antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2012 1 comment

Мото спортод дурласан эмэгтэй

нийтлэсэн Admin

Барби хүүхэлдэй шиг жижигхэн, турьхан биетэй түүнийг спортын, тэр дундаа мото спортын тамирчин гэж хэлэхэд итгэмээргүй. Гэвч тэрээр таван жилийн хугацаанд улс, хотын аварга шалгаруулах тэмцээнээс гадна ОХУ, Солонгос улсын аварга шалгаруулах тэмцээнд эрчүүдтэй уралдаж байж. Хараахан түрүүлээгүй ч улс, хотын аварга шалгаруулах тэмцээнд хоёр, гуравдугаар байранд орсон амжилттай.

Э.Янжмаа есдүгээр ангид байхдаа ангийнхаа хөвгүүн спортын дэд мастер Э.Энх-Эрдэнийн тэмцээнийг үзэхээр клуб дээр нь очсон аж. Тэнд очоод л мото спортод дурлажээ. Гэртээ хариад аавдаа “Аав аа, би мото спортоор хичээллэмээр байна” гэхэд аав нь ч дэмжжээ. Харин гэр бүлийн хурлаар ороход ээж, эмээ хоёр нь “Эмэгтэй хүн байж өөртөө тохирсон спортоор хичээллэ. Юун мотоцикль” гэжээ. Гэсэн хэдий ч гэр бүлийн хурлын шийдвэр Э.Янжмаагийн талд гарч тэрээр аавтайгаа явж мотоцикль болон хувцас, хэрэглэлээ худалдаж авч байсан гэнэ. Түүний хамгийн анхны мотоцикль нь “Кавасаки-85”. Харин мотогийн анхны хичээлийг Батлан хамгаалахын техник сургалтын төвийн багш Д.Очирсүх зааж өгсөн байна. Анх сургалтын төв дээр очиход багш нар нь гайхаад л. Урьд нь түүнээс өөр нэг ч эмэгтэй сургалтын төвд хичээллэе гэж ирж байгаагүй учраас нэг хэсэгтээ л багш нар болон тамирчдыг нь гайхашруулж байжээ. Клуб дээрээ Азийн аварга Э.Халиунболдоос эхлээд спортын мастеруудын дунд хичээллэхдээ тэднээс олон зүйл сурч авсан гэнэ.

Тэрээр анх уралдаж яваад уначих юм бол босож ирээд хувцас хунараа гөвөөд зогсчихдог байж. Харин сүүлдээ юун хувцсаа хайхрах манатай. Би зүгээр ээ, миний мотоцикль зүгээр байна уу гэсээр босож ирдэг байсан гэж байлаа. Өдгөө харьцангүй туршлагатай болж байгаа тэрээр өөртэйгээ адилхан эмэгтэй тамирчидтай уралдаж үзээгүй гэнэ. Тиймээс эрчүүдтэй ёстой ана мана үзэлцэнэ. Бэлтгэл дээр бусад тамирчид түүнийг “хайрлаад” шахахгүй ч гэдэг юмуу, харайхдаа дээрээс нь дарчихвий гэх зэргээр анхаарал тавьдаг аж. Харин тэмцээн бол тэмцээн л байдаг гэж ярьж байлаа.

Тэрээр Солонгос болон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан.    Орост уралдсанаас хойш маш олон фэнтэй болчихсон байжээ. Ганц эмэгтэй нь байсан учраас түүнийг харайхад оросууд орилолдоод, баяр хүргэж байсан бөөн эрч хүчтэй хүн уралдаад байж. Бүр ганц ч удаа унаагүй шүү хэмээн баяртайгаар ярьж байсан.

Мото спортоор “өвчилсөн” Э.Янжмаа өдгөө ЭМШУИС-ийн гуравдугаар курсийн оюутан. Уралдахаас гадна морин хуур тоглох, усанд сэлэх, цанаар гулгах, ном унших дуртай аж. Харин уйтгарласан, эсвэл ядарсан үедээ мотоциклийнхоо моторын дууг сонсож сэргэдэг гэнэ. Түүний аав, ээж нь радио техникийн спортын мастер хүмүүс ажээ. Харин дүү Э.Хулан нь спортоос илүү урлагт элэгтэй гэж байлаа.

Тэрээр өвдгөндөө бэртэл авч Тайваньд очиж мэс засал хийлгээд ирсэн учраас сүүлийн хэдэн сар уралдаагүй юм байна. Харин ирэх зургадугаар сард Монголд болох Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр уралдахаар догдлон хүлээж байгаа гэв. Тамирчин хүн бүр түрүүлэхийг, ялагч болохыг зорьдог учраас хэзээ нэгэн цагт эрчүүдийг ардаа орхин түрүүлэхийг хүсдэг нь мэдээж. Э.Янжмаа мотоциклиор уралдахаас гадна холын замын ралли уралдаанд “УАЗ-469” автомашинаар ОУХМ Б.Батцэнгэлтэй хамт уралддаг ажээ. Б.Батцэнгэл түүний ах бөгөөд ахынхаа хажууд суугаад чиглүүлэгч хийдэг гэнэ. Одоохондоо чиглүүлэгч хийж байгаа ч гэлээ “УАЗ-469”-ийн жолоо мушгиад уралдах цаг удахгүй ирэх байх аа хэмээн даруухан ярьж байв. Уралдааны үеэр үзэгчид эмэгтэй тамирчин гэж төдийлөн мэддэггүй ч барианд орж ирээд малгайгаа авах үед “Хүүеэ эмэгтэй юм байна ш дээ” гэж уулга алддаг гэнэ.

Э.Янжмаа эмэгтэйчүүд, охидод хандан “Мото спортоор хичээллээрэй. Маш их тэсвэр тэвчээртэй, авхаалжтай болно шүү. Хамтдаа хичээллэцгээе” гэж уриалж байлаа.

С.АЛТАНЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 18, 2012 6:11:25 pm )

    бахархамаар зоригтой шүү чи !! үнэхээр сайхан охин !!

antalya rent a car