Өнөөдөр долдугаар сарын 1-ний үймээний үеэр гэм зэмгүй таван хүний амийг хөнөөсөн /нэг нь МАН-ын байранд гавлаатай угаартаж нас барсан, дөрвийг нь онц байдал зарласан цагаар буудаж хороосон/ хэрэгт шалгагдаж байгаа цагдаагийн удирдлагыг шүүх хурал болно. Гуравдугаар сарын 14-нд анхны шүүх хурал зарлагдсанаас хойш өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Монголын улс төрд бишгүй л бужигнаан үүслээ. Тухайлбал, УИХ дахь МАН-ын гишүүдийн ялгамжтай байр суурь, МАН-ын зүгээс захиалгаар бэлтгэж буй долдугаар сарын 1-ний хэргийн тухай телевизийн ээлжит цувралууд гэх мэтчилэн. Ялгамжтай гэдэг үгийг энэ удаа бодит байдлыг хэт гуйвуулсан гэдэг утгаар хэрэглэсэн хэрэг.
Шүүх хурлаас урьтаж, иргэдийн тархийг угааж буй теле нэвтрүүлгүүдийн утга санаа нэг ижил. Ард түмнийхээ амь насны манаанд зогсч, олон мянган хүний амийг аварсан цагдааг яллалаа, хэрэв ийм байсан бол яах гэж энэ олон цагдаагийн ажилтан амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж хамгаалалтад зогссон бэ гэдэг ч юм уу. Эсвэл жагсаал зохион байгуулж, гэмт хэрэгт турхирсан Б.Жаргалсайхан, О.Магнай, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар л энэ таван хүний амь нас хохирсон хэрэгт буруутай. Тэднийг яллаж чадаагүй байж төр ард түмнийхээ төлөө амь насаараа дэнчин тавьж явдаг Монголын цагдааг яллалаа гэнэ. Тэр ч байтугай 2009 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан Нээлттэй сонсголыг “УИХ-ын гишүүд цагдааг яллах гэлээ, хууль тогтоох байгууллагыг шүүх байгууллага болголоо” гэх мэтчилэнгээр уг захиалгат нэвтрүүлгийн “сценариуд” явж байгаа билээ.
Эдгээр нь долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас хойш бүтэн дөрвөн жилийн турш МАН, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн баримталж ирсэн байр суурь гэдгийг иргэд мартаагүй байх. Тиймээс энэ мэтээр олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн санаатай төөрөлдлүүдийг зах зухаас нь залруулья гэсэн юм.
Эсэргүүцлийн жагсаал ба онц байдал
Нэгдүгээрт, сонгуулийн дүн будилаантай байна хэмээн эсэргүүцэж боссон иргэдийн жагсаал болон онц байдал зарласны дараах үе бол хоёр тусдаа зүйл гэдгийг тэд өөрсдөө ч сайн мэдэж байгаа. Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад МАХН-ын /одоогийн МАН/ дарга С.Баяр “Манай нам сонгуульд ялалт байгууллаа” хэмээн зарласан билээ. Урьдчилсан байдлаар УИХ-ын 76 суудлын 44-ийг нь МАХН авсан дүн гарсан билээ. Үүний улмаас нийслэлийн сонгогчид, ялангуяа залуус “Бид бүгдээрээ Ардчилсан намд саналаа өгөөд байхад яахаараа МАХН дандаа ялдаг юм бэ, МАХН дахиад л сонгууль луйвардлаа” хэмээн жагссан билээ. Тухайн үеийн Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж ч бас “Сонгуулийн дүнд булхай орсон” гэдгийг зарлаж, сонгууль будилаантуулсан тодорхой тойргууд дээр санал хураалтыг дахин тоолох, сонгуулийг дахин явуулахыг шаардсан авч тухайн үеийн МАН-ын дарга С.Баяр болон СЕХ-ны дарга Д.Баттулга нарыг үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж ялагдсан Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа нийслэл, дүүргийн шүүхээс эхлээд Улсын дээд шүүх хүртэл заргалдаж байж СЕХ-ны дарга Д.Баттулгын хууль зөрчиж, санал өгүүлсэн үйлдэл сонгуулийн дүнд нөлөөлөхүйц хэмжээний “гэмт хэрэг” болжээ гэдгийг тогтоолгосон билээ. Харамсалтай нь үүний дараа МАН түүнийг хуулийн хариуцлага хүлээлгэхийн оронд “Эрдэнэт” үйлдвэрийн Боловсон хүчний асуудал хариуцсан захирлаар дэвшүүлэн зайлуулсан билээ. Энэ нэгдүгээр зүйл.
Харин онц байдал зарласны дараах нөхцөл байдал буюу таван хүний амь хөнөөсөн хэрэг нь жагсаал цуглааны нөхцөл байдал хүндэрсэнтэй огт холбоогүй зүйл юм. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр оройн 22 цаг 30 минутын орчим Онц байдал зарлаж, жагсаал цуглааныг хүч хэрэглэн тараасан билээ. Харин дөрвөн хүн бууны суманд оногдож амиа алдсан явдал шөнийн 01 цагаас 02 цагийн хооронд болсон байдаг. Араасаа буудуулан амиа алдсан тэдгээр энгийн иргэдийг “цагдаагийнханд эсэргүүцэл үзүүлсэн буюу аргагүй хамгаалалт байсан” гэж итгэхийн арга байхгүй. Тэгээд ч хэрвээ энэ нь хууль ёсны хамгаалалт байсан гэж үзвэл цагдаагийнхан ямар нөхцөлд, хэний тушаалаар хэн гэдэг цагдаа тэдгээр иргэд руу гал нээсэн бэ гэдгээ шүүхийн өмнө нотлох ёстой.
Харамсалтай нь, одоо хэр нь Онц байдлын штабыг ахалж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил ч, тухайн үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байсан генерал Ч.Амарболд ч, Нийслэлийн цагдаагийн дарга асан О.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх ч “Буудах тушаал хэн ч өгөөгүй” гэсэн хэрнээ “Цагдаа үүргээ л биелүүлсэн, тушаалаар явсан” хэмээн мэлзэж байгаа билээ. Гэтэл нөгөө талаас хэргийн шалгалтын явцад авагдсан нотлох баримтаар цагдаагийнханд байлдааны буу, сум тараасан, дараа нь таван хүний амь хохирч, олон хүн бууны суманд шархадсаны дараа цагдаагийн удирдлагууд байлдааны сумаар буудсан хонгионуудыг устгаж, оронд нь сургуулийн сум тараасан, буудсан бууныхаа цохилуурыг өөрчилсөн гээд олон гэмт хэргийг нуун далдлах зорилготой олон үйлдлүүдийг хийсэн нь нотлогдоод байгаа билээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн анх гарган тавьсан энэ мэдээллийг УЕП бататгаж, “үүнээс ч илүү нотлох баримтууд байгаа” гэдгийг нэгэнтээ мэдэгдсэн.
Тэгэхээр хэрвээ цагдаагийнхан өөрсдийгөө хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байгаа бол үүнийгээ хуулийн өмнө нотлох хэрэгтэй болж байна. Хэн тушаал өгч, хэн гал нээсэн, хэний суманд хэн гэдэг хүн амиа алдсан бэ, тэр нь аргагүй хамгаалалт юм уу эсвэл гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор хийгдсэн үү гэдгийг. Харин тийм биш, хэний ч тушаалгүйгээр хэн нэг нь санаачлагаараа буу сум тараагаад, цагдаа нар түүнийг нь авч гараад тааралдсан хүн лүүгээ онилоод буудаад байсан бол удирдаж байсан цагдаагийн дарга нар нь хариуцлага хүлээхээс өөр аргагүй. Товчхон хэлбэл, жагсаал цуглаан тараах үеэр, амь нас, эрүүл мэндээ золин зүтгэсэн цагдаагийн ажилтнууд болоод онц байдлын дараа гэм зэмгүй хүмүүсийг хүнгүй гудамжинд хөөж намнасан цагдаа нарын хэргийг тус тусад нь авч үзэх ёстой гэсэн үг.
Хүний эрх ба хүчирхийлэл
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос 2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр долдугаар сарын 1-ний хэргээр Нээлттэй сонсгол зохион байгуулсан билээ. Сонсголд долдугаар сарын 1-ний үймээний үеэр үүрэг гүйцэтгэсэн цагдаа нар болон үймээнд оролцож, МАХН-ын байрыг шатаасан хэргээр шүүхээс ял сонссон иргэд, тэдний гэр бүлийнхэн, шүүх ажиллагаанд оролцсон шүүгч, өмгөөлөгч нар оролцож, УИХ-ын гишүүд тэдний мэдээллийг сонссон юм. Нээлттэй сонсголоор сонссон гол зүйл нь үймээний дараа иргэдийг цагдан хорих, мөрдөн шалгах, шүүх явцад хүний эрх зөрчигдсөн үү, иргэд шударга шүүхээр шүүлгэж чадсан уу гэдэгт хариулт өгөх явдал байлаа. Харамсалтай нь, олон хохирогч, гэрч нарын мэдээллээр цагдан хорьсны дараа хуулийн байгууллагуудын харьяанд байхдаа иргэд цагдаагийн ажилтнуудад зодуулсан, мөрдөн байцаалтын явцад хэргийг тулгаж хүлээлгэсэн, шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргаж, МАХН-ын байр луу чулуу шидсэн, шил виски хулгайлсан, жагсаал цуглаанд оролцсон бүх хүмүүст ижил хэмжээний буюу 11 тэрбум төгрөгийн хохирол тооцож, ял өгсөн гэдэг нь тогтоогдсон билээ. Улсын дээд шүүхийн шүүгч нь “Манай намын байрыг шатаасан та муусайнуудыг яллаад өгнө өө” хэмээн дарамталж байсан тухай ч шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгчид Нээлттэй сонсголоор мэдүүлсэн билээ. Харамсалтай нь, тэр үед УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил болон УИХ дахь МАХН-ын бүлгийнхэн /тэр үед МАХН нэрээ солиогүй байсан юм/ “Та нар Монголыг цагдааг яллахгүй шүү, УИХ шүүх байгууллага биш” хэмээн уцаарлаж, цагдаагийн дарга нар, хохирогчдоос асуулт асуусан УИХ-ын гишүүд руу дайрч байсан билээ.
Уг нь энэ Нээлттэй сонсголын үеэр Онц байдлын үеэр цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэсэн нь хууль зөрчсөн эсэх асуудлаар ч бас мэдээлэл сонсох ёстой байсан авч тухайн үед галт зэвсгийн хэрэг шүүхээр шийдэгдээгүй байсан учраас “Мөрдөн байцаалтын нууц” хэмээн сонсголд оруулахаас татгалзсан билээ. Зөвхөн иргэд саатуулах байранд байхдаа хүний эрх нь зөрчигдсөн эсэхийг л хэлэлцсэн. Нээлттэй сонсголын үеэр яригдах ёстой байсан ч “УИХ-ын ажлын хэсэг судалж дуусаагүй” гэдэг шалтгаанаар хойшилсон бас нэг асуудал бол Онц байдлын үеэр төрийн байгууллагууд хэрхэн ажилласан тухай асуудал. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан энэ ажлын хэсэг одоо болтол УИХ-д тайлангаа тавиагүй байгаа. Хэрвээ ажлын хэсэг ажлаа хийгээд тайлангаа тавьчихсан бол “Буудах тушаал хэн өгсөн бэ, Онц байдлын штабаас даалгавар өгсөн үү, үгүй юу” гэдэг маргаан өнөөдрийг хүртэл үргэлжлэхгүй байсан. Мөн тухайн үед ажилласан төрийн өндөрлөгүүд, Онц байдлын штаб, ҮАБЗ-ийн гурван гишүүн ч үгээ хэлж, хариуцлагаа үүрэх нь үүрээд, гавьяагаа сонсох нь сонсчих байсан биз.
Харин одоо эдгээр ажил нэгэнт хийгдээгүй учраас хэрэг явдлын түлхүүр, нууцыг тайлах ганц зүйл нь цагдаагийн дарга нарын шүүх хурал. Тэд хүсвэл Онц байдлын штаб, ҮАБЗ-өөс хэн гэдэг хүн даалгавар өгч, хэний тушаалаар гал нээсэн, хэн гэдэг цагдаа нар энэ ажлыг гүйцэтгэсэн бэ гэдгийг хэлж өгөх ёстой. Хэрвээ Монгол Улсад хууль ёс үйлчилдэг л юм бол шүү дээ. Харин хэлэхгүй ээ, бид үүргээ гүйцэтгэсэн гээд суугаад байвал одоо яана гэх вэ, хуульгүйгээр хүн буудсан цагдаа нарынхаа өмнөөс өөрсдөө хариуцлага хүлээх л зам үлдлээ гэсэн үг.
Дахин хэлэхэд, цагдаагийнхан “Хүний амь хөнөөсөн хэрэг хууль ёсны хүрээнд байсан, үүнээс ч олон хүний амь үрэгдэх аюулаас бид гэтэлгэсэн” гэж үзэж байгаа бол хуулийн өмнө нотлох хэрэгтэй. Харин жагсаал цуглааныг тараах гэж яваад эрүүл мэндээрээ хохирсон олон цагдаагийн асуудал бол тусдаа. Тэдэнд ажил олгож буй Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам хариуцлагаа хүлээж, асуудлыг шийдэх ёстой. Нэг хүний хийсэн гэм нүглийг нөгөөгийнх нь гавьяа зүтгэлд халдааж, өршөөн уучлах тухай асуудал байж болохгүй биз дээ.
Б.СЭМҮҮН
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 28, 2012 6:45:32 pm )
Ene 4 huniig ingelee geed tsaana ni uldsen humuus bas l adilhan yum hiine uunees ch iluu aimaar yum bno. tegheer ovoo bosgoogui bol shaazgai yun deer suuh ve gej uimeen samuun uusgesen humuusee bugdiig ni shuuh heregtei yum bishuu?
-
Anonymous (March 29, 2012 8:09:31 am )
Semuun chi yg bolson yvdliig bichsen bna.Neeree iim l zuil bolson shuu dee.
2 Comments