Дөрвөн жил гэдэг мартахад урт, санахад ойр хугацаа. Гэхдээ мартаж болохгүй үг, хариу нэхэх ёстой амлалт ч гэж бий.
Тэр амлалтыг 24tsag.mn “Ам асууя” булангийнхаа цувралаар сануулж байна. Энэ удаа УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаярын 2008 оны срнгуулийн амлалтыг сануулан ам асууж байна. Дараагийн удаад бид Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Батбаярын 2008 онд ярьсан үлгэрийг сануулна.
“Мэхний их дэлгүүр” гэгддэг Кёкүшюзан Д.Батбаяр ёстой уран мэхийг уралдуулан байж УИХ-д сонгогджээ.Тэрээр сүмогийн дэвжээнээс бус саарал ордноос бидэнтэй “мэндчилдэг” болоод даруй дөрвөн жил болов. Нийслэлийн хамгийн баруун захын дүүрэг болох Сонгинохайрханаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Улаанбаатар хотын нүүр царай болгоно” хэмээн амласан үг нь сонгогчдод найдвар өгчээ. 2008 онд чухам яаж, ямар аргаар Сонгинохайрханы нүүр царайг өөрчлөхөөр амлаж байснаас цөөн хэдийг л иш татъя.
1. Японд 20,000 хүн ажиллуулж амьдрал, ахуйг нь дээшлүүлнэ. Энэ ажилд Сонгинохайран дүүргээс 10,000 хүртэлх хүн хамрагдана. Тус дүүргийн дөрвөн хүн тутмын нэг нь сард 1500-2500 ам.долларын тогтмол орлоготой болно.
2. Улаанбаатарын баруун, зүүн захын цэгийг холбосон метро буюу хурдан галт тэрэгний зам, байгууламжийг ойрын таван жилд барьж байгуулах шаардлагатай.
3. Дэд бүтэц, тэгш сайхан газрын давуу талыг ашиглаж өндөр технологитой, байгаль орчинд хор хөнөөлгүй үйлдвэржилтийн томоохон бүс нутаг болгон хөгжүүлнэ.
Японд 16 жил амьдарсан хүн АНУ-д гурван жил сурсан хүнээс дутуу үнэлэгдэнэ гэвэл ёстой “уучлаарай” биз дээ /сурталчилгааны хуудсан дахь үг/. Тиймээс ч “нүдийг нь олж” Сонгинохайрхан дүүрэгт ажилгүйдэл их байгааг өөрчилнө хэмээсэн нь хамгийн зөв санаа байлаа. Тухайн үед ч Солонгост хараар ажиллаж байгаа монголчуудын асуудал хурцаар хөндөгдөж байсан. Түүнийг 20,000 хүнийг гадагш гаргаж, тэр дундаа Сонгинохайрхан дүүргээс 10,000 хүнийг цалин өндөртэй газар албан ёсоор ажиллах замыг нь зааж өгнө гэсэнд итгэхгүй байвал алдас болох байлаа. Зарим нь бүр Япон явбал тэгнэ, ингэнэ гээд амьдралаа төлөвлөчихсөн явж байсан юм хуна. Гэсэн ч одоо хүртэл хэдэн хүн түүний дэмжлэгээр Япон явж, сарын орлогоо дээшлүүлсэн тухай яриа ч дуулдаагүй байна.
Хотын төв рүү ажил, сургуульдаа очихын тулд гэрээсээ цаг хагасын өмнө гардаг хэмнэл Сонгинохайрханчуудад байсаар л байна. Баянхошуу, Таван шар, Зүүн салаа гэхээр хэдэн хуучин үйлдвэр, хагарсан зам, манантсан утаа төсөөлөгддөг хэвээрээ. Кёкүшюзан Д.Батбаярыг УИХ-ын гишүүн гэсэн цол гуншин нэмснээс хойш чухам юу өөрчлөгдөв? Үүнийг түүнд саналаа өгч, сонгогдсоных нь дараа битүүхэн баярлаж байсан Сонгинохайрхан дүүргийн иргэд л мэднэ.
Сонгогч Д.Хишигсүрэн: Санаанаас гардаггүй Кёкүшюзаны үйлдвэр
-Ардчилсан хувьсгалд оролцож байсан гээд манайхаар ном сонингоо тараагаад, бидэнтэй уулзаад явж байсан. Тэгэхдээ үйлдвэр барина гэж хэлж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Манайд л гэхэд нэг төгсөх оюутан, ажилгүй нэг залуу, би гээд гурван ажилгүй хүн байсан болохоор их дэмжиж байсан. Гэтэл одоо тэр үйлдвэр, ажлын байр нь хаана байна вэ? Уг нь өөрөө Японд байсан болохоор 10 мянган хүнийг тийшээ явуулж, ажилтай болгоно гээд байсан. Солонгос руу одоо зөндөө хүн яваад байхад Япон арай дээр биз гэж бодсон чинь эргээд тэр тухай ерөөсөө ярьсангүй шив дээ.
Сонгогч Л.Бат-Ялалт: Кёкүшюзан гуай, энэ замаар яваад үз!
-Энэ замыг засахгүй бол арай дэндлээ. Би Зүүнсалаанд амьдардаг, ажил үйлдвэрт. Автобус явах биш, би саяхан машин авсан. Арай хийж цуглуулж, зээлж байж авсан машины дугуй нь одоо авах юмгүй гараашд байж байна. Нөгөө дэд бүтэц сайжруулна гээд байсан нь хаана байгаа юм бэ. Их хуралд ороод л тэр чигтээ явчихсан, ийшээ эргэж нэг ч удаа ирээгүй дээ. Чаддаг юм бол тэр сүрхий үнэтэй машинаараа энэ там шиг замаараа яваад үз гэж хэлмээр байна, заавал дамжуулаарай. Замаа ядаж засчихаж чадахгүй байж том том амлалт өгөөд, метро барина энэ тэр гэх юм. Би чаддагсан бол машиныхаа мөнгийг буцааж авмаар байна. Миний цалингийн тал нь автобусны мөнгөнд явчихдаг юм шүү дээ.
Сонгогч Б.Уянга: Сурталчилгаанд нь дэмий оролцжээ, би
-Би Батбаяр гишүүний сурталчилгааны ажилд оролцож байсан юм, гэхдээ хамгийн доод хэсэгт нь байсан. Мөрийн хөтөлбөрөөс нь санаж байгаа юм гэвэл Япон явуулж ажиллуулна гэсэн. Бас метро байгуулж замын хөдөлгөөнийг сайжруулах, үйлдвэр барьж ажлын байр нэмэгдүүлэх гээд хэд хэдэн юм байсан санагдаж байна. Одоо би хотын төв рүү явах болгондоо тэр амлалтуудынх нь биелэлт хаана байгааг хайдаг. Япон руу хүмүүс явлаа, ажилд орлоо, цалин авлаа гэр бүлээ тэтгэлээ гэж нэг ч удаа сонсоогүй. Би тэр хүний сурталчилгаанд хэрэггүй явжээ гэж бодох болсон. Дараагийн удаа дэмжихгүй гэж бодож байгаа.
Кёкүшюзан Д.Батбаяр нь Сонгинохайрханд өрсөлдсөн АН-ын бусад нэр дэвшигчдийн хамт 2008 оны сонгуулийн үеэр “Амласнаа биелүүлж чадахгүй бол төрийн сэнтийнээс бууж, түмэн олныхоо өмнө гэмээ хүлээнэ” гэж тангараг өргөсөн байна. Тэр тангараг биелэх эсэх нь дараагийн сонгуулийн “тийз” нь болох бололтой. Кёкүшюзан Д.Батбаяр энэ “тийз”-ийг авахын тулд юу хийсэн бэ гэдгийг дахин нэг сонжъё. Дөрвөн жилийн өмнөх сонгуулийн сурталчилгааны материалдаа тэрээр өөрийгөө “төрд хэрэгтэй зайран” гэж тодорхойлжээ. Чадсан уу? Ам асууя.
Д.Батбаяр гишүүнтэй хамт 26-р тойрогт нэр дэвшсэн Н.Алтанхуяг, Г.Энхтайван, Л.Эрхэмбаяр нар бүгд өнөөдөр төрийн ажилд оролцож яваа. Тиймээс “Дөрвөн бэрх” ялаагүй гэж амлалтаа булзааруулах нь зөв гарц биш юм.
Зүүн салаа, Таван шар, Баянхошуу бол “хотын хөдөө” гэдэгтэй санал нийлэх хүн олон. Харин хэзээ, яаж хот шиг хот болох нь өнгөрсөн дөрвөн жилд шийдэгдээгүй хэвээр байна.
Сонгуулийн сурталчилгаандаа өөрийгөө ингэж дүгнэж байсан бол одоо сонгогчид түүнийг үнэлэх цаг болжээ. Түүнд ямар 10 үнэлгээ өгөх вэ?
Б.Баяр /24tsag.mn/
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 09, 2012 1:59:52 pm )
buruu bodlogo buruu hun buruu songolt hiisen baina daa songinohairhan duurgiinhen mine
za tegeed mongolchuudaa ireh songuulid mash bodlogotoi ogtsgooyoo end suuj baigaa 76 aas oor l hund ogdog ym shuu humuus mine ym ogvol avaad l suuj bai harin sanalaa hezee hulhiduulj bolohgfui ok
-
Anonymous (February 09, 2012 3:17:43 pm )
nohoin baas ergvv vher…. harahaar baas hvreed baidag yum ene lalriig
-
Anonymous (February 09, 2012 3:41:27 pm )
Dahin songohgyu baihig hudalz belen amtanguudiig dahin buu songo 4 jil uursdee l hagartlaa bayjlaa odoo bolloo bolyo bitgii hudal ugend n huurt
-
Anonymous (February 09, 2012 4:27:13 pm )
muu har hudalch, Erguu shaar. tuund ni unemshij sanalaa egdeg ta nar ch gesen erguu maluud
-
Anonymous (February 09, 2012 5:06:41 pm )
Hog chin ta nar uursduu son goo bizdee
5 Comments