Жараад жилийн тэртээх явдал санаанд илхэн. Сүү шиг саруулхан нэгэн шөнө хачин сонин чимээ гарч, гэрийнхэн
бүгд сэрж, ээж минь өөхөн дэнгээ барив.
Гэтэл их гэрэлтэй, пижигнэж пажигнасан дуутай, бас хачин үнэртэй юм гэрийн салхин дээр ирээд чимээгүй болов. Гэрийн хаяанд унтаж байсан хүүхэд бид ханын нүдээр харвал нэг дөрвөлжин хар юмнаас хэдэн хүн буугаад нааш явж харагдана.
Машин гэдэг нь тэр юмсанж. Тэр хүмүүс төөрөөд зам асуухаар манайд иржээ. Тэднийг явсан хойно ч гэр дүүрэн ханхлаад байсан тэр зүйл бол бензиний үнэр байсан аж.
Маргааш нь хүүхдүүд бид тэр машины иржийсэн хээтэй мөрөөр хөл нүцгэн гүйлдэж, Хурын тойрмын шаварт шигдэж зөндөө ухсаныг очиж үзэж билээ. Намар нь сургуульд ороход манай ангид машин үзсэн хүүхэд надаас өөр байгаагүй. Үзэх ч гэж дээ, айж эмээгээд эргэж тойрон, барьж чимхэж бас дотор нь сууж чадаагүй үлдсэн юм чинь.
Гэхдээ ангийнхандаа үзсэн юм шиг ярьсан л даа. Жаран жил гэдэг тийм урт хугацаа биш ээ. Эдүгээ машинаас элбэг юм манайд алга. Ухаант зөнч дээдсийн бичиж үлдээснээр “тэнгэрээр төмөр царцаа нисэлдэж, газраар төмөр цох гүйлдэх” цаг нь ирж.
Нийслэл хотод өдөртөө 300 мянган машин чихцэлдэж, гудмандаа багтахгүй түгжрэх боллоо. Таван хүний нэг нь машинтай. Нэг машинд таван хүн сууна гэж тооцоход бүгдээрээ машиндаа багтаад нийслэлээс нүүж болох нь ээ. Цаана нь бас зарагдаагүй машинууд хааяагүй. Майлахгүй л болохоос биш хашаатай хонь шиг цайрч харагдана.
Гудамж нь шороо тоос ихтэй, дээр нь залхуу монголчууд цайвар саарал өнгөнд дуртай юм. Хөдөө нутагт бол машинтай айлыг тоолсноос машингүйг нь тоолоход хялбар. Нэг айлын гадаа гэхэд л, говийнхны шоглож хэлдгээр, Хүүхэд унадаг мотоциклиуд Нүүхэд унадаг ачааны машин Нүгэл хийдэг ангийн машин Хүрээ ордог жийп машин ярайж харагдах нь энүүхэнд. Гэвч “баян хүнийг балаг тойрохгүй” гэдэгчлэн төмөр цохны гайхамшиг болоод гай түйтгэр нь тэнцүүхэн байдаг бололтой.
Алдарт Лодойхүү баатар “гахайг зөв өсгөхгүй бол нэгдлийг иднэ, машиныг зөв эдлэхгүй бол эзнээ иднэ” гэж хэлсэн байдаг. Алс хязгаар нутагт амьдрал цэцэглүүлсэн тэр ухаант буурал гахайн хоол, машины түлш хоёрт хамаг мөнгөө зарж явснаас үүдсэн сургааль нь энэ бололтой. Машиндаа угаартаж гэнэ, машинтайгаа Хөвсгөл далайд живж гэнэ.
Согтуугаараа машин барьж яваад сүйдэж гэнэ. Иймэрхүү мэдээ орой бүхэн сонсоно. 2010 онд автын ослоор 300 хүн амиа алджээ. Хоёр гуравхан жилд л Халх голын дайнд амь үрэгдсэн цэрэг эрсийн тооноос давсан олон идэр залуус үрэгджээ.
Ая тух, ажил төрлийг нь бодоод төр улсаас анхаарч засмал зам тавьж өгөөд л байдаг. Сүүлдээ бас хурдлах боломж олгосон төр засаг буруудах аястай. Өртөөг халснаас хойш холбоо харилцаа муу байсан үед төрийн ажлыг машинаар амжуулж байсан нь үнэн.
Өнөөдөр бол сая живаа дойлуур зарж тавьсан хар замаар төрийн гэхээсээ илүү бизнесийнхэн, хувь хүмүүс л зорчиж байгаа. Эрээнийг Хиагттай, Читаг Баян-Өлгийтэй холболоо ч тэд л энэ замыг эдлэх болно.
Чөлөөт худалдааг хөгжүүлж иргэдээ унаатай болгосон, бас замыг нь засаад өгсөн төр засагтаа “баярлалаа” гэж хэлэхээ больё гэхэд энэ боломжийг нь яавал зөв ашиглаад амьжиргаагаа өөд татах вэ гэж сэтгэх сөгөөтэй хүн ховор мэт ээ.
Ер нь төрийн сайнаар бүтээснээ эрийн сайнаар бүтээсэн мэт бодох болсон цаг юм даа. Гоёж гоодох, баярхаж гайхуулах, нэгнээсээ өрсөх, атаархаж жөтөөрхөх дуртай монголчуудын машинаар гангарах дурыг нь дагуулаад шатахууны ченж гэдэг бизнес ч амжилттай цэцэглэв.
Өөрсдөө нэг ч литр бензин үйлдвэрлэдэггүй мөртлөө жилдээ нэг сая тонн шатахуун хэрэглэдэг гэнэ. Өөрсдөө нефтьтэй тэр орнуудад ер нь машины хэрэглээ хэр их байдаг юм бол оо. Алс Араб, Африкийн зарим орнуудад төрийн буянаар очиж үзсэн.
Манайх шиг төмөр цох нь гудмандаа түгжирч ажил алба саатдагийг олж сонсоогүй, бас мэдрээгүй. Машин тэрэг хэт олширсноос Монголд юмны үнийг тодорхойлогч нь төр засаг биш, Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах байгууллага ч биш, ердөө л бензин шатахууны үнэ болж таарлаа.
Газар нутаг уужим өвөрмөц улс оронд хурдан унааны хэрэгцээ ихтэй нь үнэн. С.Баяр Ерөнхий сайд байхдаа Орост зочилж, тэндхийн үнээр шатахуун авах нөхцөлтэйгээр шатахуун түгээх станц 100-г оруулж ирэх хэлцэл хийснийг иргэд алга ташин угтсан. Гэтэл яав?
Орон даяар сүлжээтэй, хэзээний төрд нөлөөтэй болчихсон, үгсэж үнээ тогтоодог шатахууны ченжүүдийн ил далд эсэргүүцэлтэй тулгараад замхарсан. Урд хөл бүдрэхэд хойд хөл ороолгоно гэгчээр шатахууны үнэ өсөхөд, юмны үнэ нэмэгдсэн ч төмөр цохнууд түгжрэн түгжрэн түчигнэлдэж л байна. Жолооч нар бүхээгтээ төр, засгийг хараагаад л, ҮЭ-ийнхэн гудамжинд гарч төр засгийг загнаад л, амьдрал үргэлжилж л байна.
Ерөнхий сайд асан П.Жасрай гуай “Машин яахав дээ, баян чинээлгийн үзүүлэлт биш шүү дээ. Америкт машинтай гуйлгачингууд зөндөө л байдаг” гэж хэлэхийг сонсоод гайхаж байсан. Машинтай хүнийг баянд тооцдог болсон цаг мартагдаагүйнх байж дээ. Өнөөдөр манайд хамаг байдгаа хамж шимээд бас өр тавиад ганцхан хуучин машин авчихсан, түүгээрээ амин тэжээлээ залгуулдаг иргэд хэдэн мянгаараа байна. Шатахууны үнэ дахиад 200 төгрөгөөр нэмэхэд тэдгээр айлуудын амьдрал зогсоход хүрнэ.
Цатгалан хүмүүс өлсгөлөн хүнийг ойлгодоггүй гэдэг.
Сүүлийн жилүүдэд шатахууны наймааны орлого дөрөв дахин өссөн гэж зурагтаар Их хурлын гишүүн ярьж байхыг харлаа. Гэтэл шатахуун оруулж ирдэг эзэд хаа холын эдийн засгийн хямрал, Ираны будилаан, долларын чангарал гээд олон далим олж зохиогоод хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд үнээ өсгөж төр, түмнийг бужигнуулах юм.
Зүй нь ҮЭ-ийнхэн тэр шатахууны үнэ үндэслэл муутай нэмсэн баячуудын гадаа жагсах ёстой баймаар. Засгийн ордныг тойрч хашгиралдах нь илүү гоё харагддаг байж болох юм даа. Ченжүүд үнээ үгсэн нэмээд байвал таксины жолооч нар байтугай засгийн ажил ч зогсох болно. Энэ төмөр цохны балгийг яалтай.
Мориор өртөө хийж, тэмээгээр жин тээж, алба амины ажил бүтдэг амар тайван цаг гоё ч байсан юм уу даа. Архангайн Цэнхэр сумын малчин ард Жалбуу “сумын төв дээр морь унаж очдог нь ганцхан би” гээд “багачууд сонирхоод дагаж гүйгээд байдаг” гэж надад ярьсан. Үлгэр домог мэт. Хятад болоод Азийн бусад орныг хараад байхад унадаг дугуйтай л жирийлгэж байх юм. Хэдэн зуун сая хүн дугуйгаар ажлаа бүтээж байна.
“Психотроникийн хүрээлэн” гэж нэг жижигхэн ТББ “дугуйтай хүүхдүүд” төслөөр захиа занаа зөөдөг хөөрхөн ажил сэдээд, биднийг хахаж түгжирч зогсоход хажуугаар хараацай шиг нисэлдэж ажил амжуулж байх юм.
МАН дөнгөж сая баталсан хөгжлийн хөтөлбөртөө нийслэлд дугуйтай хүний зам тавихаар төлөвлөжээ. Түүхэнд анх удаагаа шүү, сайхан сонсогдож байна. Гэхдээ манайхан, Монголыг Хятад шиг болгох гэж байна хэмээн улстөржүүлж чадах л хүмүүс. Дээр үед хүрээнийхний “Опел” дугуйн тухай их зохиолч Д.Нацагдорж гоё бичсэн байдаг сан. Дугуйгаар галигуулна гэдэг эрүүл мэндээ гайхуулна гэсэн үг. Төмөр цохны бас нэг их гай нь утаа юм. Говьд уурлахаараа бөгснөөсөө хамар сэтлэм үнэртэй шингэн гаргадаг “сохор хар” гэж цох хорхой байдаг.
Энэ машинууд ердөө л тэр цох мэт өмхий утаагаар хотын агаарыг бохирдуулж байна. Эзээгүй Монголын нар, агаар, салхи гурав элбэг тулдаа л бид амьдарч байна. Үнэ өсгөдөг идэштэй, өмхий үнэртдэг ялгадастай төмөр цохыг цөөлж ухаалаг хэрэглээнд шилжихийн хамт улиг болтлоо явж байга газрын тос нэрэх үйлдвэрийг хурдхан босговол төр засаг ч чих амар, түмэн олон ч сэтгэл амгалан амьдрах сан.
Тэгээд ч Монголд орж ирж байгаа төмөр цохнууд бол залуу зандан насаа эх нутагтаа эдлээд, тэтгэврийн насаа Монголд элээж яваа зөнөж чилээд хоолны хэнхэг залгасан мэт их иддэг амьтад. Тэд бас бэлчээрийн аранга. Бэлчээрээ барна гэдэг малаа барна гэсэн үг. Малаа барчихвал цохоо идэх үү. Лодойхүү гуайн хэлдэгчлэн төмөр цох манийгаа ядууруулаад малыг маань идэж дуусгах цаг ойрхон мэт. Зуу зуун хонио барьж өгөөд хэдхэн жилийн настай төмөр цох худалдаж аваад, бензинд нь дарлуулж байгаа малчдыг холоос эрэх хэрэггүй.
Мориороо гайхуулж өрсөлддөг монголчуудын машинаар өрсөлдөх шинэ өвчин хотоос хөдөөд халдварлаж байна.
Уул нь малчид ах дүү, айл хотлоороо хоршоод дундаа нэг ачааны тэрэгтэй, олуулаа юманд явбал хэрэглэдэг нэг микро маркийн унаатай байхад л подхийгээд явчих учиртай сан.
Нийслэлд давхар гүүрэн зам тавих, за тэгээд метротой болох мөрөөдлүүд бий. Үүнээсээ өмнө нийтийн тээврийнхээ сүлжээг найдвартай болгож, өвөл даарахааргүй, зундаа наранд шаруулаад зогсмооргүй хурдан шуурхай үйлчилдэг бол төмөр цохны хэрэглээ яваандаа багасна.
Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Томоор хэлбэл үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа. Тэгэхээр энэ онцлог байдлаа харгалзан шатахуун импортлох, үнэ тогтоох эрхийг төр гартаа авах нь зөв байж ч магадгүй. Бас “төмөр цох олшроход шамбалын дайн болно” гэж дээдчүүл айлдан үлдээжээ.
Тэр нь төмөр цох хэт олширсноос идшээ булаалдаж нефтиэс болж үүсэх дайныг хэлсэн байж ч магадгүй. Газрын тосны баялагтай, шатахуун үйлдвэрлэдэг орнууд хоорондоо эвдрэлцвэл тэднээс хараат манай улсын амь, албаны төмөр цохнууд бүгд зогсоно.
Тэгж гэмээнэ дуучин Жавхлангаас бусад нь бүгд морьгүй явгарна. Муу ёр байгаа даа, тийм цаг ирэхгүй юм аа гэхэд төр засгийн мөнгийг ч, иргэдийн хэдэн бор төгрөгийг ч идэж байгаа төмөр цохны хэрэглээг хаана хаанаа барьж үзэхэд гэмгүй юм.
Харин газрын тос боловсруулах үйлдвэрээ шалавхан барьчихвал асуудал өөрөөр эргэнэ дээ. Эс тэгвээс Африкийн царцаанууд амьд бугыг 15 минутад дуусгадаг шиг юм болох гээд байна.
www.UNEN.mn сайт
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 08, 2012 11:48:00 am )
Энэ үнэхээр төр засгийн түвшинд түмэн олонтойгоо зөвшилцөж шийдэх асуудал байна. Одончимэд гуай аргагүй л ой тойнд нь орохоор сайхан бичсэн байна. Хүлээж авах /хөрөнгө нь дуусчихаагүй/ толгой аль хир байдаг юм бол доо. Оюу ухаан нь хоосорчихсон хүмүүс “Хүний эрхээ” өмнөө бариад л сүртэй юм ярих байх даа. Баячууд нь эхнэр, нөхөр, хүүхэд, аялал зугаалга, ажил албаны гээд олон машинтай. эдгээр хүмүүс утаа багасгахад чухал үүрэгтэй шүү.
-
Anonymous (March 08, 2012 12:05:40 pm )
ТӨМӨР ЦОХ-ыг “цонх” гээд бас хадуурууулчих юм аа. Энэ сайтад Опончимэд гуай өөрөө бичээгүй юм шиг Бидний үеийнхэн ч угаасаа аливаа ажлыг хийчихээд эргэж харж хянаж шалгаж сурсан хүмүүс, тэр бүр гоомой юм хийхгүй. Харин одоо залуу үеийнхэн маань энэ тал дээр арай л учир дутагдалтай байх юм. Хэлэхээр ад үзэгдэнэ. Хэлэхгүй байхаар дүрмийн алдаа, нимгэн мэдлэг, хуурмаг боловсрол, чанаргүй ажил нь хуримтлагдсаар нийгэмд хямрал, хагарал, бутрал авчрах юм даа. Зөв ёс зүйг л чухалаас чухал эрхэмлэмээр байна. УИХ-д ёс зүйгүй нөхөд орсоноос нийгэмд алдаанаасаа айж ичих явдал устаад байх шиг. Тэхээр МОНГОЛЧУУД минь зөв санаа бодолтой нэгийгээ таалагдаагүй бол битгий муул. Чамд хэрэггүй ч сонсож мэдэх бусад хүмүүст битгий саад болооч гэж л захимаар байна даа. 100 хувийн хүлээн зөвшөөрөгдөл гэж угаасаа байхгүй. Иймд бүгдээрээ монголыгоо хүндлээчээ, гадаадынханы зууш битгий болгооч ээ гэж хичээнгүйлэн хэлье. Дор бүрдээ бодож, санаж, сэрэгтүн.
-
Anonymous (March 08, 2012 3:27:47 pm )
RANGER:брэндын аялалын иж бүрдэл цүнх зарна. Харилцах утас -75750001. http://WWW.EMALL.MN ээс үзнэ үү.
-
Anonymous (March 08, 2012 8:09:25 pm )
ямар гоё бичээ вэ.Нээрээ л бидний үеийн залуучууд бодмоор л юм байна даа.Хүн хэлэхээс нааш ухаарахгүй гэж юутай үнэн үг вэ. энэ нийтлэлийг уншаад их зүйл бодогдлоо.Ийм ухаант өвгөдийнхөө үгийг сонсож уншиж баймаар л байдаг юм.хэрэгтэй хэрэггүй хов бичиж байхаар иймэрхүү залуучуудад хэрэгтэй зүйл бичиж байвал зүгээр юм даа.
4 Comments