Сонгууль дөхөхөөр л хаа хамаагүй салбаганаж явдаг өрөвдөлтэй болоод хадны сүг зураг шиг нөхөд одоо нэг юм журмандаа орох байх гэж санах юм. Гэхдээ журамандаа орлоо ч журамгүй нууц хэлбэрүүд босоод ирнэ л дээ. Хүний амьдрал гэдэг хачин баялаг эд шүү дээ. Тэгээд ч анхнаасаа л муу санаа бодлоор чихцэлдсэн бантангийн сав нь дүүрнэ гэж байдаггүй эд байх аа. Ёстой жинхэнэ утгаараа уураг тархи нь нар буруу исэлдэж, хэрхэн хууль зөрчиж болдгийг яруу тодоор харуулах биз. Харин Сонгуулийн шинэ хуулиндаа тод үсгээр бичсэн хорих, цагдах тухай учиргүй олон заалтаас хэд нь хэрэгжих бол гэдэг л хамгийн сонирхолтой хүлээлт болоод байна. Тэгээд ч манайхан хүний мууд ямар ихээр дурладаг билээ дээ? Нэр дэвшигчдийн нэг нэгнээ татаж унагах гэсэн оролдлого, өмнөөс нь өөр хүний халаас руу бүхэл мөнгө чихэж хорлох зэрэг увайгүй үйлдлүүд нь ард түмэнд цоо шинэ мэдээлэл болж хүрэх нь бол ойлгомжтой.
Сонгууль гээч эрх мэдлийн төлөөх дайнд тулалдсан шиг тулалдах зорилготой яваа Н.Энхбаяр яг энэ эгзэгтэй мөчид хуучин орос бууныхаа хамаг сумаар галдаад дууссан нь тоогүй хэрэг. Учир нь, тэрбээр МАН гэсэн нэрийг өгөхгүй гэж С.Батболд, Ү.Хүрэлсүх тэргүүтэн рүү хамаг сумаараа галдаад, хичнээн нүдээ онийлгож нүүрээ үрчилзүүлсэн ч байгаа устгаж чадалгүй орчин үеийн өөр загвартай америк эсвэл хятад бууны эрэлд гарсан билээ. Мэдээж зах зээлд мөнгө л байвал юу ч олдож болно. Ёстой нөгөө ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байгаа ч НАМ гэдэг буу, намын лидер гэдэг сум хэн дуртайд нь олдоод байдаггүй ховор бараа.
Хуучны “брэнд” намын нэр хэдий ч орчин үеийн луйврын чиглэлээр шинэчлэгдсэн МАХН гээч орос бууг сонгоод Дээд шүүх рүү үлдсэн хэдэн сумнаасаа цөөнгүйг гарздан байж амжилт олсон. Дээрх үйлдлүүдээс хойш уг нь чамлахааргүй хэдэн сумтай үлдсэн юм. Даанч Ц.Нямдорж гэж гай уурыг нь хүргэн, уушгийг нь арзайлган байж байдаг сумыг нь баруулж дөнгөв. Хууль зүйн сайдын хувьд далны хуудас далуулаа хувааж иддэг монгол заншлыг 100 хувь өөр лүүгээ эргүүлж чадсан сүйхээтэй эр тул Н.Энхбаярын галласан суманд хөнгөн шарх авчихаад нэр төр, энэ тэрийг яриад баашлаад хэвтэж байгаа юм. Хэвтэх ч гэж дээ, яавал зөөлөн сандалдаа үлдэх вэ, сайдын суудлаа буцааж сонгох уу, эсвэл УИХ-ын том танхимдаа Н.Энхбаяртайгаа дахин уулзсан нь ашигтай юу гэх зэргийг нарийвчлан бодоод хар зургаа зуран суугаа биз.
Гэхдээ Н.Энхбаяр тэнэг хүн биш тул халаасандаа ганцын зэрэг сумтай үлдчихээд түүнийгээ сумалчихсан дуулдана. Буу нь баарчихгүй бол буудах нь дамжиггүй. Бай нь зөрчихгүй бол хүссэн зүйлдээ хүрч, ирэх тулаанд намын тугаа өргөнө л дөө. Түүнийг тэр бүр алдаж буудаад байдаггүйг ч манайхан андахгүй мэднэ шүү дээ. Хуулийн өмнөөс хуйгаа тэмтрээд л зүгээр гараад ирдэг түүнтэй адил эрхэм манайд хуруу дарам цөөн байсан үеэ ч бодвол өнөө цаг өөр болсон л доо. Гэхдээ л Н.Энхбаяр бол Н.Энхбаяр.
Харин тэрбээр сүүлийн ганц сумаараа хэнийг онилсон байж таарах вэ? Ийм гэнэн асуултыг харчихаад зарим нь өстөн дайсан болчихоод яваа Ц.Нямдоржийгоо алах нь хэмээн бодож ч болох юм. Тэгвэл нэн түрүүнд та андуурч гэж хэлмээр байна.
Тэр сүүлийн ганц сумаа зориулах хүн нь хөөрхий дөө, Ерөнхий сайд минь гээд бод доо. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга С.Батболдыг онилчихоод байгаа юм байна. Ёстой л утсан чинээ улаан амийг минь… гэж гуймаар санагдах юм. Гэхдээ л ингэж гуйгаад ч нэмэргүй болсон бололтой дог.
Тэрбээр энэ сонгуулиар С.Батболдын нэр дэвших газарт хүчээ үзэхээр шийдсэн тухай улс төрийн хүрээнийхэн ярих болов. Ингэхээр Н.Энхбаярын зүүдэнд Ерөнхий сайдын цагаан шанаа үе үе гялалзаад, яавал алдаж буудчихгүй байх вэ хэмээн овоо хараагаа тохируулаад сууж байгаа нь тодорхой. Арга ч үгүй л дээ. Сүүлийн ганц сум нь энэ юм чинь. Харин буу нь баарахгүй, сум нь тусгалаасаа зөрөхгүй бол ч жинхэнэ гоё үйл явдал ордон хавиар өрнөх байх л даа.
Н.Энхбаяр ч дахин дайз дүүрэн сумтай болно. Даргыг нь “агнаж” чадсан юм чинь нам руу нь нэлээд хүчтэй буудна. Аз нь таараад гарч ирж чадвал Д.Арвин Н.Энхбаярын салаанд урваж, намынх нь нарийн бичиг Н.Удвалд цай яаж хандлах тухай хуучин туршлагаасаа хуваалцах байлгүй. Тэдний чанасан цайгаар гол зогоох гэж Н.Энхболд, Д.Тэрбишдагва, Ц.Шаравдорж тэргүүтнүүд олноор цуварч таараа. Үүгээр ч зогсохгүй илүү гоё зүйл цааш үргэлжилнэ л дээ.
Мөн аз эзээс шалтгаалаад “Буян”-гийн Б.Жагаа, Л.Гүндалай нар МАХН-ын батлахыг хүндэтгэлтэйгээр гардан авч TV9 телевизийн камерын өмнө хүчээр маасайтал инээх энэ тэр бол юу ч биш. За тэгээд С.Жавхлан морин тэргэн дээр тулга ачаад Н.Энхбаярын ойролцоо өдөр бүр эргэлдэж таараа. Намынх нь байрны үүдэнд урц бариад ч амьдарч чадах л эр. Түүний эх оронч сэтгэлийн тухай маргах ч юм биш. Мөн М.Ичинноров хүний эрхийн тухай цуврал дэвтрүүдийнхээ хавтас бүр дээр МАХН-ын логог тавьж ч магадгүй зэргээр бодитой, бодьгүй таамаглал эцэс хязгаараа алдана.
Харин Ерөнхий сайд минь л хөөрхий дөө… Н.Энхбаярын ганц сум хаана тусахаас хамаг амьдрал нь шалтгаалах гээд байдаг. Яагаав, Хатанбаатар Магсаржав Хятадын хар цэрэгтэй тулалдаад орой гэртээ ирээд бүсээ тайлахаар өврөөс нь сум сархийгээд асгардаг байсан гэдэг домог бий. Мөн ард нь ойрхон яваа цэргүүд түүний суган дор оч маналзахыг хардаг байсан ч гэдэг. Түүнтэй адил Ерөнхий сайдыг минь сум даахгүй болох болтугай гэж залбирахаас. Учир нь, эдийн засагчдын барин тавин нотлоод байгаа Монголын алтны 8-10 хувийн учрыг олчихоод дараа нь түүнийг…
Д.ГАНБААТАР /www.wikimon.mn/
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 17, 2012 9:59:23 am )
bitgii Guts. Naad xogiin xujaagaa buudaj xaya. Gants mongoliig ugui xiij bgaa xogiin xujaagiin irliiz
-
Anonymous (February 17, 2012 5:17:15 pm )
Enkhbayar l garahgui bol busad ni ch duurchee. Urid ni 18 jil turiin erkhend baihdaa muu muuhaig l hiij bsan bolohoos odoo l 1 eh oronch hun bolj ard tumnii tarkhiig ugaah geed bga unen zevuun har amia bodson mungunii tuluu yu ch hiihees buzahgui aygui bol eejiigee hudaldahaas siihgui hun dee
-
Anonymous (February 18, 2012 10:04:42 pm )
odoo ednii yaj ch yamar ch arga heregleed deeshee garah ni ongorson horvoo baihaadaa hoorhii,deesheegee matsaad butsaj gulsaad olzolson mongoo butsaagaad ulsdaa tushaaj l baig,tsag ni ireheer ard tumen heniigee songohoo medej baigaa bailgui dee yamar erguutsen malnuud bish
-
Anonymous (February 28, 2012 8:46:00 am )
That’s a well-thought-out awsner to a challenging question

4 Comments