Манай улсад газрын наймаа бүрэн утгаараа хөгжсөн гэж хэлж болно. Захирамж давхардуулж олгохоос эхлээд газар зохион байгуулагчдын хуудуутай үйлдэл олон. Тэгвэл манай сонинд яг ийм асуудлаар нэгэн иргэн хандсан юм. Тодруулбал, иргэн Д.Дагийрмаа нь Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэр Монгол кино нэгтгэлийн хойд талд 107 метр квадрат бүхий газартай аж.
Тэндээ 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд газар эзэмших гэрчилгээгээ 2010 оны үед дүүргийн Газрын албанаас авсан байдаг. Гэтэл “Сажа бандида” хийдийн барилга зэргэлдээхэн баригдах үеэс уг хийдийн тэргүүн Отгонбаатар лам иргэн Д.Дагийрмаагийн газрыг булааж авахаар санаархаж эхэлсэн байна. Тэрбээр энэ санаагаа гүйцэлдүүлэхийн тулд төрийн байгууллагын танил талаа ашиглаж газар эзэмших зөвшөөрлийг нь цуцлуулж дөнгөсөн байдаг. Гэтэл уг шийдвэр нь хууль бус үйлдэл болох нь илчлэгдэж улмаар нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл 2016 онд газрын эзэмших эрхийг дахин сэргээжээ. Гэвч асуудал ингээд дууссангүй.
Хийдийн тэргүүн Отгонбаатар нэр бүхий хүмүүстэй үгсэн хуйвалдаж, газрын зөвшөөрлийг нь цуцлуулахаар дахин санаархаж эхэлснээр нийслэлийн Газрын албанаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-21.2.4 болон 21.5.3-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсноо энэ оны есдүгээр сарын 26-ны өдөр мэдэгджээ. Уг асуудлаар иргэн Д.Дагийрмаа нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд удаа дараа хандсан боловч хүлээж авахаас татгалзаж, гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй гэж мэдэгджээ. Угтаа дээрх захирамжийг нийслэлийн Засаг дарга эсвэл Ерөнхий сайд цуцлах эрхтэй атал нийслэлийн Газрын албаны дарга юуны учир ийнхүү хууль зөрчсөн үйлдэл гаргасан бэ гэдгийг дараагийн сурвалжлагаараа дэлгэрэнгүй хүргэх болно.

Үндэсний шуудан сонин