Даяарчлалын асар хүчтэй давалгаанууд ээлж дараалан ирсээр байна. Энэ давалгааг тэсч үлдэж чадалгүй дампуурсан улсууд ч байна, тэсч гараад дэлхийг даяарчилсан үндэстэнүүд ч байна. Өнөөгийн Монголын төрийн ард түмнийхээ төлөө биш алдаатай бодлого энэ хэвээрээ 1 жил болоход Монгол улс дампуурсан дээрээ улам хүч нэмэн үндэстнээрээ нуран унахад бэлэн болсон байна. Монголын нийт гадаад өр 2012 оны 02-р сарын 01-ний байдлаар 9,019,543.300 доллар байна гэж Монгол банкны албан ёсны сайтад мэдээлсэн байна. Гэтэл Монголын 2011 оны ДНБ 8 их наяд буюу 7 тэрбум доллар байна. Гадаад өр нь ДНБ-ээсээ давчихсан байна. Энэ юу болж байна вэ? Монгол улс аль хэдийн дампуурч, Африкийн замаар хурдтай гэгч гүйж явна. Энэ их өрнөөсөө гарахын тулд Монгол улс Оюутолгой, Тавантолгой гэсэн асар том ордуудаа золиослож зүгээр л сул тавиад хөөх болж байна. Монголчууд бид алдаатай, завхарсан төрийн бодлогоо өөрчлөхгүй энэ хэвээрээ хэдхэн сар болоход л ийм харамсалтай хувь тавилантай золгоно. Африкийн хувь тавилан хаалганы цаана ирчихээд үүд тогшиж байна. Энэ бол даяарчиллын давалгаануудын нэг нь юм. Монгол хэрхэн даяарчлалын хүчтэй давалгаануудыг тэсч үлдэж чадах бэ?
Амьдрал бол сонголт байдаг. Хамгийн гол нь зөвийг нь сонгох хэрэгтэй. Монголчуудад хоёр л сонголт байна. Даяарчиллын давалгаануудад цохигдон сэргэхгүйгээр унах, аль эсвэл Монгол гэсэн шинэ даяарчиллын давалгааг бий болгож бусад улсуудыг араасаа дагуулах. Алийг нь сонгох вэ? Бидэнд гарцаагүй сонгох нэг л сонголт бий энэ бол мэдээж Монгол гэсэн шинэ даяарчиллын давалгаа үүсгэж дэлхийн олон улсыг Монголоос хамааралтай болгох тэр л сонголт юм. Энэ сонголтыг хийхийн тулд Монголчууд бидэнд хүн төрөлхтнийг гайхшруулах, хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлох тийм стратегитай, тийм улс төртэй байх хэрэгтэй ба үүнийг маш олон зүйлийг харгалзан үзэж байж мэдлэгт суурилж боловсруулах хэрэгтэй. Мэдлэг боловсролын түвшин, улс төрийн үзэл баримтлал, эдийн засгийн хэлбэр зэргээ даяарчилалд зориулан хангалттай бэлтгээгүй үедээ даяарчилалд орвол шинэ давалгаа үүсгэх тухай бодох ч хэрэггүй. Харин эсрэгээрээ маш хурдан цохигдон унах болно.
Даяарчилалд бэлтгэлгүй орох нь ардчилал амьдралд хэрэгжихэд ноцтой гай болдог гэж эдийн засгийн философич Томас Мэеэр “Социол демократын онол” номондоо дурьджээ.
Монгол улс ямар бэлтгэл хийсний дараа даяарчилалд орох бэ? Мэдээж даяарчилалд тохирсон улс төрийн үзэл баримтлал, эдийн засгийн хэлбэр, даяарчилалд тохирсон Монголчуудын боловсролын түвшин, дэлхийн улсуудтай харилцах даяарчилсан бодлогод тохирсон Монголын бүсчилсэн хөгжил, даяарчилсан дэлхийд амьдрах Монголын иргэн даяарчилсан ухамсартай болсон цагт л даяарчилалд орж болно.
Бид юунаас эхлэх бэ? Мэдээж улс төрийн үзэл баримтлалаас эхлэнэ. Үүний тулд эхлээд улс төрийн үзэл баримтлалаа тодорхойлох шаардлагатай болно. Монголд улс төрийн ямар үзэл баримтлал тохирох бэ? Монголын ард иргэддээ чиглэсэн буюу микро түвшинд улс төр нь зүүнийх буюу социол демократ (хамтын ардчилал) байх ёстой. Харин олон улстай харилцах макро түвшинд улс төрийн үзэл баримтлал нь барууны буюу Монголын консерватив үзэл баримтлалтай байх хэрэгтэй юм.
Микро түвшинд буюу Монголчуудад зориулсан улс төрийн бодлого нь социол демократ байх ёстой. Ажилгүйдэл нь гамшигийн хэмжээнд хүрсэн, ядуурал газраас тэнгэрт хальсан, инфляци нь цогио хэлбэрээс хальж давхих шахсан, дэлхийн 183 орны дунд явуулсан судалгаагаар авлигын индексээр Монгол улс ганцхан жилийн дотор 116-р байрнаас 120-р байр луу 4 байр ухарсан гэх мэт маш муу олон үзүүлэлттэй өнөөдрийн Монгол оронд эгоизм буюу хувиа хичээсэн үзлийг дэмждэг либерал үзэл огт тохирохгүй гэдэг нь тодорхой байна. Даяарчилсан дэлхийд либерализм байтугай неолиберализмын онол нуран унаж байгааг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч байхад моод Монголоор дуусдаг гэдэг шиг Монголын эрх барьж буй намууд либерализм гэдэг үгээ ч ойлголгүй, хоосон дүр хөөцөлдөж хувиа хичээж, довоо шарлуулахаа амьдралынхаа хэм хэмжээ болгож, бусад хүмүүст тулгасан хууль, дүрэм батлуулж жинхэнэ маанагтаж байна. Тиймээс Монголд социол демократ үзэл зайлшгүй шаардлагатайг ухамсарлах цаг иржээ. Социол демократ үзэл гэдгээр Монгол хүн бүрийн амьдралын түвшинг дундажаас дээгүүр байлгах бодлого баримтлах, Монгол хүн бүрийг үнэ төлбөргүй мэдлэг боловсрол эзэмшүүлэх, оюутан хүний сурах үйл ажиллагааг эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хийж буй ариун хөдөлмөрт тооцож түүнд нь тохирсон урамшуулал улсаас өгдөг байх, шинээр мэргэжил эзэмшсэн залуу хүн бүрийг ажилтай болгож, ажил хийгээд олсон цалин нь амьдрал ахуйд хангалттай хүрдэг болгох, нийгмийн халамжийн бодлогыг шударгаар буюу хэнд нь илүү их хэрэгтэй байна түүнд илүү халамж үзүүлдэг байх зэргийг амьдралд хэрэгжүүлэх юм.
Америкийг хуурмагаар шүтсэн хоосон мөрөөдлөөсөө салах цаг нь болсон. Улс доторх иргэддээ чиглэсэн бодлогоо зөв, сайн хэрэгжүүлж чадсан тохиолдолд дэлхийн бусад улсуудтай хийх улс төр хүчтэй, сайн болох боломж нээгддэг. Тийм учраас социол демократ үзэл баримтлалыг зөв ойлгож, хэрэгжүүлж чадвал Монголын консерватив үзэл хүчтэй хэрэгжих боломж нээгдэнэ.
Макро түвшинд буюу даяарчилагдан буй дэлхийд хандсан Монголын улс төрийн бодлого бол Монголын консерватив үзэл байх хэрэгтэй. Консерватив үзэл гэдгийг Монголчууд бид зөвөөр ойлгож, үнэлэх цаг нь ирсэн. Консерватив үзэл гэхээр л өвөө эмээгийнхээ хийдэг байсан тухайн үедээ тохирдог байсан зүйлсийг нөхцөл байдал өөрчлөгдсөн өнөө үед дуурайж хийх биш, урд нь Монголчууд ингэдэг байсан юм хэмээн мухар сүсгээр хий хоосон дагах биш гэдгийг ойлгох ёстой. Харин туулж өнгөрүүлсэн баялаг түүхээсээ Монголд хамгийн хэрэгтэй уламжлалаа хадгалан авч үлдэн, орчин үеийн дэлхийн улс төр, нийгэм, эдийн засагтай уялдуулан Монголчуудын дагаж мөрдөх үзэл баримтлалаа болгохыг л хэлж байна. Монголчууд бид 13-р зуунд дэлхийг байлдан дагуулж дэлхийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын төв нь болж хүн төрөлхтөнд даяарчилал гэж юу байдаг тухай анхны хичээлийг зааж өгч байсан юм шүү. Тэгвэл даяарчилагдан буй дэлхий дахь Монголын консерватив үзэл ямар байх ёстой бэ?
Орчин үеийн даяарчилсан дэлхийд хоёр том хувьсгал явагдаж байгаа тухай эдийн засгийн философич Lester Thurow баталж байна. Эхний хувьсгал нь улс төр, нийгэм, эдийн засгийн даяарчиллын хувьсгал, нөгөөх нь мэдлэгт тулгуурласан капитализмын хувьсгал (энэ хувьсгалын тод жишээ нь ямар ч байгалийн баялагийг ашиглах эрхгүй цэвэр өөрийнхөө оюуныг капитал болгож баяжсан Билл Гейтс гэх мэт) юм. Мөн шинээр даяарчилсан мэдлэгт тулгуурласан капитализмын хувьсгал бий болж байна. Монголын консерватив үзлийг бүрэлдүүлэхийн тулд эдгээр хувьсгалуудыг Монголд хамгийн бахархалт уламжлал болох дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн төв байсантай уялдуулан гаргаж ирэх юм. Үүний тулд одоо Монголд хэрэгжиж буй Монголын ард түмний эсрэг болсон олон зүйлсийг зогсоож, шинэ зүйлсийг бодитоор хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Одоо баримталж буй либерализм (эгоизм – хувиа хичээх) дээр тулгуурласан, Монгол орныг нураасан чөлөөт зах зээлийн эдийн засгийг нэг ч монгол хүнийг үл орхигдуулах хамтын зах зээлийн эдийн засагт даруй шилжүүлэх шаардлагатай.
Хамтын зах зээлийн эдийн засагт шилжихийн тулд Монгол Үндэстний хөрөнгө оруулалтын санг байгуулах юм. Үндэстний хөрөнгө оруулалтын санг бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг өнөөдөр гадаадад тавьсан өр зээлийн мөнгөөр тараагдаж буй 21000 төгрөг, оюутны тэтгэлэг болох 70000 төгрөг гэх мэт ямар ч үр ашиггүй салхинд хийсч байгаа мөнгө, Оюутолгой, Тавантолгой гэх мэт асар их баялагтай орд газруудаас орж ирэх мөнгөн хөрөнгөөр байгуулах юм. Үндэстний хөрөнгө оруулалтын санг байгуулсанаар ДНБ, ҮНБ-ний өсөлтийг дэмжих ба дэлхий дээрх хамгийн том, хамгийн шилдэг, хамгийн ашигтай ажиллаж байгаа 500 компанийг жагсаадаг жагсаалт болох “Standard and Poor 500” жагсаалтанд Монголыг төлөөлсөн үндэстэн дамнасан корпорацийг оруулж дээгүүр байр эзлүүлж чадах юм. Мөн Үндэстний хөрөнгө оруулалтын сангаас “Standard and Poor 500” жагсаалтанд дээгүүр байранд орсон үндэстэн дамнасан корпорациудыг худалдаж авч түүнээс гарах ашгийг нь Монголчууд хүртэж эхлэх юм. Эдгээр 500 үндэстэн дамнасан корпорацийн 500-р байранд жагсаж байгаа корпорацийн 1 жилийн цэвэр ашиг нь Монгол шиг хүн ам цөөтэй улсыг 2 жил хангалттай тэжээх боломжтой байдаг гээд бодохоор Оюутолгой, Тавантолгой гэх мэт шавхагдах баялагаас илүү их ашигтай гэдэг нь тодорхой харагдаж байна.
Үндэстний хөрөнгө оруулалтын санг байгуулж, дэлхийн топ 500 корпорациас хэд хэдэн компанийг Монголынх болгож дэлхийн бусад орнуудыг Монголын даяарчлалын давалгаагаар цохиж, Монголын консерватив үзлийг үр дүнд хүргэхийн тулд Монголд орчин үеийн шинжлэх ухаан, технологийн чиг хандлагатай мэргэжилтэнгүүдийг олноор нь бэлдэх шаардлагатай. Даяарчилсан дэлхийд бакалаврын диплом гологдох ба магистр, докторын зэрэгтэй хүмүүс л шаардлага хангах юм.
Гурав хүрэхгүй сая хүн амтай Монголчуудын 90 орчим хувийг хүн төрөлхтний ирээдүйн шинжлэх ухааны чиг хандлага болж буй нанотехнологи, биотехнологи, шинэ биологи, сансрын аж үйлдвэр гэх мэт мэргэжлээр магистраас дээш зэрэгтэй болгож бэлтгэх нь боломжгүй биш харин ч бүр боломжтой юм.
Үндэстний хөрөнгө оруулалтын сантай, Үндэстэн дамнасан корпорациудтай, дэлхийн даяарчлалын бодлогыг барьдаг үндэстэн болж хүн бүр Монгол улсад ирж үзэхийг хүсдэг болгохын тулд Монгол улсын газар нутгийн зохион байгуулалт, дэд бүтэц, хотжилт ямар байвал илүү үр дүнтэй байх талаар төрийн зөв бодлоготой байх хэрэгтэй. Манжийн үеийн Монголчуудыг хагалган бутаргаж, салгах Монголчуудыг нэгдэн босч ирэх замыг нь боомилох зорилгоор Монголчуудыг жижиглэн хувааж байсан аймаг, сумын явцуу зохион байгуулалттай хэлбэрээс яаралтай татгалзах хэрэгтэй. Нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг даяарчилсан дэлхийд тохируулан өөрчлөн шинэчлэх хэрэгтэй. Хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг харгалзаж Монголын газар нутгийг өөр өөрийн онцлогт тохируулан хувааж цэгцлэн, бүсчилэн хөгжүүлэх шаардлагатай.
Хэрхэн Монголын газар нутгийг бүсчилэн хөгжүүлэх бэ? Өнөөдрийн Монголыг бүсчилэн хуваасан хуваалт нь ирээдүйн чиг хандлагыг тооцоолоогүй, дэлхийн бусад улстай харилцахгүйгээр зөвхөн Монголчууд дотроо л амьдрах юм шигээр буюу 20-р зууны хуучирсан төлөвлөгөөгөөр барьчихсан түүнийгээ Монголын хөгжил гэж өнөөгийн төрийн түшээд нар жигтэйхэн итгэчихсэн байна.
Монгол улсын байршил нь геополитикийн хувьд маш ашигтай байршилд байрладаг. Мөн нэгэн завшаантай үйл явдал нь Монгол улсыг Азийн аль бүсэд хамруулахаа одоо хүртэл хүн төрөлхтөн шийдэж чадаагүй байгаа. Монголчуудыг заримдаа зүүн өмнөд ази, заримдаа төв азид хамруулан аль азид оруулахаа мэдэхгүй будилцгааж байна. Энэ эгзэгтэй мөчийг Монголчууд бид овжиноор ашиглан шинээр геополитикийн нэр томъёог гаргах буюу “Хойд Ази” гэж нэрлэн хүн төрөлхтөнд зарлах ёстой. Яагаад гэвэл Монголчууд соёлоороо ч, зан заншилаараа ч, генетикийн хувьд ч зүүн, баруун, өмнөд азиас тэс өөр үндэстэн юм. Тийм учраас Монголчууд Хойд Азид өндийн босох нь цор ганц хөгжлийн гарц юм.
Монголын нутаг дэвсгэрийг стратегийн ач холбогдолтой бүсүүдэд хуваах шаардлагатай ба хуваалт хийхдээ шинжлэх ухааны хөгжил, эдийн засаг, худалдааны олон улсын гарцыг харгалзан үзэж төлөвлөнө. Улсын нийслэл болон бусад бүсүүдийг нийлүүлэн Монголд дэлхийн хотуудын жишигт нийцсэн томоохон хотуудыг шинээр цогцлоон байгуулах хэрэгтэй болж байна. Өнөөгийн улсын нийслэл гэгдэж байгаа утаа, хогоор дүүрч, ялзралд орсон Улаанбаатар хотыг Хархорин руу нүүлгэх шаардлагатай. Монголоос бусад улсууд хамгийн том түүхэн үйл явдлууд болж байсан болон түүх соёлын хамгийн том өв болсон газар нутагтаа улсынхаа нийслэлийг байгуулдаг юм. Улаанбаатар хот бол тийм ч их түүх соёлын өлгий газар биш шүү дээ. Зүгээр л шарын шашны өлгий болсон газар. Монголчууд бид эзэн Чингис хаан хэмээн цээжээ дэлддэг атлаа Чингис хааныхаа байгуулсан Хархорин хотоо яагаад улсынхаа нийслэлийг болгохгүй урд хөршийн Монголыг шашнаар барьж, дорой байлгах гэсэн муу муухай бүхний үүр болсон газарт байрлах энэ нийслэлийг бодлогоор дэмжсээр байх уу?
Шинэ хөгжлийн бүсүүдийн төв бүрт тухайн үеийн дэлхийн шинжлэх ухаан, технологи, баялагийн зах зээлийн хөгжлийн хандлагатай уялдуулсан орчин үеийн хотыг бүтээн байгуулна. Орчин үеийн шинэ хот байгуулсанаар дэлхийн эдийн засаг, шинжлэх ухааны төв болох ба эдгээр хотуудад дэлхийн хөрөнгө оруулагч, бизнесмэн, шинжлэх ухааны ажилтнуудын ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангаж өгөх хэрэгтэй юм.
Дэлхийн шинжлэх ухааны төв хаана байна тэр газрыг дэлхийн төв хэмээн үздэг. Монгол улс Монголын эзэнт гүрний үед улс төр, нийгэм, эдийн засаг, худалдааны дэлхийн төв байсан шиг даяарчилсан өнөө үед ч гэсэн дэлхийн төв байж даяарчилсан бодлогыг Монголд ашигтайгаар хийдэг байх ёстой.
Монголын консерватив үзлийг улс төр, нийгэм, эдийн засгийн баримтлах идеологио болгосноор Монгол улс дэлхийн төв болж Хойд азийн Монгол дэлхийг даяарчилах болно. Монголчууд бид 800 зууны тэртээ дэлхийг даяарчилж чадсан. Өнөөдөр ч дахин даяарчилах боломжтой. Түүх давтагддаг гэхдээ түүхийг давтах нөхцөлийг бүрдүүлсэн төрийн бодлого, ард түмэн байсан цагт л түүх давтагддаг. Монголыг дорой байлгах гэсэн хэнд ч түүхийн хатуухан санамж тохирох шанг нь өгдөг юм. Их түүх эргэн давтагдах нь тодорхой болж байна. Монгол үндэстэний зуун ирж байна.
Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй. Виктор Гюго
Б.Үнэнбат
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 13, 2012 11:46:32 pm )
Chi estoi zov hẹlj bíchen bna mash ih omogshil avlaa chinii niitlelees hoid azi gedeg sanal chin yutai zow be amjilt dahiad nahiad bicheerei
-
Anonymous (February 14, 2012 1:30:55 am )
HOID AZI GEDEG CHIN TAALAGDAJ BNA, GEHDEE ENE SAIHAN MURUUDUL BNA.UUNIIG HIIHED BIDEND SETGELIIN CHIN ZORIG HEREGTEIDEE MUN SURAH CHIGLLELIIG ERHEM BOLGOVOL HANDAH ZUG AYNDAA TOGTONO GEJ SUKH jANJINII HELSEN UG BNA. HAMGIIN GOL NI ARD TUMEN ERDEM NOMTOI BAIVAL YAMAR CH HUDALCH HULGAICH NAR MEHELJ CHADAHGUI
2 Comments