antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2012 8 comments

Ц.Сэдванчиг: Надад нууц байхгүй

нийтлэсэн Admin

“Говь” уг нь түүний нэрийн хуудас ч орчин үед гольфоор нэрлэмээр санагдлаа. Ноолуур, ямаа хөөдөг байсан Ц.Сэдванчиг гишүүн  одоо бол гольфийн хорхойтон. Энэ удаагийн “Амьдралын тойрог”-ийн зочноор гольф цохидог энэ эрхмийг урилаа. Сэдээ гишүүнийх хотын төвөөс холгүй юм билээ. Тэдний амьдралтай танилцахаар хаалгыг тогшиход гэрийн эзэгтэй Ц.Содгэрэл биднийг тосч авлаа. Гэртээ бэлтгэл хийдэг гольфийн зам, цохиурууд оронгуут л нүдэнд тусах аж. Гишүүн ч гольф тоглохоор өглөө эрт гарчихаад багийнхнаасаа “чөлөө аваад” бидний өмнөхөн гэртээ иржээ. Тэр чөлөөт цагаа гольфийн талбайд өнгөрүүлдэг гэнэ. Түүний сонирхдог бөгөөд жингээ барьж эрүүл явахад нь тусалдаг гол спорт энэ аж.

Тэрээр бэлтгэлээ гэртээ базаадаг.

Том хүү нь тусдаа гарсан, бага нь Америкт сурч байгаа учир Ц.Сэд-ванчиг гишүүн эхнэр Ц.Содгэрэлтэйгээ амьдардаг. Хоёулхнаа болохоор нам гүмхэн, зундаа ах дүүс нь цуглаад хөдөлгөөнтэй айл гэнэ. Биднийг хоолны ширээнд урингаа бас нэгэн хоббигоо задлав. Эрхэм гишүүн яс цэвэрлэх дуртай гэнэ. Тэдний үдийн хоол нь Хөвсгөлийн зэрлэг гахайн мах, цагаан загас тэргүүтэн. Сэдээ гишүүн ширээн дээрээс мах авч ясыг нь цэвэрлэхийн хажуугаар нөгөө хоббигоо сонирхуулав. Тэрээр “Өвөл болохоор өглөө 9:00 цаг гээд гарна. Зун бол зургаан цагт нар халахаас өмнө гээд эрт гардаг юм. Нар халаад ирэхээр бууна. Гольфийн бүтэн талбай тойроход 18 нүх явдаг юм. Ойролцоогоор дөрвөн цаг гэсэн үг. Талбайд бүтэн тоглоход бараг есөн км алхчихаж байгаа юм. Цохисон оноогоор нь,  хамгийн ойрхон цохисон, анхны цохилтоор хамгийн хол цохисон гэх мэт олон төрөл бий л дээ.  Нэг тэмцээн боллоо гэхэд янз бүрийн төрлүүд байдаг” хэмээн товчхон танилцуулав.
ЯС ЦЭВЭРЛЭВЭЛ БУЯН ТОГТДОГ


Эрхэм гишүүн яс мөлжих хоббитой

-Өнөөдөр та ямар хүмүүстэй хаана тоглоод ирэв?
-”Заан тэрэлж” гээд манай гольфийн клуб байдаг. 15-16 хүн нийлсэн. Байнга тоглодог хэдэн хүн бий. Багаараа тоглодог болохоор нэг нь явж болдоггүй юм.  Та нарыг ирнэ гэсэн болохоор би хүрээд ирлээ.
-Оноо багатай нь ялдаг биз дээ?
-Тийм. 18 нүхийг 72 удаа цохидог. Нэг нүхэн дээр дээд тал нь дөрөв цохино гэдэг ч юм уу. 72-оос дээш цохих уу, доош цохих уу гэдгээрээ тооцно. 72-оос доош цохивол сайн гэсэн үг. Би гольфоос гадна яс, шагай цэвэрлэх их дуртай. Яс, шагайг махтай хаявал муухай. Цэвэрлэсэн шагай их гоё болдог, шаргалтаад л. Яс мөлжих амны хишигт сайн, буян тогтдог гэж бага байхад аав, ээж их ярьдаг байлаа.

Цэвэрлэсэн шагай шаргалтаад, өнгө нэмээд сайхан шүү.Цэвэрлэхгүй бол улам  жижигрээд байдаг юм.

-Сонин хообийтой юм аа. Та гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Манай том хүү Америкт сураад ирсэн. Одоогоор яаманд туслах ажилтан хийдэг юм.  Бага маань Америкт банк, бизнесийн чиглэлээр сурч байгаа. Уул уурхай давхар үзэж байгаа. Уул уурхайн салбар нэг хэсэгтээ явах нь байна шүү дээ. Тэр утгаараа сурч байгаа. Өөрөө ч сонирхолтой. Эхнэр бид хоёр эндээ амьдардаг болохоор нам гүм байгаа биз. Багшийн дээдийн математикийн ангид сурч байхдаа бид хоёр танилцсан. Аав нь Ренчилхүмбэ сумын хүн. Манай ээж өндөр настай. Хотод эгчтэй амьдарч байгаа. Аав маань эрт өнгөрсөн. Манай ах улсын сайн малчин, харамсалтай нь бурхан болсон. Одоо эгч, дүү хоёр хөдөө бий. Германд нэг дүү бий, бусад нь хотод амьдардаг юм.

Гэргий Д.Содгэрэлийн хамт

Хүү С.Цэрэндаш, С.Оргил нар аавынхаа нутагт

-Танд ер нь муу зуршил юу байна. Архи, тамхи хэрэглэх үү?
-Тамхи татдаггүй. Архи хэрэглэдэггүй гэх нь хаашаа юм. 40-өөс хойш хүний нас, амьдрал ахуй тогтоод ирдэг. Залуудаа дарвих, наргих үе байсан. 7-8 жил гольф тоглосон, сүүлийн үед тогтмол тоглож байгаа. УИХ-д орж ирснээсээ хойш жин  нэмээд байгаа. Энд сурч байхдаа 80 кг байгаад Японд очоод 65 кг болсон. Саяхныг хүртэл энэ жингээ хадгалсан. Гэтэл гишүүн болоод 80 гараад ирсэн. Суудлын ажил хүнийг ийм л болгодог юм байна. Тэгээд гольф идэвхитэй тоглож, хажуугаар нь хүчний дасгал хийж жингээ барьдаг. Гольфийг сонирхдог, бас эрүүл мэндээ боддог. Илүүдэл жинтэй хүн яав ч эрүүл биш. Эрүүл байя гэвэл жингээ хас, илүүдэл  жин хэрэггүй гэж зөвлөмөөр байна.
-Танай бага хүүг их эрх гэж л сонслоо. 20 хүрчихээд чихмэл тоглоомтой л найзалдаг гэж?
-Нээрээ нэг чихмэл тоглоомоос салахаа байсан шүү. Сонирхол нь юм байлгүй, бага байхдаа чихмэл тоглоомтой их найзалдаг байсан. Хөдөө явахдаа нэг чихмэл тоглоомоо бариад хажуудаа суулгаад л яриад байдаг юм. Өөрийг нь төлөөлсөн нэг чихмэл гэрт тавьсан байгаа. Чихмэлтэй зургаа facebook дээрээ тавьсан байна лээ. Хообий юм уу, өөрийнх нь хайртай тоглоом юм болов уу даа. Манай бага хүү их сониуч хүүхэд. Том болчихоод чихмэл тоглоомтой найзалдаг нь сониуч зангийнх л байх. Багын зан нь одоо хүртэл хэвээрээ л байна.
-Танаас бүхий л сэдвээр юм асуумаар байна. Хариулна биз дээ?
-Улстөрчдөд нуух зүйл байдаггүй гэж ярьдаг. Японд сургуульд сурч байхад тэгдэг байсан юм. Яагаад улстөрчдөд нуух хаах юм байдаггүй, ил тод болчихдог юм бол гэж тухайн үедээ гайхдаг, боддог байлаа. Өөрөө улс төрд орохоор үнэхээр нууж, далдлах юмгүй болчихдог юм байна. Тэр яриа үнэн л байж. Нууцлах гэсэн ч тэр нь ил гарчихдаг, илрүүлчихдэг юм гэсэн.
-Улстөрчдийн хэлсэн ярьсан, хийж байгаа үйлдэл цэвэрхэн, хийгүй байх ёстой гэж үү?
-Би хийгүй байх юмсан гэж боддоггүй. Аливаа зүйлд бодитой хандах суурь хүмүүжил надад бий. Манайхан олуулаа малчны гэрт өссөн. Оюутны амьдрал дотуур байранд өнгөрсөн. Бие дааж амьдарч сурсан. 1980-аад онд цаг хатуу байсан үе. Дэлхийн хоёрдугаар дайн үзсэн хүмүүс хэзээ дайн гарах бол гэж болгоомжилдог үед бидний дайсан гэж байсан Японд 10 гаруй хүүхэд сурсан юм. Одоо бодоход биднийг шалгаруулалтад орохоос эхлээд тэнд байх хүртэл хянадаг байсан байх. Хөрөнгөтөн орон, бидний дайсан гээд л. Япон, Америк шиг орон байдаггүй л байлаа шүү дээ. Нэлээн хязгаарлагдмал байдалтай л бидний ид залуу нас өнгөрсөн байгаа юм. Бүх зүйл ил задгай нээлттэй болсон үе 1990-ээд он. Хүний суурь хүмүүжил ер өөрчлөгдөггүй юм байна. Худлаа ярихгүй, хулгай хийхгүй, аливаа зүйлд бодитоор хандах юмсан гэсэн суурь хүмүүжил хатуу нийгэмд бидэнд суусан. Бидний үеийнхэн ийм л хүмүүжилтэй. Ахмаддаа хүндэтгэлтэй ханддаг, үгийг нь сонсдог нийгэмд  хүмүүжлээ. Тэглээ гээд эргээд бодоход алдсан зүйл байхгүй л санагдана.
-Та зөвхөн “Говь”-д ажиллахаар Японд сурсан юм уу?
-Тухайн үед “Говь” төсөл яригдаж байсан. Хоёр улсын Засгийн газрын хооронд гэрээ байгуулаад Японы тал мэр¬гэжилтэн бэлтгэж өгөх үүрэг хүлээсэн байдаг юм. Тэр дагуу 1980-аад оноос хойш жил бүр хоёр оюутан сургасан. 10 залуу сурч төгссөн. Бүгдээрээ боломжийн ажил хийгээд нийгэмд хувь нэмрээ оруулаад явж байгаа. Зарим нь аймгийн Засаг дарга, Элчин сайдаар ажиллаж байгаа хүн байна. УИХ-ын гишүүдээс Д.Ганхуяг бид хоёр бий.

-Д.Ганхуяг гишүүн та хоёр багын найзууд уу. Хамтарч бизнес эрхэлдэг, УИХ-ын чуулганы танхимд нэг ширээнд суудаг биз дээ?

-Бид хоёр олон жил үерхэж байна. Оюутан байхаасаа эхлээд найзалсан. Нутаг ч ойролцоо. Д.Ганхуяг Архангайн Цахир сумынх, Би Хөвсгөлийн Жаргалантынх. Хуучнаар бол Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу гэж нэг хошуунд хамаардаг байсан. Хөвсгөлийн урд талын халхын хэдэн сум, Завханы зүүн тал, Архангайн арын сумд нэг хошуу байсан гэдгээрээ ёс заншил, байгаль, цаг агаар их ойролцоо

Тэр 2 оюутан байхаасаа үерхжээ.

Цагаан-Үүр сумын 80 жилийн ойд.Хурдан морьны уяан дээр

-Та Японд сурахаасаа өмнө цэргээс ирсэн ах нартай ноцолддог махлаг хүүхэд байсан гэсэн. Арлын оронд очоод турсан тухайгаа дурдатгал номдоо бичсэн байсан. Яагаад турчихсан юм бэ?
-Японд очоод мах идэх биш цагаан будаа идээд турчихсан. Гол нь ачаалал их байсан. Цаг агаар дулаан болохоор хөнгөн хоол иднэ, дээрээс нь хичээлийн ачаалал их байлаа. Бид шөнө, өдөргүй сууж байж таван жил Японы сургуулиа дуусгаж чадсан шүү. Ялангуяа эхний жилүүдэд хэлний бэрхшээл байна. Япон оюутантай зэрэгцээд япон багшийн лекц сонсоно гэдэг амаргүй. Энд хагас жил хэл үзчихээд тэнд очоод жил орчим япон хэлээр нүдүүлээд л шууд их сургуулийн лекц сонссон. Эхний нэг, хоёр жилдээ багш нар лекц уншихаад л гараад явчихна. Юу хэлсэн нь байхгүй. Тэгээд гурав, дөрөв дэх жилээс гайгүй сурчихдаг юм билээ.
-Мянган ам.долларын тэтгэлэгтэй байжээ. Тухайн үеийн их мөнгө биз дээ?
-Японы Засгийн газрын тэтгэлгээр сурч байсан болохоор боломжийн тэтгэлэг өгдөг байсан. Хангалттай байсан шүү. Үнэтэй юм авч хэрэглэдэг байж. Зургийн аппарат, хөгжим гээд л.
-Наймаа хийсэн биз?
-Зүгээр ч байгаагүй ээ. Тэр үед бизнес чөлөөтэй биш, биднийг хянадаг байсан. Улаанбаатарт валютын дэлгүүр гээд 2-3 цэг байсан. Би нэг зун амралтаараа ирчихээд “Мэргэжилтний 20” гэдэг дэлгүүрт ороод ундаа аваад гарах гэсэн чинь нэг хүн улаан үнэмлэх үзүүлээд намайг Мөрдөн байцаах газрын үүдэнд аваачаад нэгжээд зургийн аппарат хурааж авсан. Тэрийгээ авах гэж баахан л юм болж байсан. Долларыг хаанаас олсон, аппарат юугаар авсан, яагаад долларын дэлгүүрт наймаа хийсэн бэ гээд л. Тийм л хатуу үе байлаа.

ӨР ЗЭЭЛД БАРИГДАЖ, ҮНЭ ЦЭНЭЭ АЛДААГҮЙ “ГОВЬ”

-Төгсч ирээд шууд “Говь”-д ажилласан уу?
-Тэгсэн. “Говь”-д дагалдан инженерээс эхлээд ерөнхий инженер, тэргүүн дэд захирал, хоёр удаа захирлаар ажилла¬сан. Нийт 14 жил ажилласан. Холбоотой байсан нь гэвэл 20 гаруй жил болсон. Хувьцаа эзэмшиж байсан учраас ТУЗ-ийнх нь гишүүн байсан. Улс төрийн шалтгаанаар халагдаж солигдоод хэдэн жил завсарласан. Тэр үед ТУЗ-ийн гишүүн гэдгээрээ холбоотой байсан. Тэгээд “Говь” хувьчлагдаад ТУЗ-ийнхөө ажлыг өгч, өөрийнхөө эзэмшиж байсан хувьцааг зараад ямар ч холбоогүй болсон.
-Та хэдэн хувийг нь эзэмшиж байсан юм. Хувьчлалынх нь талаар тодруулаач?

-”Говь” компани гээд улсын үйлдвэр байлаа. Тэгээд хувьцаат ком¬пани болсон. 75 хувийг нь төрд авч үлдээд 25 хувийг нь хөрөнгийн бир¬жээр худалдсан. Түүний дийлэнхийг буюу 10 гаруй хувийг Д.Ганхуяг гишүүн бид хоёр эзэмшдэг байлаа. Үлдсэн 10-аад хувь нь хувьцаа эзэмшигчдэд тарсан. Хувьчлах оролдлогыг олон удаа хийсэн, хувьчилна гэж олон жил ярьсан даа. Гурав дахь дээрээ хувьчлал нэлээд маргаантай шийдэгдсэн. Шүүх гэж явсаар 2007 онд үндсэндээ дууссан.
-Та “Говь”-ийг хувьчлахгүй гэсэн саналтай байсан юм уу. Хувьч-лалаа гэхэд гадаадынханд биш дотооддоо авъя гэсэн санал оруулж байсан гэж тухай үед мэдээлж байсан санагдаж байна?
-Хувьчлахгүй байх нь зүйтэй гэж бид нэг их ярьдаггүй байсан. 1990-ээд оны сүүлээр цаг хугацааны хувьд хувьчлах арай л болоогүй байсан. 2000 он гаргаад хувьчлах нь зүйтэй гэсэн саналтай байсан. Заавал нээлттэй тендерээр худалдах шаардлага байна уу, монголчуудад давуу эрх олгох боломж байна уу гэсэн санал тавьдаг байсан. Тэгээд  УИХ-ын тогтоолоор нээлттэй тендерээр хувьчлах шийдвэр гарсан. Японы хамтарсан консорциум худалдаж авсан. Одоо тэр хүмүүс нь эзэмшдэг эсэхийг мэдэхгүй.
-Одоогийн “Говь” таны удирдаж байсан үеийнхээс дээрдсэн үү. Та гаднаас ажиглаж, санаа тавьдаг л байлгүй дээ?
-2007 онд ТУЗ-өөс гараад л албан ёсны мэдээлэлгүй болсон. Одоо бол хэвлэлээс мэдээлэл авах төдий л байна. Түүнээс биш компани ямар борлуулалт хийж, хэр ашигтай ажилладаг, хэдэн ажлын байр нэмсэн, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухай мэдээлэл алга. Нэг их муудаагүй болов уу гэж бодож байгаа. Гэхдээ онцгой сайжраад мундаг болоогүй гэж ойлгосон.
-Өрсөлдөгчид олон болсон шүү дээ?
-Өрсөлдөөн их болсон, дээрээс нь түүхий эдийн үнэ ч нэлээн өссөн байх. Гаднаас нь хараад байхад хэцүүхэн л юм шиг байна. Тогтмол ажилтай биш, ажилчдын тоо цөөрсөн, хийж буй сурталчилгааг нь хара¬хад байнга л бүтээгд¬эхүүнээ хямдрууллаа гэх юм. Энэ бол мундаг байгаагийн шинж биш болов уу. Түүхий эдийн нөөцгүй, эргэлтийн хөрөнгөгүй болчихдог гэсэн. Хөрөнгө оруулалт хийж сэргээгээд, эргэлтийн хөрөнгийн хангалттай нөөцтэй их л мундаг болгох зорилготой  хувьчилсан. Тэр зорилгодоо хүрсэн эсэхийг дүгнэхэд цаг хугацаа харуулах байлгүй дээ. Аливаа зүйлийг цаг хугацаа тодорхойлоод явдаг учраас хувьчлал сайн, муу, буруу болж гэж барин тавин дүгнэхэд арай эрт.
-Хувьчлалд нь та орол¬цоод ялагдсан байх аа?
-Бид 10 гаруй хувийн хувьцааг эзэмшдэг байсан учраас төрийн мэдлийн 75 хувийг нээлттэй тендерээр худалдахад нь хувьчлалд оролцсон. Харамсалтай нь ялагдсан. Зорилгоо биелүүлж чадаагүй сэтгэл санаагаар унасан үе бий. Авсан хүмүүс нь компаниа сайн авч яваасай л гэж боддог юм. Хувьчлалын гол мөнгийг “ХААН” банкны эзэн гаргасан гэж ойлгодог. Тухайн үед Монгол Улсыг “Говь”, “Эрдэнэт” хоёроор төсөөлдөг байсан. Энэ хоёр үйлдвэр Монгол Улсын гадаад валютын орлогын дийлэнхи хувийг оруулдаг үе байлаа.  Энэ хоёр үйлдвэр л бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж валют оруулж ирдэг, тус хоёр үйлдвэрт л валют байдаг, тэндээс банкууд худалдаж авдаг. Одоо бол юм өөрчлөгдсөн л дөө.
-Таныг “Говь”-ийн Сэдванчиг гэвэл хүмүүс анддаггүй. Амьдралынхаа 20 орчим жилтэй холбоотой үедээ дүн тавьж үзсэн үү?
-”Говь”-д ажиллаж байсан, “Говь”-ийг авч явсан үеэ бодоход боломжийн ажиллажээ гэж боддог. Улсын үйлдвэрийг дампууруулаагүй, хувийн хэвшилд шилжүүлсэн иргэнийхээ үүргийг сайн биелүүлжээ гэж боддог. 1990-ээд он гарсаар нийгэм ороо бусгаа савалгаатай байлаа. Том үйлдвэрүүд хаалгаа бариад, бүгдийг нь хувьчлал нэрийн дор хааж бутаргаад, захирал байсан хүмүүсийг нь ийш тийш нь зөөгөөд хэцүү л байлаа. Тийм үед “Говь”-ийг хаачихаагүй, нэр хүндийг нь сэвтээхгүй явсаар тухайн үеийн боломжийн үнээр хувьчилсан. Ямар боловч үйлдвэр дампуурч, юу ч үгүй болж, өр зээлд баригдаж, үнэ цэнээ алдаагүй. Ингэж авч явсан нь том ач холбогдолтой болжээ гэж би одоо боддог шүү.
-Хувьчлал нэлээн хэл ам дагуулсан. Тэр яриа таныг тойроогүй дайрсан шүү дээ?
-Зөндөө юм болсон. Төрийн өмч давамгайлсан хувьцаат компани олон хүний хорхой, шуналыг хөдөлгөсөн.  Улс төр, бизнесийн бүлэглэлийнхний хараа чиглэдэг үйлдвэр байлаа. “Говь” үйлдвэрийг удирдаж байх жилүүдэд би сайн, муу нэр зөндөө зүүж байсан. Хардалт сэрдэлт, явуулга дайраад өнгөрсөн дөө.
-Та “Говь”-иос гарснаасаа хойш хувийн бизнес хийсэн үү. Одоо ямар бизнестэй юм бэ?
-2000 онд Ардчилсан хүчин ялагдаад намайг халсан шүү дээ. Түүний дараа “Бриж” группээс хувьцаа худалдаж авсан. Японд сурч байхын нэг нэгнийгээ мэддэг хү¬мүүс группын хувьцааг эзэмшдэг байсан. Намайг хувьцаа эзэшигчээр оролцохыг тэд  санал болгосноор “Бриж”-ийн 10-аад хувийн хувьцааг худалдаж авсан. Одоо бол ТУЗ-ийнх нь хуралд сууна, гол асуудалд оролцчихоод явна. Гэр бүлийн жижиг бизнес бий. Манай Жаргал суманд халуун рашаан байдаг. Түүнийг манай гэр бүлийн хүн хариуцаж ажилладаг. Хажуугаар нь жижиг үйлдвэр эрхэлдэг. Гэр ахуйн чанартай юм. Одоо үйлдвэрийг 24 цагаар, жилийн турш ажиллуулдаггүй болжээ. Ажил байвал хийдэг, байхгүй бол амардаг болж.
-Та ямаа, ноолуурын чиглэлээр нэлээн судалдаг, ном, нийтлэл бичиж хэвлүүлдэг.  Тэр тухайгаа сонирхуулаач?
-1990-ээд онд ноолуурын ямаа, түүнээс гарч буй ноолуурын ширхэг зэргийг нэлээн судалж үзсэн. 1998 онд “Мянган сонин ямаа” нэртэй ном бичсэн. Мөн “Гайхамшигт ноолуур” гэж ном англи хэл дээр хэвлэгдсэн. Бид ноолуур, ямаа л гэж ярьдаг болохоос биш, ямаа ямар онцлогтой, үр ашигтай амьтан бэ, ноолуур ямар ширхэг бүтэцтэй тухай цаасан дээр буусан зүйл байгаагүй. Ямаанд мянган онцлог чанар байна гэдэг утгаар нь номоо бичсэн юм. Сүүлд 2008 онд “Ухаалаг амьдрах цаг” гээд хөрөг дурсамжаа бичсэн. Сонгуульд ч оролцох гэж байсан.

ЭНЭ УИХ-ЫН ГЭГЭЭТЭЙ ГАНЦ ШИЙДВЭР НЬ УРТ НЭРТЭЙ ХУУЛЬ

-Та 2000 онд Хөвсгөлд нэр дэвшээд ялагдсан байх аа?
-2000 онд Социал демократ намаас  дэвшиж байсан.
-Ардчилсан намын 99 гишүүн ирэх сонгуульд нэр дэвшихээр 50 сая төгрөгөө тушаасан гэсэн. Тэдний нэг нь та биз?
-Мөн.
-Одоогийн тойрогтоо дэвших бодолтой байгаа юу?
-Тэгнэ дээ.
-Хоёр мандаттай болсон. Танай намд Хөвсгөлийн тойрогт өрсөлдөөн хэр байна вэ?
-Манай нам дотор том өрсөлдөөн байхгүй. Гэхдээ сонирхож буй хүн байж магадгүй. Тэртэй, тэргүй хоёр гишүүн байгаа болохоор Л.Гүндалай бид хоёр л явах болов уу.
-Дөрвөн жил парламентад суулаа. Нийгэмд шинэчилж, өөрчлөхөөр санаж бодсон зүйлээ хэрэгжүүлж чадав уу. Өнөөгийн нийгмийн талаар хувь хүний бодол тань юу байдаг бол?
-Үнэхээр санаа зовж явдаг, цаашид ч зовоохоор олон асуудал байна. Баялгийн тэгш хуваарилалт гэж их ярьдаг. Тэгш байдаггүй юмаа гэхэд орлогын ялгаа дэндүү их болчихож. Нэг хэсэг нь дэндүү өндөр орлоготой, нэг хэсэг нь орлогогүй шударга бус байна. Нэгийгээ өөгшүүлдэг авлига, албан тушаалын хэрэг бүх шатанд хавтгай байна. Баялаг тойрсон орлого, зөв замаар зарцуулагдаж байна уу, цаашид яах бол гэж зовох юм. Авлига, хээл хахууль бүхий л давхаргад хачиг шиг наалдчихаж. Авлига байвал нийгэм цэвэршдэггүй. Хачиг, хувалз  сорсоор байгаад малыг тураалд оруулж үхүүлдэг шүү дээ. Тийм юм руу явчих вий дээ гэсэн болгоомжлол байна. Нэг хэсэг нь дэндүү их баяжсан байна шүү дээ. Гадаадад мөнгөө байршуулдаг, үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг юм байна. Тансаглаад, казино тоглоод мөнгөө алдчихдаг юм байна. Эсвэл банкнаас зээл аваад дампууруулчихдаг гээд их зүйл бий. Банк дампууруулсан нөхдийг хараад байхад том компаниудын захирал, эсвэл энд тэнд очиж казино тоглодог нөхөд, төрийн томоохон албан тушаалтнуудыг дагаж явдаг хүмүүс л байх юм. Тэд төрийг хүчгүйдүүлж байна. Үүний цаана нөгөө л буруу мөнгө явж байдаг. Жишээ гэвэл зөндөө л юм ярьж болохоор байна. Одоо юу гэх вэ дээ, ойлгомжтой зүйл шүү дээ. Үргэлж ийм байхгүй биз дээ. Банк дампууруулчихаад, банкнаас хэдэн тэрбумаар нь зувчуулж казино тоглож алдчихаад зүгээр явж байгаа хүмүүс олон л байх юм. “Анод”, “Зоос” банкнаас 200, 300 тэрбум төгрөг алга болчихсон, төр хохирсон, хэн төлөх нь тодорхойгүй зүйл одоо хүртэл байгаа. Ийм шударга бус зүйл бий. Наад зах нь утаа униар, зам харгуйгаа хармаар байна. Гэр хорооллоо хар. Орчин ийм байхад би нэг их өндөр үнэтэй машин унаж, мундаг брэндэд ухаан алдах шаардлагагүй гэж боддог. Ийм хүмүүсийг би их гайхдаг юм. Нийгэм тэр хэмжээнд арай л хүрээгүй байна. Монголчуудын ядаж  50-аас дээш хувь дундаж амьдралтай болчихсон байхад яах вэ. Нэг хэсэг нь тансаглаад явна биз. Эргэн тойронд ядуу байхад өөрөө тасраад явчих нь зохимжгүй дээ.
-Энэ парламентад та олон хуулийн төсөл санаачилсан байх. Бас Засгийн газар, Ерөнхий сайдад шаардлага, асуулга тавьдаг гишүүн. Урт нэртэй хуулийн авторуудын нэг. Харин өөрийн тань бодож байгаагаар онцлог ажил юу байна вэ?
-Урт нэртэй хууль бол Монгол төрийн, магадгүй энэ удаагийн УИХ, Засгийн газрын гэгээтэй ганц бодлого, шийдвэр. Өнөөдөр байгаль орчны доройтол, байгалийн баялаг тойрсон асуудал анхаарал татсаар байна. Гол, ус, ой мод, экологийн тэнцвэрээ цаашид авч үлдэх, хойч үедээ үлдээх төрийн том бодлого болсон гэж боддог. Хууль хэрэгжихэд хүндрэл гарч байгаа. Гэхдээ хууль гарсны дараа салбарын сайд нар хэрэгжүүлэх боломжгүй гэж байсан шүү дээ. Хууль хэрэгжүүлэхгүй байна, хууль зөрчлөө гэсэн үндэслэлээр би Д.Зоригт сайдыг огцруулах бичиг өргөн барьж байсан. Түүнээс хойш ажил хариуцаж буй хүмүүс арай өөр болсон. Хэрэгжүүлэх ёстой гэдгийг ойлгоод явж байгаа. Энэ хуулийн хүрээнд боломжийн ажил хийж байгаа. Бүрэн хэрэгжтэл тодорхой хугацаа хэрэгтэй юм шиг байна. Санаачилсан гэвэл мэдээж олон хууль бий. Мэргэжлийн боловсролын тухай, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн төсөлд оролцож байсан. Манай  Ханх, Хатгал тосгоны айлууд хашааныхаа газрыг өмчилж авч чаддаггүй. Тиймээс газрыг нь тусгай хамгаалалттай газар нутгийн бүсээс гаргах тогтоол санаачилж батлуулсан. Тэгэхээр айлууд газраа өмчилж авах эрх нээлттэй болсон. Сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийн чиглэлийн эх үүсвэр гээд бий. Ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих, байгаль хамгаалал чиглэлээр нэлээн анхаарч ажиллаж байна. Нэр дэвшихдээ амалж байсан гол зүйлээ 100 хувь шийдсэн гэж бодож байгаа. Ноос, ноолуурын үйлдвэр байгуулна гэж ярьж байснаа биелүүлсэн. Гишүүний багц гээд алдартай эх үүсвэрээс Хөвсгөл аймагт жилд 300 гаруй тонн ноолуур, мянга гаруй тонн ноос бэлдэх үйлдвэр ашиглалтад орсон. “Монгол мал” хөтөлбөр, Биржийн тухай хууль, ноосны урамшуулал олгох тогтоолд санаачлагатай оролцсон. Зарим нь бүрэн хэрэгжээд, зарим нь хэрэгжих шатандаа явна. Дэд бүтцийн салбарт нэлээд анхаарсан. Эгийн гол дээр гүүр барьж байгаа. Хөвсгөлийн дэд бүтэц сайжирч байгаа. Харин Сэлэнгийн Цацын булангийн гүүр янз бүрийн шалтгаанаар хойшилсон. Орон нутгаас нь санал ирсэн. Уг нь 2010 оны төсөвт мөнгийг нь тусгасан байсан. Цацын булан дээр хөвдөг гүүр тавих юм яриад. МАН-ын бүлэг дээр нөгөө бетонон гүүр маань гурван гүүр болж салсан. Би бол хөвдөг гүүр барихыг зөвшөөрөхгүй. Монголын хамгийн том гол шүү дээ. Аюулгүй байдал, найдвартай юм хэрэгтэй учраас тендер зарласан байсныг нь хүчингүй болгуулсан. Ингээд энэ оны төсөвт мөнгийг нь суулгасан, гэхдээ ажил хоцорсон. Ямар боловч нэг бетонон гүүр баригдах байх.
-Сүүлийн үед улс төр идэвхжиж байна. Танай нам Засгийн газраас гарч, сонгууль ч ойртлоо. Та намаа Засгийн газарт ороход дэмжсэн үү, үгүй юу?
-Би эхлээд дэмжиж байсан. Нөхцөл байдал хүнд байсан. Тусгаар тогтнол, аюулгүй байдал, олон түмний хувь заяа хутганы ирэн дээр байсан гэж хэлж болно. Долдугаар сарын 1 болж, сонгосон гишүүд нь тангаргаа өргөхгүй, хүнд байсан. Тэр үед хамтрах нь зөв гэж бодсон. Гэтэл хамтраад хийсэн ажлын үр дүн надад олигтой санагдаагүй. Хамтарсан Засгийн газрын ажилд би өнгөрсөн  хугацаанд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Одоо сонгууль дөхсөн салах нь зүйтэй гэж ҮЗХ шийдсэн болохоор тэрийг дагасан.

Бидний яриа энд хүрээд дууслаа. Гишүүн тоглолтоо дуусгаагүй гэртээ ирсэн болохоор буцаад явсан байх. Та буцаж очоод одоо тоглолтоо үргэлжлүүлэх үү гэхэд “Харин яадаг юм билээ” гэж байсан. Гэргий нь хоолыг нь савлаж харагдсан. Тэгэхээр гольф руугаа явсан нь тодорхой байх аа.

“Зууны мэдээ” 2012.02.06
Б.Мөнхбат


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (February 14, 2012 4:57:48 pm )

    unen ugtei hiisen yumtai shudarga gishuudiin neg gej bodoj unelj ngaa demjij bna

  • Anonymous (February 14, 2012 5:06:52 pm )

    davaasuren sedvanchig hoer irtei hutga shig eh nutag hovsgol zonoo hudaldchihgui hamgaalj bgaad ni talarhaj bna shu demjij bna

  • Anonymous (February 14, 2012 5:08:16 pm )

    yas merne gedeg urlag uul mereed ehelvel hudlaa bolj ehlene shu hiigui ajlaarai

  • Anonymous (February 14, 2012 5:36:19 pm )

    ugni ih nuusttai baisan yumsan. suuliin 4 jil nuutsgui bolson yum bailgui dee. sain l bna.

  • Anonymous (February 15, 2012 11:12:25 am )

    sedbanchigig surguulid b.hiin medne tolgoi iqu undur shudarga iim l hun ult turd b.val mongol hugjine taniig ih hundeldeg shu amjilt husie

  • Anonymous (February 15, 2012 11:17:38 am )

    taniiig demjij b.na Huvsgulchuudei Sedeegee demjeerei hen ve yamar hun ve gedgiig bugdeerei medej b.gaa shuude

  • Anonymous (February 16, 2012 9:05:19 am )

    Mongoliin tord beregtei, bas hiigui, sudArga zaluu. Hobsgolchuudee demjeerei.manai Bulganaas daanch iim hun baihgui ym daa. Harin ter Otgonbayr said garbalch uchirtai shuu. Odoogoor omnoh 2oo bolon ene 2huuhend durgui l bna shuu.Radnaa dargaa heej bna shuu.

  • Anonymous (February 17, 2012 12:21:20 pm )

    dotuur tamirtai.dongio novshdoo naadah chini,yagaad nuuts amragaa nuugaad bgaa ymbe mash ih nuutstai nuhurduu huvsguld dahij garna gej luuluu bho chi uur ajilaa bodoj bsan ni deer,huvsgulchuud shine chadaltai nutgaa gesen setgeltei buteegch,buteelch huniig songonoo harjl bgaarai

antalya rent a car