-“Мобиком” миний өмнөөс баярлалаа гэж хэлэх эрхгүй-
“Мобиком” корпораци өнгөрсөн жил 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн. Үнэхээр “Мобиком” үүрэн холбооны салбарт амжилттай юу гэвэл амжилттай. Амжилтаараа баярлаж бахдалгүй л яахав. Харин тэр амжилтын ард хэрэглэгчээ хуурах явдал нуугдаж болохгүй. Тэрхүү 15 жилийн ойн баярын өдрүүдэд корпорацийнхан “Мобикомд баярлалаа” гэх үгтэй сурталчилгааг Монголын өнцөг булан бүрт цацсан. Бид яагаад баярласан гэж. Нэр хүндийн илэрхийлэл гэх үнэ, өртөг ихтэй дугаар барьсандаа баярлах гэж үү. Өнөөдөр ч энэ реклам нь хаа нэг харагддаг юм. Үүнд, би шүүмжлэлтэй хандмаар байна. Би лав баярлалаа гэж хэлэхгүй байсан. Яагаад гэвэл “Мобиком” хэрэглэгчийн эрхийг зөрчсөөр ирсэн. Гэтэл миний өмнөөс Мобикомынхон “Мобикомд баярлалаа” гэх реклам цацаад байгаа нь утгагүй. “Мобиком” корпораци өнгөрсөн жил 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн. Үнэхээр “Мобиком” үүрэн холбооны салбарт амжилттай юу гэвэл амжилттай. Амжилтаараа баярлаж бахдалгүй л яахав. Харин тэр амжилтын ард хэрэглэгчээ хуурах явдал нуугдаж болохгүй.
Тэрхүү 15 жилийн ойн баярын өдрүүдэд корпорацийнхан “Мобикомд баярлалаа” гэх үгтэй сурталчилгааг Монголын өнцөг булан бүрт цацсан. Бид яагаад баярласан гэж. Нэр хүндийн илэрхийлэл гэх үнэ, өртөг ихтэй дугаар барьсандаа баярлах гэж үү. Өнөөдөр ч энэ реклам нь хаа нэг харагддаг юм. Үүнд, би шүүмжлэлтэй хандмаар байна. Би лав баярлалаа гэж хэлэхгүй байсан. Яагаад гэвэл “Мобиком” хэрэглэгчийн эрхийг зөрчсөөр ирсэн. Гэтэл миний өмнөөс Мобикомынхон “Мобикомд баярлалаа” гэх реклам цацаад байгаа нь утгагүй.
Хүний эрхийн үндэсний комисс болон МҮЭХ-ноос ч тус корпораци хүний эрх зөрчдөг гэдгийг тогтоож байсан. Монголын үүрэн телефоны анхдагч оператор “Мобиком” корпораци Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж байсныг дээрх газраас шалгаж тогтоосон юм. Тус корпорацийн мөрдөж буй хөдөлмөрийн дотоод журам, тушаал, шийдвэр, дүрэмтэй танилцан, хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхийг хэрхэн хангаж байгаа талаар ажилтнуудаас санал асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийсэн байдаг. Гэтэл тус корпорацийн ажлын байрны агаарын температур, гэрэлтүүлэг, нэг ажилтанд оногдох талбайн хэмжээ нь стандартын шаардлага хангахгүй байжээ. Мөн дотоод журамдаа “Хүүхэд асрах чөлөөтэй ажилтан буцаж, ажилдаа ороход хүүхэд заавал нэг нас хүрсэн байна” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсвэл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй…” гэсэн заалтыг зөрчжээ. Түүнчлэн ажилтнуудынхаа цагийг бүртгэхдээ хоцорсон минут тутмаас 500 төгрөгийг цалингаас суутгах журам гаргасан нь хууль зөрчиж буй учир хүчингүй болгохыг Хүний эрхийн үндэсний комиссоос сануулсан гэнэ. Мөн байгууллага дотроо ажилтнуудаа албан тушаал, цалин хөлс, нас, хүйсээр алагчлах зэрэг зөрчилтэй байсан гэсэн.
Энэ бүгдийг эргэн улиглахын учир нь “Мобиком” дахиад ч хэрэглэгчийн эрхийг зөрчөөд байгаа явдалд дургүйцсэндээ юм. Бүр ойрын жишээ татаж бичье. Миний аав “Мобиком”-ын хэрэглэгч. Аав бараг утсаар ярьдаггүй. Үр хүүхдүүд бид л аавтайгаа холбоо барих гэж мобигийн дугаар, утас авч өгсөн хэрэг. Бид аав уруу өдөр бүр залгаж мэндийг нь мэддэг юм. Тийм байтал аавын утасны төлбөр сардаа 11 мянган төгрөг гардаг. “Мобиком”-ын ярианы нэг минутыг 90 төгрөг гэж тооцоход аав нэг сард багцаагаар хамгийн ихдээ дөрвөн мянган төгрөгөөр ярьдаг юм билээ. Хамгийн их ярьсан гэж тооцоход шүү дээ. Утасны төлбөр нь ярьснаасаа илүү гараад байгаа нь ойлгомжгүй. Ер нь “Мобиком” бусад үүрэн телефоны операторуудаас өндөр үнэ тариф, олон хэрэглэгчтэйгээрээ ялгардаг. Түүгээрээ ч “нэр хүндийн баталгаа” гэж өөрсдийгөө сурталчилдаг. Манай улсын ихэнх сумын төвүүд “Мобиком”-ын сүлжээтэй болсон. 349 хот суурин сумд сүлжээгээ хүргэсэн гэж байгаа. Тэр хэрээрээ их ашиг олдог гэсэн үг. Даанч орлогын ихэнх хувь нь тус компанийн 60 хувийг эзэмшдэг япончуудын халаасанд орно. Ингэхээр “Мобиком” манийгаа шулж олсон хамаг ашгаа гаднынханд өгдөг болж таараад байгаа юм. “Мобиком” арай ч дээ гэж хэлмээр санагдаж байна. Тус корпорацийн байгуулагдсан цагаас хойшхи цэвэр ашиг, хөрөнгө оруулалтын орлогыг нийлүүлж тооцвол хэдийнэ нэг тэрбум ам.доллар хол давна. Эднийх хэрэглэгчийн халаас уруу урт гараа шургуулахаас гадна Монголын хамтлаг дуучдын оюуны бүтээлийг дураараа ашигладаг. Ингэж дураараа дургисных нь төлөө УГЖ, дуучин С.Жавхлан айхтар уурлаагүй юу. “Мобимедиа”-гаараа хамтлаг, дуучдын дууг татах үйлчилгээ үзүүлдэг. 500 төгрөгийн төлбөр хураалгаж дуртай дууныхаа дахилтыг сонсоно. Ийм байдлаар мобигийнхон хэрэглэгчийг ч, уран бүтээлчдийг луйвардаж байна.
Бас нэг жишээ татья. Бээжингийн олимпоос алтан медаль авсан жүдогийн аваргад “Мобиком” 99999999 гэсэн “Аз”- ын дугаар бэлэглэсэн. Түүнийг нь аварга хэрэглэдэггүй. Тэр дугаар уруу нь залгахад нэг хэсэг автомат хариулагч хариу өгдөг байсан даа. Гэтэл тэр нь яг ярьсантай адил төлбөр гарч хөгшчүүлийг баахан сандраасан гэдэг.
“Мобиком”-ын үнэ цэнэтэй хэрэглэгчдийн төлөөлөл “Мобиком” багцад 9911хххх, 9910хххх, 9999хххх дугаарлалт бүхий дараа төлбөрт хэрэглэгчид хамаардаг. Үүнийгээ мобигийнхон “Нэр төрийн баталгаа болсон “Мобиком” багц нь нийгэмдээ өргөн хүрээтэй хувь нэмэр оруулж, амжилттай яваа хувь хүмүүс, бизнесийн байгууллагуудын сонголт бөгөөд хамгийн өндөр зэрэглэлийн үйлчилгээний стандарт мөрдөгдөнө” гэж рекламддаг. Үнэн хэрэгтээ энэ үйлчилгээ нь бөөн нэмэлт төлбөр авах арга. Бас тэгээд үүнийгээ “Platinum”, “Gold” хэрэглэгчид хэрэглэгчийн мэдээллийн төвийн 2211 тусгай шугамаар үйлчлүүлэх, “VIP” үйлчилгээний тусгай танхимаар үйлчлүүлэх, Blackberry, 3.5G өндөр хурдны интернэт зэрэг сүүлийн үеийн дэвшилтэд технологийг хэрэглэх, 2299 утсаар дамжуулан гар утаснаасаа үйлчилгээ авах зэрэг давуу талтай гэж тайлбарлаад байгаа. Хэрэглэгч бол хэрэглэгч. Тэгэхээр хэрэглэгч бүр хаан гэсэн үг. Гэтэл жирийн хэрэглэгчид дээрх үйлчилгээг хүртэх эрхгүй. Ингээд хэрэглэгчдийг хаан, харц гээд ялгаад байгаа юм. Ер нь хэрэглэгч залгасан, дуудлага хүлээн авсан утасны дугаараа хадгалья гэвэл таван мянга, дараа төлбөрт хэрэглэгч 10 мянган төгрөг төлөх хэрэгтэй болно. За тэгээд “сим”- ээ үрэгдүүлсэн бол бусад үүрэн операторууд гурван мянган төгрөгөөр сэргээж байхад эднийх таван мянган төгрөгөөр сэргээдэг. Дээрээс нь гэрээ шилжүүлэхэд гурван мянган төгрөг гээд хэрэглэгчээс авах мөнгө талийж өгнө. Хамгийн гол нь ярианы тариф бусад үүрэн операторуудаасаа илүү үнэтэй. “Мобиком”-ын дараа төлбөрт үйлчилгээний үнийн тарифыг өөр компанийн дараа төлбөрт үйлчилгээний тарифтай харьцуулж тавилаа. Уншигч Та өөрийн дүгнэлтээ хийх биз ээ.

Д.Мягмаржаргал
UNEN.mn
5 Comments