-АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ШАРИЛЫГ НИСДЭГ ТЭРГЭЭР НИЙСЛЭЛД АВЧИРЛАА-

2017 оны аравдугаар сарын 24-ний 21:05 цаг. Шарил ачсан машины цуваа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хөдөллөө.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Отгонтэнгэр ууланд авиралт хийж байсан уулчдад тохиолдсон золгүй явдлын талаарх мэдээллийг манай сонин шуурхай хүргэж байгаа билээ. Эрэн хайх аврах багийнхан өнөөдөр буюу гурав дахь өдрөө эрлийг үргэлжлүүлнэ. Одоогоор ууланд авирч байсан 27 уулчнаас 10 нь эсэн мэнд, 14 хүний цогцсыг олсон, гурван хүн сураггүй байна. Өчигдөр өрнөсөн үйл явдлын мэдээллүүдийг нэгтгэн хүргэе.

06:20 цагт ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

09:43 цагт эрлийн бүлэг осолдсон хоёр иргэний цогцсыг олов.

10:43 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг олжээ.

11:30 цагт осолдож нас барсан 14 дэх иргэний цогцсыг олов.

Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгажээ. Уулын цас дагтаршиж, хунгарласан учраас ажиллагааг явуулахад хүндрэлтэй байсныг онцолж байлаа. Эрэн хайх ажиллагааны бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлажээ. Голомтын бүсэд гэр, майхан, шатахуун, хоол хүнс, цахилгаан үүсгүүр, дагалдах хэрэгсэл, шаардлагатай эмийн нөөцийг өчигдөр хүргүүлэхээр гарчээ.

Улсын онцгой комиссын шуурхай штабын ирүүлсэн мэдээллээр Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн, 27 автомашин, хоёр нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Амьд үлдсэн арван иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг Зэвсэгт хүчний жанжин штабын “МИ-171” нисдэг тэргээр авчрахаар төлөвлөжээ.

2017.10.24-ний 21:32 цаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадаа

УУЛЧДЫН АР ГЭРИЙНХЭНТЭЙ УУЛЗАВ

11.00 цаг: Онцгой байдлын ерөнхий газарт ууланд осолдсон иргэдийн ар гэрийнхэн хандаж, эрлийн ажиллагааны талаар мэдээлэл авсан юм. Энэ үеэр онцгойгийнхон “Аврагчид өчигдөр дахин дөрвөн хүний цогцос олсноор амиа алдсан хүний тоо 14 боллоо. Аврагчид үлдсэн гурван уулчныг олох найдвар тээж, эрэн хайх ажиллагааг цасны гүн рүү буюу таван метрийн гүнд явуулж байгаа” гэдгийг ар гэрийнхэнд нь хэллээ.

Мөн “Отгонтэнгэр хайрханы бэлд хээрийн штаб байгуулсан эрлийн багийнхан хоёр хэсэгт хуваагдаж шуурхай ажиллаж байна. Мэргэжлийн уулчид, аврагчдаас бүрдсэн нэг хэсэг нь уулын хавцал хэсгээр үлдсэн гурван хүнийг хайж байна. Харин цагдаа, цэргийнхэн багтсан багийнхан талийгаачдыг уулнаас буулгаж байна” гэсэн мэдээллийг давхар өгөв. Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан онцгой комиссынхон амиа алдсан уулчдын цогцсыг өчигдөр хот руу тээвэрлэх төлөвлөгөөтэй байж. Гэвч үлдсэн гурван хүнийг олоогүй учраас түр хойшлуулахаар болсныг ч энэ үеэр дуулгасан юм.

Ар гэрийнхнээс нас барсан хүмүүсийн нэрс ирсэн үү гэж асуухад “Одоогоор ирээгүй байгаа” гэв. Бид алга болсон 17 хүнээс 14-ийг нь олсон. Газар дээрээ байдал хүнд байгаа. Цасны гүнд хөлдчихсөн, ухаж гаргаж байгаа. Уулын орой дээрээс буулгаж бэлд буулган. Бэлээс штаб руу зөөнө. Шүүх шинжилгээний байгууллагынхан ослын газарт ажиллаж байгаа. 10 хүний гурван эмэгтэй, долоо нь эрэгтэй байсан. Өглөөний байдлаар дөрвөн цогцос олдсон, эр эмийг нь одоогоор ялгаж мэдээгүй байна. Одоо эрлийн ажиллагаа улам хүндэрч байна. Ар гэрийнхэн та бүхэн хэний ар гэрээс ирэв гэдгээ тэмдэглүүлж үлдээхийг хүсье. Бас санал хүсэлт байвал бичгээр өгч болно. Бидний гар утасны дугаарыг тэмдэглэж авч болно. Засгийн газар, Онцгой байдлын комисст бид ар гэрийнхний хүсэлтийг цааш нь дамжуулах болно. Олдоогүй байх гурван хүнд амьд үлдсэн байх найдвар хэр байна вэ гэж асуухад “Нөхцөл байдал тийм л болж байна. Ер нь бол найдлага байхгүй гэдгийг газар дээр нь ажиллаж байгаа хүмүүс хэлсэн” гэв. Гэр бүлийн төлөөллөөс “Сүрэнжав гэдэг хүнийг маш туршлагатай хүн гэж бодож байгаа. Нэг олсонд явсан долоон хүнийг амьд байх магадлалтай гэж найдаад байсан юм л даа” гэхэд Онцгой байдлын газрын албан хаагчид “Ар гэрийнхэнд нь найдлага тавьж байгааг ойлгож байна. Гурван хүнээ эрж хайж олчихоод нэгдсэн байдлаар нааш нь явуулъя гэсэн хандлагатай байна. Одоо зарим тоног төхөөрөмж хэрэгтэй байна” гэж хариулав. Амьд үлдсэн хүмүүстэй уулзах боломж байна уу гэхэд “Сэтгэл зүй нь хүнд байгаа. Ирэхэд нь уулзах боломж байлгүй яахав. Зарим нь хүнд шоконд орчихсон байгаа” гэв. Амьд олдчих болов уу гэж бодоод хүлээгээд суулаа гэж хэлээд ар гэрийнхэн нь уйлсан юм. Зарим хүмүүсийн гар хөл нь хайрагдсан гэх мэдээлэл бас байна уу гэв. Ууланд хоносон хүмүүс аргагүй байх гэцгээв.

Уулчдын ар гэрийнхэн өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын хүлээлгийн танхимд өнжив. Мэдээж хайртай хүмүүсээ амьд байх вий гэсэн горьдлого тээж, сэтгэл түгшин суугаа нь ойлгомжтой байлаа. Харамсалтай нь 14 авирагчийн цогцсыг олсон ч хэн гэдгийг нь таних боломжгүй байгааг Онцгой байдлынхан тэдэнд дуулгаж байлаа. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас авирагчдын ар гэрийнхнээс мэдүүлэг авахыг хүссэн байна.

Авиралтын маршрутыг тоймлон үзүүлэв

ГУРВАН ХҮНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

18.00 цаг: Энэ цагт Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газрын онцгой комиссын хуралдааны дараа осол болсон газар руу явчихаад ирлээ. Юуны өмнө болсон явдлын талаар товчхон мэдээлэл өгье. Уулчид өнгөрсөн баасан гаригт Отгонтэнгэр хайрханд очоод бямба гаригт нь авирсан байна. Хайрханы оройд үдээс хойш ойролцоогоор 17 цагийн үед гарчээ. Ингээд арван уулчин бууж ирээд 17 нь бууж чадаагүй. Авиралтын багт нийт долоон эмэгтэй, 20 эрэгтэй байж. Одоогоор эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Бид уулчдын тухай мэдээллийг анх ням гаригийн 14.30 цагт авч, нэн даруй аврах үйл ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаа эхэлсэн өдрөө арван цогцос олсон. Өнөөдөр (өчигдөр) дөрвөн цогцос оллоо.

Одоо гурван хүнийг эрж хайх ажил үлдлээ. Цаг орой шөнө болсон учраас өнөөдөртөө (өчигдөр) эрлийг зогсоочихлоо. Маргааш өглөө (өнөөдөр) эрлийг дахин үргэлжлүүлнэ. Бид Отгонтэнгэр хайрханд осол болсон газрыг нисдэг тэргээр хоёр ч удаа тойрлоо. Цас орж хайлж мөстөөд хавтан үүсчихэж. Нэлээд том талбайд үүссэн тэр мөстөлт нь уулчидтай хамт доошоо унасан байна. 700 орчим метрийн өндрөөс унажээ. Эндээс харахад хүн амьд гарах бололцоо байхгүй юм билээ. Уулчид хайрханы огцом өндөр талаас нь буужээ” гэлээ. Өөд болсон уулчдын цогцсыг Улаанбаатар хот руу хэзээ авчрахыг сэтгүүлчид тодруулахад Шадар сайд “Аль болох яаралтай авч ир” гэдэг үүрэг өгсөн. Өнөө шөнөдөө багтаад авчрах байх” гэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр эсэн мэнд үлдсэн арван уулчин сураггүй байгаа гурван хүнээ олтол Улаанбаатар руу явахгүй гэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амьд үлдсэн уулчдын зарим нь нийслэлд ирээд байгаа аж.

АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ШАРИЛЫГ НИСДЭГ ТЭРГЭЭР НИЙСЛЭЛД АВЧИРЛАА

20:30 цаг: Амиа алдсан уулчдын шарилыг Завхан аймгийн Отгон сумаас нисдэг тэргээр нийслэлд авчирлаа. Энэ үеэр хамгаалалт гарч хэвлэлийнхнийг ойртуулахгүй байв. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хойд талын зогсоол дээрээс 21:05 цагт автомашины цуваа хөдөлсөн. ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр ахалсан ажлын хэсэг ослын газарт ажилласан бөгөөд нас барсан хүмүүсийн шарилыг авчрахад цагдаагийнхан оролцсон байна. Цагдаагийн тоноглолтой зургаан тусгай автомашин, дөрвөн пургон, эмнэлгийн гурван тэрэг тэргүүтэй цуваа нисэхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хөдөлсөн. Нисэх дээр талийгаачдын ар гэрийнхэн ирээгүй бөгөөд тэднийг шүүх эмнэлэг дээр хүлээж байгаа гэсэн мэдээлэл байв.

21:32 цаг: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадаа очиход нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн болох 40 гаруй хүн цугласан байв. Цагдаа нар эмнэлгийн үүд хэсгийг хамгаалалтад авсан байв. Амиа алдсан 14 хүний шарилыг ЦЕГ-ын хамгаалалттайгаар Нисэх буудлаас авчирсан юм. Уй гашууд автсан талийгаачдын ар гэрийнхэн “Маш их харамсч байна” гэдгийг өөр хоорондоо нам гүм дуугаар ярьж, нулимсаа арчицгааж харагдана. Шүүх эмнэлгийн салах ёс гүйцэтгэх хэсэгт ар гэрийнхэн очих үеэр цагдаагийн алба хаагчид хэлэхдээ “Цогцсыг таниулах ажиллагаа 30-40 минутын дараа явагдана. Та бүхэн сэтгэлээ бариарай” гэж хэлэхэд ар гэрийнхнээс нь 5-6 хүнийг дотогш нэвтрүүлэх боломжтой юу гэж асууж байв. Хариуд нь нэг л хүн оруулах боломжтой гэсэн хариултыг цагдаагийн алба хаагчид өгч байсан. Шөнийн туршид цогцсыг таниулах ажиллагааг хийхээр болсон.

АППАРАТАА ДАЛД ХИЙХ ГЭЖ 30 СЕКУНД СААТСАНААР 10 ХҮН АМЬД ҮЛДЖЭЭ

Отгонтэнгэр ууланд авирч байсан 27 уулчин гурван олсонд хуваагдаж явсан байна. Эсэн мэнд бууж ирсэн 10 уулчин нэг олсонд явсан бол 17 хүн хоёр олсонд хуваагдаж өмнө нь явсан. Цасан нуранги үүсэх хүчтэй дуу чимээ сонсогдож урд явсан хүмүүс нь алга болонгуут хойно яваа 10 хүн түр зогсч юу болоод байгааг ухаарах сөхөөгүй шоконд оржээ. Өөрсдийн нүдээр анд найз нөхдөө алга болохыг харсан учраас одоо болтол сэтгэл зүйн хямралаасаа гарч чадаагүй байгаа гэнэ. Тухайн үед гишгэсэн газар болгон нь цөмөрчих гээд байдал хүнд хэцүү байсан. Нэгэнт байдал бишдсэнийг гадарласан хүмүүс эрсдэлтэй замыг тойрсхийж буцаж алхан цаг орой харанхуй болсон ч аль болох хурдан доош бууж тусламж дуудахыг зорьжээ. Харанхуй болчихсон сэтгэл зүйн хямралд орчихсон 10 хүн доош буухдаа маш болгоомжтой удаан явсан гэнэ. Эсэн мэнд байгаа 10 хүний нэг нь ар гэрийнхэндээ хэлэхдээ 34 цаг алхах шиг болсон. Харанхуй шөнө болсон байсан. Биднийг ахалж явсан уулын хөтөч байгаагүй тул бид хаана яваагаа багцаагаар мэдэж байсан. Аль болох хурдан хугацаанд бууж хэл хүргэе гэж зорьсон” гэж утсаар хэлжээ. Ингээд тэд юуны түрүүнд айл олж айлын эхнэрийн гар утсаар нь Улаанбаатар руу яаралтай холбоо барьжээ. Тэгээд гурван хүн нь буцан явж бусдыгаа хайх оролдлого хийсэн байна. Тэд ар гэр рүүгээ утсаар ярих богино мөчид ганц л зүйлийг аминчлан хүсч байгаа гэнэ. Тэр, тэрний ар гэрт нь бушуухан очоорой. Дэргэд нь байгаарай. Биднийг хот руу буцаж буй нисдэг тэргэнд суулгах зай байна. Суугаад яв гэж байна. Бид эндээс түрүүлээд явахгүй. Цасанд хучигдсан найзуудыгаа эхлээд эндээс явуулчихаад араас нь гэртээ харина” гэж хэлжээ. 27 уулчдыг уулын спортын олон улсын хэмжээний мастер Н.Сүрэнжав ахалж явсан бөгөөд баруун гар болж Г.Барсболд явсан байна. 27 уулчид дотор яг мэргэжлийн 7-8 уулчид явсан. Ууланд алхаж буй хүмүүс хагас цэрэгжилтийн байдалтайгаар тусгай дэг горимын дагуу явдаг. Тиймээс ууланд авирч байсан тэдгээр хүмүүс багш хэмээн хүндлэгддэг Н.Сүрэнжавын үгийг дагадаг. Түүнээс биш мэргэжлийн биш хэдэн хүмүүс дур зоргоороо явсан зүйл биш юм шүү. Уулын спорт өөрөө эрсдэлтэй. Байгалийн гамшиг тохиосноос болж эндсэн явдал боллоо. Хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлон бидэнд тохиолоо” хэмээн ар гэрийнхэн нь ярьж байв. Эх сурвалжийн мэдээллээр 10 хүн эсэн мэнд үлдсэний шалтгаан нь тэднийг ахалж урд нь явсан хүн зургийн аппаратаа цааш нь далд хийх гээд 30 секунд орчим саатжээ. Энэ хооронд цас цөмөрч өмнө нь явсан 17 хүн ангал руу унасан байна. Авирагчид уулын уруу буухдаа гурван олсонд хүнд, хөнгөн жингээ тэнцүүлж хуваагдсан байна. Хэрвээ 30 секунт зогсоогүй бол бүгд л хавцал руу унаж эрсдэх магадлалтай байжээ.

ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНД ЭНДСЭН УУЛЧИД ХЭН БАЙВ

Отгонтэнгэр хайрханд авирч, харамсалтайгаар эндсэн уулчдын заримынх талаар бидэнд олдсон мэдээллийг хүргэе.

Н.Сүрэнжав. Тэрээр энэ удаагийн авиралтын багийг ахалж явжээ. Монголын уулчдын холбооны тэргүүнээр ажилладаг байсан юм байна. 2016 онд сайтад өгсөн ярилцлагадаа “Би 1990-ээд оноос явган аялалд явдаг болсон. Оргил дээр гарахаараа ядарч цуцсан байдал, олсонд ороод явахад хүмүүсийн үл ойлголцол, авирах үеэр бий болсон элдэв асуудлууд бүгд сарниад алга болчихдог. Тэр их гоё мэдрэмж. Хамгийн гол нь баг хамт олноороо гарах нь их сайхан. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө явдаг. Манайхны хувьд уулын спортын босго Асралт хайрханаас эхэлдэг. Би 2810 метрийн өндөртэй Асралт хайрхан дээр гарлаа гэхэд дараа нь тэрнээс өндөр 3000-тай уул хаана байх вэ гэх мэт үргэлж дээш тэмүүлж байдаг. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, Очирваань хайрхан 4080 метрийн өндөртэй. Тийшээ хүмүүс өвлийн авиралт хийдэг. Энэ сард явна. Яагаад гэвэл зун айлууд зусландаа буучихаад шүтдэг хайрхан дээр нь хүмүүс гарахад таагүй байдаг. Тиймээс хүн байхгүй үеэр гардаг юм” хэмээн ярьж байж. Зарим нэг эх сурвалжийн мэдээллээр талийгаач Н.Сүрэнжав нь гэр бүлгүй, уулын спортод зүрх сэтгэлээ өгсөн нэгэн байжээ. Түүний фэйсбүүк хуудсанд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлж буй олон хүн байгаагийн дотроос дотны дүү нь ”Навааны Сүрэнжав. Уулын

нэр нь Сэнгүүн. Та минь олон хүн баярлуулж, хүний төлөө өөрийгөө үл хайрлан Алтай таван богд уулсын их ангал дундуур өөрөө мөр гарган явахдаа “Уулчин хүний алдаа нь эхнийх бөгөөд эцсийнх байдаг. Уулс байж л байна” хэмээн сэтгэлийн зул өргөжээ. Мөн тэрбээр сэтгэлийн зулдаа “Хорьдол сарьдгийн нуруунаас буух явцдаа багш шавь болсон Ариунбилэг, Эрдэнэтийн уулчин, дэлхийн аварга Гантөмөр нар нэг олсонд амь нэгтэй явсан” гэдгийг дурдсан байв.

Харамсалтайгаар осолдсон 17 уулчны дийлэнх нь 1970 оныхон байжээ. Тэдний нэг нь Г.Барсболд. Орос, Германд боловсрол эзэмшсэн түүний эхнэр нь ч уулчин юм байна.

Энэ багийн залуу авирагчдын нэг нь Б.БатЭрдэнэ байсан сурагтай. ШУТИС болон МЗХнд ажилладаг байжээ. Дөнгөж 29 настай энэ залуу нийгмийн асар их идэвхтэй, өр нинжин сэтгэлтэй нэгэн байсныг ойр дотныхон нь хэлж байна. Тэрээр твиттерт Өжгөө гэдэг нэрээр жиргэдэг байв. Ууланд авирах бэлтгэлээ базааж байгаа зургаа тавьж, хамгийн сүүлд жиргэхдээ хэлсэн түүний үг бусдыг шимшрүүлж байна.

Н.Баттулга. Түүний нэр сураггүй алга болсон уулчдын нэрсийн жагсаалтад байхгүй. Гэхдээ энэ багийнхантай явсныг нь эх сурвалжууд баталж байна. Н.Баттулга нь Чингэлтэй дүүргийн АН-ын хороонд ажиллаж байгаад 2008 оноос Авто тээврийн газрын техник технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар дэвшиж байжээ. Дараа нь Зам тээврийн яамны техник технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм байна. “Smart tree” гэдэг төсөл боловсруулж, Сөүлийн гудамжинд гэрэлтүүлэг суурилуулахаар ажиллаж байсан залуу гэнэ. Тэрээр хамгийн сүүлд аравдугаар сарын 18-нд фэйсбүүк хуудсандаа нэгэн шүлэг постолсон байв.

Отгонтэнгэр хайрхан руу авирсан уулчдын багт явсан 1970 оныхны нэг нь Ц.Янсан бололтой. Тэрээр “CTI Engineering International” компанид ажилладаг байжээ. Мөн талийгаач О.Гантөмөр нь Стэнфордын их сургуулийг төгссөн 1981 оны залуу байв. Д.Ариунбилэг агсны хувьд уулын спортоор идэвхтэй хичээллэдэг, туршлагатай уулчин байж. Тэрээр фэйсбүүк хуудсынхаа зургийг хамгийн сүүлд аравдугаар сарын 15-нд сольжээ. Бусад уулчдын мэдээлэл хараахан тодорхой болсонгүй. Энэ уулчид сошиалаар санаа нэгдэж, сүүлийн жилүүдэд ихэвчлэн хамт ууланд авирч байгаа хүмүүс юм байна.

Ж.БАТЦАГААН: Н.СҮРЭНЖАВТ НЭГ Л ӨДӨР АЮУЛ ТОХИОЛДВОЛ ЯАНА ГЭДГИЙГ ХЭЛЖ, АНХААРУУЛЖ БАЙСАН

“Монголын уулчдын Үндэсний холбоо”-ны нарийн бичгийн даргаар 30 гаруй жил ажилласан олон улсын хэмжээний спортын мастер уулчин Ж.Баянцагаантай ярилцсан юм.


-Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн 27 уулчдыг ахалж явсан Н.Сүрэнжавыг та хэр сайн мэдэх вэ?

-Мэдэлгүй яахав. Их цайлган сэтгэлтэй хүнд тусархуу нэгэн. Бид сая долоо хоногийн өмнө Өмнөговь аймаг руу цуг яваад ирсэн. Манай нэг уулчин Хөдөлмөрийн гавьяаны одон авсан тул бид баяр хүргэхээр цугласан юм. Тэр үед Отгонтэнгэр явах тухайгаа ярьж байсан. Ер нь би Н.Сүрэнжавт байнга хэлдэг л байсан л даа. Чи бол спортын мастер хүн. Үүнийгээ өөрийгөө уулчин болчихлоо гэж битгий бодоорой. Хөтөч хийнэ гэдэг бол тусгай мэргэжил. Чи битгий хүмүүс авч явж бай. Хүмүүс аваад явдаг чинь осолтой шүү. Нэг л өдөр аюул тохиолдвол яана гэдгийг хэлж, сануулдаг байсан. Н.Сүрэнжав маань надад зэмлүүлэх үедээ зэмлүүлээд л явдаг цайлган зантай нөхөрсөг нэгэн л дээ. Гавьяат уулчин Г.Өсөхбаяр бол миний шавь нарын нэг нь. Н.Сүрэнжавын ард Г.Өсөхбаяр гавьяат байдаг. Тэд маань хүмүүс цуглуулж аваад л яваад байх шиг байдаг юм.

-Та ямар учраас ингэж анхааруулж хэлдэг байв. Хүмүүс ахалж авч яваа хүн ямар шаардлагыг хангасан байх ёстой юм?

-Надад ууланд алхсан 50 жилийн туршлага байна. Би холбооны нарийн бичгийн даргын ажлыг 30аад жил хийсэн хүн. Уулын авиралттай холбоотой бүх арга хэмжээ 2014 он хүртэл миний хяналт дор явсан. 2014 оноос хойш залуучууд маань холбоонд орж ирэн бас өөр олон холбоод шинээр байгуулагдаж ахмадуудынхаа үгийг хэр баргийн сонсохоо ч байсан.

-Алхалт хийх, ууланд авирах хоёрт ямар ялгаа байдаг юм бэ?

-Алхалт ч ялгаагүй эрсдэлтэй, хальтирч гулгах газраар явна. Алхаж байгаа хүн, ууланд явж байгаа хүн хэн ч ялгаагүй болгоомжтой л явах ёстой. Сая болгоомж алдчихлаа. Замаа алдчихсан. Цагаа тооцоолоогүй. 16.00 цагийн орчимд уулын оргил дээр гарсан хүмүүс чинь зургаа авахуулахаас эхлээд тэндээ хэсэг удаж таарна. Тэгээд буцаад буух үе бол үдээс хойш болж үзэгдэх орчин багасна.

-Цаг агаар ямар байсан бол. Уулчид өгсөж гарсан замаасаа өөр замаар буцаж явсан гэх мэдээлэл гарч байгаа. Яагаад өөр замаар буусан юм бол?

-Би яг газар дээрээ юу болсныг бүрэн мэдэхгүй ч багцаалал байна. Цаг агаар таагүй байгаагүй гэсэн. Мэдээж өндөр уул болохоор салхилж байгаа. Уулын орой хэсэг тэр чигтээ мөс байдаг. Дээр нь цас хаялчихсан. Нэг л хүн эвгүйхэн гишгээд хальтирвал хэдэн хүн ч байсан хавцал руу яваад орчихоор. Сая уулчид өгссөн замаараа буцаад бууж явсан. Буухдаа тооцоолол алдаж арай наагуур эргэчих шиг боллоо. Яг тэр хэсэгт салхилаад байдаг учир цасаа хөөж хунгар үүсгээд байдаг талтай. Саяны осолдсон хавцлын тэнд 1963 онд онгоц унасан байдаг. Онгоцны ослоор 43 хүн нас барсан. Сүүлд 2000 онд онгоцны сэгийг уулчид бид очиж цэвэрлэж тэр ангал руу хаясан л даа.

-Нэг олсонд хичнээн хүн явах ёстой вэ. Сая бол 27 хүн гурван хэсэг болж явсан байна?

-Олуулаа нэг олсонд ордоггүй. Нэг олсонд 34 хүн ордог. Ингэхдээ нэг хүн 10 метрээс доошгүй олс хэрэглэж явах ёстой. Урьд талын хүнд эрсдэл тохиолоо гэхэд олсоо тавьж тэр хооронд самбаачлан хамгаалалтын арга хэмжээг авдаг. 50 метрийн олсонд дээд тал нь дөрвөн хүн явах жишээтэй. Хэрэв богинохон олстой явбал нэг нэгнээ татаад аваад явчихдаг гэмтэй. Ууланд авиралт хийж буй хүн осол гарвал яаж ажиллах тухай зайлшгүй мэдлэг, дадлага туршлагатай байх ёстой байдаг. Бид бол ийм дадлагыг насаараа хийсэн хүмүүс. Миний харж байгаагаар Отгонтэнгэрийн хавцал руу тонгойгоод ороод явчихсан шиг боллоо доо хөөрхий. Энэ хавцлын дээд хэсэг мөстэй үүн дээр нь цас тогтсон болохоор хавцал байгааг олж харах боломжгүй л дээ. Тэгээд ч бүрий болж эхэлж байсан байх.

-Спортын мастер Н.Сүрэнжавын хувьд хавцал, ангал байдаг гэдгийг мэддэг байсан болов уу?

-Мэдэлгүй яахав. Н.Сүрэнжав Отгонтэнгэр ууланд удаа дараа алхаж байсан туршлагатай хүн. Гол нь замаасаа 1020 метр хазайх төдийд тийшээ орчих магадлал өндөрсөнө.

-Ер нь хавцлаас болгоомжлуулах пайз хийж болоогүй байсан уу?

Замаа мэддэг хүмүүс алхдаг болохоор хамгаалалтын юм хийгээгүй байсан.

-Алтай Таванбогдод хоёр жилийн өмнө таван хүн эндсэн. Уулчдын хувьд сүүлийн үед осол яагаад ойр ойрхон гарах болов?

-Ослыг урьдчилан мэдэж чадахгүй шүү дээ. Ууланд алхахад хагас цэргийн зохион байгуулалттай алхдаг. Сүүлийн үед ууланд авиралт хийж буй хүмүүсийг хариуцаж авч явдаг хүмүүсийн зохион байгуулалт сул, баримталдаг дэг жаягаа сайн барихгүй байна уу даа гэж харагдах болсон. Гэхдээ байгалийн давагдашгүй гэнэтийн үзэгдэлд бид хүнийг буруутгах арга байхгүй. Алтай Таванбогдод алхалт хийж байхад цасан шамарга болсон байгаа юм. Замаа алдсан таван хүн 7080 метрийн урттай мөсөн хана руу ниссэн харамсалтай хэрэг болсон.

“ӨДРИЙН СОНИН”-Ы СУРВАЛЖЛАХ БАГ