antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2011 Comments are off

Хуаран хотоос дайжицгаая!

нийтлэсэн Admin

Улаанбаатарчууд утааны хоронд идэгдсээр эрүүл мэндээрээ хохироод 15 магадгүй түүнээс ч олон жилийг ардаа орхилоо. Энэ өвлөөс эхэлж нийслэлийн утааг гамшгийн байдлаас нь бүрмөсөн биш юм гэхэд дор хаяж 10-20 хувь бууруулна хэмээн төр засаг, НЗДТГ-аас тооцоолоод байгаа.

Одоохондоо цаг агаар дулаахан болохоор энэ том зорилт бодит амьдрал дээр ямар түвшинд хэрэгжиж байгааг тодорхойлж хэлэх боломжгүй юм.
Харин чимээгүй утаан тахал нь нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насанд шууд нөлөөлж, утаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл жил ирэх тусам өсч, нийслэлчүүдийг хавдраар өвчлүүлэх нэг шалтгаан болсныг эмч, мэргэжилтнүүд сануулсаар олон өвлийг өнгөрөөсөн нь бодит үнэн.
Харин энэ олон жил ярьж байгаа энэ сануулгыг төр засаг, эрхэм төрийн түшээд, Улаанбаатар хотын удирдах албаны хүмүүс чихгүй мэт үл тоомсорлож ирсэн. Тэр ч байтугай утааг бууруулах ийм ч, тийм ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээн утаагаар хөлжиж баяжсан эрхмүүд ч бий. Тэдэнтэй утааг хэрхэн бууруулсан, ямар үр дүнтэй ажил хэрэгжүүлсэн талаар эргэж хариуцлага тооцож, хохирлыг барагдуулалгүй байсаар 2011 оны өвөлтэй золгож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, нийслэл Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд байна! гэж анхааруулсны дараа утааг тойрсон яриа гарч нийгэм тэр аяараа сэрсэн гэж болно. Утаа бол олон жилийн угшилтай асуудал төдийгүй өнөөдөр гамшигт аюул болж нийслэл хотыг минь нөмөрдөг уламжлалыг энэ өвөл бага боловч бууруулж чадах болов уу…
Тэгвэл Монгол Улс, эх оронд маань өнөөдөр утаатай адилхан гамшгийн хэмжээнд хүрсэн олон асуудал байна. Зөвхөн олны анхааралд өртөөд байгаа нь л утаа. Тухайлбал, байгаль орчин болон хөрс, усны бохирдол, цөлжилт гэдгийг монгол хүн бүхэн мэднэ. Өнгөрсөн 20 гаруй жилд бидний бодлогогүй хийсэн эрсдэлт алхам бүрийн цаана “Монгол хүн” хохирч, хэлмэгдсээр байгааг яалтай.
Ардчилсан Монгол Улсад олон нам, олон ургальч үзэл санаа байж үзэл бодлоо уралдуулж, ажил хэргийг эхлүүлж байдаг ч нэг л биш. Өнөөдрийн монголчууд ганцхан зүйл дээр нэг зүг харж, нэг зорилготой байх учиртай. Энэ бол үндэсний эрх ашиг хэмээх “Монгол хүн” бүхний эрх ашиг, эрүүл мэнд байх ёстой. Монгол Улсын иргэн бүхэнд улс, эх орныхоо өмнө хүлээсэн эрх, үүрэг хариуцлага байдаг.
Уул уурхайгаас эхлээд ашиг орлогоо нэмэгдүүлэх өргөн боломж Монгол Улсад бий болсон энэ хариуцлагатай шинэ хөгжлийн гараан дээр ирээд байгааг монголчууд төдийгүй дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч байна. Харин бидний хэрэгжүүлэх  үйл ажиллагаа нь хэн нэгний эсвэл бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын төлөө байх ёсгүй. Харин бүхнээс түрүүнд Монгол Улсын иргэн бүхний эрх ашигт нийцсэн, Монголын газар нутаг, байгаль орчныг сөргөөр нөлөөлөхгүй ийм үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь төр засгийн эрхэм үүрэг байх ёстой.

   Их нүүдэл биднийг хөгжилд хүргэсэн үү?

Өнөөдөр энэ байдал эсрэгээрээ эргэчихээд байна. Хамгийн тэргүүн зэргийн асуудал Монгол хүний эрүүл мэнд, амьдралын баталгаа байх ёстой. Уул уурхайн орд газруудаас бид асар их ашиг олж, Монголд үсрэнгүй хөгжлийг авчирна хэмээн Монгол орныхоо хөрсийг нь эргүүлж, ухаж төнхөн дэлхийн цөлжилтийн төв нутаг болгочихоод байгааг яалтай. Газар нутаг нь цөлжиж, хүн амьдрах нөхцөлгүй болсон нутгийн иргэд төрсөн нутгаасаа дайжиж нийслэл Улаанбаатар хотын хүн амыг сүүлийн 20 жилд бараг 2,5 дахин өсгөж орон нутгаас төв рүү дайжсан хүн амын бөөгнөрлийн хуаран хот болгоод байна. Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь болох нэг сая 200 мянган иргэд нь дөрвөн уулын дундах 470 хавтгай дөрвөлжин км нутаг дээр шавааралдан амьдрах болсон.
Цэвэр, бохир усны ямар ч сүлжээ байхгүй ил задгай хөрсөндөө бохир бүхнээ шингээдэг гэр хороолол уул толгод даван тэлсээр хот гэхээсээ хуаран мэт болжээ. Тиймээ, гуу жалга, уул давааг дамнуулан үргэлжилсэн гэр, арзайж сарзайсан банзан хашаагаар хүрээлэгдсэн нийслэлчүүд халдварт бус өвчнөөр өвчилж, эндэх нь эрс нэмэгдсэн. Тухайлбал, эмнэлэгт хэвтэж буй хүүхдийн ихэнх нь хоёр сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүд байгаа нь үүний тод жишээ. Энэ насны хүүхэд нь агаарын бохирдол, хуурайшилт, утаа, тоосны бохирдолд бусад насныхнаас илүү өртөмтгий учраас өвддөг байна. Ер нь амьсгалын замаар халдвар авч эмнэлэгт хандах хүүхэд жил ирэх тусам өсч байна.

Эх нялхсын эрдэм шинжилгээний төв/ЭНЭШТ/-ийн амбулаторид 2004 онд үзүүлсэн хүүхдийн тоо 60 мянга байсан бол  таван жилийн дараа 136 мянга болсон нь үүний бодит жишээ. Өнөөдөр энэ тоо буураагүй л болов уу. Эдгээр хүүхдийн дийлэнх нь амьсгалын замын өвчлөл буюу уушигний гуурсан эдийн агшилт, хатгалгаа, цагаан мөгөөрсөн хоолойн эмгэг, уушгины хавдар зэрэг бусад төрлийн эмгэгээр өвчилдөг байна. Агаарын бохирдлыг шууд мэдэрч өвчилсөн нь энэ балчирхан үрс. Харин хүүхэд, залуус, ахмад буурлуудаас эхлээд нийслэлчүүд агаарын бохирдлоос үүдэлтэй ямар нэгэн өвчин тээж яваа нь өнөөдөр чимээгүй ч аажимдаа илэрч өвчлөх нь цөөнгүй. Энэ бол Улаанбаатарт нүүрлэсэн утаа, тоос шорооны бохирдлоос л бий болсон гамшиг яах аргагүй мөн.
Хэтийн төлөвлөлт, бодлогогүй Улаанбаатарын ойрын ирээдүй маш бүрхэг байгааг батлах ганцхан жишээ энэ. Өнөөдөр Улаанбаатарын амьдрал инерцээрээ л явагдаж бэрх зовлонгоо дааж ядсан амьтан болчихоод байна. Өргөн уудам нутагтай монголчуудыг нэг дор шавааралдуулж, амь тэмцүүлж байх ашиг сонирхол хэн нэгэнд байхгүй л баймаар…
Өнөөдөр харийн үндэстэн дамнасан том компани, корпорциудаас эхлэн олз ашиг хайсан гадаад, дотоодын доншуурчид бидний эзгүйрсэн газар нутаг, таны өсч төрсөн нутаг усыг тань орвонгоор нь эргүүлж, ухаж төнхөн элсэн цөл болгосоор… Нийслэлдээ 6-7 аймгийн хүн амтай дүйцэхүйц иргэд шилжин ирээд байгааг юу гэж тайлбарлах вэ! Шилжин ирэгсдийн орхиж одсон нутаг орон нь эзгүйрсээр байна. Харин тэр орон зайд хаанахын хэн гэгч ирж дураар дургих боломжийг нээж өгч байгааг бид мэдэхгүй л явна. Газар нутаг өнөө үед хамгийн их хэрэгцээт баялаг, улс орны үнэт эрдэнэ гэдгийг биднээс өөр улс орны иргэд дэндүү сайн мэддэг гэж болно. Өргөн уудам нутаг минь монголчуудын хувьд юугаар ч сольж болшгүй өмч, баялаг, бас хөгжих, дэвжих хамгийн таатай боломж. Харин манай улсын аймаг, сум, багийн төв эзгүйрч, хөдөө орон нутагт нь өвөлжөө, хаваржаа эзэнгүйдэж байгааг яалтай билээ.
Төрийн бодлогоор орон нутагт өөрийгөө хөгжүүлэх бүх боломж, санхүү, эдийн засгийн эрх мэдлийг нь өгч, төрөөс дэмжлэг үзүүлж хөхиүлэн дэмжих хэрэгтэй атал Улаанбаатараас, Засгийн газраас, УИХ-аас аймгийн төсөв, санхүүг нь хөтөлж, эрхийг нь хязгаарладаг нь хөдөө, орон нутгийг эзэнгүйдүүлсээр байна. Өнөөдөр төрсөн орон нутагт нь Улаанбаатар хот шиг хүний хэрэгцээт худалдаа үйлчилгээтэй, цахилгаантай, сургууль, соёлтой, орлого олох эх үүсвэртэй бол заавал нутгаасаа дайжиж нийслэлийг зорих гэхгүй л болов уу. Зам дагаж хөгжил гэдэг шиг хаана хүн байна тэнд ажил, амьдрал өрнөх нь мэдээж. Өнөөдөр иргэнд хувь, хишиг гэж үргүй зардал гаргаж ард иргэдээ түр зуур амь зогоох төдийгөөр хуурч бэлэнчлэх сэтгэлгээтэй сул дорой нэгэн болгох хэрэг байна уу? Үүний хорт үр дагавар нь олон халамжийн иргэдийг төрүүлдэг гэдгийн жишээг Грек орны жишээ харуулж байна бус уу… Ямар ч зорилгогүй зарлагадаж байгаа олон зуун тэрбумын хишгээ эзгүйрсэн нутаг орныг нь дэд бүтэц, зам харгуйтай, гэрэл цахилгаантай болгоход нь зарцуулж бүтээн босговол иргэд маань ажил, орлоготой болж төрсөн нутагтаа ая тухтай амьдарч, жинхэнэ хөгжил ирмээр юм.

                 Нийслэлээс нутгаа тэтгэх бус очоод хөгжүүлье!             

Монголчуудын төрсөн нутаг ус, газар шороо, алтан нутаг минь гэдэг нөгөө жалга довны үзэл, нутаг амь нь хий хоосон зүйл бололтой. Хот бараадаж суучихаад нутаг орноо харж үзэж байна гэж ганц нэг удаа очиж, суварга босгож, уул овоо тахиж, наадам хийж хурдан морь уралдуулж нутаг орноо талхалж байгаагаа төрийн эрхэм түшээд их том үйлс бүтээсэн мэт маадайх нь нутгийн зон олноо доромжилж, дорд үзэх болсны илрэл бус уу?      Таны өсч төрсөн нутгийн гол ус нь ширгэж, хатаж, хээр тал, уул толгод нь цөлжин гундаж, ой хөвч нь устаж бохирдож, үгүйрэн эзгүйрч байгааг нутгаасаа дайжсан нутгийн уугуул иргэн Та нэгийг эргэцүүлж бодмоор юм. Өвөг дээдэс, аав ээжийн тань унаган нутаг эзэнгүйрчихээд байхад Та хотын иргэн болох гэж Улаанбаатарын хог, үнс, утаа, тоос шороон дотор ажилгүй, өлмөн зэлмүүн, согтуу хөлчүү, ая тухгүй таваргаж явах ч гэж дээ…
Энэ бол өнөөгийн төрийн буруу бодлогын үр дагавар, бас иргэн таны ч буруу бий. Нутаг амьтай монголчууд минь! Улаанбаатарт аж амьдралаа дээшлүүлэх гэж нутгаасаа дайжсан иргэддээ төр нь боломж олгоё. Нутаг усандаа очихыг хүсч байгаа иргэн, айл өрхөд төрөөс нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгож, илгээлт өвөрлүүлэн явуулах уриаг дэвшүүлье! Төрсөн нутгаасаа дайжсан иргэдэд аж амьдралаа өөд татах санхүүгийн эх үүсвэр, ажлын байрыг нь гаргаж өгвөл амьдралаа өөд татчих боломж нь бий болсон. Ганцхан төр засгийн дэм тус чухал байна. Хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэддээ /хөдөө, орон нутийн нэмэгдэл гэдэг шиг/ тодорхой тэтгэлэг өгч урамшуулдаг болъё. Төрсөн нутагтаа шинэ зууны хөгжлийг аваачиж, ая тухтай, хангалуун сайхан амьдрах хөдөлгөөнийг “Монголоо” гэсэн сэтгэлгээг залуу үеийнхний дунд өрнүүлье. Монгол Улсыг ганц Улаанбаатар хотоор төсөөлдөг сэтгэлгээг өөрчилж, төрсөн нутаг орноо хөгжүүлэх үйлсэд нэгдэцгээе!
Орчин үед хүн төрөлхтөн эрүүл, цэвэр орчинд аж төрөхийг хүсч тэмүүлж байна. Хаана цэвэр байгаль, агаар, ус байна тэнд хүмүүс очиж амьдрахыг хүсч, эрүүл, таатай орчин нөхцлийг бий болгож байна. Техник технологийн хөгжил асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа мэдээллийн технологийн эрин зуунд бид амьдарч байна. Бид хүссэн хүсээгүй мэдээлэл технологийн эрин үед аж төрж байгаа гэдгээ мартах ёсгүй. Өнөөдөр дэлхийдээ багтаж ядах болсон хүн төрөлхтөн алс холын эзгүй хээр тал нутгаар төдийгүй сансар, огторгуйгаар орчин цагийн аж амьдралыг цогцлоон бий болгох эрэлд мордоод байгаа билээ. Харин эрүүл, цэвэр байгаль орчин, эрүүл хүнс, хоол, ундны ус хамгаас чухал. Энэ бүхэн байвал өнөөгийн хүмүүс урт удаан, амар тайван аж төрөхийн эх үндэс нь гэдгийг хүн бүр мэддэг. Тэгвэл бидэнд төрсөн нутаг орондоо энэ бүхнийг бий болгох өргөн боломж нь нээлттэй байна.
Өнөөдөр бидэнд өвөг дээдсээс үлдээсэн арвин баялаг, уудам газар нутаг байна. Харин цөөхөн монголчуудын хувьд энэ нөөц баялгаа хэрхэн зөв ашиглаж хөгжих вэ? гэдэг цоо шинэ хөгжлийн гараан дээр бид ирээд байгаа билээ. Монголчууд хөгжин бадрах уу, уруудан доройтох уу ? гэдгийг шийдэх тун хариуцлагатай торгон зааг дээр зогсож байна. Монголчуудыг төдийгүй дэлхий дахин Монголыг таньж мэдэх, хамтдаа хөгжих он жилүүдийг  угтан авч байгаа нь нэн таатай. Харин хөгжлийн шинэ зорилтоо алс хэтийг харж зөв тодорхойлж хэрэгжүүлэх тун хариуцлагатай цаг үе ирлээ. Иргэн бүхэн ажилтай, орлоготой, эрүүл энх, хангалуун амьдрах бүх таатай нөхцөл бүрдээд байна. Хөгжилд хүрэх олон гарцаас хамгийн зөв, эрсдэл багатай, ашигтайг нь сонгож авах нь чухал юм. Монголчуудад төрөлх нутаг орноо хөгжүүлэх, шинэ хөгжил, дэвшилд хүрэх өргөн боломжоо ашиглах цаг ирлээ.
 Д.Өлзийсайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car