Монгол Улсын Засгийн газар уг нь зөндөө л ажил санаачилж, зохион байгуулах аж. Гэвч заримдаа мах, бензинийнхээ үнийг барьж дийлэхгүй байж Таван толгой гэж юун том том юм ярьдаг юм бэ гэж хэлмээр санагдах үе гарах юм.
Аливаа бүхэн энгийнээс эхэлдэг. Ард амьдралд өнөөдөр мах, бензин гэсэн өчүүхэн асуудал л дарамт үзүүлээд байхад ийм энгийн зүйлийг зохицуулж, барьж чадахгүй байгаа нь манай төр засгийнхны чадамжийг элдэв тайлбаргүйгээр харуулна.
Энэ долоо хоногт л гэхэд нөөцийн махны үнэ 1800 төгрөгөөр нэмэгдэж, тал дүүрэн малтай гэж онгирцгоодог монголчуудыг таваг дүүрэн будаа, тавхан ширхэг махны өөдөстэй хоол идэхэд хүргэж байна. Малынхаа махыг идэж чадахгүйдээ хүрч буй нийслэлийнхэн тахианы махыг сүүлийн үед түлхүү хэрэглэж, үүнтэй холбогдуулан шувууны импорт ч өсөх янзтай боллоо.
Нэлээд хэдэн жилийн өмнө боломжтой айл л тахианы махаар зоог барьдаг байсан бол өдгөө боломж муутай нь тахиа шувуугаар хооллож байгаа нь бодит үнэн юм. Тэгэхээр монголчууд хүнсний гол хэрэглээ болох махаа хүртэл гаднаас зөөж, гадныханд хөрөнгө оруулах зам нь улам л өргөсөөд байгаа нь манай эдийн засаг буруу гольдролоор явж буйг илтгэнэ.
Ямартай ч Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Махны холбоо, Нийслэлийн захирагчийн ажлын алба зэрэг байгууллагаас хамтарч жил бүр үнийн хөөрөгдлөөс сэргийлж, нөөцийн мах бэлтгэдэг ч энэ жил уг асуудал нэлээд бэрхшээл дагуулж байна.
Мэргэжлийн хяналтын албаны Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ж.Алтанзул ярихдаа “Энэ жилийн хувьд нөөцийн махыг 2600-3700 төгрөгөөр худалдаалж эхэлсэн. Гэвч нөөцийн мах бэлтгэгч компаниудын зүгээс алдагдал гарч байна гэж үзсэний дагуу махны үнийг нэмэхээр болсон. Үхэр 5500 төгрөг, ямаа 4100 төгрөг, хонины махыг 5100 төгрөгөөр худалдаалах шийдвэр гарсан байна лээ” гэв.
Тэгэхээр 2600-3700 төгрөгийн хооронд худалдаалагдаж байсан нөөцийн махыг Монголын махны холбоо тэргүүтэй хэдэн компани бараг 6000 хүртэлх төгрөгөөр нийслэлчүүдэд зарж, ахиухан ашиг олохоор шунаж эхэллээ. Өөрөөр хэлбэл нийслэлийг махаар хангах үүрэг авсан 21 компани том том зоорь, хөргүүрүүдийнхээ ачаар намар нядалж, хадгалсан махаа одоо ард иргэдэд хоёр дахин өндөр үнээр зарж, борлуулахаар санаархах болжээ.
Өнгөрсөн намар нөөцөлсөн 12 мянган тонн мах хүрэлцэхгүй дууссан учраас дахин 15 мянган тонн мах худалдаанд гаргахаар ажиллаж эхлээд байна гэдэг үг үнэндээ зүгээр л хөшиг юм. Яагаад гэвэл махны компаниудын мах дуусаагүй болов уу гэж хардаж байна. Магадгүй албаар махны хомсдол үүсгээд ч байгаа юм бил үү, хэн мэдлээ. Ер нь тэгээд нөөцийн махыг үнийн хөөрөгдлөөс сэргийлж биш харин ч эсрэгээрээ үнэд оруулах гэж нөөцөлдөг юм биш үү гэсэн бодол төрөх боллоо.
Нөөцийн махыг үнэд оруулах байсан юм бол яах гэж нөөцөлж, дарсан юм, эсвэл Засгийн газар, ХХААХҮЯ болон бусад холбогдох газрынхан өөрсдөө бизнес хийгээд байгаа юм уу гэсэн сэрдлэг төрөх ч энүүхэнд байна.
Нөгөөтэйгүүр Засгийн газар маш их үр ашиггүй зардал гаргаж байгаа аж. Энэ жил л гэхэд 12-хон мянган тонн мах бэлтгүүлэхийн тулд улсаас 8 орчим тэрбум төгрөг махны компаниудад өгсөн юм билээ. Үүний оронд хангалттай хэмжээний зоорь барьж, 50 мянгаас дээш хэмжээний махыг намар бэлтгэж чадсан бол улсын нөөцөөс зах зээлд 2000-3500-аар үнэлэгдэх махыг нийслэлчүүдэд нийлүүлж болох байлаа. Гэтэл зоорь байхгүй, бас дээр нь төр засгийнхан хувийн компаниудтай нэг түрүүвчтэй болчихсон сууж байгаа нь тун тоогүй гэсэн яриа олон нийтийн дунд хэдийнэ газар авчээ.
Бензиний үнийн асуудал ч гэсэн монголчуудын нуруун дээр мөнхийн том ачаа болсоор байна. Оны босгон дээр нефть импортлогч компаниудын үгсэн хуйвалдсан шалтгаанаас болж шатахууны үнэ 260 төгрөгөөр огцом нэмэгдэж, 1830 төгрөг болсон. Харин Засгийн газар, холбогдох яам, агентлаг ард түмнийг шулах гэсэн арга ядсан энэ ажиллагааг нэлээд шахаж, шаардсаны хүчинд 50 төгрөгөөр эргүүлэн буулгасан билээ. Тодруулбал, “Петровис”, “Шунхлай”, “Сод-Монгол” АИ- 92 шатахууныхаа үнийг литр тутамд 50 төгрөгөөр татсан. Ингэснээр АИ-92 1680 төгрөг болж хямдарсан шүү дээ. Тэгэхдээ энэ бол Засгийн газрын хувьд гавьяа байгуулсан хэрэг биш. 260 төгрөгөөр нэмснийг 50-хан төгрөгөөр буулгасан нь нүглийн нүдийг гурилаар хуурсантай адил явдал юм. Үүнээс үзвэл улс өөрөө нефть боловсруулах үйлдвэртэй болохын зэрэгцээ өөрсдөө нөөцийн махаа бэлтгэх цаг ч болсон аж.
Харин энэ асуудалд иргэд Засгийн газрыг шууд буруутгах болжээ. Тухайлбал:
“-Махны үнийг тэнгэрт гаргасан хар Засгийн газар гэж нэрлэмээр санагдаж байна. Монголчуудын хэдхэн гол хүнс байдаг. Мах, гурил, хүнсний ногоо гэхчлэн. Ердөө энэ хэдхэн юмаар нь тогтвортой хангаж чадахгүй л байгаа бол Монголд энэ Засгийн газрын хэрэг гэж огт алга!!!
-Улаанбаатар хотын сарын хэрэгцээ хэдхэн мянган тонн мах. Хавар болохоор л махны үнэ өсдөг нь шинэ зүйл биш. Гэтэл үнэ буулгах ёстой нөөцийн мах нь зах зээлийн үнээ даган өсч, бууруулах биш харин ч өсгөхөд нь нөлөөлж байна. Иймхэн ажлыг зохион байгуулж чаддаггүй Засгийн газрыг хугацаанаас нь өмнө бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэрэгтэй.
-Хотын менежер Ч.Бат махны үнэ нэмэгдэхгүй гэж хэлж байсан. Энэ хариуцлагагүй үг байсан юм уу. Магадгүй энэ үгнээс болоод олон хүн тайвширч, хямд байхад нь махаа авч чадаагүй байж болох юм. Зөрүү мөнгөө Ч.Батаас авах уу, Т.Бадамжунайгаас авах уу.
-Монголчууд ингэж байхдаа таарсан үхэрнүүд мөн дөө. Бие биеэ тойруулж мөлжсөөр байгаад ясан овоо л үлдэх юм байна. Барилгынхан, замынхан, хүнснийхэн, худалдаачид, боловсролынхон, малчид, ченжүүд, эмч нар, эрчимийнхэн, тээврийнхэн гээд л бүх салбар уралдан үнээ өсгөж, бие биеэ хэмлэх юм. УИХ, Засгийн газрыг даруй огцруулах хэрэгтэй.
-Яг хавар болонгуут нөөцийн махны борлуулалтыг огцом зогсоож, махны ханшийг тэнгэрт тулгаж байгаад өндөр үнээр зарах гэж байна. Ард түмэн тэдэнд ингэж доромжуулах гэж үү” гээд л иргэд тун бухимдалтай байна.
Ер нь явж явж муу муухай гээд байдаг Н.Энхбаяраасаа долоон дор байж болохгүй л баймаар санагдана. Цаадах чинь Ерөнхий сайд байх 2000-2004 ондоо өргөн хэрэглээний барааны үнийг хамгийн тогтвортой байлгаж чадсан гэгддэг юм билээ. Наад захын энэ мэт асуудлаас болоод монголчуудын сонголт эргээд урт шар дээлт дээр буух магадлал өндөр байгааг түүний өрсөлдөгчдөд дуулгахад илүүдэхгүй биз ээ.
С.Бэлэгмаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 24, 2012 12:20:53 pm )
mahnii une nemegdej ard tumen uilee barj ustei tolgoigoo zulgaaj yumnii une nemegdej yduuchuudiin egnee orgojin telj l bval ta nariin songoson duguilj zurj gishuun bolgoson humuus chini bayrlaj bayjij bylhaj bdgiig ard tumen medehgui bh yum daa hoorhii oorsiinhoo garaar 1 esondoo baychuudiig toruuleed daraa oorsdoo buhimdaad l ene jil ch bas bidniig molgidood garaad ireh bh daa ayaa humuusee uujim gegch ni amisgal avmaar bna bi ch bas buhimdaj bna
1 Comment