antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2011 3 comments

Д.Ширмэнтуяа: Амьдрах гэж амжихыг хэлдэг юм болов уу

нийтлэсэн Admin

“Ижий улирал”, “Ойрхон л байж шүү дээ”, “Ханийн дуу” зэрэг уран бүтээлийг үзэгч, олон түмэнд хүргэсэн дуучин бол СТА Д.Ширмэнтуяа.

Тэрбээр өнгөрсөн хавраас нийслэлийн “Улаанбаатар” чуулгын дуучнаар овоглогдох болсон. Өчигдөр тус чуулга өвлийн нээлтээ хийсэн бөгөөд энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хэдий үеэс урлагт дурлах болов?

-Нэгдүгээр ангид байхдаа гитартай дуулдаг байсан. Тийм болохоор хүүхэд байхаасаа л урлагийн хүн болно гэж боддог байлаа. Арван жилд зохиогддог урлагийн бүхий л тэмцээнд оролцдог хүүхэд байсан. Тэгээд УБИС-ийн хөгжмийн ангид 1989 онд орсон. Энэ нь миний урлагийн анхны гараа байсан.

Тухайн үед 15 настай, ангийнхнаасаа дүү байсан ч дуу хөгжимд хайртай байсан болохоороо огтхон ч түүртээгүй. Сургуулиас зохиодог оны шилдэг дуу, морин хуурч шалгаруулах тэмцээнд оролцож байсан.

Дуучин Х.Болормаа, Т.Сэр-Од, Н.Ганбат бид нэг ангийнхан. Тэгээд өөрсдийнхөө зохиосон дуунуудыг оюутнуудаар дуулуулдаг байсан. Заримдаа Х.Болормаа бид хоёр дуулдаг. Би хоёрдугаар курст байхдаа Ц.Чинзоригийн хөгжим, Д.Оюундэлгэрийн шүлэг “Сэтгэлийн цагаан хун” дууг дуулсан. Харин сургуулиа төгсөөд СУИС-ийн уртын дуулаачийн ангид элсэн орж Ц.Дэлгэр багшийн шавь болсон.

Түүнээс хойш Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад ажиллаж байгаад өнгөрсөн хавраас “Улаанбаатар” чуулгын дуучин болсон.

-Танд сэтгэлийн дэм өгч уран бүтээл туурвих онгод хайрладаг зүйл бий юу?
-Би онгод гэхээсээ илүү хүн өөрөө өөрийгөө хөглөдөг гэж боддог. Тийм болохоор уран бүтээл хийснийхээ дараа эргэж сонсдог. Эндээс л аль нь болж байгаа, юу хийх ёстойгоо мэддэг. Мөн хийж чадсан зүйлээ хараад хөглөгддөг.

-20 жилийн өмнөх үеийг одоогийнхтой харьцуулахад ямар байна вэ?

-Хүмүүс нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэж ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Харин хүн авьяастай байж түүнийгээ хөгжүүлсний үндсэн дээр хөгждөг гэж боддог. Миний хувьд анхны дуугаа сонсож урам авдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд илүү хөгжиж хоолойн цар хүрээ тэлсэн гэж бодож явсан. Ингээд бодохоор одоо л аятайхан дуулах гээд байгаа юм шиг санагддаг.

-Сүүлийн үед ардын дууг этник, поп төрлөөр дуулдаг болжээ. Үүнийг Та хэрхэн хүлээн авдаг вэ?
-Энэ бол дэлхийн хөгжмийн хөгжлийн явцад гардаг өөрчлөлтийн нэг. Гэхдээ анхдагч язгуур урлаг өөрөө түүх учраас хэзээ ч хуучирдаггүй. Хөгжлийнхөө явцад сайжирч шинэчлэгддэг. Европын хөгжмийн урлаг дээд үедээ хүрээд эргээд шинэ зүйл хайдаг. Тэр үед язгуур урлаг л үнэд хүрдэг. Ер нь аливаа улсын хөгжлийг тодорхойлогч нь урлаг.

Тийм учраас урлаг гэдэг агуу зүйл. Тэр дундаа язгуур урлагаа бид энэ л янзаар нь авч үлдэх ёстой. Гэхдээ хөгжлийн явцад шинэ урсгал байж болно. Ганцхан үндсэн ухагдахууныг нь алдагдуулж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн цомог гаргасан. Одоо ямар уран бүтээл хийхээр ажиллаж байна вэ?
-Уртын дууны цомог гаргахаар ажиллаж байна. Ирэх сарын дундуур өөрийн бие даасан тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Өнөөдөр манай чуулга намар цагийн нээлтээ хийж байна. Мөн энэ жил чуулгын таван жилийн ой тохиож байгаа юм. Ойгоо тохиолдуулан манай уран бүтээлчид олон сайхан уран бүтээл хийнэ. Манай чуулгынхан хийж бүтээх сэтгэлтэй сайхан уран бүтээлчидтэй. Урлагт хайртай учраас бие биенийгээ ойлгож ажилладаг.

-Ирэх сард болох тоглолт өмнө нь тавиж байснаасаа юугаараа ялгаатай байх вэ?
-Өмнө нь хамтарсан болон бие даасан тоглолт хийж байсан. Би уртын, ардын мөн нийтийн дуу дуулдаг болохоор уран бүтээлээ хослуулж хийх шаардлагатай болдог. Хүмүүс ардын дууг үгүйлдэг юм шиг санагддаг юм. Энэ удаад аль алинаас нь оруулах бодолтой байгаа. Мөн Ө.Уянгатай хамтарч дуулсан “Ижий улирал”, А.Амаржаргалтай хамтран дуулсан уран бүтээлүүдээсээ толилуулна.

-Гэрт тань танаас өөр урлагийн хүн бий юу?
-Аавын маань ах мундаг уртын дууч хүн байсан. Харин манай гэрт урлагийн хүн байхгүй. Гэхдээ ээж маань сайхан дуулдаг ч урлагаар яваагүй. Би Булган аймгийн Дашинчилэн сумынх. Манай нутгийн хүүхнүүд нүүр дүүрэн царайтай, тас тас хийж инээсэн, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Үүнээс болоод ч тэр үү би өөрийгөө биеэ даасан шударга гэж боддог.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би чинь өргөмөл хүүхэд байгаа юм. Төрсөн аав маань Монгол Улсын заан Д.Амгаа. Эцэг, эхээсээ дөрөв дэх нь. Дороо хоёр дүүтэй. Харин өргөж авсан айлынхаа бага охин нь болсон. Жаахан эрхэлж өссөн хүүхэд дээ.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?
-Миний ханийг Б.Баярбаатар гэдэг. МАН-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэд даргын алба хашдаг. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцаны туслахыг олон жил хийсэн. Хуульч мэргэжилтэй хүн бий. Хэдийгээр мэргэжил өөр ч миний хамгийн сайн туслах.

-Урлагийн хүн болохоор гэр бүлийнхэндээ анхаарал хандуулах цаг хугацаа бага байх. Яаж зохицуулдаг вэ?

-Ер нь хүн сонирхсон зүйлийнхээ төлөө явбал ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай байдаг. Мэргэжил болгон хариуцлагатай. Гэхдээ уран бүтээлч хүн бүр илүү. Тайзан дээр биеэ авч явахаас эхлээд. Иймээс өөрийгөө үргэлж хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Урлагийнхан гэлтгүй хүн болгон өөрийн гэсэн амьдралтай.

Тэгээд бүгдийг нь зохицуулдаг. Харин ч би урлагийнхныгаа ажилсаг гэж боддог. Хөдөө гадаа явна. Явахынхаа өмнө гэрийнхээ бүхий л ажил төрлийг зохицуулна. Ер нь амьдрах гэж амжихыг хэлдэг юм болов уу. Амжих л юм бол амжилт гарна. Амжилт гэдэг бол амж гэсэн үг гэж ойлгодог. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.

Гэхдээ мэдээж хүний хань нөхөр гэдэг хамгийн том өмөг түшиг болдог. Миний хань ажлыг маань ойлгодог болохоор нэг их асуудал гардаггүй.

-Хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх бодол бий юу?
-Би хоёр охин, нэг хүүтэй. Ер нь бид урлагийн тогоонд чанагдаад ирсэн болохоо хүүхдээ урлагийн хүн болгохгүй гэсэн бодол байдаг. Гэвч үнэхээр авьяастай урлагт тэмүүлээд байвал яах ч аргагүй. Миний том охин урлагийн, тэр дундаа жүжигчин болох мөрөөдөлтэй. Эмээ нь МУГЖ Л.Чаминчулуун. Охиныг минь жүжигчин болгохоор шийдсэн юм шиг байна лээ. Эхлээд би жаахан дургүйцдэг байсан. Сүүлдээ оролцохоо больсон. Өөрийнх нь сонирхлыг дагуулахгүй бол аль нь ч биш болчихдог сөрөг талтай.

-Та сүсэг бишрэлтэй юу?
-Би шашнаас хол явдаг. Зарим хүмүүс багахан бэрхшээл тулгарахаар сүм хийд явдаг. Гэхдээ Монгол хүн болохоор буддын шашнаа шүтнэ. Цайныхаа дээжийг бурхандаа өргөнө. Цагаан cap болохоор засал номоо хийлгэчихдэг. Харин мухар сүсгийг буруу гэж боддог”. Бурхны шашинд үйлийн үр гэсэн ойлголт байдаг. Нэг лам “Ямар үр тарина, ямар үйл үйлдэнэ, тэр чинь чиний үйлийн үр. Муу юм хийвэл тийм л үр дагавар гарна. Тийм болохоор дандаа сайн зүйл бодоод сайн үйл хийвэл түүнийхээ сайн үрийг хүртэх болно” гэж ойлгоорой гэж сургаж байсан юм.

Тэгэхээр манай залуучууд маш сайхан сэтгэлтэй зөв энергитэй байх хэрэгтэй. Ямарваа нэгэн юманд хариуцлагатай байх хэрэгтэй. Ажил ихтэй, завгүй л байвал амьдрал сайхан байна гэж бодож байгаарай гэж аав маань сургадаг.

Б.Сэлэнгэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 12, 2011 4:46:47 am )

    AMJILT HUSIE

  • Anonymous (October 12, 2011 4:50:50 am )

    BULGAN AIMGIIN HUUHNUUD TSOGLOG, NURUU TURUU BIE HAA SAITAI, TSARAILAG BAIDAG YUM AA. ARGAGUI ANHDAGCHIIN OLGII NUTAG BOLOHOOR ARGAGUI BAIH SHU. BULGAN AIMGIIN HUUHEN GEED UNJIISAN HUUHNIIG LAV HARAAGUI. DUUCHIN AMARJARGAL GEED EREGTEITEI NILEEN ERT DUULSAN SAIHAN DUUG CHINI SONSOH DURTAI SHU. BULGAN NUTGIIN TSOVOOLOG JAVHAALAG HUUHNUUD TA BUHEND ULAM OODROG BAIHIIG HUSIE

antalya rent a car