-ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЖЛЫНХАН НЬ ГЭРЭЭС НЬ АВЧ, ТӨВӨӨС ГАРСНЫХАА ДАРАА БҮСГҮЙГ ОРОЙД ХҮРГЭЖ ӨГДӨГ БАЙЖЭЭ-
Нөхөр нь эхнэрээ есөн удаа хутгалж хөнеөсөн хэргийн талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Гудамжинд олны нүдэн дээр гэргийгээ зэрлэгээр хөнөөсөн залуугийн араас нэхэн сурвалжиллаа. Түүнийг Г.Мөнхбат гэдэг аж. Г.Мөнхбатыг эхнэртэйгээ муудалцаж, улмаар хөнөөж байгааг харсан иргэн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Танай сонинд мэдээлэл өгсөн эмэгтэй залууг зугтсан гэж ярьсан нь худлаа. Тухайн үед би хүүхдээ хүргэж өгөх гээд явж байсан. Зам түгжрэлтэй байхаар нь байрнуудын дундуур явж байсан юм. 12 дугаар байрны урд гараашийн дэргэд хоёр бүсгүйг нэг залуу хашаад зогсчихсон байгаа нь харагдсан. Бүсгүй явах гээд байгаа бололтой залуу нь хориод байсан.
Гэтэл гэнэт урт цагаан хутга гаргаж ирээд эмэгтэйг хэд, хэд хутгалчихсан. Би залууг машинаараа дайраад ч болов бүсгүйгээс холдуулах гэсэн боловч замын хашлага саад болоод амжаагүй. Бүсгүй газар уначихсан байхад хүртэл тэр залуу хутгалаад байсан. Би “Хүн алчихлаа. Болиоч чи” гэж орилж, машиныхаа дуут дохиог удаан дуугаргасан. Тэгээд л ойр орчмын хүмүүс харсан байх. Тэр залуу ч миний дуунаар сэхээ авсан бололтой өндийснөө өөрийгөө хутгалсан. Бүсгүйг маш хүчтэй хутгалсан атлаа, өөрийгөө зөөлөн, бараг чичиж байгаа аятай байсан. Тэгж байгаад л бүсгүйнхээ дэргэд унаад өгсөн. Тухайн үед цагдаа дуудах гээд 102 дугаарын утсанд залгатал ярьж байгаа дохио өгөөд болохгүй байсан. Ойролцоо явсан цагдаагийн хүн дуудлага өгсөн байх. Тэр хоёрын дэргэд байсан бүсгүй орилоод гүйгээд явчихсан” гэсэн юм.
ГЭРЧ: ХОЁУЛАА ЮМ ЯРЬЯ ГЭЖ ЧАНГААЖ БАЙГААД ГЭНЭТ ХУТГА ГАРГААД ИРСЭН
Тухайн үед талийгаачтай хамт ажилладаг бүсгүй нь хамт байжээ. Талийгаач ажлынхаа бүсгүйгээс утсаар “Гэрээсээ гарах гэсэн айгаад байна. Намайг ирээд аваач” гэж гуйсан аж. Ер нь талийгаач нөхрөөсөө айхдаа ажлынхан болон найзуудаараа гэрээсээ авахуулж, оройд гэртээ хүргүүлдэг байжээ. Ингээд хоёр бүсгүй ажил руугаа явж байтал гэнэт Г.Мөнхбат гараад ирсэн аж. Нөхрийгөө харангуут эхнэр нь найзыгаа тас тэвэрчихээд, бөмбөлзтөл чичрээд байжээ. Г.Мөнхбат эхнэртээ “Хоёулаа эндээс холдож юм ярья” гээд хүрэмнээс нь татаж чангаагаад байжээ. Хариуд нь эхнэр нь “Чамтай ярих юм байхгүй. Угаасаа өнөөдөр шүүх хурал болно” гэсэн аж. Тэгтэл Г.Мөнхбат гал тогооны алчуурт боосон хутга гаргаж ирээд эхнэрээ хутгалаад эхэлжээ. Хамт явсан бүсгүй айсандаа зугтчихсан аж. Эхнэрээ олон удаа хутгалсан Г.Мөнхбат дараа нь амиа хорлохыг завдаж өөрийгөө хутгалжээ. Болсон явдал ийм. Харин гэргийгээ хөнөөсөн тэр залуу хэн бэ.
Г.МӨНХБАТ ЭХНЭРЭЭ БАЙНГА ШАХАМ ЗОДДОГ БАЙЖЭЭ
Г.Мөнхбат 26 настай. Баянзүрх дүүргийн II хорооны нутагт орон сууцанд амьдардаг. Тэрбээр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт төмөр замчнаар ажилладаг байжээ.
Г.Мөнхбат одоогоос гурван жилийн өмнө.Ганмөрөн (талийгаач)-тэй гэр бүл болжээ. Тэднийх нэг хүүтэй. Хүү нь Г.Мөнхбатын аав, ээж дээр өсч буй. Тэрбээр эхнэрээ байнга щахам зоддог, дарамтад байлгадаг байжээ. Тиймээс ч талийгаач хүүгээ өөр дээрээ авахыг чухалчилдаггүй байж. Нөхрийнхөө дарамтад гурван жил тэссэн бүсгүй энэ оны эхээр салах өргөдлөө шүүхэд өгчээ. Тэднийг салгах тухай шүүх өнгөрсөн хоёрдугаар сард хуралдсан байна. Улмаар шүүх өргөдлийг өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцээд хоёр сарын эвлэрэх хугацаа өгчээ. Бүсгүйг шүүхэд өргөдөл өгснөес хойш нөхөр нь өмнөхөөсөө илүү зодож, дарамталдаг болсон байна. Нөхрөөсөө айсан бүсгүй ажлаа хэд, хэдэн удаа сольж, гэрээсээ явжээ. Гэрээсээ яваад амьдарч байгаа газраа ч нуудаг болсон байна. Гэвч Г.Мөнхбат хаана байгаа газрыг нь олж, ажил дээр нь хүртэл зоддог байжээ. Бүсгүй арга ядахдаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ханджээ. Тэнд сар гаруй амьдраад өнгөрсөн сард гарсан гэнэ.
Г.Мөнхбат архи, тамхи хэрэглэдэггүй. Найз нөхөд гээд байх хүнгүй. Зожиг зантай нэгэн аж. Ойр хавийнхан нь түүнийгэхнэрээ мөшгөдөг, харддаг, дарамталдаг бараг өвчтэй байх гэж ярьж байсан.
БҮСГҮЙ: НӨХРӨӨСӨӨ Л САЛЧИХВАЛ АЙДСААС САЛНА
Талийгаач бүсгүй 23 настай, үсчин мэргэжилтэй байсан аж. Тэрээр найзууддаа ингэж ярьдаг байжээ. Хорьхон насандаа хадмын хаяанд очиж, залуу насандаа ахадсан зовлон үүрсэн тэр бүсгүй төрүүлсэн үр дээрээ очихоос хүртэл айдаг байжээ. “Хүүхдээ авна гэвэл хүүг минь ална. Тэгэхээр хүү минь өвөө, эмээ дээрээ өсөг. Би нөхрөөсөө л салчихвал энэ их айдсаас сална” гэж ярьж байсан гэнэ. Хүнтэй суусныхаа дараа нөхөр нь зоддог гэдгийг амьхандаа найз, нөхдөөсөө нуудаг байжээ. Гэвч байсхийгээд л нүүр нүд нь хөхөрчихсөн ирдэг байж. Сүүлдээ нөхөр нь ажил дээр нь, хаана явсан газар нь очиж зоддог болсон байна. Нөхрийнхөө энэ авираас айсандаа “Сөүл имиж” салоноосоо гарч хэсэг ажилгүй байж үзжээ. Гэсэн ч нөхрийнх нь дарамт ихэссэн үү гэхээс багадаагүй аж. Тиймээс “Ундрам” салонд ажилд оржээ. Тэнд нөхөр нь байсхийгээд л ирж зоддог. Зодохгүй гэхэд орой бүр ажил дээрээс нь авч явдаг байж. Нэг удаа ажил дээр нь ирж зоджээ. Тухайн үед хамт байсан хүмүүс бүсгүйг өмөөрч ээжийг нь дуудсан аж. Г Мөнхбатын ээж салон дээр ирэхдээ бэрээ баахан загнаж, харааж байгаад явсан гэнэ. Энэ мэт дарамтаас салахын тулд бүсгүй шүүхэд хандсан нь тэр. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд байнга амьдраад байх аргагүй учраас ажлынхаа ойролцоох байрны подвальд өрөө түрээсэлжээ. Гэр нь ажилтай нь ойр болсон учраас өглөөд ажлынх нь нэг хүн заавал очиж авдаг. Оройд нөхрөөс нь зугтаалгаж гэрт нь хүргэж өгдөг байж. Тэгэхгүй бол ажлынх нь үүдэнд нөхөр нь анаад зогсч байдаг аж. Хэрэг гардаг өдөр тэднийг салгах шүүх хурал болох товтой байжээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 08, 2012 6:28:58 pm )
um ma ni bad mi hum
-
Anonymous (April 08, 2012 8:15:32 pm )
um sain amgalan boltgugai
-
Anonymous (April 08, 2012 11:18:39 pm )
Huchirhiilegchdiig erthen zogsooh ajliig erchimjuulie
-
Anonymous (April 09, 2012 2:09:22 pm )
ямар зэрлэг муу новш вэ тэр алуурчин г. мөнхбат. тэр 4 мөчийн тасдаад хаячих юм сан болдог бол.
-
Anonymous (April 09, 2012 7:17:39 pm )
yadag muu gaj dontoi yrgachin be ooriig ni alwal taarna shuud tsaaz uguh heregtee
-
Anonymous (April 09, 2012 8:26:51 pm )
tsaaz baikh estoi. iimerkhuu baliar novshnuudad.
-
Anonymous (April 10, 2012 9:43:43 am )
yooh iim yumnuudiig shuud l tsaazlah heregtei shdee bid nart yur ni haraa hyanalt gej bnuu
7 Comments