Манай улстөрчид бүгд энхийн цагаан тагтааны дүрд хувилж, ГҮТГЭЛЭГ гэдэг зүйлийн талаар ярих болсон. Тэрчлэн өөрсдийг нь гүтгэсэн нөхдүүдийг Зөрчлийн хуулиараа торгоод шийтгээд явах гэж буй. Тэгвэл Бат инженер өөрийнхөө блогт “Гүтгэх” эрх гэсэн сонирхолтой нийтлэл бичсэнээс ишлэн хүргэж байна. Тэрбээр нийтлэлдээ “Гүтгэлэг гээч манай төр засгийн эрхэмүүдийг хоолой зангиртал нь айлгасан зүйлийн талаар суралцаж буй номынхоо хэмжээнд, ийм хэргээр хоригдож үзсэн туршлагынхаа хүрээнд хэдэн үг хэлье.
Хүнийг гүтгэлээ гэж иргэний журмаар буруутгахын тулд дараахь 3 элемент хангагдсан байх ёстой байдаг юм билээ. Үүнд:
- гүтгэлэгийн шинж чанартай,
- нэхэмжлэгч этгээдэд хамаарсан,
- нэхэмжлэгч этгээдээс өөр этгээдэд хандаж хариуцагч этгээд хийсэн мэдээлэл байх ёстой байдаг.
Мэдээлэл гүтгэлэгийн шинж чанартай байх гэдэг нь тухайн гүтгүүлсэн гэх хүний талаар дээрх мэдээлэлийг хүлээн авсан жирийн хүн [reasonable person= эрүүл оюун ухаантай хүн] уг мэдээлэлд гүтгэлэг байгааг ялган анзаарч чадахуйц хэмжээний мэдээлэл байх ёстой юм байна. Нэхэмжлэгч этгээдэд таалагдаагүй мэдээлэл бүрийг гүтгэлэг гэж ойлгож болохгүй. Хуулийн дээрхи шалгуур хангасан мэдээлэл л гүтгэлэгт орно.
Та бидэнд ойрхон амьдралаас жишээлэн хэлэхэд олон жилийн турш авилгалд гаршсан сайдыг авилгалч хэмээн хэлбэл уг мэдээлэлд бусад жирийн хүмүүс гүтгэлэг байна хэмээн анзаарч мэдрэхгүй ч байж болно. Мэдээлэл гүтгэлэг хэмээн жирийн хүнд анзаарагдахгүй бол хичнээн тарсан ч тэр хүний алдар хүнд (reputation)-д хохирол учрахгүй. Иймд заавал гүтгэлэг гэж анзаарагдах мэдээлэл байх ёстой болдог.
Харин 5 настай жаахан хүүхэд, эсвэл номын мөр хөөсөн өвгөн эрдэмтнийг авилгалч хэмээн хэлбэл үүнийг сонссон жирийн хүн уг мэдээлэлд үнэнд өчүүхэн ч дөхөхгүй гүтгэлэг байгааг шууд анзаарч ялган таньдаг.
Чухам ийм ялгаа зааг байгаагаас улс төрчид өөрийнхөө ёс суртахуунд эхнээсээ өндөр шалгуур тавин, өчүүхэн алдаа гаргавал сайн дураараа огцорч байдаг юм билээ. Шалтгаан нь зүгээр нь бусад дайралт ирэхэд хамгаалалтгүй болчихдог учир эртхэн шиг галын шугамаас сайн дураараа холдож явсан нь өлзийтэй болж ирдэгт учир нь байдаг юм байна. Жирийн хүнд тааруухан хүн гэж ойлгогдохоор болтлоо муу зам мөртэй байж болохгүй шүү л гэсэн санаа. Хүн нэрээ өөрөө л хичээх ёстой гэсэн хүний нийгмийн хуулийн ёс ийм буюу.
Гүтгэлэг хүрэх эзэнтэй буюу зөвхөн нэхэмжлэгч этгээдэд хамаарсан байх ёстой байдаг. Эзэн нь буюу нэхэмжлэгч этгээдийг нэрлэсэн эсвэл жирийн хүнд тухайн нэхэмжлэгчийг гэж нэмэлт тайлбаргүйгээр танигдуулах хэмжээнд тодорхойлсон (innuendo) байх ёстой байдаг юм байна.
Эзэн биегүй мэдээлэл гүтгэлэгт тооцогдоход элемент дутуу болно. Жишээ нь Сайд авилгалч хэмээвэл эзэн биегүй мэдээлэл болж гүтгэлэгийн шинж чанараа гээнэ. Гансүх сайд авилгалч хэмээвэл бас л дутуу. Учир нь Гансүх нэртэй хэд хэдэн сайд байх ба чухам аль нь болохыг жирийн хүн ялгаж ойлгоход хэцүү. Ч.Гансүх сайд авилгалч гэвэл сая эзэн бие харьцангуй тодорхой болж ирнэ. Хүнийг нэмэлт тайлбаргүйгээр тодорхойлох хэлбэр Монголд түгээмэл тархсан байдаг. Жишээ нь Жэнко гэхэд жирийн монгол хүний хувьд УИХ гишүүн асан Х.Баттулга гэгч эрхэм санаанд нь шууд л тусна.
Өөрт нь хамааралгүй хэлсэн үгийг өөртөө хамааруулан ойлгож нэхэмжлэл гаргах боломжгүй. Гол нь жирийн хүнд тэр таныг гомдоосон илэрхийлэлийн эзэн нь өөрийг чинь байна гэж танигдахуйц байх ёстой юм.
Гүтгэлэг нь нэхэмжлэгчээс өөр хүнд хандаж хариуцагч этгээд хийсэн мэдээлэл байх ёстой байдаг. Хэрэв гүтгэлэг агуулсан гэх мэдээлэлийг нэхэмжлэгчид өөрт нь хандаж хэлсэн тохиолдолд уг мэдээлэл гүтгэлэгийн шинж чанараа алдана. Хүнийг өөрт нь гүтгэж ярих тухай ойлголт угаасаа байдаггүй. Гүтгэлэг агуулсан мэдээлэлийг цааш нь гүтгэлэг гэдгийг мэдсээр байж дамжуулсан хүн гүтгэлэг тараасанд тооцогдож болно. Хэрэв тэгэж тараасан хүн уг мэдээлэлийг гүтгэлэг гэж мэдээгүй бол хариуцлагаас чөлөөлөгддөг. Сайд А.Гансүх v Жиргээч Даваапил заргын хувьд “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” хэмээн нэхэмжлэгч жиргэсний хариуд “Самсунгтай 1км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ сайд аа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3,6 тэрбумаас хол давна” хэмээн хариуцагч жиргэсэн байдаг. Даваапил А.Гансүхд сайдад хандаж хэлсэн гэдэг нь “сайдаа” гэх хандсан үгээр нотлогдож орхисон байдаг. Энэ тохиолдолд хариуцагч уг мэдээлэлийг нэхэмжлэгчид хандан хэлсэн байх тул гүтгэлэгийн шинж чанараа алдсан мэдээлэл болж байгаа юм.
Гүтгэлэг тараалцсаны тухайд retweet, like бол гүтгэлэг тараалаа гэж хариуцлага тооцоход хангалтгүй баримт юм. Учир нь хуулийн өмнө бүгд тэгш байх зарчим хэрэгжүүлэх боломж байхгүй. Нэг жиргээчийг retweet хийсэн байна гэж ялгаж шийтгэх нь Үндсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчих тул бүгдийг нь олж хариуцлага тооцох шаардлага гардаг. Монгол улсын хувьд энэ нь боломжгүй зүйл бөгөөд хуулийн хүрээлэл ч хил даван харайх боломж өгөхгүй.
Гүтгэлэгт маш ноцтой үр дагавартай, бодит хохиролтой үед эрүүгийн хариуцлага яригдаж болох ба эрүүгийн хэрэг үүсгэхэд дараах нөхцөл хангагдах шаардлагатай. Энэ нь: “Хүн [хуулийн этгээд] хуулиар зөвтгөгдөх шалтгаангүйгээр хүний тухай үнэн бус мэдээлэлийг тус хүнд хор хүргэх зорилгоор бусад хүнд хүргэсэн байх”
Барууны орнуудад хүнд эрүүгийн хэрэг үүсгэх маш амаргүй байдаг. Учир нь тэр хүний үйлдэл эрүүгийн хэргийн бүх элементийг бүгдийг нь хангасан гэдгийг эргэлзээ тээнэгэлзэлгүй (beyond reasonable doubt) болтол нь нотлох үүрэг, нотлогоо гаргах дарамт яллагч талд ирдэг. Хуулинд бүх хүнийг аливаа хэрэгт буруугүй гэж үздэг ба шүүхээр буруу нь тогтоогдох хүртэл энэ эрх нь хадгалагдана.
Эрүүгийн хэрэг үндсэн 2 элементтэй. Actus reus (conduct) буюу үйлдэл, Mens rea (guilty mind) буюу гэмт сэдэл.
Үйлдэл байгаад ч сэдэл дутуу бол хүний амь нас хохирсноос бусад тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй. Гэмт сэдлийг гэмт үйлдэлтэй холбоотойг (causal connection) нотлох нь хамгийн түвэгтэй байдаг. Эрүүгийн гэмт хэргийн хуулийн үйлчлэл тус мужийн буюу улсын эрх зүйн хязгаарт (Jurisdiction) хүрээд зогсдог.
“Гүтгэгч”-ийг Хүн (аккаунт биш) гэдгийг тогтоох боломж олдсоны дараа “гүтгэгч”-ийг зөвтгөх шалтгаануудыг заавал олж тогтоодог. Мөн яллагдагч/хариуцагч талд өөрийгөө энэ зөвтгөлүүдийн тусламжтайгаар хамгаалах боломж олгодог. Гүтгэлэгийн ял зэмийг үгүйсгэх хуулиар тогтоосон дараах зөвтгөлүүд байдаг байна. Үүнд:
- Үнэн байдал: Түгээмэл хуульд үнэн бол гүтгэлэгийн ял зэмийн эсрэг абсолют хамгаалалт юм. Үнэн байдал шууд утгаараа болон агуулгаараа тодорч болно. Агуулгаараа үнэн тодорно гэдэг нь зарим нэг үнэн бус мэдээлэл агуулсан мэдээлэл нь ерөнхий утгаараа үнэн бол түүнийг contextual truth гэж үзэн үнэнд тооцдог. Манайд бол албан тушаалтнуудын хувьд гүтгэлэгийн зарга нь үнэнийг нуухад оршдог. Гэтэл тэнд хуулийн энэ зарчмаар үнэнийг заавал олж тогтоох үүрэг шүүхэд ирнэ. Ийм шалтгааны улмаас хэвлэлээр шүүмжлүүлсэн улс төрчид гүтгэлэгийн заргаас зайлсхийдэг.
- Итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо шудрагаар илэрхийлэх: Яллагдагч/хариуцагч талын хийсэн мэдээлэл нь (а) Баримтын тухай мэдэгдэл биш, үзэл бодлын мэдэгдэл байсан; (b) Үзэл бодлоо үнэнчээр илэрхийлсэн; (c) Үзэл бодол нь бодит фактууд дээр тулгуурлаж бий болсон; (d) Олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн коммент байсан гэдгээ нотлоход гүтгэх ялаас мултардаг. Аль ч ардчилсан орны үндсэн хууль нь иргэдээ үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангадаг тул хэн нэгний талаар таагүй үзэл бодолтой байсныхаа төлөө хэн ч ял эдлэх ёсгүй гэсэн суурь зарчим энд үйлчилж эхэлдэг юм байна.” гэхчлэн өгүүлжээ.
Холбоотой мэдээ
-
САЙХАНАА (May 16, 2017 2:40:59 pm )
Аль ч ардчилсан орны үндсэн хууль нь иргэдээ үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангадаг тул хэн нэгний талаар таагүй үзэл бодолтой байсныхаа төлөө хэн ч ял эдлэх ёсгүй гэсэн суурь зарчим энд үйлчилж эхэлдэг юм байна.
-
zochin (May 17, 2017 3:02:04 pm )
tegehleer,ner tsever yavj bsan hun gutguulenguitee hiij bsan ajilaa ogchihson n deer geed bgaa uym uu,sain oilgosongui.manaid ajil hiij bgaagaa muulj,hardaj,gutgej boldog,gutguulsen hun n hohirdog bdal n ih bh uym
-
Зочин (May 18, 2017 9:54:18 am )
Гүтгэхийг хүн бүр өөрийн үзэл бодлоор ойлгодог байх. Үүний дотор захиалгат гүтгэлэг гэж байна аа. Цаанаас нь зориуд нэг төрийг унгаах, өөр хувийн ашиг сонирхолын үүднээс ажил, албан тушаалаас нь буулгах, өөрчлөх, олон нийтийн сонгуульт ажилд дэвшүүлэхгүй гэсэн үүднээс гүтгэх асуудал байсаар байна.Үэдсэн хуульд заасан хүний нэр төр, алдар хүндийг гутаан гүтгэж болохгүй л болов уу.Тодорхой хязгаар, зааг байх ёстой
3 Comments