antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2017 1 comment

Зургаан залуу заан Бага наадмын дэвжээнд

нийтлэсэн Admin

Хаврын тэргүүн сар хаяанд ирсэн энэ цаг мөчид шижигнэсэн залуусын битүүний барилдаанд үзүүлсэн амжилтыг хүргэж байна. 1990 оны цагаан морин жил гарч социализмын үед хориглож, “Нэгдэлчдийн баяр” болгон тэмдэглэхийг оролдож байсан сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх болсон билээ. 1991 оноос эхлэн тус барилдаанд 128 биш 256 бөх хоёр өдөр хүч үздэг байлаа. Харин 2006 оноос эхлэн нэг өдөрт багтаан явуулдаг уламжлал тогтоод байна. Хүчит бөхчүүдийн барилдааны мөрөөр мөшгилөө. Хөлснийх нь үнэр ч арилаагүй байгаа түүхээс сонирхно уу.Цагаагчин хонин жилийн наадамд залуу бөх А.Сүхбат, аймгийн заан Ц.Цэрэнпунцаг нар нэг даваад хоёрын даваанд гарч унажээ. Сүхбат тэр жилийн төрийн наадмын түрүү бөх Балжаа аваргад, Пунцаг Архангайн Р.Цоггэрэл начинд шороодов. Хорьж болдоггүй хорин насандаа явсан энэ хоёр залуу зургаан залуу заанаас анхлан бага наадмын түүхэнд мөрөө гаргаж байгаа нь энэ болой.1992 оны усан мичин жилийн барилдаан хоёрдугаар сарын эхээр болов. Ц.Цэрэнпунцаг хоёр дахь жилээ зодоглож олимпийн хүрэл медальт Р.Даваадалай начинд, залуу бөх Б.Гантогтох Өвөрхангайн Д.Эрдэнэбат заанд тус тус унажээ. Залуу бөх А.Сүхбат энэ удаа Жамбалын Ганболд заанаа хоёр давж, дараагийн даваануудад Т.Нармандах, Л.Бадарч, Г.Намсрайжав (тунаж) нарыг орхин дунд шөвгийн наймд үлдэж Баянаа багшдаа тахим буулгав. Ер залуу бөх байхдаа бага наадмын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөх Сүхбат аварга ч байж магадгүй.

1993 оны харагчин тахиа жилийн баяр наадам Энэ наадмын түүхэнд нэгээр тогтохгүй түрүүлцгээж олон жил үзэгчдээ баясгасан залуу бөх Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр нар анхлан зодоглоцгоов. Өсөхөө аварга хоёрын даваанд ид үедээ явсан Пунцагийн Сүхбатад унасан бол Д.Сумъяабазар Мягмар зааныг хоёрын даваанд хаяж “хоосонгүй” хүн болохоо харуулав. Б.Гантогтох мөн даваанд нутгийн ах С.Сүхбаатар заанд унажээ. Энэ барилдааны дөрвийн даваанд Ч.Даваадорж гурван бөхөөс Д.Сумъяабазарыг амлан хаяхад цаана нь аймгийн заан Ц.Цэрэнпунцаг улсын начин Ш.Батхуяг нар тунаж байв. Аймгийн заан Ц.Цэрэнпунцаг Ш.Батхуягийг (тэр зун цолоо баталсан) хаян 16-д шалгарч Хүрэлбаатар заанд унаж гарцаагүй улсын цолонд хүрэх хүн гэдээ нотлов.

А.Сүхбат аварга энэ жил битүүний барилдаанд зодоглоогүй бололтой. Харин түүний багш нь тавь шүргэсэн насандаа сар шинийн барилдааны үзүүр булааж эвдэхэд бэрх амжилт тогтоожээ.

1994 оны модон нохой жилийн барилдаанд хоёрдугаар сарын 10-ны орой өндөрлөлөө. Тус барилдаан саяхныг хүртэл хоёр өдөр үргэлжилдэг уламжлалтай байв шүү дээ. Залуу начин А.Сүхбат сайхан барилдаан үзүүлсэн. Шинэ начин Ц.Цэрэнпунцаг нохой жилийн цагаан сарын барилдаанд тоосоо өргөсөнгүй. Тулгат дэвжээний залуу бөх Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, Шонхорын Б.Гантогтох нар тус бүр нэг давж хоёрын давааны оноолтод гарцгаав. Г.Өсөхбаяр улсын начин Ч.Бямбадоржид (тэр жил улсын заан цол хүртсэн) унаж, нөгөө хоёр нь гурвын даваанд гарах эрхийг олов. Гурвын давааны гучин хоёр дүйзийн хамгийн сүүлд А.Сүхбат залуу бөх Д.Сумъяабазарыг амлаж, улсын начин Д.Бумбаяр Б.Гантогтох нарын Шонхорынхон тунаж байжээ. Ингэхээр Бага наадмын дэвжээнд зургаан заанаас анхлан хоорондоо хүч үзсэн нь жижиг аварга, Сумъяа аварга нар болж байгаа юм. А.Сүхбат цааш Р.Гансүх начинтай тунаж хаяад, тавын даваанд Ц.Баярсайхан заантай мөн тунаж тахим буулгажээ. Тэр жилийн битүүний барилдааны шөвгийн дөрвөн бөхийн гурав нь алдарт луутнууд байсан билээ.

1995 оны гахай жилийн барилдаан. Зургаан заанаас энэ наадамд ганцхан бөх л хүч үзсэн байдаг. Залуу заан Ц.Цэрэнпунцаг хоёрын даваанд Увс аймгийн залуу бөх Д.Отгонбаатарыг (хэдэн жилийн хойно шилдэг аймгийн арслан болж цагаан сарын барилдаанд 16-д хүртэл шалгарч байсан), гурвын даваанд улсын начин Д.Бадрахыг, дөрвийн даваанд улсын начин Б.Баянбаатарыг, тавын даваанд заан болохдоо наймын даваанд орхиж байсан Р.Гансүхийг, зургаагийн даваанд П.Сүхбатыг тус тус эрчтэй аагтай барилдаанаар орхиж их шөвгийн дөрөвт үлдээд Балжаа багшдаа уналаа. Улсын заан Б.Гантогтох, начин А.Сүхбат, начин Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр нарын чөлөөтийнхөн энэ цагаан сараар хүч үзсэнгүй. Цагаан сарын барилдаан хойшоо явах тусам манай баатруудын өрсөлдөөн ширүүсч амжилт өргөсөх болно.

1996 оны хулгана жилийн сар шинийн баяр. Хулгана жилийн барилдааны тод гялалзах од нь залуу заан Баянмөнхийн Гантогтох байсан юм. Тэр энэ барилдаанд Ховд аймгийн залуу бөх Ц.Мягмарсүрэн, улсын начин Т.Бат-Эрдэнэ, улсын начин Д.Бумбаяр нарыг орхиж тавын даваанд аавынхаа элэг бүсийг тайлуулж, зургаагийн даваанд Д.Сумъяабазартай тунаж даваад их шөвгийн дөрөвт шалгарчээ. Их шөвгийн дөрвөн бөх нь тухайн үеийн сонгодог барилдаанаар өрнөж Б.Бат-Эрдэнэ Балжаа аваргыг амалж, Д.Мөнх-Эрдэнэ Б.Гантогтохтой тунасан юм. Аваргын хүү арслангийн “хориотой” хөлд хоёр удаа яваад унаж байсан гайхалтай агшин нь монгол бөхийн сайхан барилдааны нэгд зүй ёсоор тооцогдон үлдсэн юм. АНУ-д суралцаж байсан Ц.Цэрэнпунцаг энэ цагаан сарыг өнжсөн бол Г.Өсөхбаяр заан залуу бөх Д.Намдагт хоёрын даваанд унажээ. А.Сүхбат начин гурвын даваанд өөрийн үеийн бяртнуудын нэг Цэдэндамбын Бэгзсүрэнд тахим өгөв. Д.Сумъяабазар И.Доржсамбуу, О.Одгэрэл, Ц.Баярсайхан нарын бяртай хүчтэй өөрийн үеийн сайхан бөхчүүдийг орхиж наймд үлдээд Б.Гантогтоход унасныг дээр өгүүлсэн. Догоо зааны хүү дэлхийн аварга О.Одгэрэлтэй бага наадмын түүхэнд анх учраа таарч байгаа нь энэ. Цаашдаа энэ хоёр хүчтэн цагаан сараар дахин хоёронтоо таарч хүч үзэх болно.

Гал үхэр жилийн галтай барилдаан

1997 оны цагаан сараар А.Сүхбатаас бусад нь улсын заан цолонд хүрч шуугиулах эхлэлээ хэдийнээ тавьсан байв. Б.Гантогтох барилдсангүй. Начин А.Сүхбат энэ наадмын хоёрын даваанд самбо бөхийн дэлхийн аварга Д.Пүрэвсүрэн арсланд унажээ. Харин залуу арслан Б.Ганбат Хэнмэдэхийн Амрааг хаяад гурвын даваанд Чогсомын Батзоригтой тунаж уналаа. Д.Сумъяабазар дөрвийн даваанд О.Одгэрэлийг таван бөхөөс амлаж унан тооны харьцаа 1:1 болсон юм. Харин Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр нар аргагүй буурь зааж наймд үлдээд тунаж барилдав. Г.Өсөхбаяр дөрвийн даваанд түүний ах Ц.Бэгзсүрэнг амлаж хаясан байсан юм. Пунцаг гарьд энэ удаа өндөр зааныг хаясан бөгөөд дараагийн даваанд Д.Мөнх-Эрдэнийг давуулж гуядахад нь давхар ачин хаяж анх удаа үзүүрлэсэн билээ. Хүчит гарьд Ц.Цэрэнпунцаг тэр жилийнхээ төрийн их баяр наадамд долоо даван шөвгөрч Монгол наадмын өнгөнд нэрлэгдэх бөхчүүдийн нэг аргагүй мөн гэдгээ баталсан юм.

1998 оны бар жилийн барилдаан

Аймгийн арслан Батжаргалын Ганбат Нэгдэлчдийн баярын барилдааны түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэр дөрвийн даваанаас эхлэн завсаргүй тунасаар өөрөөсөө 12 нас ах Б.Бат-Эрдэнэ аваргатай тэргүүн байр булаацалдав. Увс аймгийн арслан Б.Ганбат энэ удаа Ч.Батзориг (урд жил нь унасан), цэргийн арслан Ц.Мягмарсүрэн, улсын заан Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарын халгамаар өрсөлдөгчдийг дараалан тунаж давсан. Г.Өсөхбаяраас бусад заанууд бар жилийн барилдаанд хүчээ үзсэнгүй.

Шороон туулай жилийн барилдаан

Архангайн Н.Алтансүх начин энэ наадмын гурвын даваанд урд жил унасан залуу начин Б.Ганбатыг 13 бөхөөс амлан даагаа нэхэж хаясан. Бусад заанууд улсын начин, аймгийн шилдэг цолтнуудыг амлан хаясаар дөрвийн даваанд бүгд гарч ирсэн ч Д.Сумъяабазар нутгийн ах Н.Түмэннастыг амлан барилдаанд шороодов. Тус битүүний барилдааны зургаагийн даваанд Ц.Цэрэнпунцаг А.Сүхбатыг амлаж, Б.Гантогтох Г.Өсөхбаяр нар тунажээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар өрсөлдөгчддөө хаяж хоёр Эрдэнэ-тэй их шөвөгт үлдээд тунав. А.Сүхбат заан Г.Өсөхбаярыг хаяж тэргүүн байрын төлөө Б.Бат-Эрдэнэ аваргыг урдуураа хөнтөрч гүйлгэн хаяж үеийнхнээсээ анх удаа цагаан сарын барилдааны түрүү бөхөөр тодров. Б.Бат-Эрдэнэ аваргын тахим өгдөггүй тасархай хаанчлал цагийн эрхээр бүдгэрч байгааг энэ барилдаан харуулсан гэлтэй.

2000 оны цагаан сар. Энэ наадамд Цэрэндашдоржийн Магалжав гэх аймгийн арслан залуу шуугиулж Ганбат арслангийн амжилтыг давтсан. Б.Ганбат Ц.Цэрэнпунцаг нар барилдаагүй. Д.Сумъяабазар дөрвийн даваанд хожмын начин цэргийн арслан Ц.Цэрэнчимэдэд, Б.Гантогтох наймд үлдээд Д.Мөнх-Эрдэнэд дахин, Г.Өсөхбаяр А.Сүхбатад зургаагийн даваанд тус тус унасан юм. А.Сүхбат их шөвгийн дөрөвт үлдээд Ц.Магалжавтай тунаж унан, Б.Бат-Эрдэнэ аварга 12 дахиа түрүүлсэн юм.

Төмөр могой жилийн барилдаан

2001 оны цагаан сараар төрийн наадмын түрүү авсан зургаан заан бүгд хүч үзлээ. Энэ барилдааны тав дээр Д.Сумъяабазар-Б.Ганбат, зургаа дээр А.Сүхбат-Г.Өсөхбаяр, Б.Гантогтох-Д.Сумъяабазар, долоо дээр А.Сүхбат-Ц.Цэрэнпунцаг, үзүүр түрүүнд Д.Сумъяабазар-А.Сүхбат гэсэн дуэлиүд болж өнгөрсөн юм. Үнэхээр зургаан залуу зааны гайхамшигтай барилдаанууд энэ цагаан сараар гарсан гэж болно. Д.Сумъяабазар үе тэнгийн заануудынхаа хоёрыг нь тунаж хаян, их шөвөгт Б.Бат-Эрдэнэ аваргыг давахдаа яггүй цуцаж байж орхин А.Сүхбаттай тэргүүн байр булаацалдсан. Үзүүр түрүүнд хоёр хүчтэний барилдаан талбайн захад өрнөж Сумъяа аварга барьцгүй дагуулж тонгороод унаж байсан барилдаан одоо ч тодхон санагдаж байна. Могой жилийн цагаан сараар Ба аварга дүү заануудынхаа гуравтай нь их шөвөгт үлджээ.

2002 оны морь жилийн бага наадам хоёрдугаар сарын дундуур боллоо. Ц.Цэрэнпунцаг өнжиж, А.Сүхбат аварга дөрвөн улсын зааны хамт хүчээ үзэв. Тухайн барилдааны хоёрын давааны оноолтыг харахад Г.Өсөхбаяр одоогийн улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг, Д.Сумъяабазар одоогийн улсын арслан Г.Эрхэмбаярыг, Б.Ганбат одоогийн улсын заан Д.Баасандоржийг тус тус давсан байдаг. Харин энэ таван хүчитнээс хамгийн түрүүнд Б.Гантогтох тавын даваанд Ц.Мягмарсүрэнд тахим өгсөн. Шөвгийн наймд үлдээд А.Сүхбат Б.Ганбатыг, Д.Мөнх-Эрдэнэ И.Доржсамбууг тус тус авч Г.Өсөхбаяр Д.Сумъяабазар нар тунажээ. Тулгат дэвжээнээс бөхийн гараагаа эхэлсэн хоёр хүчитний олон учрааны нэг нь энэ бөгөөд Сумъяа давж их шөвгийн дөрөвт А.Сүхбаттай тунаж даван И.Доржсамбуутай тэргүүн байр булаацалдаж анх удаа түрүүлсэн юм.Наран хэмээх усан хонин жилийн баяр наадам аргагүй Долгорсүрэнгийн Сумъяабазарынх байлаа. Заан цолтой байсан ирээдүйн аварга маань зааланд ерөнхийдөө цөөн үзэгдэх болсон үе нь бөгөөд эртэй, мэхэндээ даацтай ааглуу барилдааныг үүнээс хойш төдий л олон гаргаагүй болов уу.Сумъяа тус наадмын хоёрын даваанд залуу бөх Очирхүүгийн Мөнхтөрийг (80 жилийн ойгоор Мягмарсүрэн зааныг хаяж байсан), Ц.Анхбаяр, Ш.Зоригт, цэргийн арслан Д.Цогзолдорж нарыг дараалан шороодуулж наймд үлдээд Б.Гантогтохтой тунасан байдаг. Чөлөөтийн дэвжээнд олонтоо хүч үзсэн хоёр залуугаас Сумъяабазар энэ удаа түрүү бөхийн хийморьтой байгаагаа харуулав. Дараагийн даваанд О.Одгэрэлтэй тунаж өвөрмөц барилдаан гаран давсан. Одгэрэл заан унаж явахдаа барьцгүй хөмөрч Д.Сумъяабазар зааныг багагүй сандаргаад авсан юм. Харин давж дэвчихээд хоёул инээлдэн байж тахимаа өгч авалцсан тэр сайхан мөч Монгол цагаан сарын битүүний барилдааны сайхан агшнуудын нэг мөн. Ингэснээр энэ хоёр бөх бага наадмын түүхэнд гурав таарч 2:1 ийн харьцаатай өндөрлөсөн түүхтэй. Харин нөгөө талаас их шөвгийн дөрөвт залуу начин Н.Бүрэнбаатарыг айхтар хавирсан улсын аварга А.Сүхбат гарч ирэн тэргүүн байр булаацалдав. Сумъяабазар “жижиг” аваргын даацтай мэхэнд орсон ч тэвдэлгүй өргөж гаргаж ирэн хаяж хоёр дахь удаагаа түрүүгээр тодорсон. Тухайн үед цагаан сараар түрүүлээд аварга цолонд хүрээгүй гурван бөхийн нэг нь Д.Сумъяабазар болж байсан юм. Г.Өсөхбаяр, Б.Ганбат нарын Алдарынхан энэ цагаан сарыг өнжиж, Ц.Цэрэнпунцаг наймд үлдээд О.Одгэрэлд унажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Suld (February 15, 2017 5:40:53 pm )

    5 zaan

antalya rent a car