antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2017 1 comment

Бидний үеийн хайр дурлал

нийтлэсэн Admin
Би ховорхон хувь тавиланд заяасан хүн гэж өөрийгөө боддог юм. Социалист нийгмийн тэр сонин сайхан цаг үед ангидаа ердөө хоёулхнаа байсан гэвэл та итгэх үү? Хоёрхон оюутан нэг том ангид, зургаан багш тэр хоёрт хичээл ордог байсан гээд бодохоор муу хэлүүлж модоор цохиулдаг социалист нийгмийн үед боловсон хүчний бодлого дэндүү гайхалтай нарийн байсан байгаа юм шүү. Намайг зарим сэжигч нөхөд хятад цустай болохоор хятад зохиол орчуулаад байна гэж хааяа бичсэн харагддаг л даа. Үнэндээ хятад хэлний ангид ганц хүүхэд сонгон авахын тулд 5 үеийн намтрыг нь судлаж байгаад Намын төв хорооны үзэл суртлын хэлтсээр батлагдаж байж элсдэг байсан юм шүү дээ. Хатуу мөртлөө дэндүү шудрага нийгэм байсан санагддаг юм.
Миний үед оюутнууд аж ахуй явна гэж тухайн үедээ там шиг атлаа одоо эргээд бодоход диваажин шиг сайхан амьдралын зурвас мөчлөг байжээ.Намрын ажлаас гадна, зуны ажил гэж бас байв. Би бүр цөөхөн хүүхэдтэйн улмаас салбараа төлөөлөөд хаврын ажилд хүртэл явж байсан гээд бод доо.Нам засаг нь хятад хэлний ангийг онцгойлж анхаардаг байснаас ч тэр юм болов уу? Би намрын ажил дээр лууван хураах хөнгөн ажилд Монгол хэлний ангийн Д.Батбаяр гэдэг найзтайгаа хуваарилагдсан юм. Бусад нөхөд маань төмс хураах гэдэг амаргүй ажилд хуваарилагдсан байхад лууван хураана гэдэг маш жаргалтай ажил л даа. Хоёулхнаа лууванг хүрзээр гишгэж хураана. Өөрийн тааваар. Бас тэр үеийн оюутнууд их өлөн зэлмүүн байдаг байсан үед лууван хурааж байгаа хүн адаглаад л хураасан луувангаа шуудайнд сайн арчиж байгаад идчихэд гэдсээ хөөрхөн хуурчих боломжтой.
Хэд хоногийн дараа шуудайнд арчиж идсэн лууван маань гэдсэнд сайн үйлчлэхээ болиод айхтар өлсөж эхлэсэн юмдаг. Гэтэл Батбаяр найз маань “Хоёулаа комплекс явъя. Тэнд манай ангийн нэг охин байгаа. Чи бид хоёрт лав идэх юм өгнө.” гэж хэлж билээ. Тэгээд хоёулаа комплекс буюу одоогоор бараг хотын төвөөс Богд уул орохын дайтай газар алхаж өгөв. Тэгээд нөгөө комплекс дээрээ очсон чинь Чингисийн цэргийн хуаран шиг том газар байх. Батбаяр ангийнхаа охиныг дуудтал удалгүй хондлой давсан урт үстэй, том алаг нүдтэй, савх шиг нарийхан өндөр охин гараад ирлээ. Тэр хоёр жаахан энэ тэрийг ярьж байгаад буцаад майхандаа орсоны дараа нэг том еэвэн гаргаж ирээд бид хоёрт таллаад өглөө. Тэрхэн зуур би сэтгэл зүрх бүгдээрээ мөрөөдлийн орон ахуйд халин одсон боловч нөгөө охины ширүүн харц намайг шилбүүрдээд байгаа мэт тоосон шинж алга аа.
Бид хоёрын эхний хэрэгцээ зорилго бор ходоодоо божийлгох асуудал байсан болохоор “Чи бид хоёрт еэвэн өгдөг мөн сайн охин юм аа.” гэсэн шүү юм яриад буцан явж билээ. Хотод буцан ирсэний дараа нөгөө урт үстэй өндөр охин чинь ойр ойрхон тааралдаад мэнд усаа мэдэлцсээр удалгүй учир ургаад нэг гэртээ орцгоосон доо.
Миний үеийн залуусын цөөнгүй нь зун намрын ажил дээрээс заяаны ханиа олж авч байсан. Харин миний хувьд чамгүй хол замыг туулан байж шал өөр факультетээс амьдралын ханиа олж авсан гэдэг утгаар ойр дотны анд нөхөд маань ихэд сониучирхан олзуурхаж байдаг нь сая арга хэмжээний үеэр уулзахад ярианаас нь цухалзаж байсан нь энэхүү бичлэгийг тэрлэх сэдэл болсон бөлгөө.
Би фэйс дээрээ их гоё гоё юм бичээд байдаг сүрхий амьтан гэж битгий бодоорой. Яг бодит байдал дээр бол маш олон дутагдалтай “сулхан амьтан” гэдгээ нуух юун. Харин амжилттай яваа эр хүний ард эрхбиш эгэл бус эмэгтэй хүн байдаг гэдэг мэргэн үг байдгийн жинхэнэ бодит жишээ нь миний хань юм шүү гэдгийг ойр дотны анд нөхөд хамаатан садангууд батлах буй за.
Дал наян оны оюутан нөхөддөө “Бидний үеийн хайр дурлал” хэмээх энэхүү жижиг бичлэгийг зориуллаа.
Орчуулагч: Д.Болдбаатар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 09, 2017 11:40:19 am )

    goe l baisan daa

antalya rent a car