antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2017 5 comments

“НЭГЭН АЯЛАЛЫН ТҮҮХ” эгнэшгүй зоригт эрчүүдийн тухай

нийтлэсэн Admin

/Гоодаль сэтгүүлийн уралдааны 2-р байрын шагналт/

Чингисийн хүлэг баатарууд их аян дайнд мордож, ертөнцийн талыг эзлэхдээ замд тааралдсан их мөрөн, голыг үлээсэн тулам унаж, гаталж байсан агуу түүх хүн төрөлхтний түүхэнд тодхон үлджээ. Гэтэл бидний хэдэн нөхдүүд саяхан социолизмийн үед машины дотуур хаймарыг хийлж мордоод хөөс сагасан их үертэй Эг, Дэлгэр, Сэлэнгэ мөрнөөр хөвж, гаталж байсан гэвэл та бүхэн итгэхүү.
Түүх ингэж эхэлсэн юм. 1986 онд би Залуу техникчийн ордонд багшилж байлаа. Манай радиотехникийн багш С.Майнбаяр нэг өдөр надад –Чи Хэрлэнгийн хөвөөн дээр өссөн юм байна сэлж чадна биздээ гэв.
Би жаахан нэрэлхээд нэг муу нохой самардчихна ухааны юм хэлэв. __Өө Сайн байна ! Тэгвэл усан аялалд явнаа! хэмээн бараг тулгах шахуу хэлж билээ. Ингээд сагсууралдсан таван нөхөд Хөвсгөлийн онгоцонд суусан юм. Гэтэл хэрэг бишдээд явчихлаа. Онгоц хүлээж байх хооронд ч онгоцон дотор ч Хараа, Ерөө, Эг, Сэлэнгийн мөрөн голууд үерлэж, үер усны аюул нөмөрлөсөн тул ойр орчмын айл амьтан хүн малыг нүүдэллэхийг сануулж радиогоор байн байн зарлаж байлаа. Ойрийн тавин жилд тохиолдоогүй их үер усны аюулыг сануулж байв. Зарлахын өмнө нөгөөх чихэн чийртэй түгшүүрийн аялгуу эгшиглэнэ.
Онгоцны цонхоор доош харахад, үүлэн завсраар мөнөөх их голууд тахиралдаж цайвартах агаад ер нь юу л хийчих вэ дээ эгээ загасны хоол болохвий дээ хэмээн нууцхан айдас толгойд орж ирж байсныг нуух юун. Гэр бүлийнхэндээ ч нарийн учир начирыг тайлбарлаагүйг хэлэхүү, бас радиогоор байсхийгээд мөнөөх их үер усны зарлал.
Цаг гариу яваад л Мөрөнгийн буудалд газардлаа. Ачаа бараа ихтэй тул ачаагаа айлд үлдээгээд замын машинд дайгдан Хөвгөл далайг үзэхээр тэр өдрөө Хатгал руу хөдөлсөн юм. Хөвсгөл далай үзэж, зураг, хөрөгөө татуулж өдрийн хагасыг өнгөрөөв. Энэ зуур нөгөө их усны үерийн тухай бодол сэтгэлээс зүүгдээстэй л байлаа. Нөгөө хэд маань ч гэсэн үерийн тухай бодол шаналгаж байсан гэдэгт эргэлзээгүй бөгөөд эрчүүдийн нэрэлхүү зангаар энэ тухай олон юм ярилгүй тамхи байгиулж мар мар гэсээр явав.
Буцаж ирээд Мөрөн хотын хажууханд нэгэн жижиг нарийн голын орчимд завиа бэлдэж хөвж эхэлэхээр ачаа бараагаа зэхэв. Завь ч гэждээ “хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг” бидний завь ердөө Зил машины таван ширхэг дотуур хаймар байлаа. Түүнийгээ суганыхаа булчирхайг цочтол мянган удаа дарж ноцостож, түнтийтэл хийлээд хоёр хэсэг болгон олсоор холбож дээр нь хэдэн банз тавьж бэхлээд бидний завь бэлэн болох нь тэр. Тэгээд дээр нь хоол хүнс аян замын элдэв зүйлээ овоолж аваад хоёр хуваагдан түүн дээрээ сууж аажуухан хөвж эхэллээ. Цаг гариу хөвөөд нарийн гол маань Дэлгэр мөрөнд нийлж мөнөөх зарлаад байсан нэлийсэн хуйларсан үертэй их уснаа орж ирлээ. Эрэг нь хаана байна. Гол нь хаана байгаа нь үл мэдэгдэнэ. Ээлжилж сэлүүрдэн явах зуураа би хөвөгч хантаазаа үе үе тэмтэрч элдэв юм болбол амь хамгаалах гол найдвар мэт нэг их дотно байлаа.
Хоёр хоног аялаад олон голын билчирээр улаан ногооноороо эргэлдэн эрчилж хуйларсан их үертэй Сэлэнгэ мөрөнд нийлэв. Эргээ хальсан их усан дотор унасан дархи мод зай завсаргүй тааралдах агаад түүнийг тойруулж сэлүүрдэхэд ихээхэн ур дүй шаардагдаж байлаа. Ийм үер ойрын жаран жилд болоогүй гэнэ.
Үз:эсгэлэн төгс бишэрмээр сүрдмээр зэрлэг онгон байгаль дундуур ч бас явж байлаа Уулын хавцалаар өнгөрөхөд шахагдаж түрэгдсэн их ус асар хүчтэй далай мэт давалгаалж эрчилэн орж ирэх агаад хийлсэн хаймар минь дээш доош дайвалзаж бас эргэлдэн хөвж байлаа. Олон голын уулзвар өнгөрөөд хорь гариу км явтал бороо цутгаад эхлэв. Хувингаар асгаж буй мэт шаагисан бороон дундуур бид хөвсөөр байв. Нэгэн их том байц хадны өмнүүр өнгөрөх үед бидний завь хориод метрийн өргөнтэй асар хүчтэй хөөс сагасан эргүүлгэнд татагдан орчихов. Яг голд нь метр хэртэй гүнзгий нүх сэнсрэн эргэлдэх бөгөөд нэг мэдэхэд завь голд нь ороод эргэлдэж, наашаа ч үгүй цаашаа ч үгүй болов.Дээрээс усан бороо шавьшиж доор хөлгүй цэнхэр эргүүлэг тул бүгд сандралд орж хэзээ доош нь сороод явчих бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж хичнээн сэлүүрдэж зүтгээд нэмэргүй. Хорвоогийн амьтад бүгд л аминдаа хайртай, бяцхан амьныхаа төлөө бүгд тэмцдэг тэр л зөнгөөр бид хар хөлсөө цувтал, суганыхаа булчирхайг цочтол сэлүүрдэв. Харин арай илүү туршлагаараа Майнбаяр маань урсгалын эсрэг сэлүүрдсээр байж завиа гаргаж билээ.
Байсхийгээд том том хад чулуу, унасан мод тааралдаж их усны хүчтэй урсгал завийг аваачиж тулгаж, хөмрүүлчих гээд байв. Эрэг хавиар айл амьтан, мал үл үзэгдэнэ. Жигүүртэн шувуудаас бусад нь бүгд их үерээс дайжиж нүүжээ. Бороо өдөржингөө орж оройдоо сая нэг зогсов.
Шөнө нь хаймаран завиа эрэг хавьцаа чирч гаргаад амарахаар зэхэхэд Сэлэнгийн эрэлхэг шумуулнууд ч хайр найргүй довтолж эхлэнэ дээ. Тэдэнтэй баатарлагаар тулалдаж бас завсар зайгаар нь майханаа хатгаж бас хоолоо хийж амжуулаад бушуухан гэгч майхандаа орж, санаа амарах авч өглөө сэрэхэд эрхэм “дайсны цэргүүд”ээс ганц нэгээр майхан дотор хэдийнээ нэвтэрч тагнуул туршуул мэт чингэнэж байлаа. Бид эртлэн босоод бүх юмаа яаравчлан бэлдэж, хоол цайгаа ууж аваад мөнөөх их усруугаа аажуухан хөвж орно.
Тав дахь өдөр Боря, Тэрбиш хоёрын завь усан дундах овгор хад мөргөж онхолдов. Хөмөрсөн завьны ёроол хавьцаа Борягийн толгой нэг шовосхийгээд алга боллоо. —За ингээд нэг нөхөр минь биднээсээ, хорвоогоос цаг бусаар яваад өглөө гэж хормын төдий бодож амжив. Эрчлэн хуйлрах их усны толионд юуч харагдахгүй зөвхөн үерийн усны цагаан хөөс л урсч байв. Тэрбишийн хоёр гар их хөөсөн дунд хэсэг зуур сарвалзааж толгой нь шоволзож байгаад азаар модны мөчир тааралдаж түүнээс зуурч амь гарав. Гэтэл тээр доороос гэнэт Боря ил гарч сурмаг аргагүй итгэлтэйгээр эрэгрүү сэлж харагдав. Бид баярын магнай тэнийсэн ч тэгэхээс тэгэх гэж зориуд усан доогуур шумбаж алга болохдоо яахав дээ гэж бухимдах маягтай байлаа. Харин Тэрбиш маань голын дундах арал тийш сэлж очоод хэсэг бургасны тийш гараад, Хөөе сэлүүрээ аваарай! Тэр сэлүүр урсаад явчихлаа аваарай ! гэж хашгирч байлаа.
Ингэж явахдаа голын эрэгрүү сэлж гарсан Боря завьтайгаа голын нөгөө салаагаар урсаж бид хэсэг зуур төөрөлдөв. Ер нь Сэлэнгэ мөрний тэр түмэн салаа голдиролоор нэг л салж төөрөлдвөл хоорондоо бие биенээ хэзээ ч олохгүй нь мэдэгдэж байсан боловч азаар өндөр хавцал тааралдаж хавцлын оройд гарсан Боря цамцаараа даллаж бид биеээ олцгоож билээ.
Завь хөмрөх явцад бид ертөнцтэй холбож мэдээлэл авч байсан радио хүлээн авагч, нэг сэлүүрийнхээ хамт усанд алдаж ертөнцөөс холбоо тасарсанаа мэдэв. Бид уулзалдсаныхаа дараа Сэлэнгийн “Гааль” ч аргагүй л чанга байна шүү, радиогоо бас сэлүүрээ хураалгачихлаа, гаалийг тун аргалж болсонгүй юу ? хэмээн хошигнох аядаж байлаа.
Тэгээд бид амь дүйсэн, адал явдалтай, осолтой аялалд гарсанаа нилээд хожуу ухаарч, мэдэрээд аюулгүй ажиллагааны талаар сайтар зөвлөлдөв. Зөвлөлгөөний явцад ерөөсөө ямар нэг юм болбол _Амь авар! гэж хашигарахын оронд_ Амь амиа бодоорой ! гээд цөмөөрөө ус руу үсрэн орж хандсан зүгтээ сэлж зугатах тухай хошин санал ч гарч байв. Ингээд бид цааш хөвөн явсаар найм дахь өдрөө Бургалтайн СААн ойролцоо геологи, ус судлалын оросуудтай тааралдав. Тэгээд тэнд Сэлэнгэ мөрний эрэг дээр Монгол Орос улсын хооронд волейболын нөхөрсөг уулзалт тэмцээн явуулсан юм. Тэмцээн маш шургуу өрсөлдөөний дунд явагдаж, манай баг 3:2 харьцаагар хожив. Тэмцээний үеэр мөнөөх алдартай Сэлэнгийн шумуулнууд л харин бидний талд маш сайн балиашигласан бөгөөд зарим үед андуурч биднийхээ эсрэг довтолгох явдал үе үе гарч байлаа.
Сэлэнгэ мөрөн үертэй улаанаараа эргэлдэж буй тул загасчлах ямарч боломж байхгүй байлаа. Харин Сэлэнгийн хуучин бирвазны орчимд орж ирэхэд нэгэн мухар тохойд харин загас энд тэндгүй үсчих нь үзэгдэв. Тэгээд загасны шөл ууя гэсэн саналыг Наранхүү гаргасан тул бид дариу хэлэлцээд, дэмжиж, улмаар тэнд буудаллаж таван цаг загасчлав. Харин нэг ч загас барьж чадсангүй. Хангай дэлхий буян хишгээ биднээс харамласан уу ? үнэндээ бидний дэгээнд юу ч орохгүй байлаа. Галуу нугас бол зөндөө тааралдсан агаад бас ч үгүй ангийн шөл амсчих санаатай бас л буудаж хэд хэдэн сум тавьж үзсэн бөгөөд ердөө байнд ч үгүй банзанд ч үгүй байлаа.
Эндээс бидний багийн нөхөд бол ямар нэгэн ан авд тун маруухан оготонын хамраас ч цус гаргаж үл чадах нөхөд болох нь тодорхой болоод явчихсан юм. Нөгөө талаас гөрөөс, янзага, буга, хандгай, шилүүс тэргүүтэнтээ хэд хэдэн удаа халз тулгарч бараг шүргэлцэх мөргөлдөх шахуу л юм болж байв. Харин тэр сайхан амьтадын өөдөөс буу шагайх нь нүгэл хэмээн бодогдож тийм асуудал гаргаагүй юм.
Аялалын явцад манай багийн таван гишүүний Майнбаяр багийн ахлагч хийгээд галын байцаагч, Боря сургалт дадлага хариуцсан албаны дарга, миний бие багийн ерөнхий зөвлөх, аюулгүй ажиллагааны албаны дарга, Тэрбиш хүнсний технологич, эрүүл ахуй хариуцсан дарга, Наранхүү маань / УИХ-ын гишүүн асан/ арай бага албан тушаалд хэвлэлийн албаны мэрэгжилтнээр өөрөө өөрсдийгөө тохоон томилсон байлаа.
Ингээд багийн нөхөд маань бүгд дарга нар тул завь хийлэх, майхан барих, хоол хийх гэх мэтийн хар бор ажилд зарагдах гүйцэтгэх ажилчин байхгүйн улмаас арга буюу бүх дарга нар энэ бүх ажилд нэгэн зэрэг зориг шулуудан оролцож байсныг нь дурдах нь зүйтэй. Эндээс манай багийн таван нөхөд цөмөөрөө албан тушаалд жаахан дуртай байсан нь ажиглагддаг юм.
Ес дэх өдөр Сэлэнгийн олон голдрилын салаанд хоёр завь хоорондоо төөрөлдөв. Олон салааны аль салаагаар нь орсоныг мэдэх аргагүй тул нөгөө завь бараа сураггүй болов. Бидний завинд гэр орон майхан сав маань, нөгөө завинд хоол хүнс маань явсан тул бид гэр оронтой боловч хоол хүнсгүй тэд хоолтой боловч оромжгүйгээр хоёр хэсэг болон тасарлаа. Бүтэн хоёр хоног төөрөлдсөний эцэст Эрдэнэтийн Хялгантын гүүрэн дээр сая нэг тааралдаж нэг их өлссөн, нэг их их даарсан улсууд баярлалдан уулзалдаж билээ. Тэгээд бид нийлж аваад мөн л цааш хөвөв. Арван нэгдэх өдөр Майн баяр бид хоёрын завь /завь ч гэждээ нөгөө дотуур хаймар/ үерийн усанд хажуулдан унасан дархи модонд дэгээлдэж гогцоолдоод наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацаж орхив. Эрчилэн ирэх үерийн хөөстэй усны давалгаанд даруулж бид хоёр нэг далд орж нэг ил гарч байдал бишдээд ирлээ. Эргэн тойрон үргэлжилсэн нэлийсэн их ус, доор ёроолгүй гүн эргүүлэг унасан модны үндэснээс зуурсан бид хоёр нөгөө гурваа дуудан байдгаар хашигарч орилсон авч их усны дуу чимээнд нөгөө хэдэд дуулдсангүй тэд нөгөө салаагаар урс ч алга болов. Бид хоёр модны үндэснээс зуураастай гурван цагийг өнгөрөөв. Усруу орж Майнбаяр маань сэлж, би нохой самардаж нэг км шахуу өргөнтэй ероолгүй их усыг гатлах зүрх зориг ерөөсөө орж ирдэггүй дээ. Харанхуй ч боллоо дэгээлдсэн модноос завиа салгах гээд цаг гариу ноцолдсон боловч амжилт олсонгүй. Муу бодол ч толгойд орж ирлээ. Зуурсан үндэсээ тавибал бид хоёрын толгой шоволзоод далд орох гашуун хувь заяа хүлээж, загас болоод шувууд бас бус амьтад нилээд хэд хоногийн өл хоолтой залгах мөч ойрхон байв. Майнбаярын хувьд сэлж гарах найдвар байсан юм. Харин миний хувьд тэр чигтээ нохой самардаж их усыг туулах найдвар тун бага гэдгийг нэг муу мэдээд байлаа. Тэгээд “Тунгалаг тамир” алдарт романд гардаг лугаа –Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу? хэмээн хэн нэгэн нь орь дуу алдах хэрэг гарах байлаа. Харин чанх дээр “Долоон бурхан” “Алтан гадас” одод тодоос тод гэрэлтэж, замыг тань зааж өгье Тавтай морил гэсэн байртай юу ч болоогүй мэт улам тодоор гялалзан харагдана. Тэр шөнө үүрийн таван жингээр тэд биднийг олсон юм. Ингээд удтал үзэлцэн байж, Сэлэнгэ их мөрний дэгээнээс мултарлаа. Дэгээнээс мултарсан загас ямар баяртай хөөртэй шумбан оддог бол хэмээн өөрийн эрхгүй бодогдсон хийгээд түүнийг амьд оригоор мэдэрсэн бидний нөхөд бас ч болоогүй дуу аялан, хөгжилдөн цааш хөвж одоход өглөөний тунгалаг наран ээж, шувуудын жиргээ голын мандалд тодхоноо сонсогдож, аясын салхи урьханаар илбэн байлаа. Ингээд бид цааш нэг хоног хөвж аялаад зогсоолдоо хүрч билээ.
Эх орны үзэсгэлэнт байгаль Дэлгэр, Сэлэнгэ мөрнөөр 14 хоног аялсан энэ адал явдалт аялал бидний хувьд жинхэнэ амьд байгалийн сайханыг мэдэрсэн адал явдалтай, дурсгалтай, хөгжөөнтэй, залуу насны минь үл мартагдах хууч дуртатгал болон үлдсэн хийгээд хийлсэн тулам унаж их мөрнүүдийг гаталж байсан хүчирхэг өвөг дээдэсээ магтан бишрэхийн ялдамд хийлсэн хаймар дээр мордож их усыг туулсан өөрсдийгөө бас Чингисийн баатаруудын хойч үе гэдгээ төсөөлж судсаар минь агуу дээдсийн цус гүйж байгааг үе үе мэдрэх шиг болж байлаа..
Энэ аялалыг хожмоо бодоход ерөөсөө тэр үед Боря гаас бусад нь ер нь сэлж чаддаг байсан эсэх нь эргэлзээтэй байсан хийгээд залуу насны агуу эр зориг \үгүй ээ\ ерөөсөө агуу их тэнэглэл байсан хэмээн бодох болсоноо нуух юун. Г.Алтангэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 17, 2017 12:24:34 pm )

    Нүдэнд харагдтал сайхан бичжээ. Зоригтой сайхан аялжээ. Агуу тэнэглэл байсан ч дурсах юмтай байх бүр ч сайхан.

  • Зочин (May 17, 2017 12:51:00 pm )

    Энэ Алтан гэрэл гуай арай хэрүүлээд залчих юм аа? Сэлэнгэ мөрнөөр хөвж явсан хүмүүс чинь яаж нисэхээрээ хаа байсан Бургалтай руу оччихдог юм бол Тэгээд Бургалтай орсноосоо хойш 2 хоногийн дараа Хялганатад очсон ч гэх шиг бас л аварга залаач учир Олон улсын залаач цол олгов? Бургалтайн САА чинь Хялганатаас зүүн урагш зуу орчим км хол байдаг Том голоос хөөрхөн хол газар шүү дээ? Олон улсын залаач гуай?

  • Зочин (May 17, 2017 12:52:20 pm )

    Энэ Алтан гэрэл гуай арай хэтрүүлээд залчих юм аа? Сэлэнгэ мөрнөөр хөвж явсан хүмүүс чинь яаж нисэхээрээ хаа байсан Бургалтай руу оччихдог юм бол Тэгээд Бургалтай орсноосоо хойш 2 хоногийн дараа Хялганатад очсон ч гэх шиг бас л аварга залаач учир Олон улсын залаач цол олгов? Бургалтайн САА чинь Хялганатаас зүүн урагш зуу орчим км хол байдаг Том голоос хөөрхөн хол газар шүү дээ? Олон улсын залаач гуай?

  • Дархан (May 17, 2017 1:31:06 pm )

    Би сэлэнгэ мөрний хүүхэд олгой хаймар усан дээр маш хөнгөхөн байдаг 5 том хүн 5 олгой хаймар дээр нь майхан сав хоол хүнс яаж багтдаг байна ойлгохгүй бн сайхан залаваа

  • huygaa (May 18, 2017 1:32:02 am )

    arail zalchlaa daa

antalya rent a car