antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2012 Comments are off

Хүүхдүүд бухимдлаа тайлж, бусдыг дуурайж мансуурдаг гэв үү

нийтлэсэн Admin

Өсвөр үеийнхэн бухимдлаа тайлах гэж тусгай газраас эсвэл захаас мансууруулах бодис авч мансуурдгаа ярьжээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, Дэлхийн зөн Монгол, Архидалт мансуурлын эсрэг ассоциаци хамтран нийслэл болон Ховд, Увс, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Сүхбаатар, Дархан-Уул, Архангай, Төв аймгаас өсвөр насныхны дунд мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа явуулжээ.

“ААВ, ЭЭЖИЙГЭЭ МАНСУУРАХ ҮЕД НУУЦААР ХЭРЭГЛЭЖ ҮЗСЭН”

Судалгаанд хамрагдсан 200 хүүхдийн 12.1 хувь нь “Бидний ойр орчимд мансууруулах бодисын хэрэглээ байна” гэж хариулжээ. Бүр ойр орчимд нь хар тамхины хэрэглээ байгаа гэж хариулсан хүүхдүүдийн 13.7 хувь нь тогтмол мансуурдаг гэдгийг хэлсэн байна. Нэг хүүхэд “…Хүмүүс ихэвчлэн саваагүй зандаа хөтлөгдөн нэг нэгнээ дуурайх маягаар анх хэрэглэдэг байх. Миний нэг танилд тийм зүйл тохиолдож байсан. Манай найзын аав, ээж нь хэрэглэх үед нууцаар хэрэглэж үзсэн гэж нэг найз маань ярьж байсан…” гэж ярьжээ. Хүүхдүүд архи уухыг аав ээж, багшаасаа сурсан гэдгийг судалгаа харуулсан. Тэгтэл мансуурах донг мөн л аав ээж нь хүүхдүүддээ үлгэрлэдэг байх нь.

Хүүхдүүдийн ойр орчин дахь мансуурагчдын 28 хувь нь цавуу үнэрлэдэг, 25 хувь нь хорт хийн төрлийн бүтээгдэхүүн, 17.4 хувь нь тайвшруулах эм хэрэглэдэг аж. Мөн герион, кокаин, кофеин, амфетамин, каннабис, опиум, метадон зэрэг бодис хэрэглэдгийг хэлсэн байна. “…Хар тамхи гэхээсээ илүү энгийн тайван, архи хэрэглэж мансуурдаг хүүхдүүд олон байдаг. Хар тамхи ховор, нууц байдаг учраас тэр бүр хүүхдүүд хэрэглээд байдаггүй. Харин хэрэглэж үзвэл яадаг бол гэсэн сонирхол байдаг байх” гэж нэг хүү хариулжээ.

“БУХИМДЛАА ТАЙЛАХ ГЭЖ МАНСУУРДАГ”

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 3.3 хувь нь мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг гэдгээ хэлжээ. Нийслэлээс илүүтэй баруун аймгийн хүүхдүүд мансуурдаг дүн гарчээ. Баруун аймгийн нэгэн хүүхэд “Манай энд нууцаар казино тоглуулдаг. Өвсний нэр нь нууц, түүж авахад их ажиллагаа ордог. Тэр хэмжээгээрээ үнэтэй. Ихэвчлэн чинээлэг айлын хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг. Хүүхдүүд хувааж үнэрлээд зарим нь уначихсан байхыг харсан. Кино үзээд бид ихэвчлэн дуурайдаг. Үерхэл залуужсан, чаат их өрнөсөн ч хүүхдүүдийг мансуурахад нөлөөлж байна” гэж ярьжээ. Дотуур байр, айлд байгаа хүүхдүүд ихэвчлэн мансууруулах бодис хэрэглэдгийг судалгаа харуулжээ. Мөн эрэгтэй хүүхдүүд ихэвчлэн донтдог болжээ. Хөвгүүдийн нөхөрлөл, нэгнийгээ дарамтлах байдал ч үүнд нөлөөлжээ. “Харахад хүйтэн царайтай хүүхдүүд ихэвчлэн өвс татдаг. Бие биенээ дарамтлах байдлаар тат гэж хэлдэг. Татчихаар чихэвчтэй байгаа юм шиг дуу цуурайтаж сонсогддог гэсэн” гэж ярих хүүхэд ч байна. Хүүхдүүд 14 наснаасаа мансууруулах төрлийн бодис сонирхож, хэрэглэж эхэлсэн байх юм. Бүр мансуурагч хүүхдүүдийн 12.5 хувь нь тогтмол хэрэглээтэй. 8.4 хувь нь өдөрт 1-2 удаа байнга мансуурдаг, 9.4 хувь нь өдөрт 3-4 удаа мансууруулах бодис хэрэглэдгээ хэлжээ. Томчуудын адил цавуу, хорт хий, тайвшруулах эм хэрэглэдэг. Героин, каннабис, кофеин, кокаин, опиум зэрэг мансууруулах бодис ч хэрэглээд дадчихсан хүүхдүүд байсан аж. Инээдэг гэх өвсний талаар хөдөөний нэг хүү “Манай нутагт нэг төрлийн ургамал ургадаг. Нүд улайлгадаг. Бас байнга инээлгэдэг” гэж хэлжээ.

Өсвөр үеийнхний олонх нь бухимдлаа тайлах гэж, бусдыг дуурайж мансууруулах бодис хэрэглэдэг гэжээ. Мөн гэр бүлийнхэнтэйгээ муудалцах, найз нөхөдтэйгээ зөрчилдөх, чөлөөт цагаа өнгөрөөх зэрэг нь мансуурах шалтгаан болдог байна. Баяр ёслол тэмдэглэх үеэр архи хэрэглэж үзсэнээ хүүхдүүд ярьсан байдаг. Тэгтэл баяр тэмдэглэх нь мансуурлын бас нэг шалтгаан болсон байна. Хөвгүүд зоригоо чангалж, эр хүн шиг харагдах гэсэндээ өвс татаж эсвэл хорт хий үнэрлэж элийрдэг аж. “Миний бодлоор хамгийн том шалтгаан нь гомдож сэтгэлээр унаад ганцаардах үедээ бас хэн нэгний шахалтаар, баяр тэмдэглэх үедээ байх. Миний хувьд “Чи чадахгүй шүү дээ” гэж намайг басах үед мансуурах ямар бол гэж анх бодогдсон. Гэдэс өлсөхгүй л бол мөнгөө архи, тамхи гээд бусад зүйлд зарцуулах дуртай. Хүнтэй хэрэлдээд уур хүрэх үед хэрэглэмээр байдаг” гэж ярьжээ.

СУРГУУЛИЙН ОРЧМООС МАНСУУРУУЛАХ БОДИС АВДАГ

Мансуурагч хүүхдүүдийн 34.6 хувь нь цаашид ч энэ төрлийн бодис хэрэглэсээр байх болно гэсэн бол 70.5 хувь нь энэ төрлийн донгоо зогсоох оролдлого хийж байснаа ярьсан байна. Тэд мансууруулах бодисоо ихэвчлэн найз нөхөд эсвэл тусгай газраас авдаг гэжээ. Харин тусгай газрынхаа талаар ярихыг хүсээгүй бололтой. Мөн зах, PC тоглоом, үзвэрийн газруудаас авдаг байна. Ноцтой нь мансуурагчдын 5.2 хувь нь сургуулийн орчмоосоо мансууруулах бодис худалдаж авдаг гэжээ.

КИНО, СОНИНООС МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛИЙГ МЭДЭЖ АВДАГ

Хүүхдүүдийн талаас илүү хувь нь мансууруулах бодис согтоодог, мансууруулдаг гэсэн ойлголттой явдаг аж. Мансууруулах бодисын хор хөнөөлийн талаарх мэдлэг, мэдээллийг кино, сониноос голчлон авдаг. Харин судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 1.7 хувь нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй гэсэн байна. “Зүгээр ярих биш хар тамхи хэрэглээд амьдралаа алдсан хэн нэгнээр жишээ татаж ярилцлага хийх мэт илүү нээлттэй байвал хүүхдүүд илүү ухаарна. Зүгээр л хар тамхи татаж болохгүй гээд байвал цаагуураа сонирхоод байна” гэж нийслэлд амьдардаг хүүхэд ярьжээ. Мөн мансууруулах бодисын хор хөнөөлийн талаарх сургалт явуулах шаардлагатай гэсэн байна.

Монголд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ байдаг нь тодорхой. Ийм төрлийн хэргээр цөөнгүй хүн ял сонссон. Харин тухайлсан судалгаа тэр бүр байдаггүй. Энэ удаад хүүхдүүдийн дундах мансууруулах бодисын хэрэглээг судалж, дүнг нь гаргажээ. 200 хүүхдээс арав шахам нь мансуурдаг гэсэн дүн гарсан байна. Өсвөр насныхныг архи, тамхи хэрэглэдэг гэж дүгнэх нь өрөөсгөл болсныг энэ судалгаа харуулж байна. Тэд архи, тамхинаас хэтрээд мансууруулах бодис хэрэглэж, сонирхож эхэлжээ. Гэтэл 2008 оноос хойш төр мансуурлын эсрэг нэг ч төгрөг төсөвлөөгүй гэдэг.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car