Хоёр жилийн өмнө дампуурлаа зарласан “Зоос”, “Анод” банкны асуудал өчигдөр байнгын хорооны хурал дээр ахин сөхөгдөж, багагүй маргаан үүсгээд байна. Засгийн газрын зүгээс “Зоос” банкны хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйн тулд тухайн үед 100 тэрбумын бонд гаргаж барьцаанд нь “Олон овоот”-ын алтны ордын лицензийг авсан. Гэтэл өнөөдөр энэ лиценз нь дөрвөн банк дамжаад төрд биш, энэ салбарт томоохонд тооцогддог “Жаст” группын мэдэлд чимээгүйхэн очсон байна. Тиймээс Засгийн газар ажлын хэсэг гаргаж 100 саяын эргэн төлөлтийг хянаж, багагүй бухимдалтай байна. Энэ талаар ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Н.Батбаяр нараас тодруулга авсан юм.
УИХ-ын гишүүн О.Чулуунбат:
-Энэ зуун тэрбумы төгрөгийн асуудал яагаад сөхөгдөх болов оо?
-Монголын Засгийн газар бонд гаргаж төсвийн ажлыг санхүүжүүлдэг болоод хэдэн жил болж байна. Хоёр жилийн өмнө “Зоос” банкыг хүнд байдлаас гаргах, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлэн олгох зорилгоор 100 тэрбумын бонд гаргасан. УИХ-ын гишүүд ч тодорхой мэдээллүүдийг нэхэж, нухацтай хандаж байж зөвшөөрөл өгсөн юм. Харин 2011 оны хоёрдугаар сард Засгийн газар дахин бонд гаргах хэрэгтэй гэсэн санал гаргасан. Тиймээс Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж урьд нь борлуулсан бондын ашиглалт, эргэн төлөлт ямар байгааг хянахаар болсон.
-“Зоос” банк зээл авахдаа барьцаалсан “Олон овоот”-ын лиценз олон банк дамжсан нь ямар учиртай юм бэ?
-Олон улсын практикаар төв банкнаас нь зээл олгох бол заавал барьцаа авдаг. Тэр барьцааг нь зах зээл дээр ил тодоор зарж борлуулж байж татвар төлөгчдийн мөнгийг төсөвт эргүүлж оруулдаг. Гэтэл “Олон овоот”-ын лицензийн хувьд энэ зарчим үйлчлээгүй. Би банкны салбарт ажиллахдаа сүүлийн 20 жил чанаргүй зээлийг битүүмжилж, төсвийн алдагдлыг нөхөх ажлыг хийж байсан. Гэхдээ ийм их мөнгөөр хэмжигдэх, ийм будлиантайг бол харж байгаагүй. “Зоос” банкыг дампууруулсан нь энэ “Олон овоот”-ын төсөл шүү дээ. Анх төслийг эхлүүлэхэд “Голомт”, “Худалдаа Хөгжлийн банк”, “Голомт”, “Анод” зэрэг банкуудаас хөрөнгө оруулалт авсан байдаг юм. Тиймээс лиценз нь олон банк дамжаад байгаа хэрэг. “Зоос” банк тэр үед үнэхээр хүнд байдалтай байсан гэдэг нь үнэн. Удирдлагуудын буруу үйл ажилагаанаас болсон. Гэхдээ өнөөдөр татвар төлөгчидөд очих ёстой мөнгө нэг хувийн компанид шилжсэн байгаа нь яах аргагүй хууль зөрчсөн үйлдэл. Цаагуур нь төрийн янз бүрийн будлиантай зохицуулалт орчихсон, муухай бизнесийн үнэр ханхлаад байна.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
-Энэ асуудлын цаана тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр байгаа гэсэн яриа хэр үнэний ортой вэ?
-Энэ 100 тэрбум төгрөг гэнэт алга болчихоогүй шүү дээ. Тухайн үеийн ханшаар бол нэг өрөө 4000 айлын орон сууц, тухайн үеийн 4 сая хонь авахаар мөнгө. Одоо ч гэсэн улсын төсөв хүнд байдалтай, иргэд 21 мянган төгрөг авах гээд урт дараалалд зогсож байна. МУ-ын төрийн мөнгөөр хэн нэгэн ингэж дураараа дургиж болохгүй ээ. Банк дампуурсан бол дампууралд хүргэсэн хүмүүст нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Цаад эзэн нь хэн байх нь хамаагүй, хариуцлага хүлээх л ёстой. “Олон овоот”-ын лицензийг төрд өгөхгүй хувьдаа ашиглаад байгаа хүмүүсийн хамсаатан нь нөлөө бүхий этгээдүүд байгаа учраас ингэж дураараа дургиж байгаа юм. Үүний цаана С.Баяр байгаа гэдгийг би баттай хэлнэ.
-Тухайн үед “Зоос” банкинд зээл өгөх асуудлыг шийдэхэд С.Баяр байсан юм уу?
-УИХ-ын гишүүн О.Чулуунбат бид хоёр, тухайн үед ажиллаж байсан Ерөнхий сайд, УИХ дахь хоёр намын бүлгийн дарга, Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга гээд олон хүн байсан. Өнөөдөр “Олон овоот” алтны уурхай Ц.Мянганбаяр гэдэг эзэнтэй байсныг “Жаст” группын Ш.Батхүү гэдэг хүн болгоод өөрчилчихсөн. Энэ бол хууль бус үйлдэл. Байнгын хорооны хурал дээр энэ мөнгө хэзээ эзэндээ очих вэ гэж асуухад Монгол банкны захирал, Сангийн сайд хоёр нь “би мэдэхгүй” гээд сууж байна. Харин “Жаст”-ынхан тэр алтны уурхайг бид ажиллуулж байгаад дахиад тав, зургаан жилийн дараа мөнгийг нь төлье гээд хүүгүй зээл авах санаатай байгаа байхгүй юу. Иргэдийн эрх ашгийг үл тоомсорлодог хувийн компаниуд төрийн толгой дээр гарч байгаагийн нэг жишээ энэ. Одоо “Олон овоот”-ын хамгийн ашигтай гэсэн томоохон ордуудын лицензийг салгаж авах гэж байгаа тухай дуулдаж байна. Энэ хариулт нэхсэн үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ.
Б.Баярмаа
24tsag.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.