antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2012 2 comments

Хаан буузыг Хятадаас оруулж ирдэг үү

нийтлэсэн Admin

-“Хаан хүнс” компани О.Магнайгаас нэг тэрбум төгрөг нэхэмжилж магадгүй байна-

Хүнсний манлай үйлдвэр “Хаан хүнс” ХХК урд хөршөөс буузаа оруулж ирдэг гэх мэдээллийг Иргэний хөдөлгөөний удирдагч, АН-ын гишүүн О.Магнай Facebook-тээ өчигдөр бичиж, олны анхаарлыг хамгийн ихээр татсан юм. Тодруулбал, “Хаан хүнс” компани урд хөршөөс тогтмол бууз оруулж ирдэг бөгөөд татвар бага төлөх үүднээс “банш” хэмээн гаальд мэдүүлдэг гэв. Тус компани хамгийн сүүлд цагаан сараас өмнө 120 тонн буузыг банш нэрээр оруулж ирсэн болох нь тогтоогдсон гэж О.Магнай бичжээ. Тэрээр энэ талаар хоёр хоног судалж байж уг мэдээллийг олон нийтэд цацсан төдийгүй сэтгүүлчдийг энэ талаар бичээрэй хэмээн уриалсан. Энэ талаарх үйл явцыг Zindaa.mn сайт анх удаа мэдээлжээ. Мэдээлэл тавигдсаны дараа тус сайтын редакци руу “Хаан хүнс” ХХК-ийн менежер н.Мөнх-Эрдэнэ холбогдож “Манайх бууз” баншаа Хятадаас оруулж ирдэггүй. Энэ талаар маргааш хэвлэлийн хурал хийж мэдэгдэнэ. Бид Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайг шүүхэд өгөхөөр болсон. Түүнээс нэг тэрбум төгрөг нэхэмжилнэ. Танай сайт энэ талаар олон нийтэд мэдээлснээрээ шүүхэд дуудагдаж болзошгүйг анхааруулъя” гэжээ.

 

Үүнээс хэдхэн минутын дараа өөртөө дэндүү итгэлтэй мэдээлэл цацан шогширч байсан О.Магнай өөрийн facebook-тээ “Залруулга: “Хаан хүнс биш Хан хүнс” гэж Гаалийн газраас ярьж байна” хэмээн бичсэн юм. Аливааг дуурайлгахдаа мэргэшсэн хятадууд бараа бүтээгдэхүүн битгий хэл, өндөг, байцаа гээд хүнсний бүтээгдэхүүнийг химийн аргаар гаргаж авч, буузандаа кардон цаас хийдэг тухай дээр дооргүй ярьцгааж, хэрхэн бэлтгэж байгаа нь интернетэд дүүрэн тавигджээ. Ер нь Хятадаас бууз, банш оруулж ирлээ гэх мэдээлэл чих дэлсэх болсон нь үнэн. Эцсийн бүлэгт “Хаан” ч бай, “Хан” ч бай хүнсний компаниудын үйлдвэрлэж байгаа бууз банш, бэлэн бүтээгдэхүүнүүд Монголын ард түмний хоол хүнс. Үнэхээр О.Магнайн бичээд байгаачлан урд хөршөөс бууз, банш тонн тонноороо орж ирдэг бол ард түмэнд сэрэмжлүүлэх үүднээс энэ асуудлыг хөндөх нь зүйтэй гэж сэтгүүлчийн хувьд үзлээ. “Хаан хүнс” ХХК Хятадаас бууз, баншаа тонн тонноор нь оруулж ирдэг нь худлаа бол тэмцэгч О.Магнай нэг тэрбум төгрөгийн өрөнд унах нь. Харин “Хаан хүнс” үнэхээр урд хөршөөс бууз, баншаа зөөдөг бол Хүнсний манлай үйлдвэрийн төгсгөл ирэх нь дамжиггүй. О.Магнай залруулга хийснээс харахад мэдээлэл цацсан буруутай тал нь О.Магнай байж магадгүй бололтой. Харин хилээр 120 тонн бууз орж ирсэн тухай мэдээлэл О.Магнайн мэдээлснээр хэвээр үлдсэн учраас түүнтэй холбогдох гэсэн боловч хоёр утас нь салгаастай, мөн интернэтэд аль ч сувгаар холбогдсонгүй.

 

Тиймээс бид ”Хан Хүнс” хэмээх компанийн эрэлд гарлаа. УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Нямдуламтай уулзаж, “Хан хүнс” гэдэг компани байдаг эсэх талаар болон бусад зүйлийг тодруулсан юм.

 

-“Хан хүнс” гэдэг компани танай дээр бүртгэлтэй байдаг уу. Ер нь компаниудын нэрийг олгохдоо юуг үндэслэдэг вэ?

 

-Бид энэ талаар мэдээллийн сангаасаа шүүж байж л гаргана. Иргэний хуульд: “Монгол улсын хуулийн этгээдүүд оноосон нэртэй байна” гэж заасан. Компани, аж ахуйн нэгж, ТББ-уудын нэгдсэн нэр үг, үсэг, өгүүлбэрийн хувьд давхардаж болохгүй. Бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй байж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Тухайн үгээсээ шалтгаална. Агуулгын хувьд бус­даас ялгарахгүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжтэй яалт ч үгүй адилхан болчих юм бол бид нар нэр олгох боломжгүй.

 

-“Хаан хүнс”, “Хан хүнс” гэсэн хоёр компанийн хувьд нэг үсгийн зөрөөтэй байгаа болохоор хуулийн дагуу нэр олгогдохгүй гэсэн үг үү?

 

-“Хаан хүнс”, “Хан хүнс” хоёрын хувьд нэг нь уртаар, нөгөө нь богиноор дуудагдаж байгаа. Тийм учраас бүртгэгдсэн байж болно. Мэдээллийн санд шалгаж үзээгүй учраас мэдэхгүй байна. Ер нь бол хуулийн этгээдийн оноосон нэр авиа дуудлага, агуулгын хувьд бусдыг төөрөгдүүлэхээр байж болохгүй.

 

Бид “Хан хүнс” компани УБЕГ-т бүртгэлтэй эсэхийг шалгаж үзэхийг хүссэн боловч тэрээр, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар лавлагаа мэдээллийг үүсгэн байгуулсан иргэн аж ахуйн нэгжид өгнө. Эс бөгөөс хууль хяналтын байгууллагад маргаантай байгаа бол хууль цагдаагийн ажилтан, албан хаагчид компанийн тухай мэдээллийг өгдөг журамтай хэмээлээ.

 

Ч.Тамираа: “Хан хүнс” гэж компани хүнсний бүтээгдэхүүн оруулж ирсэн тохиолдол байхгүй

Гаалиар 120 тонн бууз орж ирсэн нь бол баталгаатай гэж гаалийн байгууллагын нэрийн өмнөөс О.Магнай мэдэгдсэн. Тэгэхээр бидний эрлийн үзүүр Гаалийн ерөнхий газрыг чиглэсэн юм. Гаалийн Ерөнхий газрын ОНХХ-ийн дарга Ч.Тамираа ингэж ярилаа.

 

-Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнай өөрийн Facebook, твиттертээ “Хаан хүнс” ХХК-г Хятадаас бууз банш оруулж ирдэг гэж мэдээлжээ. Энэ талаар ГЕГ-ын албан ёсны тайлбарыг сонсмоор байна?

 

-О.Магнай фэйсбүүк, твиттерээр энэ мэдээллийг ГЕГ-ын ОНХХ-ийн дарга Ч.Тамираас энэ талаар тодруулж болно гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би “Монгол хүнсний компаниуд бууз баншийг хилийн чанадаас, ялангуяа Хятад улсаас оруулж ирсэн тохиолдол байхгүй” гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэж сэтгэгдэл үлдээсэн. Тэгсэн чинь андуурсан байна. “Хан хүнс” юм байна шүү гэж залруулга хийн орж ирсэн.

 

-Тэгвэл “Хан хүнс” гэдэг ХХК оруулж ирсэн эсэхийг мэдэх боломжтой юу?

 

-Тэрийг бид сүлжээнээсээ харж байгаад болно. Тийм компани байдаг эсэхийг бол мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар “Хан хүнс” гэж компани хүнсний бүтээгдэхүүн оруулж ирсэн тохиолдол байхгүй.

 

-Танайхаас иргэн О.Магнайн фэйсбүүк, твиттер рүү нь холбогдсон гэлээ. Хариу ирүүлсэн үү?

 

-Хандаагүй. Эх сурвалжтай байсан бол “Чи ингэж хэлсэн биз дээ” гээд над руу хандах ёстой. Яагаад хандахгүй байна гэдэг бас их сонин байгаа юм.

 

-Таны хувьд хэчнээн удаа хандсан бэ?

 

-Эх сурвалжаа мэдэгдэнэ үү гэж 20 гаруй удаа хандсан байгаа.

 

-Та иргэн О.Магнайг таних уу?

 

-Танихгүй.

 

-Манай хилээр бууз оруулж ирсэн тохиолдол байна уу?

 

-Буузыг хилээр оруулж ирж байсан тохиолдол байхгүй. Харин цаасан уутанд нэг кг-аар савласан баншийг ОХУ иргэд өөрсдөө Сэлэнгийн гаалиар бага хэмжээгээр оруулж ирсэн тохиолдол байна.

 

-Хилээр орж ирж байгаа барааг худал мэдүүлэн оруулж ирэх боломжтой юу. Мөн нэг компани өөр компанийн нэрээр бараа бүтээгдэхүүн оруулж ирж болох уу?

 

-Жишээ нь, энэ 00-ын цаасыг Солонгосоос оруулж ирдэг компани хоёр талаасаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, гэрээгээ хуулийн эрх бүхий байгууллагаар батлуулаад гэрээний үндсэн дээр бүрдүүлэлт хийдэг учраас өөр компанийн нэр дээр оруулж ирэх боломжгүй. Гаалийн байгууллага гааль хилээр нэвтэрч байгаа барааны чингэлэг нэг бүрийг онгойлгож шалгаж байгаа. Гаалийн байцаагчид бараа судлаач мэргэжлийг давхар эзэмшдэг. Нэг төрлийн бараа нөгөө төрлийн бараагаар солигдох боломжгүй. Хэрвээ ийм үйлдэл байх юм бол Хил хамгаалах байгууллага, тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллага хил дээр зэрэг ажилладаг болохоор хууль бус үйлдэл бүрийг хянадаг.

 

-Дурын байцаагч танай дээр байгаа статистик мэдээг харах эрхтэй юу?

 

-Нэг ч дурын байцаагч статистик мэдээг харж анализ хийх боломжгүй. Зөвхөн хэлстийн дарга Оюунцэцэг гэж хүн Газрын даргын үүргийн дагуу байцаагчид үүрэг болгоод ийм мэдээллийг тодорхой хугацаанд бэлд гэж үүрэг өгч болно. Үүрэг авсан байцаагч зөвхөн үүргийнхээ дагуу мэдээлэлтэй л харьцана. Дотоод хяналттай.

 

-Статистик мэдээг гадагш нь задруулсан тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээдэг вэ?

 

-Хуулиараа бол “Аж ахуйн нэгж байгууллагын гадаад худалдаатай холбоотой мэдээ мэдээллийг бусдад тараах, олшруулахыг хориглоно” гээд шууд заасан байдаг. Хэрвээ зөрчвөл гаалийн байгууллагаас халах, хууль хяналтын байгуулагаар шийдвэрлүүлэх хэмжээний арга хэмжээ авдаг.

 

Яг энэ үеэр “Хаан хүнс” ХХК-ийн захирал, хуулийн зөвлөх, Ерөнхий менежер нар ГЕГ-ын ОНХХ-ийн дарга Ч.Тамираад хоёр хүсэлт өгөв. Нэг хүсэлтэд тус компанийн импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний тодорхойлолтыг гаргаж өгнө үү гэсэн бол нөгөөд нь ташаа мэдээллийг ГЕГ-аас авсан гэж үзэж байгаа тул уг мэдээллийг дотооддоо шалгаад хариу өгнө үү хэмээсэн байлаа. /Сурв/

 

“Хаан хүнс” ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхболд: “О.Магнай тэр мэдээллээ хоёр өдөр бодож байж бичсэн юм байна”

 

“Хаан хүнс” ХХК-ийн удирдлагууд О.Магнайгийн тараасан мэдээлэлд шууд няцаалт хийж байгаа юм. Түүнийг тус компанийн нэр төрд халдсан хэмээн үзэж байгаа ажээ. Ингээд “Хаан хүнс” ХХК-ийн захирал Б.Энхболдын байр суурийг хүргэе.

 

-Та О.Магнайг таних уу?

 

-Танихгүй. Манайх цэвэр Монголын компани. Манайд нэг ч гадаад ажилчин байхгүй. Манай ажилчдын 90 хувь нь гэр хороололд амьдардаг, хөдөөнөөс ирсэн ажилчид байдаг. Манай компани 300 ажилтантай. Бууз баншаа гараараа чимхдэг юм. Ах нь чамд бууз, банш чимхдэг хүн хэдэн төгрөгийн цалин авдгийг хэлчих үү?

 

-За…

 

-700,000 төгрөгийн цалин ах нь өгдөг. Чи манайд очиж бууз чимхэж чадвал чадаарай за. Даанч чаддаггүй юм. Бууз чимхэх чинь асар хэцүү ажил. Манай гурил элдэгч сард 500,000 төгрөгийн цалин авдаг.

 

-Тэгвэл танай байгууллагын шийдвэр гаргах хэн нэгэн хүн иргэн О.Магнайтай муудах янз бүрийн шалтгаан байсан уу?

 

-Би тэгж бодохгүй байна. Бид Магнай гэж хүнд муу юм хийгээгүй. Тэр хүн ч манайд муу юм хийгээгүй.

 

-О.Магнай яагаад ийм мэдээлэл тавьсан гэж та бодож байна вэ?

 

-О.Магнай эх үүсвэрээ гаалийн газраас авсан гэж байгаа ш дээ. Тэр мэдээллээ бодож хоёр өдөр эргэлзэж суусан юм байна. Тэгээд бичсэн юм байна. Ер нь Магнайн твиттерийг нь үзлээ. Эх оронч хүн юм. Тэр талаасаа бичсэн юм болов уу. Хятадын бараа, жимс баталгаагүй гээд сэрэмжлүүлсэн байна. Энийг нь дэмжиж байна. Гэхдээ хүнийг бичихдээ ямар нэгэн байдлаар ёс зүй гэж байх ёстой ш дээ. Тэр ёс зүй нь хаана байгаа юм бэ?

 

-Та бүхэн одоо яах бодолтой байна?

 

-Бид ёс зүйтэй улсууд. Ядаж хударгатай байхыг хичээдэг. Би гурав хоног хүлээнэ. Тэр хүн бидний өмнөөс уучлалт гуйгаасай. Биднийг бичсэн тэр хэвлэл мэдээллийн байгууллага биднээс уучлалт гуйгаасай. Би тэрийг л хүсч байна. Тэрнээс надад тэр хүний мөнгө огтхон ч хэрэггүй. Хэрэв надтай ёс зүйгүй харьцвал би ч гэсэн ёс зүйгүй л харьцана. Ахад нь хүнээс айж ичээд байх юм байхгүй. Нуугаад хаагаад байх юм юу ч байхгүй. Ах нь бол бууз банш чимхдэг ядарсан амьтан л байхгүй юу. Ах нь хорхойд хоргүй. Энэ бол манайд ажилладаг 300 хүнийг доромжилж байгаа байхгүй юу. Өнөө шөнө ах нь унтахгүй. Гурав хоног хүлээгээд уучлалт гуйхгүй бол бид хуулийн дагуу л асуудлыг шийдүүлнэ. Энийг л сайн ойлгоорой. Энэ чинь л ёс зүй шүү.

 

-Гаалийн ерөнхий газраас гаргуулах лавлагааны хуулбарыг тань авч болох уу. Бид нэг талыг барьсан мэдээлэл нийтлэхийг урьтал болгосонгүй. Зөвхөн бодит байдлыг тодруулах гэж явна л даа?

 

-Авч болно. Манайх зөвшөөрөл өгчихье. Гэхдээ би урьдчилаад хэлчихье. Манайх Хятад улсаас энэ сав баглаа боодлыг оруулж ирдэг. Энэ уутыг хийдэг цаасан хайрцгийг ч оруулж ирдэг. Энэ хоёрыг манай улс үйлдвэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл хөлдөөсөн бүтээгдэхүүн хадгалах зориулалттай 3-4 давхар гэсэлтээс хамгаалсан уут байдаг. Цаасан хайрцаг нь 6-8 давхар байдаг. Хоёрт, манайх Солонгос улсаас хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг. Алое жүүс, бэлэн гоймон оруулж ирдэг. Албан ёсоор хэлчихье.

 

О.Магнайн facebook, твиттерээрээ олон нийтэд цацсан мэдээллийг нийтлэгдсэн дарааллаар нь хүргэж байна.

 

1. Haan Buuz hyatadaas buuzaa oruulj irdeg yum bna. Buuzaa hurtel hyatadaas … Yuun buuznii export

2. hamgiin suuld tsagaan sariin umnu 120 tonniig oruulj irj dee haan huns company

3. Bi ehleed itgesengui Daraa ni Gaaliin medeenees haraad bas l gaihlaa. Gaaliin medeen deer tatvar baga uguhiin tuld bansh gesen bna daa

4. Olon hun gaihaj bna. Bi ch bas anhk sonsood itgeegui. Setguulchid bval medee bichih heregtei baih

5. Eh survalj ni gaaliin medee. Bi 2 udur nyagtlaad unuudur bichij bna daa

6. Er ni Mongold urdaas importoor orj irj baigaa nariin nogoo jimsiig idehgui baihiig zuvluj bna. Hort havdar nemegdej buin eh survalj.

7. Say nadruu holbogdoj bna. Hytad undesnii juutsaitai banshiig l hyatadaas oruulj irdeg mahtai buuz banshaa mongoldoo hiideg gej tailbarlav

8. Zalruulga: khaan huns company bansh oruulaagui khan huns company oruulsan gej gaaliin gazraas yarij bna.

 

Бид маргаашийн дугаарт энэ талаар эргэн мэдээлэх болно. Мөн хятадууд кардонон цаасаар хэрхэн хуурамч бууз үйлдвэрлэж байгаа талаар мэдээлэх болно.  

 

Сурвалжлагыг бэлтгэсэн: А.Баярмаа, Г.Оюун

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 07, 2012 7:20:24 pm )

    хаан хїнс гэсэн чинь хан хїнс хахахаххаха

  • Anonymous (March 09, 2012 3:20:46 pm )

    за за андуурсан нь биз. гэхдээ золиг минь наад амаа

antalya rent a car