Сүүлийн дөрвөн жилд нийт хөрөнгө оруулагчдын 50 орчим хувь нь манай улсаас гарч явсан тухай судалгаа байдаг. Энэ нь нэг талаас эдийн засгийн хямралтай холбоотой хэдий ч нөгөө талаар төр, засгийн дээд түвшиндээ дур зоргоороо аашилдаг, хууль, тогтоомжоо байнга өөрчилдөг, хийсэн гэрээ, хэлэлцээрээсээ буцаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нь алдаж байсантай холбоотой гэж засгийн нөхдүүд хүлээн зөвшөөрчээ. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан.
Тэгвэл Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл анхдугаар хурлаа хийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн явц, Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар татагдсан олон улсын арбитрын хэрэг, маргаанууд зэргийн талаар мэдээлэл сонслоо.Танилцуулгаас үзвэл хөрөнгө оруулагчдын гаргасан гомдол, өргөдлийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх талаар холбогдох яам, агентлаг, орон нутгийн төр, захиргааны байгууллага хангалтгүй ажиллаж байна. Иймээс цаашид асуудлыг маргаан үүсэхээс өмнө буюу шүүх, арбитрт очихоос өмнө шийдвэрлэх нь чухал байгаа тухай хурлын үеэр яригдлаа.
Мөн сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан, одоогоор хөрөнгө оруулалтын томоохон таван гэрээ байгуулагдсан, Монгол Улсын Засгийн газар 2001 оноос хойш таван хэргээр олон улсын арбитрын шүүхэд дуудагдсан тухай мэдээлэл дурдагдав. “Энэ Засгийн газар хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа. Тэдэнтэй харилцан ойлголцож, хөрөнгө оруулалтын болон хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, итгэлийг нь нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа хөл дээр нь босгох ёстой. Өмнөх дөрвөн жилийн алдааг засч, шинэ зарчим, шинэ жишгээр ажиллана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлэв. За мөн хурлаар төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан эсэхэд хийсэн судалгааны дүгнэлттэй танилцсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (March 17, 2017 9:46:16 am )
Энэ сүүлчийнх байгаасай. Манайхан гадны хөрөнгө оруулалтыг гуйж, царайчилж оруулж ирээд дараа нь хөрөнгө мөнгө нэхэн түүнийгээ гэрээнд нь тусгаж байгаад авдаг болж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ. Албажуулсан авилга ч гэмээр юм уу???. Ер нь авилгал, хээл хахуулын асуудлыг сүртэй ярихдаа биш хэрэгжүүлэхдээ л анхаарч үз. Үүнд тагнуул болоод бусад байгууллагыг маш эрчимтэй ажиллуулах л хэрэгтэй байна шүү. Олон улсын энэ шүүх маргаанууд эцсийнх байгаасай.
1 Comment