Өнөөдөр гуравдугаар сарын 1. Монголд улс төрийн ууган нам байгуулагдсаны 91 жилийн ой, Эх орончдын өдөр. Энэ ойг тэмдэглэхээр нэгэн үүрнээс цувж төрсөн МАН, МАХН-ынхан цаг минутаар уралдаж байна.
МАХН-ынхан Эх орончдын өдрийн ургахын улаан нарыг Тасганы овоон дээрээс угтан харж, МАНАН-г сарниахыг урин дуудсанаараа ой тэмдэглэх салхийг хагалав. Өглөө 07.00 цагт нар битүү шахам байхад Тасганы овоон дээр МАХН-ынхан гарч нар харах ёслол үйлдлээ. МАХН-ын дарга, гишүүд 10.30 цагаас Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх бол МАН-ынхан уг ёслолыг 13.00-13.30 цагт гүйцэтгэнэ. МАХН-ынхан хөшөөнд цэцэг өргөж байх тэр цагт МАН-ынхан Төрийн ордонд эрдэм шинжилгээний хурал хийж байх юм. Мөн 11.00-13.00 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН-д шинэ гишүүд элсүүлэхээр болжээ.
Харин МАХН-ынхан хөшөөнд цэцэг өргөснийхөө дараа 11.00 цагаас Сүхбаатарын талбай дээр Монголоо аврах аян эхлүүлж, эх орончдын гэгээн дурсгалд зориулан хүрээ хийдүүдэд ном хуруулж, орой 21.00 цагаас Монголоо аврах ард түмний хүслийг гүйцээх зул асаах ёслол хийх гэж байна.
МАН-ынхан 14.00 цагаас үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах бол МАХН-ынхан ч спортын тэмцээн, уралдаан хийхээр төлөвлөжээ.
Ингэж энэ өдөр хоёр намынхан Эх орончдын өдрийг өөр өөрийнхөөрөө, гэхдээ уралдсан маягаар тэмдэглэх гэж байна.
Д.ОЮУН
Холбоотой мэдээ
Comments are closed.