Мандалговийн иргэдээс манай сонины редакцид хаягласан захидал ирлээ. Сүүлийн долоон жилийн турш нутгийнхны санааг зовоож, сэтгэл чилээх болсон хэд хэдэн асуудал байгаа ч түүний дотроос цэвэр усны асуудал хурцаджээ.
Учир нь усны асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй орчин, аймгийн болон улсын мэргэжлийн хяналтын албадынхны ажил үүргийн орхигдолт зэрэг асуудал хар аяндаа яригдана. Тиймээс олон асуудал жагсаалгүйгээр нутгийнхаа цэвэрлэх байгууламжийн талаар дэлгэрэнгүй тайлбар бичжээ.
Ашигт малтмалын орд, ашиглалтын зөвшөөрлөөрөө дээгүүрт бичигддэг тус аймгийн усны нөөц хэн хүний амнаас байнга уяатай явдаг. Тиймдээ ч “Усны доктор” Засаг даргатай гэчихвэл дэгсдүүлсэн болохгүй болов уу. Загасчны морь усгүй гэдэг шиг тус аймгийн хувьд шийдэгддэггүй ганц асуудал нь ч ус. Дарин дээр давс гэгчээр 2006 оноос хойш ажиллахаа больсон өнөөх цэвэрлэх байгууламж нь дахин нэг асуудал болоод байгааг манай сонины редакцид ирүүлсэн захидлаас уншиж болохоор байна.
Дундговийн 50-иад мянган хүн ам ундаалж байгаа төвлөрсөн цэвэр усны байгууламжийг 2000 онд анх 400 орчим сая төгрөгөөр барьж байсныг нутгийн иргэд хэлж байна. Тухайн үедээ дөрвөн төрлийн дамжлагаар усыг 90 хувь цэвэрлэх хүчин чадалтай гэгдэж байжээ. Чухам хэний ямар бизнес байгаад тухайн үеийнхээ боссон өртөг мөнгөнд хүрэлгүй ийнхүү ажиллахгүй жагсаалтаас гарсан юм гэдгийг ч иргэд захидалдаа дурьджээ.
Ийм балагтай хөрөнгө оруулалтаас үүдсэн бохир усны аюул тус аймагт онц байдал зарлахад хүрснийг албаныхны сонорт дуулгая.
Энэ талаараа нутгийн иргэд өнгөрсөн онд удаа дараа УМХЕГ-ын дарга Г.Содхүү болон Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад захидал илгээсэн ч усанд хаясан чулуу шиг ямар ч хариу ирүүлээгүй гэв. Аймгийн Мэргэжлийн хяналтын дарга н.Оюундулам гэгч хүн энэ мэт асуудлаа шийдэх гарц хайхгүй байсаар иргэдийн эрүүл мэндтэй холбоотой онцгой асуудал бохир усны задгай урсацтай шууд холбоотой болж байгааг ч иргэд анхааруулж байгаа юм.
Нутгийнхан аймгийн цайны газар болон ресторанд хоол идсэнийхээ төлөө хоолны хордлогод орох тохиолдол ч нэлээд нэмэгдэж байгаа гэв. Мэдээж үүнийг дагаад агаар, хөрсний бохирдол яригдана. Хүний гараар бүтээсэн баялгаа шүтэхээс илүү хүнийг өөрийг нь эрүүл байлгах нь манай улсын үндэсний аюулгүй байдлын сахих ёстой нэгдүгээр дүрэм байх ёстой. Гэтэл хүнээ анхаардаггүй нь долоон жилийн туршид агаар хөрсний бохирдлоор амьсгалж байгаа Дундговийн хүн, мал хоёроос жишээлж болохоор байна.
Иргэдийн эрүүл мэнд, амь нас нь ийнхүү усныхаа эрүүл ахуйгаас шууд хамаарч байгаагийн дээр цэвэр ус шахах байгууламж хамгаалалтын онцгой бүсэд багтдаг журамтай. Гэтэл тэрхүү онцгой бүсийг дэрлээд айл буучихсан ажээ. Айл амьдраад байгаа хэрнээ орчин тойронд нь бие засах газар байхгүйг нутгийн иргэд захидалдаа онцолж байгааг ч дурьдах нь зүйтэй болов уу. Их говьд суурьшсан 50-иад мянган хүн, нэг сая 400 мянга орчим толгой малынхаа усны асуудалд мэргэжлийн байгууллага нь анхаарлах цаг нэгэнт болжээ.
М.Мөнхтунгалаг
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 15, 2012 2:15:36 pm )
Manjiin noyon yum uu haashaa yum we
-
Anonymous (March 15, 2012 4:41:55 pm )
¯íýí ¿íýí. Ýíý àñóóäëûã ×àíäìàíü äàðãà øèéäýý÷ ýý
2 Comments