antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2012 3 comments

Г.Жигжидсүрэн: ШУКАРЬ БАГШАА БАГШ ГЭХГҮЙ БОЛ БИ ХЭНИЙГ ХЭЛЭХ БИЛЭЭ

нийтлэсэн Admin
Жийгээ найруулагч “Шукарь багш” гэж хэнийг хэлж байгаа юм бол гэж та эргэлзэж магадгүй. Намбалаг ухаалаг, энэ хорвоод ихийг үзэж хэрсүүжсэн өвгөчүүлийн дүрийг гарамгай сайн бүтээж, бидний зүрх сэтгэлд мөнхрөн үлдэж чадсан ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осор гуайн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний анхны уран бүтээл “Гологдсон хүүхэн” кинонд туслах найруулагчаар ажиллаж шавь нь болсон ардын жүжигчин, кино найруулагч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Г.Жигжидсүрэн гуай өвгөн багшаа Шукарь гэх ажээ.

-Урлагийнхан бие биедээ нэр өгөх нь цөөнгүй. Д.Чимэд-Осор гуайг яагаад Шукарь гэж нэрлэсэн юм бэ?

-Урлагт амьдралаа зориулсан ахмад буурлуудаа дурсаж, тэдний ажил амьдралын замналыг түүх болгон авч үлдэж буй танай сонины хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье. Цагийн уртад буурлууд маань бурхны оронд хальсаар нэг л мэдэхэд тэдний тухай ярих хүн бараг үгүй болчихож. Харин сонинд гарсан ярилцлага хэдэн зуун жилээр хадгалагдан үлдэж, баримт болдог давуу талтай. Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” романаар 1950-иад оны сүүлчээр Драмынхан жүжиг тавьж, Гэндэн гуай найруулсан санагдана. Гол дүр нь Донын хасаг өвгөн Шукарь. Шукарь өвгөн ганц тугалтай үнээгээ хамтралд өгөхгүй гэж нуугаад, аргаа барахдаа тугалаа алж байгаа тухай жүжигт гардаг.

Шукарийн дүрд Чимэд-Осор багш тоглосныг би азаар үзэж амжсан юм. Малгайныхаа бүчийг унжуулчихаад хамтралын даргаа тойроод гүйж байгаа хасаг өвгөний дүр одоо ч нүдэнд харагдах шиг. Багш маань хачин гайхалтай дүр бүтээсэн. Энэ дүр театрын тайзанд бүтээсэн хамгийн сүүлчийн дүр нь байх. Түүнээс хойш кино руу явчихсан юм. Багшийн маань бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэлд хүрч, оюун санаанд мөнхрөн үлдсэн болохоор хүмүүс Чимэд-Осор гэхгүй “Өвгөн Шукарь” хэмээн нэрлэдэг болсон хэрэг. Жүжигчин болгоныг олон нийт тоглосон дүрээр нь нэрлэдэггүй. Үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүртэл амьдруулж чадсан хүнийг л тийн нэрлэж, хайрладаг юм шүү дээ. Театрынхан “Талын баатрууд” гэдэг жүжиг тавихад багш Чогдон хувилгааны дүрд бас тоглосон.

Ардын засаг мандаад лам хуврагуудыг нүд үзүүрлэж байсан үеийн тухай л даа. Чогдон эрүүл биетэй, нэр алдар өндөртэй хувилгаан байж. Багш харин энэ дүрийг өөрчилж хазгар, таяг тулж явдаг нэгэн болгож. Хамгийн сүүлд ардын засгийн төлөөлөгчтэй нүүр тулаад баригдах үедээ таягаа далайж л дээ. Гэтэл жүжгийн турш тулж догонцож явсан таяг нь сэлэм байсан гэдэг. Энийг багш өөрөө бодож олсон байгаа юм. Жүжгийг Б.Ринчен гуай үзээд “Шинэ цагийн үйл хэргийг хүлээж авахгүй гэхдээ хүн алахаас ч буцахгүй лам нарын үнэн дүр төрхийг харуулж” гэж сонинд шүүмж бичсэн байдаг юм билээ. Б.Ринчен гуайн анхаарлыг татаж чадна гэдэг бас амаргүй зүйл шүү.

-Багшийнхаа анхны кино “Гологдсон хүүхэн”-д туслах найруулагчаар та ажилласан юм билээ. Арван жилийн сургуулиа дөнгөж төгссөн хүү дадлага туршлагатай жүжигчин, найруулагчаас их зүйл сураа байлгүй?

-Өө тэгэлгүй яахав. Шукарь багшийг зөвхөн найруулагч, жүжигчин талаас нь яриад орхивол ярихгүй өнгөрсөнтэй адил болно. Олон талын авьяастай, байгалиас заяасан мэдрэмжтэй, гайхалтай сэргэлэн хүн л дээ. Жүжгийн жижиг зохиол хэд хэдийг бичсэн. “Гологдсон хүүхэн” ,“Нүгэл буян”, “Тамирын охин”, “Хонины найр”, “Зэрэг нэмэхийн өмнө” гээд таван киноны ерөнхий найруулагчаар ажилласан. “Тамирын охин” өөрийнх нь зохиол юм шүү дээ. Багш маань “Малчин бүсгүй” гэдэг ганц дуутай. Гэхдээ одоо ч хүмүүс дуулсаар байна. “Жүжигчний ур чадвар” гэдэг ном бичсэн. Энэ мэтээр урлагт ихийг бүтээсэн хүн дээ. Багш маань багаасаа амьдралын хүнд хатууг туулсан, хийж үзээгүй ажил байгаагүй тухайгаа ярьдаг байсан юм. Арван хэдэн настайдаа сумынхаа тэнхимд суралцаж, бичиг үсэгт тайлагдан, арвын дотор бодож сурсан гэсэн. Хожим нь цэрэгт яваад урлаг уран сайханд татагдаж, дурлаж тэмүүлсээр1936 онд “Бөмбөгөр ногоон” театрт шалгуулж жүжигчнээр орсон гэдэг юм билээ.

Би аравдугаар ангиа 1960 онд төгсөөд Кино үйлдвэрт туслах найруулагчаар орж байлаа. Ардын жүжигчин, нэрт кино найруулагч Д. Жигжид багшийгаа дагаж кино урлагийн цагаан толгой үзэж жил шахам явлаа. Д.Жигжид, Д.ЧимэдОсор хоёр багшийн маань найруулагчийн арга барил тэнгэр газар мэт ялгаатай. Д.Жигжид багш зураглаач хүн болохоор жүжигчнээ пландаа барьж тоглуулна. Гэхдээ тухайн хүнээ нээж гаргахдаа гарамгай. Шукарь багш өөрөө жүжигчин хүн болохоор жүжигчнээ барьдаггүй, өөрт нь ойлгуулж тоглуулдаг давуу талтай байсан юм. Тухайн үед манай уран сайхны удирдагч нь Э.Оюун гуай байлаа. “Би Шукарь багштай хамт энэ кинонд явмаар байна. Ц.Дамдинсүрэн гуай зохиолоор өөрөө бичих гэж байгаа юм байна. Би энэ хүмүүстэй танилцаж, ажиллаж үзмээр байна” гэхэд “Жигжид багш чинь “Түмний нэг” кино хийх гэж байна. Чамайг багш чинь авна гэж байсан” гэв. Би багаасаа шүлэг энэ тэр оролддог байсныг Э.Оюун багш мэднэ л дээ. Хэсэг хугацааны дараа “Чамайг уран зохиолын тал нь татаад байх шиг байна. Чи яв даа” гээд зөвшөөрлөө. Ингэж би “Гологдсон хүүхэн” кинонд ажилласан юм.

Ц.Дамдинсүрэн гуай туужаа хэрхэн өөрчилж кино зохиол болгох төлөвлөгөө, уран сайхны зөвлөлд танилцуулж зөвшөөрүүлээд хэсэг хэсгээр нь бичиж эхэлсэн юмдаг. Нэг хэсгийг бичээд багш руу ярина. Намайг зохиол авах гээд очихлоор Дамдинсүрэн гуай надтай зөвлөж, ярьж бичсэн хэсгээ уншиж өгнө. Энэ мэтээр хоёр мундаг хүнээс би их зүйл сурсан даа. Одоо ерөнхий найруулагчийн дор хоёрдугаар найруулагч ассистент, туслах дагалдан гээд л бараг тав зургаан хүн байдаг болж. Тэр үед ердөө найруулагч, туслах хоёр л ажиллаж бүх зүйлээ хийдэг байв. “Гологдсон хүүхэн” киноны хээрийн зургийн талбайд багш бид хоёр үхэр тэрэг түрээд явж байтал хотоос кино үйлдвэрийн дарга, Германы “Дефа” киностудийн захиралтай ирлээ. Гэрт ороод багшийг маань энэ киноны ерөнхий найруулагч гээд танилцуулсан чинь Германы кино үйлдвэрийн дарга ёстой нүд нь орой дээрээ гарч, толгой сэгсрээд “Би өөрийнхөө найруулагч нарыг танайд ирүүлж дадлага хийлгэмээр байна. Манай найруулагч нар чинь зургийн талбай дээр ирчихээд бэлэн биш байвал намайг тэр ресторанаас аваарай гээд л яваад өгдөг улс” гэж хэлж байж билээ.

-Найруулагч хүн ууртай, жүжигчид нь хараад эмээдэг байх ёстой гэсэн ойлголт хүмүүст байдаг. Таны багш нар тийм байв уу?

-Тэр үеийн найруулагчид ууртай, сүржин догшин байгаагүй юм шүү. Одоо л нэг тийм дүвчин зан гаргаж, бөөлдөг болсон сураг байгаа юм. Шукарь багшийн жүжигчинтэйгээ ажиллах чадвар агуу байсныг хожим нь би ойлгосон. Хүнийг албаддаггүй, яг өөрөөр нь тоглуулдаг хүн. Ахмад уран бүтээлчид “Нүгэл буян” киноны зураг авалтын үеэр болсон явдлыг ярихыг би сонссон юм. Тоохуарын дүрд ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуай тоглосныг санаж байгаа байх. Охиноо явуулаад уйлж байгаа хэсэг нэг л болж өгөхгүй байж л дээ.

Хэд хэдэн удаа үзээд болохгүй болохоор нь багш зураглаачдаа “Би Ичинхорлоотой юм ярьж байгаад ирнэ. Чи бэлэн байгаарай. Намайг дохихоор зургаа авна шүү” гэжээ. Тэд юм ярьж явсаар ирээд багш зураглаач руу дохисон гэсэн. Тэр үед Ичинхорлоо гуай уйлж, зураг авалт ч найруулагчийн санаанд хүрч, дууссан гэдэг. Зургийн дараа Д.Ичинхорлоо гуай “ЧимэдОсор минь, чи миний сэтгэлийн шархыг хөндөж яах нь вэ дээ” гээд тэврээд уйлж байсан гэдэг. Дээхнэ үед Д.Ичинхорлоо гуайн хань хэлмэгдээд, хүнд хэцүү амьдрал туулсан хүн л дээ. Жүжигчнийхээ зүрх сэтгэлийг сайн мэдэж, хэнтэй, хэзээ, ямар арга барилаар ажиллахаа мэддэг болохоор ийм арга хэрэглэсэн хэрэг.

– Та олон багштай ч Шукарь багшийгаа хүндэтгэн ярих дуртай юм билээ. Хадаг барьж багш шавь болж байв уу?

-Хадаг барьж багш шавь бололцож байсангүй. Шукарь багшийгаа багш гэхгүй бол би хэнийг тэгж хүндэтгэж, ярих билээ. Яах аргагүй миний багш л даа. Найруулагчийн ур ухаан, жүжигчнээ сонгох гээд хамгийн чухал зүйлд намайг сургасан хүн дээ. Одоо эргээд бодоход миний багш нар Д.Жигжид, Д.Чимэд-Осор, Л.Кулешов гээд дандаа ахмад настай хүмүүс байж. Ажил, амьдралын дадлага туршлага арвинтай хүмүүсийг дагаж их зүйл сурсан, би азтай хүн.

-Таны найруулсан кинонд Д.Чимэд-Осор гуай тоглосон бил үү?

-“Хатанбаатар Магсар жав” киног би хийхээр бо лоод Шукарь багшийгаа Хатан баатарын багш Ганжууржав гүний дүрд тоглуулах бодолтой байсан юм. Кино үйлдвэрийн хонгилд таараад “Багш аа, би павильоны зургаа авч эхэлсэн. Та миний кинонд тоглоно биз дээ” гэхэд “Тоглолгүй яахав. Би чамд хэлье гэж бодож явсан юм. Чи надад кино зохиолоо нэг уншуулаарай” гэлээ. Уншсаныхаа дараа кинонд нэг удаа л гардаг саахалтын өвгөний дүрийг өөрөө сонгосон юм. Би уг нь багшийгаа гүнгийн дүрд тоглуулах гээд байхад багш маань саахалт айлын өвгөний дүрийг сонгоход би гайхаж байсан. Ганцхан удаа гардаг ч тэр дүрээ маш сайн бүтээсэн. Түүгээрээ ч олны талархлыг хүлээдэг юм. Ролийг дүр болгоно гэдэг жүжигчний чадвартай шууд холбоотой.

Манай зарим нэг жүжигчин сайхан дүрийг роль болгочихдог. Шукарь багшид ролийг дүр болгоогүй уран бүтээл гэж байхгүй. Ролийг тоглодог, дүрийг амьдруулж бүтээдэг юм шүү дээ. “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн өвгөн, “Тунгалаг Тамир”- ын Тариатын сургуулийг шатаадаг лам нарын толгойлж буй өвгөн, Цогт тайжийн цэцэрлэгч өвгөн, “Төөрсөөр төрөлдөө”-гийн Цэдэв, “Өглөө” киноны зайран гээд багшийн амьдруулсан дүр үнэхээр гайхалтай шүү.

-Одоо бодоход Д.ЧимэдОсор гуай өөр өөрийн зан чанартай, тэс өөр дүр төрхтэй өвгөчүүлийн дүрийг чадварлаг гаргасан байх юм?

-Тийм шүү, чи зөв олж харж. “Цогт тайж”-ийн цэцэрлэгч өвгөнийг санаж байгаа биз дээ. Тэр үед багш 30 арай хүрээгүй байсан юм билээ. Гэсэн атлаа өөрөөсөө олон насаар ах хүний дүрийг хэрхэн гаргасныг санаж байгаа байх. Түүний намба төрх, гар хурууны хөдөлгөөн нь янзын шүү дээ. Шукарь багшид 1945 оны үед гавьяат жүжигчин цол олгосон байгаа юм. Түүнээс хойш бараг 36 жилийн дараа ардын жүжигчин болсон л доо. Энэ хугацаанд би багшийгаа хараад “Яах гэж багш кинонд ирсэн юм бол. Театртаа байсан бол ямар гээчийн гайхалтай дүр бүтээж байх бол. Ардын байтугай л нэр алдрыг хүртэх байсан даа” гэж боддог байлаа. Зарим үед харамсдаг ч өөрт нь хэлж чаддаггүй байсан юм. Өөрийнх нь найруулсан таван кино 1961 оноос хойш хийгдээд, тэтгэвэрт гартлаа орчуулгын киноны найруулагчаар ажилласан хүн.

-Д.Чимэд-Осор гуайд урлагийн А-г хэн зааж өгсөн юм бол. Жүжигчнийх нь хувьд түүний гарын шавь нь хэн бэ?

-Багшийн багш хэн байсан тухай сайн мэдэхгүй юм. Гэхдээ оросууд л алтан үеийнхэнд урлагийн цагаан толгойг зааж сургасан . Тэгэхээр Ефремов, Рабинович хоёр л багш нь болов уу. Театрын дэргэд түр сургууль гэж байхад Шукарь багш нэг анги төгсгөсөн юм билээ. Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай, Дорнод аймгийн театрын Цэрэндаш гуай байна. Яагаав, “Анхны алхам”-ын буриад өвгөний дүрд тоглосон хөгшин. Тэдэнд зааж сургасан гэж бодохоор Шукарь багш хэн гэдэг нь тодорхой байгаа биз. Шавь нарынх нь тухай ярьсан дээрээ нэг зүйл хэлчихье. Би олон жил урлагийн халуун тогоонд ажиллаж байна.

Хоёр зүйлд л харамсдаг. Т.Цэвээнжав гуайд ардын жүжигчин, Ж. Лувсанжамц гуайд гавьяат жүжигчин өгөөгүйд одоо ч харамдаг юм. Т.Цэвээнжав гуай бол дахин давтагдахгүй, хосгүй авьяастан байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Жүжигчин Ж.Лувсанжамцыг санаж байна уу. “Цогт тайж” киноны Улаан малгайт шүү дээ. Хөөрхий гарын уртай, бурхан зурдаг хүн байсан юм. Энэ авьяасыг нь хэн нэгэн мэдээд матаж л дээ. Тэгээд л буруудаж, хэцүү нэртэд ч сууж байсан удаатай.

-Та багштайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Танд юу хэлж байв?

-Багш маань 1962 онд намайг найруулагчийн сургуульд явж байхад “Чи бичдэг чадвараа орхиж болохгүй шүү” гэж захиж байсан юм. Гэхдээ би найруулагчаа хийгээд бичих ажлаа орхисон л доо. Түүнээс гадна “Уран бүтээлч хүн юу хийхээ хүлээж сууж хэрхэвч болохгүй, булааж, өрсөж байж уран бүтээл босдог юм шүү” гэж хэлж байсан. Аравдугаар анги төгссөн цагаасаа хойш бурхны оронд явтал нь би багштайгаа нэгэн дээвэр дор хамт ажилласан. Багш нэг өдөр надад алгаа үзүүлж байна аа. Алга нь улаан болчихож. “Жийгээ чи энийг хар даа. Намайг церрозтой гэсэн. Архи ууж болохгүй гээд байгаа юм. Архи уухгүй байна гэж юу байхав. Олон жил болж байна, гайгүй байх аа” гээд инээж байж билээ. Ер нь шулуун шударга зантай хүн шүү дээ.

Сүүлд бие нь тааруу байхад нь би хэсэг жүжигчидтэй очлоо. Тэр үед арай дээр байсан юм. Уран бүтээл энэ тэрээ яриад л өнгөрсөн. Дараа нь муудаад байна гэхэд нь би ганцаараа оройхон очлоо. Түрүүчийнхээсээ эрс муудаж, ядарсан байсан. Багш маань “Дондоов, хүүхдэд юм хийж өг” гэж эхнэртээ хэлж байна. Эхнэр нь багшийн өгсөн хундаганд архи хийж өгөхөд “Тогтоочих хө” гэхээр нь би ууж орхилоо. Өөрөө уруулаа хүргээд тавьж байгаа харагдсан. Дараа нь над руу их сонин харсан юм. Тэр харцыг би одоо ч мартдаггүй. Нэг ч үг хэлээгүй ч “Багш нь одоо удахгүй нь” гэж хэлж байгаа харц л байсан даа. Хөөрхий, түүнээс хойш удаагүй бурхан болсон юм. (нулимс унагав) Багшийн маань 100 насны ой сайхан болоосой, залуу үе уран бүтээлээс нь их зүйл сураасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна даа.

-Цаг зав гарган багшийнхаа тухай ярилцсан танд баярлалаа.

Х.ОЮУНСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 10, 2012 12:10:09 pm )

    saihan dyrsamj bna

  • Anonymous (February 10, 2012 12:11:54 pm )

    yrlagiin altan ueiinhend altan hushuu bosgoson ch bagadana6

  • Anonymous (April 02, 2012 5:12:21 pm )

    chimed osor guai saihan hugshin baij bilee. zuslan deer manai uvuutei tsug haaya 100 tatnaa xexe bi uvuuguu dagaad tedniid olon ochson do goodoin amand gardag baisiin

antalya rent a car