УИХ-ын ээлжит сонгууль хаяанд тулж, хаалга тогшиж эхэллээ. УИХ-ын сонгууль болоход ердөө дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа. Тиймээс СЕХ орон нутагт сонгуулийн хэсгийн хороодыг байгуулсан юм. Өнгөрөгч оны сүүлчээр хуулийн хугацаатайгаа уралдан байж баталсан сонгуулийн шинэ хуулиар УИХ-ын сонгуулийг 48 мандат бүхий 26 тойрог, 28 мандаттай нэг том тойрог буюу холимог системээр явуулахаар болсон билээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал 26 тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэж заасны дагуу УИХ-ын 2011 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор сонгуулийн 26 тойргийг байгуулж, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоосон.
Энэ нь орон нутгийн тойргуудын мандатыг цөөлж нийслэл хотын мандатыг нэмсэн юм. Тиймээс өдгөө УИХ-д суугаа 76-д зориулагдсан хууль гэлтэй болж улстөр судлаачдаас нилээд хатуухан шүүмжлэл хүртсэн ч хэрэг явдал аль хэдий “Бандан тас” болсон.
Шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан Сонгуулийн хууль нь орчин цагийн Монгол улсын улстөр буюу УИХ-ын гишүүний суудалд тухлахыг хүсэгчдэд нэлээд өндөр босго тавьсан хууль болсон нь улстөрд шинэ хүн оруулахыг хүсэхгүй байна гэсэн үг.
Харин өнөөдөр ээлжит бус чуулганы нээлтээ хийж буй УИХ-ын чуулганаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж ирэх лхагва гараг гэхэд эцсийн хэлэлцүүлэгийг нь хийж батлах юм. УИХ-ын намрын чуулган завсарласан хойно ээлжит бус чуулган зарлаж “үхэн хатан” зүтгэж байгаагийн цаад учир нь Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой. Тодруулбал орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай цуг буюу нэг өдөр зэрэг явуулах уу аль эсвэл УИХ-ын сонгуулийн дараатусад нь явуулах уу гэдэг асуудал чухал болж байгаа юм.
Чухам энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа нэрээр өөрсөддөө ашигтайгаар шийдчихвэл өдгөө УИХ-д суугаа 76-н эрхэм дахин сонгогдлоо гэсэн үг. Нэг үгээр хэлбэл чонын хоншоор дээр сууж буй Өнхрүүшт өгөөш тавьчихлаа гэсэн үг.
Нөгөө талаар Орон нутгийн сонгуулийн процессыг УИХ-ын сонгуультай нэгтгэх шаардлагатай гээд байгаа нь УИХ-д нэр дэвшигчид орон нутгийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүмүүсээр дамжуулан бэлэг сэлт тараалгаад байгаатай холбоотой хэмээн АН-ын гишүүд тайлбарласан.
Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар цагаан сараар бэлэг тараах, тэмцээн уралдаан зохиох гээд мөнгөөр сонгогчдын саналыг татах үйл ажиллагааг хориглосон. Гэтэл орон нутгийн сонгуульд нэр дэвших хүнээр дамжуулан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаа хийж байгаа бөгөөд Орон нутгийн сонгуулийн хуулиар яаралтай хориглохоор ийнхүү ээлжит бус чуулганыг хуралдуулж байгаа гэх.
Гэхдээ Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай зэрэг явах заалтыг нь хөндөхгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулах юм гэсэн.
Эдгээр сонгуулийг нэг өдөр явуулах нь өндөр ач холбогдолтой гэж АН-ыхан үзэж байгаа. УИХ-ын сонгууль гэхэд намыг нь дугуйлаад, дээр нь 2-3 хүн дугуйлна. Орон нутгийн сонгууль бол аймгийн ИТХ-ын гурван хүн, сумын ИТХ-ын гурван хүн гээд зургаан удаа дугуйлна. Энэ хоёр нийлэх юм бол 10-11 удаа дугуйлна. Тэгэхээр сонгогчдод л хүндрэл гарахаас биш зохион байгуулалтад ямар ч хүндрэл гарахгүй. Тооллогыг машинаар хийчихнэ. Хэсэг тойргийн хороогоо ч нэг удаа зохион байгуулна гээд зардал чирэгдэл хямд төсөр болно гэсэн тайлбарыг хийж байгаа.
Гэтэл амьдрал дээр энэ нь иргэдийг будилуулж санал луйвардах нарийн зохион байгуулалт бүхий “хуульчилсан луйвар” болно гэж үзэх хүмүүс байна. Хэрэв УИХ-ын сонгуулиар ямар нэгэн булхай луйвар гарлаа гэхэд энэ асуудлыг орон нутгийн сонгуулийн маргаан болгож улмаар ул мөрөө баллах баллуур болгон ашиглахаар ийнхүү зэрэг явуулахаар хуульчилсан гэх. Юутай ч 76 чоно Өнхрүүшийг хоншоор дээрээ суулгачихлаа. Санал хураах мөчид хэдэн иргэдийг хууран саналыг нь үмхэх бол гэдэг сонин байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 06, 2012 1:33:47 am )
UGAASAA HUUHCIN HUULIA L BARIMTALJ BNA SH DEE, HUMUUS 11, 12 HUN DUGUILAH CHADVARGUI BNA GEJ BAIHGUI SH DEE TEGEHGUI BOL BUUN ZARDAL CHIREGDEL, TEGEED CH 1 DOR HIICHIHVEL AMAR, ZAHIM UNEMLEHEER YAVUULAH BOLOHOO RGAIGUI BAILGUI DEE
1 Comment