Хотын төвөөр нааш цааш сүлжилдэн давхих төмөр хөлгийг бид юугаар нь ялгадаг вэ. Мэдээж өнгө зүс, хэлбэр хэмжээгээр нь эхний ээлжинд ялгаж таарна.
Гэхдээ хамгийн гол ялгах зүйл нь тухайн машины сери, дугаар юм. Гэтэл энэ алгын чинээхэн төмөр дээр бичсэн дөрвөн оронтой тоог хэдэн зуугаас хэдэн саяар тоологдох хэмжээний мөнгөөр наймаалцдаг болоод нэгэнт хэвшчихэж. Автомашины, тэр дундаа азын дугаарын бизнес утгаа алдсан гэж хүмүүс ярихыг хаа нэг сонсч л байлаа.
Гэвч арай ч ингэтлээ үнэ нь “хаданд” гарсан чинээ бодоогүй билээ. Энэ өвөрмөц бизнесийг сурвалжлахаар Автотээврийн газарт хүрч очлоо. Дугаар авахаар зогсч байгаа хүмүүс дугаарын машины ойролцоо битүү байх аж. Ажиглаад байхад тэдний олонхи нь ижил тоотой, хос цифртэй дугаар хайж байна.
Харамсалтай нь тэдний хүссэнээр азын гэгдэх ижил тоотой дугаарууд эл /нийтийн/ самбарт тавигддаггүй аж. Миний бие дугаар сонгохоор дараалалд зогсох хүмүүсийн дэргэд нэлээд удаан зогссоны дүнд энэ талаар бага сага мэдээлэлтэй болсон. “Энэ самбарт ч тийм гоё дугаарууд байдаггүй юм даа” гэсээр хажууд зогссон хижээл насны нэгэн ах их л мэдэмхийрэн ярих нь тэр.
Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Яагаад гоё дугаарууд энэ самбарт байхгүй гэж. Та яаж мэдэж байгаа юм бэ?
-“Дээгүүрээ” учрыг нь олчихдог юм. Энэ самбарт азын дугаар байрлуулна гэж бараг л байдаггүй юм даа.
-Дээгүүр гэж юу гэсэн үг вэ?
-Шинэ сери задрахад дарга нар л учрыг нь олдог юм шүү дээ. Тэгээд бүх гоё гэсэн, азын дугааруудыг нь аваад үлдчихдэг юм. Нийтэд зарлаж байгаа дугаарт азын дугаар бараг л гарч ирдэггүй.
-Та яасан сайн мэдэж байх юм. Энд ажилладаг юм уу. Дарга нар авч үлдсэн дугаараа яадаг юм бол?
-Яах юу байхав дээ. Зарна шүү дээ. Үнэндээ бол азын дугаарын бизнес гэдэг чинь яг л ид хүчээ авч байна. Энэ хавиар эргэлддэг хүмүүс бүгд л энэ талаар мэдэж байгаа. Энэ чинь ахынх нь ажлын газар гэх нь тэр.
Цааш нь нэлээд их юм асуумаар байсан ч тэрбээр намайг олон юм асуугаад байхаар сэжиг авсан бололтой илүү зүйл хэлж өгсөнгүй.
Ийнхүү тэр ахтай ярилцаж байх зуур дугаар сонгох гэсэн хүмүүс нэлээд их болчихов. Түүний ярьсанд итгэж ядаад байтал ард зогсох хоёр залуу ийнхүү ярилцав. “Даатгалтайгаа нийлээд таван саяд болох л юм байна.
Цаадах уруугаа дахиад залга даа. Одоо цайны цаг нь дуусчихлаа” гэх нь тэр. Бодвол өнөө “дээдсүүд”-ийн нэгийг ярьж байгаа бололтой. Ингээд бодохоор үнэхээр л Автотээврийн газарт дугаарын бизнес нэгэнт газар авсан нь илхэн болжээ.
Дугаар наймаалж, хэдэн цаас тоншдог нөхдүүд дан ганцаараа энэ бизнесийг хийнэ гэвэл боломжгүй гэсэн. Хамгийн гол нь “дээгүүрх” нөхдүүдтэйгөө бат нягт холбоотой байх шаардлагатай. Ингэж байж дугаарын наймаа цэцэглэн хөгжих алтан дүрэм энэ бизнест үйчилнэ.
Уг нь иргэн Та шинэ машинтай болоод шинэ дугаар авах гэж байгаа бол автотээврийн газар очоод нийтэд зарлагдсан дугаараас өөрийн хүссэнээ сонгоод авах боломж нээлттэй. Дугаар сонгоход 4000 төгрөг төлөөд хэвлэх үйлдвэрт 16 мянган төгрөг тушааснаар сонгосон дугаараа өөрийн нэр дээр шилжүүлэх учиртай.
Гэтэл Авто тээврийн газрын хурган дарга нар, шинэ сери задалдаг эрхмүүд, ченжүүд гэгч хүмүүсийн балгаар энэ байдалд механикаар өөрчлөлт орчихоод байгаа юм билээ. Угтаа бол авто тээврийнхэнд шинэ дугаарыг авч үлдэх эрх үгүй.
Ойрын эх сурвалжийн мэдээлснээр ЗТБХБЯ-ны харьяа Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношилгоо, техник технологийн хэлтэст хэдэн сүйхээтэй нөхдүүд байх нь байдаг юм билээ. Ингээд бодохоор албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр АТГ-т энэ нөхдүүдийг нэг шалгаад үзэхэд ч буруудах юм үгүй санагдана.
За тэгээд азын дугаар авах сонирхолтой иргэн Танд зөвлөхөд Автотээврийн газарт танилгүй, бас мөнгөгүй бол хүссэн дугаар тань хэн нэгний халаасанд хэдэн цаас хараад хэвтэж байгааг мартаж болохгүй.
Хэрвээ та дээрх шаардлагыг хангаагүй бол Авто тээврийн газрын дугаар шүүх машиныг хэдэн өдөр сахиад ч “азын” дугаар олж авч чадахгүй.
Авто машины азын дугаар гэгч нь дөрвөн цифр нь хосоороо, эсвэл бүгд ижил, урд цифр нь 00-тэй, 1000-9000 хүртэлх цифрүүдийг хэлдэг байна. Эдгээр дугаар тус тусдаа үнэтэй байдаг гэнэ шүү. Жишээ нь, 4455, 6677 гэх дугаар 300-500 мянга, 8888, 7777,1000, 2000 гэхмэтийн дугаарууд 4-5 сая төгрөгийн ханштай гэнэ. 0001, 0002 гэх мэт дугаарууд бүр 7-8 сая төгрөгт хүрдэг тухай эх сурвалж өгүүлсэн.
Гаднаас машин оруулж ирдэг эсвэл Автотээврийн газраар эргэлдэж дээгүүр доогуурхи нөхдүүдтэй сүлбээдэж явдаг эрхмүүд, эс бөгөөс дугаараар гангарч, хүссэн дөрвөн цифртээ хөрөнгө хаяж явдаг шинэ цагийн баячууд бол хэзээнээсээ эл ханшийг мэддэг юм гэнэ ээ.
Гэхдээ хот хөдөөгийн дугаарын ханш эрс өөр юм билээ. Хотын буюу УБ,УН-тэй азын дугаар авахад нэлээд өндөр тусдаг бол хөдөөний дугаар түүнээс даруй 50 хувиар бага байдаг аж.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн 5555-тай дугаарыг 500 мянган төгрөгөөр зардаг бол Улаанбаатарын 5555- тай дугаар таван саяд хүрэх аж. Албаны хүний хэлснээр Авто машины дугаарын шинэ сери задрахад 10 мянган дугаар гардаг байна.
Үүний 2000 нь хүмүүсийн сонирхлыг татдаг өнөөх “азын” гэж нэрийдээд байгаа дугаар байдаг байна. Өдгөө дугаар олголтын хөрөнгө мөнгөний асуудлыг ЗТБХБЯ хариуцдаг болсон.
Харин өмнө нь Замын цагдаагийнхан дугаар олголт хариуцдаг байхдаа “азын” 2000 дугаарыг ялгаж аваад цохолтоор олгодог байсан гэх нь бий. Үүний нэг жишээ нь өөрсдөө бүгд “азын” дугаартай машин унадаг байсан нь ч түмний нүдэнд ил байлаа.
Ямартай л ЗЦГ-т ажиллаж байсан хурандаа н.Занаширын хүү 5555- тай дугаарыг таван сая төгрөгөөр зарсан гэх бор шувуу нэг хэсэгтээ л ниссэнийг Та санаж байгаа биз. Энэ мэтчилэн дугаарын бизнесийн талаар дурдана гэвэл маапаан их. Ойрын жишээ дурдахад, нэгэн эрхэм дөрвөн тоо нь ижил улсын дугаарыг ЗТБХБЯ-ны харьяа Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношилгоо, техник технологийн хэлтсийн мэргэжилтнээс 2000 ам.доллараар авсан гэх мэдээлэл ч дуулдсан.
Ингээд азын дугаарын бизнесийн талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас лавлахад “Энэ бол нэгэнт хүчээ авчихсан бизнес болсон.
Зах зээл нь байна, хэрэглэгч нь байна. Азын дугаарыг үнэ цохиж авдаг хүмүүс байна. Бид энэ тал дээр нарийвчлан хяналт тавих боломжгүй шүү дээ. Хэн ямар дугаарыг яаж аваад, хэнд хэдэн төгрөгөөр худалдаалж байгааг мэдэх боломжгүй” гэсэн хариулт өгөв.
Нээрээ л бодохоор үүнтэй санал нийлэхээс өөр аргагүй. Гэхдээ хамгийн гол нь Автотээврийн газраар эргэлдэгч нөхдүүдийн хэлээд байгаа шиг азын дугаарыг дээгүүрээ хувааж аваад, халаасалчихаад байхгүй бол энэ төрлийн бизнес цэцэглэн хөгжөөд байх нь юу л бол.
М.ӨНӨРЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 08, 2012 9:04:29 pm )
Zuger l duudlaga hudaldaa hiiged ulsad tushaachihyo
1 Comment