antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2012 Comments are off

Д.Дорлигжав: Цагдаа, дотоодын цэрэг аюулгүй байдлыг хангаж, хэв журмыг сахиулах үүрэгтэй болохоос хүн алаад явах ёсгүй

нийтлэсэн Admin
-ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН НЭГНИЙГ ЗӨВТГӨХИЙН ТУЛД ХУУЛИА, ЗАРЧМАА ҮГҮЙСГЭЖ ИНГЭТЛЭЭ ТУЙЛШИРЧ, ХАЛУУРАХ ХЭРЭГГҮЙ-

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Т.Сүхбаатар, Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. “Долдугаар сарын 1”-ний гэх хурандаа нарт холбогдох хэрэг сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Мөн энэ хэргийн эргэн тойронд Хууль зүй, дотоод хэргийн сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга гэх мэт албан тушаалтнууд үзэл бодлоо илэрхийлж, үйл явцыг хэтэрхий улстөржуулж байгаа учраас мэдээлэл хийхээс аргагүй болсныг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав онцолсон юм. Тэрбээр “Хэтэрхий улстөржүүлж, хэтэрхий буруугаар тайлбарлаж, цаашид шүүн таслах ажиллагааны тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах, төрийн шүүх үйл ажиллагаа явуулж болохгүйд хүртэл дарамтлах, өндөр албан тушаалтнууд элдвээр тайлбарлах, мэдэгдэл хийх мэтээр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах боллоо. Нөгөө талаас иргэдийг төөрөгдүүлсэн нотолгоогүй мэдээ, материал их цацаж байна. Хүн өөрийгөө зөвтгөх оролдлого хийж болно. Тэр нь хуулийн хүрээнд үндэслэлтэй, нотолгоотой байх ёстой. Гэтэл нийгмийг төөрөгдүүлсэн, нийгмийн дэмжлэг авах гэж оролдсон, хөдөлгөөн болгож зохион байгуулах гэсэн байдал ажиглагдлаа. Тиймээс шүүн таслах үйл ажиллагааг явуулах нөхцөлийг хангах үүднээс, иргэдэд зөв ойлголт өгөх үүднээс мэдээлэл хийж байна” гэсэн юм.

Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Цагдаагийн генерал, хурандаа нарыг хуульд байхгүй зүйл ангиар яллаж байгааг анхаарна уу гэсэн утгатай албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас танд хүргүүлсэн. Ялласан зүйл анги нь ямар учраас маргаан үүсгээд байна вэ?

-Миний хийж болох мэдээлэл гэвэл, цагдаагийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар буруутгагдах шатанд явж байгаа. Үүнийг тойрсон буруу зүйл ангиар ялласан, хүчингүй болсон зүйл ангиар зүйлчилсэн гэх мэт маргаан бий. Хууль зүйн хувьд маргаантай юм шиг ойлгогдох мэтээр төрийн өндөр албан тушаалтнууд оролцож, ярьж байгаа нь түвэгтэй байна. Уг нь төрийн өндөр албан тушаалтнууд хэн нэгнийг зөвтгөхийн тулд хуулиа, зарчмаа үгүйсгэж ингэтлээ туйлширч, халуурах хэрэггүй юм.

Хурандаа нарыг Цэргийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 274 дүгээр зүйл ангиар ялласан. Тус зүйл ангид зэвсэгт хүчин, бусад цэрэгт алба хааж байгаа, үүрэг гүйцэтгэж байгаа, дайчилгаанд татагдсан хүмүүс үйл ажиллагаа явуулж байгаа үедээ ийм, ийм хэрэг үйлдсэн бол цэргийн гэмт хэрэг гэж үзэж ял шийтгэнэ гээд заачихсан байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдаасаа эхлээд Цагдаагийн ерөнхий газрын дарга хүртэл, Хууль зүйн байнгын хорооны дарга хүртэл “Хуучин хуулиараа шийтгэх гээд байна. Тэр зүйл заалтыг хүчингүй болгочихсон юм” гэж байна. Хуучин хуульд цагдаа, тагнуул, хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх мэтээр бүгдийг нь тоочдог байсан. Ц.Нямдоржийн яриад байгаа 2008 оны хоёрдугаар сарын 1-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор тэр бүх тоочсон үгийг нь аваад Зэвсэгт хүчин, бусад цэрэг гээд биччихсэн байгаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн явцад юу яригдсан талаар баримт харуулъя.

-Ямар баримт вэ?

-2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлийн хэсэг байна. Тухайлбал, Д.Лүндээжанцан дарга “274.1-ийн “бусад цэрэг” гэснийг, 274.2-ын бусад цэргийн бие бүрэлдэхүүн гэснийг тус тус хасах юм уу” гэж асуусан байна. Хариуд нь Ц.Нямдорж “Энэ ингэсэн байна. Эсрэгээр нь биччихсэн байна. Түрүүчийн нэгдүгээр хэлэлцүүлгээр 274 дүгээр зүйлд байсан “бусад цэрэг” гэдэг үгийг аваад хаячихсан юм. Үүнээс шалтгаалаад дотоодын цэрэг, хилийн цэрэг энэ цэргийн гэмт хэргийн субьект биш болж таарчихаад байгаа юм. Ийм байж болохгүй. Ийм учраас ажлын хэсэг юу гэж ярьсан бэ гэхээр тэр 274.1, 274.2-т байгаа “бусад цэрэг” гэдгийг сэргээе гэж ойлголцсон юм. Энэ утгаар нь санал хураалгаад зарчим нь Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн хуучин заалтууд хэвээр нь үлдэнэ гэсэн утгаар санал хурааж өгөөч ээ” гэсэн байдаг. Ингээд бусад цэрэг гэдгийг хасаад хаячихсан байж байгаад буцааж оруулж, Зэвсэгт хүчин, бусад цэрэг гээд энэ дотор дотоодын цэрэг, хилийн цэрэг хоёр хамаарч байгаа шүү гэдэг утгаар санал хурааж хууль баталсан байна. Өөрөөр хэлбэл, хилийн цэрэг дотоодын цэргийн алба хаагчид цэргийн гэмт хэргийн субьект болно гэж хууль тогтоохдоо өөрсдөө оруулсан. Хууль баталсан үзэл баримтлал нь ч энэ. Тайлбарлаж байж санал хураалгасан хүн ч байна. Улайм, цайм өөрсдөө тийм хууль гаргаж, тайлбарлачихаад одоо тийм биш гэж байгаа нь зүйд нийцэхгүй. Нөхрөө өмөөрч, зөвтгөж болно. Гэхдээ хуулийн үндэстэй байх хэрэгтэй. Ингэж болохгүй.

-Тухайн үед дэслэгч генерал Ч.Амарболд Дотоодын цэргийн командлагч биш байсан гээд байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Дотоодын цэргийн тухай хуулийн тавдугаар зүйлд Монгол Улсын цагдаагийн төв байгууллагын дарга нь Дотоодын цэргийн дарга байна гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Цагдаагийн ерөнхий газрын дарга, даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс нэгэн зэрэг Дотоодын цэргийн командлагч байна гэсэн үг. Тэр ч утгаараа Ч.Амарболд генерал “Долдугаар сарын 1”-нд Дотоодын цэргийг удирдаж, хөдөлгөсөн байх. Тэр ч утгаараа Дотоодын цэрэгт үүрэг, чиглэл өгч ажиллаж байсан байх. Одоогийн Цагдаагийн ерөнхий газрын дарга ч Дотоодын цэргийн командлагч байгаа. Хууль нь тийм юм. Хэрвээ Ч.Амарболд Дотоодын цэргийн командлагч биш байсан бол албан тушаалаа хэтрүүлэн “Долдугаар сарын 1”-нд Дотоодын цэрэг оруулсан байж таарч байна. Хэрвээ тэгвэл Засгийн газар бүхэл бүтэн төрлийн цэргийг командлалгүй орхисон болж таарч байна. Тийм юм байхгүй. Яагаад гэвэл хуульд тодорхой заачихсан. Ийм учраас Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, түүнд хяналт тавьсан прокурор, улсын яллагч генерал, хурандаа нарыг гэм буруутайд тооцож шүүхэд шилжүүлсэн зэрэг нь хуулийн хүрээнд явж байгаа.

-Ч.Амарболдын өмгөөлөгч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тодорхойлт авсан байна лээ. Тодорхойлолтод дурдсанаар 2008 оны долдугаар сарын 1-нд Ч.Амарболд генералыг Дотоодын цэргийн даргаар Засгийн газар томилоогүй байсан юм биш үү?

-Өмгөөлөгч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гэдэг хүний гарын үсэгтэй бичиг барьчихсан гүйж явна лээ. Дээр би тайлбарлаоан, Цагдаагийн дарга юм уу, цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүн Дотоодын цэргийн дарга байдаг юм гэж.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд хүртэл хуульд байхгүй зүйлчлэлээр яллаж байгаа тухай мэдээлэл хийсэн. Сайд өөрөө хуулиа мэдэхгүй байна уу?

-Хууль зүй, дотоод хэргийн яам, цагдаа өөрөө Монгол Улсын шүүх биш. Гэтэл өнөөдөр шүүхийг ажиллуулахгүй, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байна. Улстөрчид хаана ч билээ хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хууль байдаг. Тийм учраас тэгж дураараа ярьдаг байх. Тэд шүүх биш. Шүүх бол тусдаа.

-Шүүх гэм буруугийн тухай эцсийн шийдвэр гаргадаг. Гэтэл Улсын ерөнхий прокуророос “Цагдаа хүн буудсан гэдгийг хөдөлшгүй баримтаар тогтоосон” гэх утгатай мэдэгдэл гаргасан. Ингэж болдог юм уу?

-Хөдөлшгүй нотлох баримтаар нотолсон гэж үзэж шүүхээр шийтгүүлэхээр шилжүүлэх эрх цорын ганц яллагчид байдаг. Ийм, ийм нотлох баримт байгаа учраас, энэ хүнийг буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тийм зүйл ангиар шийтгүүлэхээр яллах дүгнэлт бичиж шүүхэд оруулж байна гэж хэлдэг. Хэрвээ эргэлзээтэй, нотолгоогүй байсан бол шүүхэд оруулах ёсгүй. Тиймээс прокурорын байгууллага хангалгтай нотлох баримт байна гэж үзсэн. Үүнийгзэ ч тайлбарласан.

-Хурандаа нарыг үймээний үеэр хүн буудсан хэргээр буруутгаж байна гэсэн ойлголт бий. Гэтэл үймээний үеэр хэн гэдэг цагдаа хэнийг буудсан бэ гэдгийг өнөөг хүртэл шалгаж байгаа биз дээ. Ялгааг нь тайлбарлаад өгөөч.

-Цагдаагийн удирдлага, хүн буудсан цагдаагийн хэрэг хоёрын хольж ойлгоод байна. Цагдаагийн дарга нар үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлага алдснаас болж хүний амь нас хохирсон хэрэгт буруутгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, цагдаа, дотоодын цэрэг нийгмийн аюулгүй байдлыг хангаж, хэв журмыг сахиулах ёстой болохоос хүн алаад явж байх ёсгүй. Цагдаагийн дарга нар өөрсдөө хүн буудах үүрэг, тушаал өгөөгүй гэдэг. Тэгэхээр тэд нар хариуцлагагүй байж, хүмүүсээ зөв удирдаж чадаагүйгээс хүний амь хохирсон хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Хүний амь нэхэл хатуутай байдаг. Хэзээ ч хуучирдаггүй. Хүн амины, тэр тусмаа дөрвөн хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн бууны суманд шархадсан тэр хэрэг зүгээр мартагдаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагддаг ч юм уу өнгөрөхгүй. Хэн ч байсан өнгөрөөхгүй. Үеийн үед яригдаж, шалгагдах асуудал. Энэ хэргийг тэгсхийгээд өнгөрүүлчихнэ гэж бодож байгаа хүн байгаа бол болдоггүй юм. Дараа дараагийн хуульчид, шүүгч, прокурор, араас нь нэхэл хатуутай явж байгаа ар гэрийнхэн нь ийм боломж олгохгүй.

-Тэгвэл хүн буудсан цагдаагийн хэргийн мөрдөн байцаалт өнөөг хүртэл үргэлжилж байгаа гэсэн үг биз.

-Энэ, энэ буугаар буудсан гэдэг нь шинжээчийн нотлох баримтаар тогтоогдсон. Тэр бууг барьж байсан хүмүүсийн хэн нь хэнийг буудсан бэ гэдгийг тогтоох боломжгүй байгаад байгаа. Өөрөөр хэлбэл, нэг хүн дөрвүүлэнг нь буудсан юм уу, эсвэл дөрвүүлээ нэг нэгээр нь буудсан уу гэдгийг тогтоож чадаагүй байна. Үүнийг тогтоох ажиллагаа явагдаж байна. Энэ бол шууд галт зэвсэг хэрэглэж, хүний амь нас хохироосон гэх зүйл ангиар шалгагдаад явж байгаа.

-Иргэд хүн буудсан буруутай этгээдэд ял оноохыг хүлээж байгаа. Ер нь хэн нь, хэнийг буудсаныг олж тогтоож чадах болов уу?

-Олохын төлөө, тогтоохын төлөө ажиллаж байна.

-Дөрвөн хүний амийг хөнөөсөн, цөөнгүй хүнийг гэмтээсэн хэрэгт Эргүүл хамгаалалтын газрын арваад цагдааг шалгаж байсан. Гэтэл заримыг нь гадаадад сурахаар явчихсан гэх юм. Гэмт хэрэгт шалгагдаж байгаа бол гадаадад явж болдог юм уу?

-Тэднийг шалгаж байгаа. Миний ойлгож байгаагаар тэр хүмүүсийг шалгаж байгаа. Гадаадад явж байгаа зэрэг нь худлаа байх.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан хүний хэргийг сэргээж болдоггүй. Ийм тохиолдол гарч байгаагүй гэх юм.

-Тохиолдол гэж юу яриад байна вэ. Урьд нь тэр хүмүүс цэргийн биш жирийн дарга нарын хувьд албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Намайг Ерөнхий прокурор болсны дараа хохирогчдын ар гэрийнхэн “Та нар буруу зүйл ангиар зүйлчилж энэ хүмүүсийг ялаас чөлөөлж хаялаа” гэсэн өргөдлийг өмгөөлсөн. Бид тэр хүмүүсийн өргөдлийг хэлэлцэж шалгах ёстой гэж үзсэн учраас хэргийг нь сэргээсэн. Прокурорын байгууллагын тухай хуульд заасан эрхийн дагуу хийсэн ажил.

-Хурандаа нар өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахдаа гэм буруугаа хүлээсэн гэж ойлгож байгаа. Гэтэл өмгөөлөгч нь “Гэм буруугаа хүлээсэн нэг ч бичигт гарын үсэг зураагүй. Тийм зүйл байхгүй” гэх юм. Гэм буруугаа хүлээгээгүй байхад өршөөж болдог юм уу?

-Аливаа Эрүүгийн гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байгаа хүн шалгагдаж байх явцад нь Өршөөл үзүүлэх тухай хууль гарах юм бол хоёр сонголтын нэгийг хийх болдог. Нэг бол гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зураад өршөөлд хамрагддаг. Эсвэл гэмт хэрэг үйлдээгүй учраас дуустал нь шалгуулна, өршөөлд хамрагдахгүй гэж хэлээд хэргээ дуустал шалгуулдаг. Тэгэхээр түрүүчийн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаад, хэрэг нь дууссаныг бодоход холбогдогчид гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх. Тиймгүй бол өршөөлгөөд байх зүйлгүй, шалгуулна гэх байсан.

-Үймээнийг эхлүүлсэн О.Магнай, Ж.Батзандан нарыг дахин шалгаагүй байж хурандаа нарт ял оноох гэж байна гэсэн яриаг иргэдийн дунд түгээж байна. Үймээний гэх тодотголтой бусад хэргийг яагаад сэргээгээгүй юм бол?

-Хурандаа нарт холбогдох хэргийг сэргээж, шалгах хууль зүйн үндэслэл байсан. Бусдыг нь хууль зүйн үндэслэлгүй учраас шалгах боломжгүй.

-Үймээний үеэр хүн буудуулсан хэргийг ганц УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгасан учраас буруутан олдохгүй байна. Эрүүгийн цагдаагаас ч юм уу хүч нэмэгдэх ёстой байсан гэх юм. Тийм боломж байгаагүй юу?

-Нэгдүгээрт, энэ асуудал хуулиар зохицуулагддаг. Цагдаа болон тодорхой төрлийн тусгай албан хаагчдын үйлдсэн, өдүүлсэн хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгадаг. Хоёрдугаарт, тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгах хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн байдаг.

-Шүүх хурандаа Г.Ганбаатарт холбогдох хэргийг тусгаарласан, бусдад нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан зэргийг улстөржсөн шийдвэр гэсэн хардлага байгаа. Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхийлөгч дуудаж уулзсан ч энэ өнцгөөс хараад байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хуулийн байгууллага ажлаа хийж байна. Шүүх хуулийн дагуу ажлаа хийж байна. Хэн улстөржөөд байгаа юм бэ. Хэргийг тусгаарлах уу, салгах уу, хурлыг хойшлуулах уу гэдгийг шүүх мэддэг. Ганц энэ хэрэг биш олон хэргийг тусгаарлаж шийддэг. Үүнд улс төрийн ямар ч утга учир байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын даргад үүрэг даалгавар өгсөн тухайд гэвэл шүүхээс прокурорын байгууллага Ерөнхийлөгчид өгсөн “Шүүхийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй боллоо” гэсэн тайлбартай холбоотой байх. Тэр тайлбар Засгийн газар гээд бусад байгууллагад ч очсон байх. Шүүх засаглын шүүн таслах үйл ажиллагааг явуулахгүй бол юу болох билээ. Гэмт хэрэгтэн, бусад хүмүүс яах уу. Энэ чинь төрийн аюулгүй байдлын нэг хэсэг мөн биз дээ. Тиймээс Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд ч, прокурор ч, Засгийн газар ч анхаарал хандуулах нь зүй. Xэн нэг нь анхаарал хандуулах ёстой. Надад хамаагүй, та нар дураараа бол, шүүхээр шийдэхгүй байж болно гэж хандах эрх тэр хүмүүсийн хэнд ч байхгүй.

-Та хурандаа нарыг шүүх хурлын эргэн тойронд болсон үйл явдалд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Шүүхийн үйл ажиллагаанд одоохондоо дүгнэлт хийж болохгүй.

-Шүүгчийн халдашгүй байдлыг зөрчиж, Ч.Хосбаяр шүүгчийн биед халдсан. Үүнийг УЕП-дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа юу?

-Тийм зүйл гарсан байна лээ. Одоохондоо шүүгчид халдсан хүмүүст Эрүүгийн хуульд зааснаар хэрэг үүсгэж шалгаж өгөөч гэсэн гомдол ирээгүй байна. Харин тус хурал хэвийн явуулах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Хэрвээ тодорхой хүн заагаад үндэслэл бүхий гомдол ирвэл бид шалгах үүрэгтэй.

-Хурандаа нарыг ялласан Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.2 дахь заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц шалгаж эхэлсэн юм байна. Цэц маргааныг шийдтэл хурандаа нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцална гэсэн үг үү?

-Уг нь надад хариулт байнгаа. Гэхдээ шүүхийн асуудал учраас хариулахгүй. Прокурорын зүгээс үүнд байр сууриа илэрхийлэх шаардлагагүй.

-Үндсэн хуулийн Цэц гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл хурандаа нарт холбогдох хэрэг замхарна гэсэн үг үү. Эсвэл дахиад өөр зүйл ангиар шалгаж эхлэх үү?

-Цэцийн шийдвэр яаж гарахаас олон зүйл шалтгаална. Цэц дээр зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ хуулиа юу гэж үзэх юм. Цэцийн шийдвэрийг зөвшөөрөх юм уу, үгүй юм уу гээд олон асуудал гарна.

-О.Алтангэрэл өмгөөлөгчийн хэлснээр хэргийг түдгэлзүүлэх үү?

-Үүнд шүүх хариулна. Прокурор хэргээ боогоод шүүхэд өгчихсөн. Цаашид шүүх л шийдвэр гаргана.

-Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэсэн байр суурий шүүгдэгчдийн ар гэрийнхэн илэрхийлж байгаа. Тийм боломж бий юү?

-Нээлттэй, хаалттай явуулах эсэхийг шүүх шийддэг. Танин мэдэхүйн хувьд хэлэхэд, улсын нууцад хамаарна гэсэн тэмдэг дарсан цаас байх л юм бол тухайн асуудлыг ил яривал хууль зөрчсөн болно.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car