Монгол ухааны гантиг хөшөөг оюуны мөнгөн үзэгнийхээ үзүүрээр тэнгэрт тулж, газарт гагнагдтал нь зурсан билигт их найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай нэгэнтээ цусаа буцалган байж ижийнхээ тухай шүлэг бичсэн байдаг.
Сэтгэлийн мөнгөн утсаа хөврүүлэн, нүднээсээ болор тунгалагийг унаган байж бичсэн шүлэг нь өдгөө ижий нарын зүрхэнд илч, чихэнд чимэг, сэтгэлд нь гэгээ болдог нь дамжиггүй.
Үнэхээр хүн төрөлхтөн, эхээс “унасан” бүхэн ижийтэйгээ байхад баян байдаг аа. Гэхдээ ижийдээ “Би тандаа хаязгааргүй хайртай” гэх хэвшил болсон нэгэн үгийг л хэлдэгээс бус санчиг буурал ижийдээ очоод их найрагчийн хэлсэнчлэн “Ижийдээ хайртай гэдгээ “Цусаа буцалгаж, эсээ шатааж, нулимсаараа зууран” байж хэлсэн нь хэд бол. Байхгүй ч байж мэднэ.
Харин диваажинд одсоны нь дараа “Ижийдээ би хайртай байсан” хэмээн хэлсэн нь хэд бол. Гэхдээ дээр өгүүлсэнчлэн “Цусаа буцалгаж, эсээ шатааж” чадаагүй ч харуулсал, гуниглалын нулимсаа зууран байж өөртөө шивнэсэн байж ч болох. Ямартай ч их найрагч маань “Цусаа буцалгаж, эсээ шатааж, нулимсаараа зууран” байж ижийдээ хайртай, бас ижийтэйгээ байхад баян байсан гэдгээ хэлээд амжсан.
….Ижийтэйгээ байхад би баян байсан
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан…
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Уул уулын орой уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ…
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан… хэмээн шүлэглэснийг сануулъя.
Ижийтэй хүн бүр “Цусаа буцалгаж, эсээ шатааж, нулимсаараа зууран” байж хайртайгаа хэлээрэй.
Харин эх орондоо бүл нэмж, төр түмэндээ хэрэгтэй хүмүнийг өсгөж хүмүүжүүлсэн хатан ухаант ижий нарыг төр засаг, түшээд маань хэрхэн баярлуулдаг билээ гэдгийг уншигч та эргэцүүлээд үзээрэй. Хатуухан хэлбэл мөнгө болгож барихгүй, хоол болгож идэхгүй, алдар болгож тунхаглахгүй, байр болгож суухгүй “дугуй төмөр” энгэрт нь зүүснээр ижий нарын элбэрэл хайрын хариуг өгчихлөө гэвэл ёстой түмэн эндүүрэл болно.
Зургаан жилийн өмнөөс алдарт эхийн одонтой ээжүүд Төрийн ордонд чуулдаг болсон нь ёстой л нүдээ олсон арга хэмжээ байв. Төрийн түшээдээсээ тэр болгон магтаал сайшаал, талархлын үг сонсоод байдаггүй алдарт ээжүүдэд урмын үгийг харамгүй хэлж сэтгэлийг нь сэргээдэг цорын ганц арга хэмжээ гэж болно. Эл арга хэмжээг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа санаачлан Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсаар ирсэн гэдгийг алдарт ээжүүд андахгүй. Эмэгтэйчүүдээ төлөөлөн УИХ-д дөрвөн жил суухдаа одоогийн зарим Королия нар шиг дуугүй байгаагүй тэрбээр намын харъяалал, агийн нөхдийн нөлөөгөөр өөрийн үзэл бодлоо өөрчлөлгүй бат зогсож чаддаг “Төрийн төмөр хатагтай” болж чадсан. Тиймдээ ч алдарт ээжүүдийг Төрийн ордонд чуулуулах арга хэмжээгээ тасралтгүй явуулсаар уламжлал болгож чадсан нь мянга мянган алдарт ээжүүдийн ерөөлийг шингээж өдгөө ажил үйлс нь өөдрөг яваа билээ.
Харин жилээс жилд жижгэрсэн жаахан буурлуудыг өргөмжлөх өргөмжлөл чамламаар байдаг гэдгийг ээжүүдээс илүү үр хүүхдүүд нь мэдэж буй нь лав. Жилдээ ганцхан удаа тохиож буй эмэгтэйчүүдийн баяраар ээжийгээ баяруулж нар саран ижий болгохыг хүссэн ч эдгээр өргөмжлөлийг авах ээжүүдийн тоо “хэт” бага байдаг учраас хүүхдүүд нь сэтгэл дундуур байдаг нь үнэн. Тиймээс ээжүүдийн алдрыг магтан дуулж басхүү нар, сар, нандин элбэрэлт ээжүүдийн өргөмжлөлийг тоог нэмж өдрөөс өдөрт намссаар, бас холдсоор байгаа ижий нараа баярлуулъя. Бас өвлийн шөнийг ч үл тоон өндийж өлгийтэй үрээ хайрласан дээлтэй бурхаддаа “Цусаа буцалгаж, эсээ шатааж, нулимсаа зууран” байж “Хайртай” гэж хэлье.
Ижий бурхадын тарнитай цагаан цацал энэ хорвоог сүлэх болтугай.
Ж.Нарангарав
Холбоотой мэдээ
Comments are closed.