Улаанбаатар хотод тулгамдсан томоохон нэг асуудал нь автозамын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж байна. Бүтээн байгуулалтын улиралд ч автозогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг улсын томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэхээр төлөвлөж байна.
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон холбогдох газар, агентлагийн дарга нар Улаанбаатар хотод хийгдэхээр төлөвлөгдөж буй авто зогсоол, тохижилт, ногоон байгууламжийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тухайлбал, БГД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, БГД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согог судлалын үндэсний төв, СХД-ийн 12 дугаар хороо, СХД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад ажиллав.
Хотын дарга хэлэхдээ “Томоохон төвлөрсөн эмнэлгүүдийн гаднах зогсоол эзэнгүй, иргэд машинаа байрлулах боломжгүй байна. Эмнэлэгт ихэвчлэн яарч сандарсан өвчтэй хүмүүс ирдэг. Тухайлбал, бидний ирээд байгаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэхэд гэмтэж бэртсэн, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах шаардлагатай хүмүүс ирдэг. Гэтэл энд ирээд машинаа байрлуулах зогсоол хайсаар байгаад цаг хугацаа алддаг байдал бий. Тиймээс бидний энэ жилийн томоохон зорилт бол улсын болон дүүргүүдийн эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэх явдал. Үүний нэг нь Гэмтлийн эмнэлгийн гаднах зогсоол. Одоо бол 40-50 машин ирэхэд дүүрчихэж байна. Үүнийг180 автомашины зогсоолтой, 3 тийшээ гардаг гарцтай болгох шаардлага байгаа.” гэлээ.
Үүнээс гадна хотын зарим хэсэгт төлбөртэй зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар хотын дарга хэлэхдээ “Бид төлөвлөсөн 70 орчим байршлаа хувийн хэвшлийнхэнд өгч, төр-хувийн хэвшлийн түншлэлээр төлбөртэй зогсоолуудыг бий болгоно. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар зогсоолын төлбөрийн асуудлыг оруулна.” хэмээв.
4 давхар 400 автомашины дулаан зогсоол барина
Хотын даргаар ахлуулсан албан хаагчид СХД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 1 дүгээр байрны зүүн талын гражнуудын нөхцөл байдалтай танилцлаа. 900 метр квадрат хэмжээтэй уг газарт 62 ширхэг тоосгон граж байгаа юм. Үүний оронд 4 давхар, 400 автомашины дулаан зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Уртнасан хэлэхдээ “400 автомашины дулаан зогсоол барих төслийн зураг төсөл бэлэн болсон. Удахгүй гүйцэтгэгчээ шалгаруулна. 5 дугаар сарын эхэн гэхэд ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Гүйцэтгэгч компани одоо байгаа гражнуудын эзэмшигчидтэй тохиролцоно.” хэмээн ярилаа.
Эмнэлгүүдийн гаднах зогсоолын тохижилтыг сайжруулна
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 300 гаруй мянган хүн амд үйлчилдэг, томоохон эмнэлгүүдийн нэг. Зогсоолын хүртээмж муугаас иргэдэд багагүй чирэгдэл учирдаг. Тиймээс эмнэлгийн ойр орчмын автозогсоол бүхий хэсгийг тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэлэхдээ “СХД-ийн нэгдсэн эмнэлгийн ард талд 65 автомашины зогсоол байгуулахаар зураг төсөл бэлэн болсон. 5 дугаар сард ажил эхэлж, 6 дугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Мөн эмнэлгийн зүүн талын зам 1 урсгалтайгаас түргэний тэрэг ухарч гарах зэрэг хүндрэл их. Үүнийг 2 урсгал 2 эгнээтэй болгож өргөтгөнө.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
.buyanaa. (April 06, 2017 8:51:40 am )
emnelgiin gadnakh zogsooliin zai tun baga shuu dee….kharin gazar doorkhi zogsooliig olnoor bii bolgovol iluu ur duntei…….gazar doorkhi buteen baiguualtiig meregshsen injeneruudtei khamtran ajillakh kheretei. NAMIIN ajiltan khiideg ajil bish shuu….4 uulan dundaa bagtakhgui baigaag medej baigaa biz dee…KHOTOO TEV AIMAGTAIGAA KHOLBOJ TELEKH KHETIIN BOLON OIRIIN televlegee gargaj ajillvbal zugeer boluu…
-
Anonymous (April 06, 2017 12:03:51 pm )
sumiinhaa asuudliig shiidej chadaagui huduuniihun hotiig samarch l chadna.
-
иРГЭН НООЛУУР (April 06, 2017 12:17:35 pm )
дорвитой ажил хийхгүй л байна даа. Бат-Үүл шиг ажиллах хэрэгтэй байх
-
а рд түмэн (April 06, 2017 1:06:07 pm )
Ярьж л байна
-
Mendee (April 06, 2017 3:05:49 pm )
Home plaza aag 4 zamtai uulzwar bolgoochee. Ogloo oroi odorjingoo tugjrel vvseestei er zorigiin toirog bolson bgaashdee Hotiin daragaa
5 Comments