antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2017 2 comments

АНУ vs БНАСАУ: Болзошгүй дайны өрнөл

нийтлэсэн Admin
Харилцан сүрдүүлэг  
БНАСАУ он гарснаас хойш удаа дараа цөмийн болон пуужингийн туршилтууд хийсэн нь дэлхийн хамтын нийгэмлэгийн дургүйцлийг төрүүлсэн билээ. Тэр дундаа Америкийн эрх баригчдын зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэснээр тэд Умард Солонгост цохилт өгнө гэж сүрдүүлэх болов. Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэл хийж “Умард Солонгосын өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд бид байж болох бүх хувилбарыг ашиглахад бэлэн байна” гээд Умард Солонгосын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэж болохыг үгүйсгэсэнгүй. Энэ бүхнээс үзвэл, америкчууд Умард Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас сийхгүй бололтой.
Хариуд нь, Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барьсан Япон, АНУ хоёрыг заналхийлсэн мэдэгдлийг Пхеньян хийсэн байна. Тодруулбал, АНУ-ын газар нутгийн нэг хэсэг болох Номхон далай дахь Гуам арлыг газрын хөрснөөс арчина гэж сүрдүүллээ.
Үүний хариуд Америкийн Ерөнхийлөгч хэлэхдээ “Пхеньяны эрх баригчид манай улсад заналхийлэхээ зогсоохгүй бол дэлхийд өмнө нь хэзээ ч үзэгдэж байгаагүй уур хилэнгийн догшин гал тэднийг нөмрөх болно” гэв. Харин Умардынхан үүнд цочирдсонгүй, уг мэдэгдлийг “нохой хуцах”-тай зүйрлэсэн байна.
Энэ мэтээр харилцан бие биенээ заналхийлж байгаа нь Солонгосын хойгийн хямралыг цэргийн хүчээр шийдэж магадгүй, үүний улмаас Солонгосын II дайн дэгдэж магадгүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм. Хэдийгээр барууны орнууд болон Америкийн нөлөө бүхий улстөрчид хүч хэрэглэхээс зайлсхийхийг уриалж байгаа боловч асуудлыг цэргийн хүчээр шийдэх магадлал 30 хувьд хүрч өссөнийг зарим шинжээчид анхаарууллаа.
Зөрчилдөөн ингэж хурцадсан нь БНАСАУ болон АНУ-д хэт том амбицтай улстөрчид төрийн жолоог атгаж буйтай холбоотой. Ким Жөн Уны хувьд, генералууд болон ард иргэдийнхээ өмнө өөрийгөө хэн болохыг харуулж, нэр нөлөөгөө улам өсгөхийн тулд пуужин-цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол улс төрийн тал дээр туршлагагүй, дээр нь цочмог түргэн зантай Д.Трамп Сирийн нисэх онгоцны буудал руу пуужин харваж, гэнэтийн цохилт өгч чадсандаа ихэд бардамнаж байна. Дэндүү их амбицтай хөгшин, залуу хоёр удирдагчийн хийж болзошгүй үйлдлийг урьдчилан таамаглах аргагүй болсон байгаа учраас дэлхий дахинаараа, бүс нутгаараа тэдний хөлд үрэгдэх магадлал улам өсч байгаа юм.
Д.Трамп гэхэд өөрийн багийг бүрдүүлэх гэж нэлээд зовж байгаа ба Цагаанд ордонд эмх цэгцгүй байдал ажиглагдаж байна. Тэрбээр өмнө нь ажиллаж байсан туршлагатай шинжээчдийг “хөөж явуулаад” оронд нь мэргэжлийн чадварын хувьд тааруухан хүмүүсийг ажилд авчээ. Эдгээр шинэ хүмүүсийн хувьд Солонгосын хойгийн байдлын талаар ойлголт муутай байгаа бөгөөд “Умард Солонгосыг ганцхан цохилтоор буулгаж авч болно” гэсэн Өмнөд Солонгосын суртал ухуулгын шинжтэй мэдээлэлд үнэмшиж байж болох сул талтай.
Болзошгүй дайныг загварчилсан нь  
Болзошгүй дайны өрнөлийг загварчлах талаар мэргэшсэн шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ-ын хувьд Умард Солонгосын цөмийн болон цэргийн объектуудад маш богино хугацаанд асар өндөр нарийвчлалтай цохилт өгснийхөө дараа байлдааны ажиллагааг зогсоох нь илүү оновчтой шийдэл болох аж.
Дайн эхэлснээр, радарт үл үзэгдэгч В-1 бөмбөгдөгч онгоцууд эхний цохилтыг өгч, газар дорх бункеруудыг устгахын тулд тусгай зориулалтын бөмбөг хаяна. Үүнтэй нэгэн зэрэг америкчууд B-52 Stratofortress, Northrop B-2 Spirit, Rockwell B-1 Lancer зэрэг алсын бөмбөгдөгч онгоцуудаар атомын бөмбөг хаяна. Мөн тив алгасах баллистик пуужингаар зэвсэглэсэн хөлөг онгоц, шумбагч хөлөг онгоцуудаас цөмийн цэнэгт хошуу бүхий пуужин харвана.
Эдгээр нь Умардын цөмийн объектууд, пуужин үйлдвэрлэх заводууд, тив алгасах баллистик пуужинг хөөргөх талбай болон пуужин хөөргөх хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг устгах юм. Дайн эхлэнгүүт Өмнөд Солонгост байрлаж буй Америкийн 30 мянган цэрэг баазаа орхин, фронтын шугам руу хөдөлнө.
АНУ-ын хувьд, Зүүн Хойд Азид асар хүчтэй цэргийн бүлэглэл төвлөрүүдээд байгаа бөгөөд энэ нь 7 дугаар флот болон Япон, Өмнөд Солонгост байрласан нисэх хүчний бүлэглэлүүд юм. Эдгээр бүлэглэлд нийтдээ 70 гаруй мянган цэрэг байгаа бөгөөд нэмэлт хүч таталгүйгээр америкчууд агаар болон тэнгисээс бөөн хүчээр цохилт өгч, десант буулгах ажиллагаа явуулж чадах юм.
Агаарт хэт давуу байдалтай байгаа АНУ-Өмнөд Солонгосын холбоотны нисэх хүчин 1000 гаруй онгоцноос бүрдэх Умард Солонгосын агаарын цэргийн хүчийг дайн эхэлснээс долоо хоногийн дотор, харин тэнгисийн цэргийн флотыг нь дайн эхэлсэн эхний өдөрт багтаан шумбагч хөлөг онгоцнуудаас “томагавк” пуужин харван устгана гэж тооцжээ.
Энэ бүхний дараа Америкийн цэргийн тусгай хүчний анги нэгтгэлүүд Умард Солонгосын нутагт нэвтрэн орж, пуужин хөөргөх хөдөлгөөнт төхөөрөмжүүд, цөмийн объектууд зэргийн байрлалын талаар мэдээллийг Америкийн нисэх хүчинд дамжуулна.
АНУ-ын нисэх хүчний чөлөөнд гарсан хурандаа Сэм Гардинер бол АНУ-БНАСАУ-ын хооронд дэгдэж болзошгүй зэвсэгт мөргөлдөөний загварчлалыг хийж байгаа хүн бөгөөд түүний тооцоолсноор, дайны эхний хэдэн хоногт 1 сая хүний амь нас үрэгдэхээр байгаа бол зэвсэгт мөргөлдөөн 60-100 хоног үргэлжилж магадгүй байна.
Орос, Хятад хоёр дайнд татагдан орох магадлал
Төсөөлөхийн аргагүй аймшигт үр дагавартай зүйл бол Солонгосын хойгийн дайнд Хятад улс татагдан орох явдал юм. Хятадуудын хувьд, БНАСАУ-ын эсрэг хүч хэрэглэх гэсэн аливаа хувилбарыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд хүч хэрэглэх нь одоогоор тун эмзэг байгаа Солонгосын хойг дахь хүчний тэнцвэрийг алдагдуулна гэж үзэж байгаа юм.
Гэхдээ тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Хятад улс “Солонгосын II дайн”-д татагдан орох магадлал бий гэдгийг The Washington Post сонинд дурдсан байна.
Хэрвээ Умард Солонгосын зүгээс АНУ-д түрүүлж пуужингийн цохилт өгсөн тохиолдолд хятадууд Умард Солонгост туслахгүй, харин америкчууд түрүүлж цохилт өгвөл Хятад улс үйл явдлын өрнөлд хөндлөнгөөс оролцож магадгүй гэж тус сонинд дүгнэн бичжээ. Умард Солонгосын хувьд гэвэл, Япон болон Өмнөд Солонгост дайчилгаа зарлаж, Америкийн иргэдийг тус хоёр улсаас нүүлгэн шилжүүлж эхэлсэн тохиолдолд түрүүлж цохилт өгч магадгүй.
Харин Шанхай хотод ажилладаг шинжээч Ни Лэсюны үзэж байгаагаар, Америкийн цэргүүд Умард Солонгост нэвтрэн орсон тохиолдолд Хятад улс Умард Солонгост “онолын хувьд” тусалж болох боловч Пхеньяны эрх баригчид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчиж байгаа нь тусламж үзүүлэх эсэхээ Бээжингийн эрх баригчид эргэцүүлэн бодоход хүргэх болно. Онолын хувьд гэдэг нь, БНХАУ-БНАСАУ-ын хооронд 1961 онд байгуулсан Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээг хэлж буй хэрэг.
Гэхдээ өргөн хүрээтэй дайн дэгдэх магадлал бага байгааг Хятадын шинжээчид дурдаад “америкчууд хуурай замын цэргийн ажиллагаа явуулах нь юу л бол, тэд зөвхөн сануулга өгөх зорилгоор пуужингийн цуврал цохилт өгөх болов уу” гэж таамаглаж байна.
“Хэрвээ цэргийн мөргөлдөөн үнэхээр дэгдэх аваас Хятадын тал хоол хүнс, зэвсэг техник, түүний дотор хуучин танкуудаа Пхеньянд нийлүүлж туслах болов уу” гэж South China Morning Post сонинд бичжээ.
Үүнээс тэс ондоо загварчлал ч байна. Хятадын зорилго бол АНУ-ын холбоотон улстай хиллэхгүй байх явдал. Хилийнх нь ойролцоо Америкийн цэргүүд байрлах, дүрвэгсдийн цуваа улс оронд нь урсан орж ирнэ гэдгээс хятадууд асар ихээр болгоомжилж байгаа юм. Хэрвээ Пхеньяны дэглэм сүйрлийн ирмэгт ирэх аваас Хятадын тал бүс нутагт байрлаж буй Америкийн болон түүний холбоотны цэрэгт цохилт өгч магадгүй юм. Энэ тохиолдолд баллистик болон далавчит пуужин зэрэг зэвсгүүдийг хэрэглэх  нь гарцаагүй.
“Хятад, Америкийн хооронд дайн дэгдэнэ гэж төсөөлөхөд ч хэцүү. Ийм учраас хоёр тал Умард Солонгосын дэглэм нуран унасан тохиолдолд хэрхэн хамтран ажиллах талаар ерөнхий хэлэлцээрийг одооноос байгуулах хэрэгтэй, байгуулахгүй аваас хоёр орны хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэх магадлал улам өндөрсөнө” гэж Америкийн The National Interest сонинд анхааруулан бичсэн байна.
Орос улс яах бол? Умард Солонгосын худалдаа, эдийн засгийн гол түнш болох Хятад улс Кимд шахалт үзүүлж чадахгүй байхад Оросын хувьд ямар нэгэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, Умардын удирдагчид нөлөөлнө гэдэг бол бараг боломжгүй зүйл. Умард Солонгостой 40-хөн км газраар хиллэдэг Орос улс нь Умардаас түүхий эд худалдан авдаггүй бөгөөд эдийн засгийн харилцаа, ашиг сонирхол гэхээр зүйл бараг байхгүй. Үүгээрээ Хятадаас ялгаатай.
Гэхдээ Орос улс аливаа болзошгүй үйл явдлын өрнөлд бэлэн байх нь мэдээж.  Солонгосын хойгт цөмийн зэвсэг хэрэглэх магадлал байгаа, хилийнх нь ойролцоо зэвсэгт мөргөлдөөн дэгдэх магадлал байгаа учраас оросууд огт санаа зовохгүй сууж чадахгүй. Оросууд дайн өдөөхийг эсэргүүцэж байгаа бөгөөд дайн дэгдсэн тохиолдолд байлдаж буй талуудын алийг нь ч дэмжихгүй гэдэг нь тодорхой байгаа.
Нөгөөтэйгүүр, Умард Солонгосын пуужинт цэргийнхний мэргэжлийн ур чадвар нь эргэлзээтэй байгаа, өөрөөр хэлбэл, тэд алдаа гаргаж, харвасан пуужин нь тэнээд өөр тийшээ явчихгүй гэсэн баталгаа алга. Тухайлбал, АНУ-ын Аляск муж улс руу пуужин харвахдаа Оросын нутаг дээгүүр давуулах магадлал бодитой байгаа юм. Ийм учраас оросууд санамсаргүй байдлаар тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн пуужинг устгахад бэлэн байхын тулд саяхан Алс Дорнод дахь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ангиудаа байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ.
Умардын армийн хариу цохилт 
Өдгөө дэлхий дээрх хамгийн хүчирхэг цэргийн эвсэл Умард Солонгосын эсрэг болзошгүй дайнд бэлэн болоод байна. Тодруулбал, улс орнуудын цэрэг армийн хүчин чадлыг судалдаг Global Firepower цахим сэтгүүлийн чансаанд дурдсанаар, цэргийн хүчин чадлаар АНУ нэгдүгээрт, Япон улс 7 дугаарт, Өмнөд Солонгос 11 дүгээрт бичигдэж байгаа бол БНАСАУ 25 дугаарт орж байна.
Ийм нөхцөлд Умард Солонгос дайнд ялна гэсэн ойлголт байхгүй юм. Гэхдээ энэ нь зүгээр бууж өгнө гэсэн үг биш бөгөөд умардынхан маш ширүүн эсэргүүцэл үзүүлж эсвэл түрүүлж цохилт өгснөөр эсрэг талд нөхөж баршгүй хохирол учруулах магадлалтай.
Дайны эхний өдөр цөмийн зэвсгээ алдсан ч гэсэн умард солонгосчууд Өмнөдийн хотуудад артиллерийн хүчтэй цохилт өгөх чадвартай. Умардын 20 мянга орчим их буу, минометууд зэрэг галлаж, цэрэггүй бүсийн дагуу тавьсан минүүдийг аюулгүй болгосноор хуурай замын цэрэг нь давшилтанд орох боломжтой.
Умард Солонгосын тэнгисийн цэргийн флотыг ганцхан хоногийн устгана гэж холбоотнууд тооцоолсон тухай дээр дурдсан. Умард Солонгос пуужин хөөргөж чадах шумбагч хөлөг онгоцуудтай болж чадсан эсэх нь эргэлзээтэй байгаа боловч Умардын флотод давуу тал бий гэнэ. Тухайлбал, тус улс 70 шумбагч хөлөг онгоцтой бөгөөд энэ нь АНУ болон Хятадын тус бүрийнх нь шумбагчуудын тоотой дүйж байгаа юм. Мөн умардынхан өөрсдийн боловсруулсан технологиор хоёр шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэж байгаа бөгөөд 2018 онд усанд тавихаар төлөвлөжээ. Хэдийгээр Умардын шумбагчууд нэлээд хоцрогдсон боловч тэдгээрийн нэг давуу талыг энд дурдах нь зүйтэй. Умард Солонгосын шумбагч хөлөг онгоцуудын ихэнх нь дизель хөдөлгүүртэй бөгөөд маш удаан буюу 3 зангилаа хурдтай явдаг. Энэ нь явган хүний хурдаар явж байна гэсэн үг. Хэт удаан явж буй шумбагч онгоцыг радараар илрүүлэхэд маш хүндрэлтэй байдаг учраас Умардын шумбагчууд Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд сэмхэн дөхөж ирээд торпед харваж чадна. Ойрхны нэг жишээг дурдая. 2015 оны зун Солонгосын хойгт байдал хурцдах үеэр Умардын 50 шумбагч хөлөг онгоц гэнэт алга болж, өмнөд солонгосчууд, япончуудыг тун их сандралд оруулж байлаа.
Америкийн цохилтын хариуд Умард Солонгосын хакерчид кибер халдлага үйлдэж, АНУ болон түүний холбоотон орнуудын эрчим хүчний сүлжээний зарим хэсгийг ажиллагаагүй болгож магадгүй юм. Үүнтэй зэрэгцээд Умардын арми Америкийн цэргийн зарим байрлалд цохилт өгч, хэд хэдэн пуужин харваж, Сөүл хотын захын дүүргүүдийг их бууны галаар устгаж магадгүй.
Америкчуудын дайралтын хариуд Умардын армийн хийх цохилт нь 10 сая хүн амтай Сөүл хотод асар их эвдрэл сүйрэл учруулна. Энэ хот бол дэлхийн аж үйлдвэр, санхүүгийн томоохон төвүүдийн нэг бөгөөд хойд зах нь хилээс ердөө 8,3 км-ийн зайд оршдог бол тус улсын хүн амын тал орчим хувь нь хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсээс 80 км-ийн зайд оршин суудаг ажээ. Хэдийгээр Сөүл хот Өмнөд Солонгосын газар нутгийн дөнгөж 0,6 хувийг эзэлдэг боловч улсынхаа ДНБ-ний 21 хувийг үйлдвэрлэдэг. Энэ хотод 21 мянган үйлдвэр ажилладагаас гадна үндэстэн дамнасан 500 корпорациудын нэлээд нь энд төв оффисоо байгуулжээ. Ийм учраас дайн дэгдсэн тохиолдолд Шанхай, Хонконг, Сиднейн биржүүд дээр жинхэнэ ёсоор уналт болж, даалуу ханаран нурах үзэгдэл /domino effect/ дэлхийн томоохон биржүүдийг хамарна.
Умард Солонгосын тал цэрэггүй бүсийн ойролцоо 8000 их буу болон пуужин харвах төхөөрөг бөөгнөрүүлэн байрлуулаад бөгөөд ийм тооны зэвсэг нь нэг цагийн хугацаанд 300 мянган ширхэг сумаар галлах чадвартай аж. Өөрөөр хэлбэл, үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэхгүйгээр эсрэг талд асар их хэмжээний хохирол учруулна гэсэн үг. Үүнээс гадна умард солонгосчууд хэдэн арваар тоологдох цөмийн цэнэгт хошуутай бөгөөд тэдгээрийг ердийн пуужинд байрлуулснаар Япон болон Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт байгаа объектуудыг онилон устгах боломжтой юм.
Ер нь бол Умард Солонгосын их буу, пуужингууд тусгал багатай гэдэг нь ташаа ойлголт ажээ. Умардын арми 170 мм-ийн их буу, 300 мм-ийн зэрэг галлах тийрэлтэт системүүдтэй бөгөөд эдгээр зэвсгийн тусгал нь Сөүл хотын хойд захын дүүргүүдэд хүрч чадна. Умард солонгосчууд ийм төрлийн 1000 гаруй нэгж зэвсгийг цэрэггүй бүсийн ойролцоох агуй, хонгил, бункер дотор байрлуулаад байгаа аж.
Калифорни муж улсын Nutilus хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, байлдааны ажиллагааны эхний үе шатанд Умард Солонгосын их буунууд зөвхөн цэргийн объектууд руу галласан тохиолдолд дайсны 3000 цэргийг устгаж чадах аж. Харин иргэний байгууламжууд руу гал нээх аваас дайн эхэлснээс хойш хэдхэн цагийн дотор 30 мянга гаруй энгийн иргэд амиа алдах магадлалтай.
Ийм учраас холбоотны цэргүүд юуны түрүүнд Умард Солонгосын артиллерийн байрлалыг илрүүлэн устгах ёстой. Цэргийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Умардын их буунууд галлаж эхэлснээр тэдгээрийн байрлал илүү тодорхой болсны дараа АНУ болон Өмнөд Солонгосын нисэх хүчин агаар дахь хэт давуу байдлаа ашиглан бөөн хүчээр дайралт хийснээр цаг тутамд Умард Солонгосын их буунуудын 1 хувийг, нэг хоногийн хугацаанд нийт артиллерийн зэвсгийн 20 гаруй хувийг устгаж чадах аж. Харин хэрвээ умардынхан уулын агуй болон хонгил дотор нууж байрлуулсан их буунуудаа төмөр замын рельсээр зөөж галын шугамд авчраад буудлага хийснийхээ дараа хэдхэн минутын дотор буцаагаад нуувчинд оруулах аваас дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд нэлээд хүндрэл учирна.
Дайны хамаг хүндийг одоогоор 650 мянган цэрэгтэй байгаа, дайчилгаа зарласнаар 3 сая хүнтэй болох Өмнөд Солонгосын арми үүрэхээр байна. Үүн дээр Өмнөд Солонгост Америкийн 30 мянган цэрэг байгаа, мөн Японы Окинава арлаас тэнгисийн явган цэргийн ангиуд нэмэгдэж ирнэ. АНУ өөрийн нутагт хэдхэн цагийн дотор агаарын десантын 82 дугаар дивизийг эмхлэн байгуулахаас гадна мөргөлдөөн сунжирсан тохиолдолд Номхон далай дахь бусад баазууд болон Европоос цэрэг татна.
Америкчууд нэмэлт хүч татаж байх хооронд Умард Солонгосын арми цэрэггүй бүсийн доогуур нүхэлж ухсан олон тооны туннелүүдийг ашиглан Өмнөдийн нутагт цөмрөн орно. Нэг туннель гэхэд л цагт 20 мянган цэргийг нэвтрүүлэх хүчин чадалтай гэдэг.
Цэргийн шинжээчдийн дэвшүүлж буй нэгэн хувилбараар бол, Умардын арми Сөүлийг эзлэх гэж оролдолгүйгээр нутгийн гүн рүү давшилтаа үргэлжлүүлж магадгүй.  Харин тус хотыг эзлэх аваас асар том мегаполис хотыг чөлөөлөх тулалдаанд америкчууд байлдааны онгоцуудаа ашиглах боломжгүй болох юм. Түүнээс гадна, олон сая дүрвэгчид нутгийн гүн рүү цуврах учраас цэрэг техникийг фронтын тэргүүн шугам руу татах ажиллагаа хүндэрнэ.
Умардынханд цэргийн тактикийн хувьд хэд хэдэн давуу тал бий. Умард Солонгосын арми 1.1 сая хүнтэй бөгөөд дайчилгаа зарласнаар 4.7 сая хүнийг армид татаж чадах аж. Харин Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин үүнээс бараг хоёр дахин цөөн буюу 600 гаруй мянган цэрэгтэй хэдий ч зэвсгийн технологийн хувьд давуутай. Хэдийгээр Умардын эдийн засаг хүнд байдалд байгаа ч өөрийн армид шаардлагатай зэвсэг техникийг бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэдэг байна. Умардынхан дэлхийд хамгийн томд тооцогдох, бараг 100 мянган хүний бүрэлдэхүүнтэй тусгай хүчний буюу “хорлон сүйтгэгчдийн” армитай бол 20 мянган ширхэг их буу, миномёт болон зэрэг галлах тийрэлтэт системээс бүрдэх артиллерийн хүч нь Орос болон Хятадын дараа дэлхийд гуравт ордог ажээ. Түүнээс гадна, газар зүйн байрлал нь байлдааны ажиллагааны үед Умардын Солонгосын армид тун ашигтай, учир нь газар нутгийнх нь 75 хувийг уул даваа гүвээ эзэлдэг байна. Ийм нөхцөлд Өмнөд Солонгос болон Америкийн холбоотны цэргүүд газраар давшилт явуулахад нэн хүндрэлтэй. Түүний дээр 1950-­иад оны үед хойд солонгосчууд 80–100 м-ийн урттай, хуягт техник явж болохуйц өргөнтэй маш олон тооны хонгил, нуувчуудыг уул нүх­лэн барьсан байгаа. Эдгээр объектыг өндөр нарийвчлалтай ердийн зэвсэг, тэр ч байтугай бага, дунд хүчин чадлын цөмийн зэвсэг ашиглан устгахад ч тийм амаргүй. Иймэрхүү хонгил ба уулын агуйнуудад цэргийн бүхэл бүтэн анги нэгтгэл, зэвсгийн үйлдвэр болон цөмийн байгууламжийг нуун далдлах боломжтой.
Түүнээс гадна Умард Солонгосын эргийн дагуух газар орон нь эсрэг талын хувьд тэнгисийн десант буулгахад тун эвгүй байрлалтай уулархаг бүс нутаг юм.
Дайн дэгдсэн нөхцөлд америкчууд агаарын цэргийн хүчин болон нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудынхаа нэлээдийг дайчлахаас аргагүйд хүрнэ. Гэтэл Өмнөд Солонгосын хувьд байлдааны онгоцуу­дыг хүлээн авах нисэх буудлын сүл­жээний хүчин чадал хүрэлцэх үү гэсэн асуудал үүсэх болно. Тэгээд ч Ирак болон Афганистанд нэгэн зэрэг явуулж байсан цэргийн ажиллагаагаа дөнгөж дуусгаад байгаа, дээр нь батлан хамгаалахын төсвөө танаж буй АНУ-ын хувьд дахин нэг шинэ фронт дээр дайтах нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй гэж зарим шинжээчид үзэж байгаа юм.
“Солонгосын II дайн”-аас учрах хохирол                     
Умард Солонгосын эсрэг явуулж болзошгүй байлдааны ажиллагаа нь Серб, Иракт явуулсантай адил хохирол багатай, “хөнгөн хялбар” биш байх бөгөөд дайнд оролцогч бүх талд төсөөлөхийн аргагүй их хүн хүчний хохирол, эвдрэл сүйтгэл учруулна.
Нэг жишээ дурдахад, бүр 1994 онд Цагаан ордон Умард Солонгосын эсрэг цэргийн хүч хэрэглэх хувилбарыг судалж байжээ. Ойролцоогоор тооцоо хийж үзэхэд, дайны улмаас АНУ 100 тэрбум долларын эдийн засгийн хохирол амсч, 100 мянган цэргээ алдахаар байсан байна. Энэ талаарх судалгааг АНУ-ын зэвсэгт хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга асан генерал Ж.Шаликашвили, Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн командлагч асан генерал Гэри Лак нар тухайн үеийн ерөнхийлөгч  Билл Клинтонд хүргүүлсэн аж.  Тооцооллоос үзэхэд, Өмнөд Солонгосын арми 500 мянган цэрэг, офицероо алдаж, тус улс 1 их наяд долларын хохирол амсахаар байжээ. Ийм аймшигтай тооноос жийрхсэн Б.Клинтоны засаг захиргаа Умард Солонгосын эсрэг цэргийн ажиллагааны талаарх асуудлыг дахин хөндөөгүй аж.
Хэрэв Умард Солонгос үнэхээр цөмийн зэвсэг болон түүнийг тээгч пуужинтай, эсвэл дор хаяж цөмийн фугасын бөмбөгтэй болчихсон байгаад түүнийгээ давшиж буй холбоотны цэргүүд болон Өмнөд Солонгос дахь объектуудын эсрэг хэрэглэвэл байдал урьдчилан төсөөлөхийн аргагүйгээр хүндэрч, хэдэн зуун мянган цэрэг болон энгийн иргэд амь үрэгдэж, эд материалын асар их хохирол учрахаас гадна уулын хөрс нурж, цацраг идэвхт бодис тархсанаар Ази–Номхон далайн бүс нутагт жинхэнэ ёсоор экологийн сүйрэл болно. Жишээ нь, умардынхан Сөүлд цөмийн цохилт өглөө гэхэд цацраг идэвхт үүл 2­3 цагийн дараа Владивосток хотод хүрнэ гэж Оросын сайтуудад бичжээ. Түүнчлэн Японы атомын цахилгаан станцууд руу умардынхан пуужингаар харвасан тохиолдолд ямархуу хэмжээний сүйрэл болохыг хэн ч төсөөлж чадахгүй.
Компьютероор загварчилж үзэхэд, дайны явцад байлдагч талууд тус бүр Хирошимад хаясантай ижил 50 атомын бөмбөг хэрэглэж “хязгаарлагдмал цөмийн дайн” явууллаа гэж бодоход, манай гарагийг бага мөстлөгийн үед буцааж орохоор хэмжээний уур амьсгалын өөрчлөлт гарахаар байна.
Өмнөд солонгосчуудын хувьд энэ дайн асар хөнөөлтэй бөгөөд эх орноо иймэрхүү замаар “нэгтгэх” нь дэндүү их гарз хохиролтой. Өмнөдийнхөн хүн хүчний болоод эд материалын асар их хохирол үзэх нь гарцаагүй, дээр нь дайнд сүйрсэн, хоцрогдсон буурай Умардын эдийн засгийг сэргээн босгох тун ярвигтай асуудалтай тулгарна. Энэ тохиолдолд Өмнөд Солонгосын хөгжил дор хаяж 10 жилээр ухрах болно гэж зарим шинжээчид үздэг.
Б.Адъяахүү 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • PEACE (September 26, 2017 7:50:25 pm )

    OK

    • Anonymous (September 30, 2017 10:53:00 am )

      Аймшиг байна.

antalya rent a car