antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 3, 2017 1 comment

Мөрч нохдын мөрөөр

нийтлэсэн Admin
Сонгинохайрхан дүүрэгт хамаатныхаа эгчид 320 мянган төгрөг алдлаа гэсэн дуудлагын дагуу цагдаа нар сэжигтний гэрт нэгжлэг хийсэн ч илрүүлж чадаагүй. Харин Артур автомашинаас алдагдсан гэх мөнгийг түрийвчнийх нь үнэрээр хөөсөөр хөшигний хөндлөвчийн араас олжээ.

Орбитод байрлах нэгэн цэлгэр хашаанд мэри нэртэй бор алаг спаниель “Приус 11” машиныг тойрон шиншилнэ. Хоёр настай Мэри урд хамгаалалтын (гупер) дэргэд гэнэт хэвтэв. Мэри байшин барилга нураахад өргөн хэрэглэдэг тортель хэмээх тэсрэх бодисын үнэр авснаа цагдаагийн дэслэгч П.Мөнхбатад илэрхийлж буй нь тэр. Тэсрэх бодис илрүүлсэн ноход хуцдаггүй. Хөдөлгөөнд мэдрэг тэсрэх бодис байж болзошгүй тул хуцаж дохио өгөх нь аюултай юм байна.

Мэриг жилийн өмнө БНХАУ-аас авчирчээ. Гурван сарын эрчимжүүлсэн бэлтгэлд хамруулж, тэсрэх бодис илрүүлэхэд мэргэшүүлсэн байна. Энэ нохой өнгөрсөн нэгдүгээр сард “Централ тауэр”-т тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллийн дагуу очиж шалгаж байсан талаар П.Мөнхбат сонирхуулав. Мэритэй адил тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг, харуул хамгаалалт, хэв журмын чиглэлээр ажилладаг 70 орчим мөрч “мэргэжилтэн” манай улсын цагдаагийн нохойн албанд бий.

ҮНЭР БҮХЭН УЧИРТАЙ

Тэсрэх бодис, хар тамхийг илрүүлэхэд нохойноос илүү чадвартай багаж хэрэгслийг хүн төрөлхтөн одоогоор бүтээж чадаагүй байна. Нэг ширхэг молекулыг үнэрлэх нохойн чадвар хүнийхээс нэг сая дахин их байдаг.

Өөрөөр хэлбэл, бидний нүдэнд үл үзэгдэх нэг ширхэг молекулыг нохойн хамар нэг сая дахин ихэсгэн мэдэрдэг гэсэн үг. Сонирхуулахад, хүн бүрийн үнэр хурууны хээтэйгээ адил дахин давтагдашгүй байдгийг хагас зууны настай үнэр судлалын шинжлэх ухаан нотолсон байна. Үнэр бидний арьсны хоёр сая гаруй сүвээр ялгардаг. Тиймээс гэмт хэрэгтний үнэрийн молекул хэргийн газар үлддэг. Нохой тэр молекулын мөрөөр хэргээ илрүүлдэг байна.

Сайн сургасан нэг нохой 100 алба хаагчтай тэнцдэг

Нөгөөтэйгүүр, ноход бэлт гэл, сургуулилалт хийвэл үнэр лэх чадвар нь 1.2 сая дахин сайжирдаг талаар Цагдаагийн ерөнхий газрын сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр тайлбарлав. Тэсрэх бодис үнэрлэж сурсан нохой дарийн үнэрийг хэдэн мянган молекул дундаас ч олно. Тэсрэх бодис илрүүлэх багажаас ч илүү чадварлаг гэсэн үг. Өмнө нь мэдрэгчээр илрүүлж болдог байсан бол одоо тэсрэх бодис шингэн, шаазан, саван хэлбэртэй гээд янз бүр болжээ. 2015 оны аравдугаар сард синайн хойгоос хөөрсөн даруйдаа дэлбэрч, 219 хүний амийг авч одсон “Airbus A321” онгоцыг “Кока кола” ундааны савтай шингэн тэсрэх бодис дэлбэлж, сөнөөжээ. Харин ийм аюулыг Мэри шиг ноход л илрүүлэх чадвартай.

Хар тамхи ч мөн адил. Энэ бодисын төрөл бүр өөр үнэртэй. гэхдээ сургалтад хар тамхи ашигладаггүй. Хүн, нохой төдийгүй халуун цустай ямар ч амьтныг донтуулах муу шид энэ аюултай бодист бий. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг ноход 1-2 жил болоод донтох эрсдэлтэй. Харин үүнээс сэргийлж үнэр орлуулагч ашигладаг юм байна. Товчхондоо, Монгол Улсын гурван сая гаруй хүнийг тэсрэх бодис, хар тамхины гэмт хэргээс лабрадорретривер, бельги овчарк, спаниель үүлдрийн ноход хамгаалж буй. Олон улсад ч, ялангуяа Европ, АНУ-д террорист халдлагын дараах бүх нийтийн амгалан тайван байдлыг сахиулахад нохойн гүйцэтгэх үүрэг улам нэмэгдсээр.

Спаниель үүлдрийн нохой хар тамхи, тэсрэх бодис илрүүлэхдээ сайн.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГА ЗАМ

Мэригийн дараа бид Артур хэмээх хоёр настай немц овчаркийн үзүүлэх сургуулилалтыг сонирхов. Хоёр метр өндөртэй хаалт дээгүүр харайж, дөрвөн метр өндөр шатаар шаламгай гэгч нь өгсөж, уруудан, цагираг дундуур чадварлаг шургадаг артур саяхан алга болсон 320 мянган төгрөгийг илрүүлжээ. Сонгинохайрхан дүүрэгт хамаатныхаа эгчийнд 320 мянган төгрөг алдлаа гэсэн дуудлагын дагуу цагдаа нар сэжигтний гэрт нэгжлэг хийсэн ч илрүүлж чадаагүй байна. Харин Артур автомашинаас алдагдсан гэх мөнөөх мөнгийг түрийвчнийх нь үнэрээр хөөсөөр хөшигний хөндлөвчийн араас олжээ.

Артур шиг немц, Орос, Бельги овчаркууд малын болон бусад төрлийн хулгайг илрүүлж, гэмт хэрэгтний мөрөөр, осол болсон газар ажилладаг. Нийтийн хэв журмыг сахиулах ч үе бий. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө наадмаар соёолонгийн уралдааны үеэр цагдаагийн хамгаалалт сэтэрч, эмх замбараагүй байдал үүсчээ. Үүнийг хоёр овчаркийн тусламжтай эмх цэгцэнд нь оруулсан талаар сургалтын төвийнхөн дурссан юм.

Сургалтын төвийн даргын ярьж буйгаар нохой цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрийг үлэмж хөнгөлдөг аж. Тухайлбал, байгалийн гамшигт үзэгдэл, аюул ослын үед аврах, эрэн хайх ажиллагаагаар сургасан хоёрхон нохой цогцос хайхдаа нэг га газрыг зургаан цагийн дотор нэгжиж самнадаг байна. Энэ нь 20-30 хүн зориулалтын машин техник, багаж хэрэгсэлтэй зургаан цаг ажилласантай дүйх хөдөлмөр. Ер нь сайн сургасан нэг нохой зуун алба хаагчтай тэнцдэг гэж үздэгээ Б.Цогтбаяр хурандаа хэлсэн юм.

Цагдаагийн түүхэнд гэмт хэрэгтний халуун мөрөөр орсон руслан гэх нохой хамгийн алдартай нь. 1980-аад онд орон нутагт тухайн үеийн ханшаар 29 мянган төгрөг авч зугтсан этгээдийг халуун мөрөөр нь орж барьсан түүхтэй. Зуулгасан гэмт хэрэгтэн хүзүү, сээрийг нь хутгаар сийчсэн ч руслан эзнээ иртэл хэрэгтнийг тавиагүй аж. Русланы энэхүү гавьяаг алтан үсгээр мөнхөлсөн самбар, хөшөө тус сургалтын төвийн үүдэнд байдаг юм билээ.

Нохой бүр 2.5 ам метр талбай бүхий үүртэй.

НОХДОО ӨӨРСДӨӨ ҮРЖҮҮЛЖ БАЙНА

Мөрч, эрэлч ноход бэлтгэх манай улсын хамгийн том сургалтын төв нь Цагдаагийн ерөнхий газрын харьяанд байдаг. Хотын төвөөс 10 гаруй км-т байрлах тус төв өнгөрсөн жилээс албаны нохдоо өөрсдөө үржүүлэх болжээ. Манай сонины сурвалжлах багийнхныг очиход энэ жил төрсөн таван гөлөг саравчны сүүдэрт хэвтэж байв. Гөлөгнүүд тусдаа талбайтай. Ингэж өөрсдөө үржүүлэх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Сургуультай нэг нохойн үнэ 80 мянган евро хүрдэг бол сайн угсааны гөлгийг таван мянган еврогоор худалдан авдаг байна.

Албаны нохой болоход гөлөг бүр тэнцдэггүй. Нэг эхээс гарсан 5-6 гөлөгний ганц нь л хурд, хөдөлгөөний уян хатан байдал, хариу үйлдэл үзүүлэх чадвар зэргээрээ албанд зүтгэх тусгай эрхтэй болно. Мөн гөлөгний эрүүл мэндийг хэт авианы тусламжтай шинжилдэг юм байна. “Эцэг, эхийн удам ч сайн байх ёстой. Ер нь монголын нохой үржүүлгийн газраас манай албанд тэнцэх гөлөг олж авахад амаргүй. Тиймээс чадвар сайтай ноход бэлтгэхийн тулд өнгөрсөн жилээс дэргэдээ мал үржүүлгийн албатай болсон” хэмээн сур галтын нэгдсэн төвийн дарга ярьсан. Одоогоор тэндээ немц овчарк үржүүлж байгаа юм байна. Цаашид нохдоо паспортжуулж, үржүүлэгт нь онцгой анхаарах төлөвлөгөөтэй байгаа аж.

Нохойн сургалтын орчныг ч олон улсын жишигт нийцүүлэн тохижуулж буй. Хэв загварыг нь ӨМӨЗО-оос хуулсан ч Канад стандартын дагуу нохойн үүр, дасгалын талбайн тохижилт зэргийг өөрсдийн гараар бүтээжээ.

  • Цагдаагийн албанд зүтгэж буй 70 орчим нохой өдөр бүр дүүргийн хэсгүүдэд 24 цагаар эргүүл хийдэг.
  • Албаны нохойнд цол зэрэг гэж өгдөггүй. Харин эзэн буюу төлөөлөгчтэй нь хамт “Оны аварга”-р шалгаруулдаг аж.
  • Зөвхөн немц овчарк л үүрэг гүйцэтгэдэг байсан нохойн алба өнгөрсөн жилээс өргөжиж, нийт долоон төрлийн нохойтой болжээ.

Мөн нохойнд юу үнэртүүлэх, илрүүлэхээрээ ямар дохио өгөх, эзэнтэйгээ хэрхэн харьцахыг сургах нь хамгийн чухал. Хар тамхины үнэрийг хэлж чадахгүй тул илэрхийлж, эзэнтэйгээ ойлголцож сурахад зургаан сарын турш сургуулилдаг. Нөгөөтэйгүүр, орон сууц, галт тэрэг, автомашин, онгоц гээд бүхий л орчинд үүднээс нь эхлээд булан тохой бүрийг нэгд нэгэнгүй үнэрлэж, мөрдөх рефлекс суулгах нь уйгагүй хөдөлмөр шаардсан ажил. Тиймээс сургалтын төвийн хашаанд нисэх онгоцныхоос бусад сургуулилалт хийх бүх орчныг бүрдүүлжээ. Монгол гэр, осолдож шатсан автомашин ч байрлуулсан байна.

Дэлхий дахинд улс орны аюулгүй байдал, олон нийтийн амар амгаланг сахихад албаны нохойн үүрэг оролцоо нэмэгдэж байгаа энэ үед манай улс ч энэ чиглэлдээ онцгойлон анхаарч буйг хурандаа Б.Цогтбаяр ярьсан. Гэхдээ нохдын хоол хүнс, сургалтын хэрэглэгдэхүүн зэргийг олон улсын жишигт нийцүүлэхэд хийх ажил, зүтгэх сэтгэл их байгаа гэсэн юм.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irged (August 04, 2017 5:25:52 pm )

    sain bolson bna lee, bayr hurgie

antalya rent a car