– Төрийн албаны зөвлөл улстөрийн шахааны хүнд зориулж сонгон шалгарлуулалт явуулдаг байгууллага болжээ.-
Монголын төр хэзээ тэтгэврийн хөгшчүүлээс салж чаддаг болох юм бол. Тэтгэвэртээ гарах нас нь аль хэдийнэ өнгөрчихөөд байхад төрийн байгууллагад даргаараа үлдэх гэсэн энэ увайгүй “зөнөглөл” өвгөн генерал Ц.Тогоог ч дайрчээ.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатарыг цэргийн алба хаах нас хэтэрсэн гэдэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Энэ үеэс л дараагийн Төрийн нарийн бичгийн даргаар хэнийг томилох вэ гэсэн улстөрийн далдхан тэмцэл өрнөж, дэслэгч генерал Ц.Тогоо, хошууч генерал Я.Чойжамц, хурандаа Г.Сайханбаяр нарын нэрс яригдаж эхэлсэн. Тухайн үед хэдийнэ тэтгэвэртээ гарсан Ц.Тогоог арай ч Төрийн нарийн бичгийн дарга болно гэж зөнөглөхгүй биз хэмээж байв. Гэтэл сар шинийн үеэр зарлагдсан БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад өвгөн генерал Ц.Тогоогийн нэр цохиж явна. Тоон дотор үсэг гэдэг шиг 60 нас хүрсэн Ц.Тогоо генералд Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хийх чадвар үлдсэн бил үү.
Ц.Тогоог хэзээнээс экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүн байсаар ирсэн гэдэг. Түүнийг 1997 онд цэргийн жинхэнэ албанаас халагдаж, тэтгэвэртээ гарсны дараа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөд нь татаж, 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа Батлан хамгаалахын дэд сайд болгожээ. Цэргийн жинхэнэ албанаас халагдсан тэрбээр ингэж улстөрийн албан тушаалд томилогдсон. Улмаар 2002 онд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болсон нь Монгол Улсын түүхэнд тэтгэвэртээ гарсан хүн цэргийн жинхэнэ албанд эргэн ирж, генерал цол хүртсэн анхны тохиолдол болж билээ. Харин Н.Энхбаярын Ц.Тогоод өгсөн энэхүү хайр халамж цэргийнхний дунд улстөрөөр явж байгаад генерал, дарга болж болдог юм байна гэсэн буруу ойлголтыг төрүүлж байв. Гэвч эзний алба ээлжтэй гэгчээр 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор генерал Ц.Тогоо арга буюу долоон жил ажилласан ЗХЖШ-ын даргын албанаас чөлөөлөгдсөн юм.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалыг цэргийн жинхэнэ алба хаагч, генерал цолтон хаших ёстой. Тиймээс ч өмнөх Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатарыг энэ шалтгаанаар чөлөөлсөн. Гэтэл түүний оронд тэтгэвэртээ сууж байсан өвгөн генералыг томилохоор ярилцаж, сонгон шалгаруулалтад хүртэл оролцуулж байна.
Ц.Тогоог Төрийн нарийн бичгийн дарга болох эсэхийг өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн хурлаас шийдэх аж. Харин төрийн өмнө хуулийн дагуу ажиллах үүрэгтэй сонгон шалгаруулагчид нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг зүйл хийхгүй байх гэж найдах л үлдлээ. Ер нь энэ Төрийн албаны зөвлөл гэдэг газар улстөрийн шахааны хүнийг сонгон шалгаруулдаг байгууллага болсон гэхэд хилсдэхгүй бололтой.
Өвөрхангай аймгийн харьяат Ц.Тогоо 1954 онд төржээ. Харин 2009 онд цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаар хүрсэн энэ өвгөнийг Өвөрхангайн фракцийнхан энэ албан тушаалд зүтгүүлж байгаа сурагтай. Зөнөсөндөө ч тэр үү, шуналдаа хөтлөгдсөндөө ч тэр үү ЗХЖШ-ын даргын суудлаас чөлөөлөгдсөний дараа арабуудад шонхор шувуу худалдсан гэх хэрэгт нэр холбогдож байв. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг. Шонхрын бизнесээр мөнгө босгох гээд бүтээгүй Ц.Тогоо дахин батлан хамгаалах салбарт шургалж, насны бөгсөнд хөрөнгө хураах гэсэн ч юм бил үү, хэн мэдлээ. Уг нь Н.Энхбаяртай гар нийлэн ажиллаж байхдаа Монголын зэвсэгт хүчинг удирдаж овоо бийлэгжсэн гэдэг юм билээ. Иймээс түүнийг Төрийн нарийн бичгийн даргын сонгог шалгаруулалтаас нэрээ татсан нь дээр биз дээ гэх яриа улстөрийн хүрээнийхний дунд өрнөж байна.
Хамгийн гол нь эндээс МАН-д БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хийгээд явчих чадварлаг залуу боловсон хүчин дутагдаж байгаа нь илт харагдаж байна. Үнэхээр Ардын намд энэхүү албан тушаалд тэнцэх чадварлаг залуу боловсон хүчин байхгүй юм бол намчирхаж, ялгаварлах хэрэг байна уу, Ж.Энхбаяр сайд аа. Заавал нам гэж ангилахгүй бол цэргийн байгууллагыг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг өчнөөн залуус бий. Тиймээс чаддагт нь энэ албан тушаалыг Ардын намд ч, Ц.Тогоо генералын нэрэнд ч цэвэр биз.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 01, 2012 10:50:35 am )
54 oniih geheer yum hiideg l nas bn daa ug ni.
-
Anonymous (March 01, 2012 1:46:22 pm )
tsereg armiig meddeg humuus ene yamand heregtei shuu Togoog golood baih yuym algaa ,Ataarhagts mini chi ooroo yu chaddag uy meddeg boldoo
-
Anonymous (March 06, 2012 11:15:57 am )
Togoo ene ajliig elbeg hiij chadnaa,harin ene hymyysiin har am uu. Er n ter Erdenebat l yag taarah hyn baisan yum. Daanch tylhees alga yum daa, ter shalgaruulaltiin hural deer n hargadaad baina lee.
-
Anonymous (March 11, 2012 7:34:07 pm )
Мэдлэгтэй ,туршлагатай,армийн тогоонд чанагдсан энэ хүний мэдлэг туршлагыг үндэслэн ажилд тавих хэрэгтэй. Цэргийн амьдрал мэдэхгүй залууст их л түшиг болно доо. Хятадад төрийн зөвлөлийн гишүүд гэж хөгшчүүл нь тэргэнцэрээр ирж байгаа нь телевизээр харагддаг.Энэ том гүрэн залуучуудгүйдээ биш тэр хөгшчүүлийн бөндгөр доторхи нь хэрэгтэйдээ тэр хүмүүсийг ажиллуулж байгаа. Яагаад манайх амьдралын дадлага туршлагатай хүмүүсээ хөсөр хаядаг юм бэ
4 Comments