
-Мэдэхгүй дээ. Суурь нь энгийн гайгүй эхэлэсэн юм чинь сууриа дагаад тийм зүйлд нэрвэгдчихгүй байлгүй дээ. /инээв,сур/
-Чиний сонгоолсон жүжигчиний мэргэжил чамд хэр их амжилт авч ирэх бол?
-Ажил дээр ч амьдрал дээр ч бүх зүйл болно бүтнэ гэсэн итгэлтэй явдаг. Тэр дундаа миний сонгосон мэргэжилийн үр шим надад ерэгээр тусна, амжилт дагуулна гэдэгт бүрэн итгэлтэй явдаг.
-Уран бүтээлч хүний хувьд тэрэн шиг жүжигчин болчих юмсан гэх хүсэл бас үлгэр дуурайлал авдаг хүн байдаг байх?
-Байлгүй яахав. Ахмад үеэсээ суралцахын сацуу зэрэгцэж яваа залуу уран бүтээлчдээс суралцах зүйл надад олон байдаг. Тухайн үедээ энэ хүнд ийм давуу тал байна үүнийг би өөртөө зөвөөр тусгах хэрэгтэй гэж боддог. Тухайн хүний давуу талыг өөртөө тусгаж суралцаж байна гээд хэт дуурайвал “Хөхөө хэрээг дуурайж хөлөө хөлдөөнө” гэдэг шиг зүйл болох биз./инээв,сур/ Би ер нь энэ амьдрал дээр цорын ганц. Уран бүтээлд, амьдралд ч би цор ганц. Энэ амьдралд алдсан ч би цорын ганц, оносон ч би цорын ганц. Хариуцлагаа би л өөрөө хүлээнэ. Шүүмжлэл магтаал хоёрын дунд би цорын ганц л гэж үздэг.
-Хааяа бухимдах үе гадаг уу, хэт их уур бухимдалтай үедээ хэрхэн тавширдаг вэ?
-Хүн л юм чинь тийм үе байлна. Надад их сул тал байдаг. Бухимдсан үедээ түүнийхээ тухай ургуулаад л бүр төсөөлөөд л байна. Тэгж байтал дотор хүн маань надад “Одоо болно Долгор минь наад тархи толгой чинь оюун бодол чинь ч гүйцэхээ болилоо, хэт ингэж ургуулан бодох чинь чамд ашигтай байна уу” гээд л өөрөө өөртэйгөө нөгөө асуудалаа авч хэлэлцэж эхлэнэ. Тэр байдалыг гэр бүлийнхэн маань анзаардаг юм уу чи өөрийгөө зовоож байна гэх мэт сургамжит өгүүлбэрүүд надад ороод ирэхээр нээрээ тийм дээ гээд л огцом тайвширчихдаг./инээв,сур/ Ер нь би их дотогшоо хүн шиг байгаа.
-Тэгвэл уран бүтээл дээр шантардаг уу?
-Огт байхгүй гэж хэлэхгүй ээ. Шантрах үедээ өөртөө зориг өгөх, тэр бүхнийг эерэгээр эргүүлж өөртөө итгэл өгөх арга олчихсон. Жаахан няцах үедээ өөртөө шархаж, өндөр шаардлага тавьдаг. Тийм үедээ хийсэн уран бүтээл маань арай илүү амжилттай болдог юм шиг санагддаг. Магадгүй өөрийгөө шахаж, өндөр шаардлага тавьж сайн бүтээл хийнэ гэдэг маань хувь хүний зан араншинтай холбоотой байх.
-Хэн нэгэнд хэлээгүй зөвхөн чиний нууц хэр олон байдаг вэ?
-Эзэнтэй нууцууд байдаг. Нууц гээд л дотороо өнөөдрийг хүрсэн тэр нууцуудаа хэзээ ч задлахгүй байх.
-Ихэнх эмэгтэйчүүд бухимдахаараа найз нөхөдтэйгээ уулзаад л сэтгэлээ онгойтол ярьдаг харин чиний хувьд?
-Бухимдлаа гээд л хэн нэгэнд очоод хамаг л болж бүтэхгүйгээ яриад гүйх нь утгагүй. Гэр бүтэйгээ муудалцлаа гэхэд л найз нартаа очоод л хань ижилээ муу хэлээд л болсон бүх зүйлийг яриад байх нь бас нь ойлгомжгүй асуудал. Дараа нь нөхөртэйгөө эвлэрчихээд л түүнийгээ муу хэлсэн хүнийхээ хажуугаар хамт явах нь эвгүй шүү дээ. Миний гомдоллыг сонсоод асуудлыг маань шүүгээд явж байдаг тэр хүмүүс ч хэн бэ гэдгийг эхлээд сайн бодох хэрэгтэй. Тиймээс би бухимдлаа гээд хэн нэгэнд очоод яриад явдаггүй ээ.
-Ингэхэд гэр бүлээ танилцуулаач, танай гэр бүлийн хүн олны танил жүжигчин хүн байх аа?
-Манай нөхрийг Чинзориг гэдэг. Бид хоёр хоёулаа өсч яваа уран бүтээлчид. Ажил дээр ч амьдрал дээр ч бие биенээ маш сайн ойлгодог. Тийм ч учраас бидний амьдрал маш амттай юм шиг санаггдаг.
-Хамт явж байхад хүмүүс эргэж хараад л ямар нэгэн зүйл шивнэлддэг үү?
-Тийм тохиолдол байдаг л даа. Энэ бүхнийг ичингүйрээд аль эсвэл төвөгшөөж хүлээн авахаас илүүтэйгээр биднийг энэ хүмүүс хүндлээд эргэж хараад, тухайн цаг хугацааг бидэнд зориулж байгаад нь бухимдахгүй ээ. Би хоёр зориулаад эргэж харах хөдөлгөөн хийж байгаад нь баярладаг./инээв,сур/
-Та хоёрыг сайхан хосууд гэж маш олон хүн ярихыг сонссон, тэгвэл та бид үнэхээр сайхан хос гэдэгтэй санал нийлэх үү?
-Сайхан хос гэдэгтэй санал нийлэнэ. Энэ орчлон дээр бид хоёр муухай хос гэж боддог хүн байхгүй биз. Бид жаргал зовлонгийн аль алинд хатдаа байхаар бие биедээ амлаж энэ хорвоод хослож амьдарч байгаа. Ер нь аливаад зүйл дээр хамт байж бүхнийг хамт шийдэж, биенээ ойлгож явдаг хүмүүсийг л сайн хань сайхан хосууд гэх байх.
-Жүжигчин Чинзориг та хоёрыг хамтын амьдралаа эхлүүлэхэд таны хоёр дахь амьдрал гэх яриа гарч байсан?
-Үүнийг үгүйсгэх шаардлага надад байхгүй ээ. Надад өмнө нь амьдрал байсан үүнийг үгүйсгэх ч нуух ч шаардлага байхгүй. Өнөөдөр бид хоёр бие биенээ олсон маань хувь тавилан. Нөгөө талаас бид хоёр хайр сэтгэлийнхээ төлөө золиослох ёстой зүйлсийг золиослоод бие биенээ олж авч чадсан. Энэ бол эмзэглээд нуугаад байх асуудал биш. Харин ч бид хоёр бие биенээ олж авч амьдарч байгаагаараа байхархаж байна.
-Уучлаарай, “Үл таних эмэгтэй” кино өмнөх нөхөрт таалагдаагүйн улмаас гэр бүл салсан гэх юм билээ?
-Тийм зүйл байгаагүй ээ.
-Ингэхэд хэр сайн ээж, хэр сайн хань вэ, өөрийгөө дүгнэвэл?
-Би бусад гэрийн эзэтэй, ээжүүд шиг үүргээ давуулан биелүүлж чадахгүй байгаа л даа. Охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөд л ажилдаа яваад орой унтсан хойно нь юм уу эсвэл унтах гэж байхад нь орно. Тэгэхээс сайн эсвэл муу ээж эсэхээ мэдэхгүй байна. Охин маань том болоод сүүлийн үед надад маш их шаардлага тавьдаг болсон байна лээ. Манай ангийн хүүхдүүд нэрээ бичидэг болсон, үсэг сурсан байна. Би ч бас сурмаар байна гээд л . Сурах үйл явцад маань нөлөөлж өгөөч гэх шаардлага тавьдаг болсон үүнийг амжуулна гэж бодож байгаа. Сайн эхнэрийн хувьд өглөө эрт босоод ямар ч их ажилтай байлаа гээд цай чанаад дээжээ өргөөд л гарна. Өглөө оройны хоол гээд л бусад гэрийн ажил хураагдаад л байгаа./инээв,сур/
-Эр хүний ноён нуруу гэж юу юм бэ, эмэгтэйчүүд монгол эр хүний ноён нуруу тийм байх ёстой гээд л янз бүрээр төсөөлдөг юм билээ?
-Одоо эрчүүд тэгээд ингээд гээд л янз бүрээр ярьдаг болчихсон байна. Гэхдээ эр хүнд холч ухаан гэдэг давуу чанар яах аргаггүй байдаг юм билээ. Бид одоо жендэрийн хууль гээд яриад л байна. Эрчүүдийг өнөөдөр эмэгтэйчүүд толгойлж байна гэж үзээд байгаа. Гэхдийгээр тийм боловч монгол эр хүний холч ухаан тайван амгалан байдал байдаг ч үүнийгээ илэрхийлж гаргаж чадахгүйгээсээ эмэгтэйчүүдэд янз бүрээр хэлэгдээд байдаг ч байж болно.
-Тэгвэл нөхрийгөө хэр ноён нуруутай эр хүн гэж дүгнэх вэ?
-Манай нөхөрт дээрх зан төрх байдал ирэлдэг гэж би боддог учраас ноён нуруутай монгол эр хүн юм болов уу гэж бодож явдаг.
-Амьдралын зорилго хэтийн төлөвлөгөө чинь яг юу юм бэ?
-Урсгалаараа амьдрахыг хүсдэггүй. Тийм амьдралаар ч амьдраагүй байх. Одоо л миний хөдөлмөрлөх, гаялалзах цаг үе. Энэ үедээ л сайн хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулж чадвал миний амьдрал шат шатаар ахиж, хүсэж тэмүүлж байсан бүхэн маань аяндаа л бүтэх болно. Өнөөдөр хэтийн юмны төлөө шаналж явахаар зүгээр л сайн хөдөлмөрлөх ёстой. Хүсэж мөрөөдөж байсан бүхэн чинь алхам алхамаар чиний гарт ороод ирнэ гэж өөртөө хэлдэг.
-Чинийхээр амьдралын утга учир юун дээр тогтож байна?
-Гэр бүлийн тогтвортой байдал дээр тогтдог байх. Үр хүүхэд хань ижилтэйгээ хамт эрүүл саруул элэг бүтэн байх, ээж аав, ах дүүстэйгээ ойр дотоно байх, эв эетэй байх зэрэгт тогтох байх.
-Чамайг сайхан бүсгүй гэх дүгнэлтийг олон хүнээс сонссон юм байна. Харин чи өөрийгөө хэрхэн дүгнэх вэ?
-Хүмүүс чи хөөрхөн, чи аятайхан, гоё нүдтэй гээд л надад хэлж байсан. Гэхдээ би өөрийгөө ямар үед сайхан гэдгийг мэдэрдэг вэ гэхээр хань ижилээ сэтгэлээсээ баярлуулж чадсан. Хань үр хоёроо сэтгэл хангалуун байлгаж чадаж байгаа тэр сайхан инээд хөөрийг нь сонсох, ээж аав дээрээ очоод өөрийнхөө хийсэн бүтээлүүд дээрээ дүгнэлт авах гээд л энэ бүхнээс эерэг энерги авч өөрийгөө сайхныг мэдэрдэг. Тэрнээс алаг нүдэндээ өөрийгөө сайхан гээд яваад байхгүй. Гэхдээ бас хаяа толинд өөрийгөө харна…/инээв,сур/
-Тэгвэл хөөрхөн сайхан гэх тодотгол хоёрын хооронд хэр их зай байгаа бол?
-Манайх нөхөр надад хэлдэг л дээ. Эмэгтэй хүн зөв байгаад аливаад ур ухаанаар хандаж байвал нүд нь хүртэл өөр болдог гэж хэд хэдэн удаа хэлсэн. Энэ нь бас намайг юм бодоосой гэж хэлсэн байх. Тэгээд би чинь зөв нүдтэй байх гээд хичээж өгнө шүү дээ./инээв,сур/
-Ярилцсанд баярлалаа. Уламжлал ёсоор сүүлийнхээ асуултыг нээлттэй үлдээе?
-Михий хувьд залуусыг сургамжлахдаа биш харин үеийнхэндээ сурган хүмүүжүүлэх биш харин хандаж хэлэхэд залуу насандаа юу хийж бүтээж болох байна, тэр бүхнээ хийгээд үз. Алдаж онохын алийг тэр гэхэв хамгийн гол нь хүсэл мөрөөдөлөө зөв тодорхойлоод түүнийхээ төлөө хөдөлмөрлөөд үр шимийг нь үзээд ирэхээр хүнд эерэг энерги ирдэг юм билээ.
“Хүмүүс” сонин Э.Тунгалагтуяа
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 07, 2012 1:09:08 am )
dolgordoo amjilt husie! sain jujigchin bolj ylam ih amjilt gargaarai
-
Anonymous (May 11, 2012 4:10:56 pm )
dajgui shan busgui shuu.
-
4 Comments