antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2017 2 comments

Антрактидын гүнд шумбаж, гиннесийн амжилт тогтооно

нийтлэсэн Admin

     e299b611cbc1feb7original

  Өвлийн усанд сэлэлтийн тамирчин, спортын мастер Ш.ДАВААДОРЖТОЙ ярилцлаа. Тэрбээр энэ сарын 14-17-нд БНХАУ-д болсон өвлийн усанд сэлэлтийн “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд иржээ.

-Юуны өмнө БНХАУ-д болсон дэлхийн цомын зургаа дахь удаагийн тэмцээнд оролцож, өндөр амжилт гаргасанд баяр хүргэе. Тэмцээний сонин сайхнаас хуваалцана уу?

-Баярлалаа. Дэлхийн усанд сэлэлтийн холбооноос зохион байгуулсан тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, таван зайд хүч үзэж хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Тэмцээнд 16 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн. Энэ цуврал тэмцээний дараагаар тус улсад болсон бүх Хятадын өвлийн усанд сэлэлтийн их наадамд оролцож өврөөс сэлэлтийн 50 метрийн төрөлд нэгдүгээр байр, холимог багийн төрөлд Истон, Латви, Финланд улсын тамирчинтай нэг баг болж 50 гаруй багаас хоёрдугаар байрт шалгарсан. Мөн нэг төрлөөр гуравдугаар байрт орсон.

-Одоо ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?

-Латви улсад ирэх сарын 22-нд өвлийн усанд сэлэлтийн нээлттэй тэмцээн болно. Уг тэмцээнд оролцоно. Маргааш бэлтгэлдээ гарна даа. Мөн ирэх гуравдугаар сарын 4-5-нд Эстони улсад “Дэлхийн цом”- ын аваргын цувралын сүүлчийн тэмцээн болно. Дэлхийн цомын цуврал тэмцээнээс оноо цуглуулж дэлхийн аваргад оролцох боломжтой болдог юм. Би эхний хоёр тэмцээнд нэлээд амжилттай оролцсон. Одоо сүүлийн тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээж байна.

-Та усанд сэлэлтийн спортыг анх яагаад сонирхох болов. Энэ спорттой хувь заяагаа хэрхэн холбосон түүхээсээ хуваалцвал?

-Би бие султай хүүхэд байсан болохоор ээж маань усанд сэлж сурвал чийрэг болно гэж зөвлөдөг байсан юм. Эрдэнэт хотод 1983 онд “Хангарьд клуб” анх нээгдэхэд тамирчнаар нь орж байлаа. Тэр үеэс хойш энэ спортоо орхиогүй. 34 жил тасралтгүй бас шантралгүй энэ спортоор хичээллэсний үр дүн эхнээсээ гарч байна. Усан спортоор хичээллэсний үр дүнд миний бие эрүүл чийрэг байна.

-Усанд сэлэлтийн спортоос өвлийн усанд сэлэлтийн төрлийг яагаад сонгосон бэ?

-Бусад улсын тамирчин өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд оролцож амжилт гаргаж байхад монгол хүн яагаад энэ спортод хүч үзэж болохгүй гэж гэсэн хор шар хөдлөөд энэ төрлөөр хичээллэх болсон юм. Өнгөрсөн жил ОХУ-ын Владивосток хотноо болсон тэмцээнд анх удаагаа Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Энэ төрөлд орохын тулд бүтэн нэг жил ваннтай хүйтэн усанд орой бүр 15 минутын турш орж бэлтгэл хийсэн.

-Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооны ганц тамирчин нь та юм билээ. Энэ спортоор хичээллэж буй өөр хүн байдаггүй юм уу?

-Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Монголд Өвлийн усанд сэлэлтийн холбоо байгуулж захирлаар нь “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал М.Идэр, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус компанийн аюулгүй байдлын албаны дарга Б.Булган, дасгалжуулагчаар Н.Мөнхтөр, ерөнхий нарийн бичгийн даргаар миний бие ажиллаж байна. Манайд өвлийн усанд сэлэлтээр хичээллэж буй ганц тамирчин нь би. Өвлийн сэлэлт хэцүү. Далайн мөстэй хасах хоёроос 14 хэмийн хүйтэн усанд уралддаг болохоор тэсвэр хатуужил их шаардана. Залуус энэ төрлийг сонирхож байгаа. Гэхдээ бассейнд сэлдэг шиг зүйл биш учраас хэцүү. Бассейнд нэмэх 28 хэмд сэлдэг. Өвлийн сэлэлтийнх болохоор хасах хоёроос дээш хүйтэнд, далайн хүйтэн мөсийг ярж, хөрөөдөн зайлуулж байгаад замаа татан уралддаг юм. Тиймээс энэ төрөлд орох гэж буй залуус усандаа тэсвэртэй байх бие болон сэтгэлийнхээ бэлтгэлийг хийх хэрэгтэй.

-Ийм хүйтэнд дасахад хэрхэх хэрэгтэй юм бэ. Та бэлтгэлээ хаана хийдэг вэ?

-ОХУ-ын Владивосток хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохын өмнө Хөвсгөл далайд сар гаруй бэлтгэл хийсэн. Саяны тэмцээнд оролцохын тулд Байгаль далайд очиж бэлтгэл хийсэн. Далайн ус хөлдчихсөн байсан учраас мөсийг нь ярж цооног гаргаж, зам татаад сэлсэн. Хүйтэн усанд дасахын тулд аажим аажмаар биеийн хэмийг бууруулах хэрэгтэй. Шууд хүйтэн усанд орчихвол хатгалгаа тусна. Өвлийн усанд сэлэлтээр хичээллэж буй зарим хүн биеэ хүйтэн усанд дасгаагүй байж шууд ороод өвчин тусдаг. Мөн бие халаалт хийхэд их учиртай. Бассейны усанд сэлэлтийнхэн шиг биеийнхээ хөлсийг чийхруулж халаалтаа хийж болохгүй. Хэрэв тэгвэл хатгалгаа авдаг. Энэ мэтийн олон зүйл байдаг. Эдгээр зүйлийг судалж, тодорхой судалгаа хийж энэ спортод орсон. Одоогоор залуус энэ спортод хүч үзэх болоогүй байна. Тэдэнд хүйтэн усанд тэсвэрлэх бие болон сэтгэлзүйн бэлтгэл байхгүй гэж бодож байна. Залуусыг энэ төрөлд ор гэж уруу татмааргүй байна. Энэ тоглоом биш шүү дээ. Их эрсдэлтэй спорт. Ялангуяа холын зай нь амь насанд эрсдэлтэй.

-Тэмцээн болох орныхоо уур амьсгалыг судлах хэрэг бас гардаг байх?

-Тухайн жилийн бэлтгэл ямар байна, аль тэмцээнд орох вэ гэдгээс шалтгаалж, макро, микро циклүүд нь гарч ирнэ. Хэдийд нь хүндийн хүчний дасгалаа багасгах вэ гэдэг үүнээс шалтгаална. Усан спортын тамирчдыг дотор нь ойрын, дундын, холын зайн гэж хуваадаг. Үүнээсээ шалтгаалаад бэлтгэл нь өөр байдаг. Миний хувьд ойрын зайн тамирчин. 27 жил бодибилдингээр хичээллэж, биед маань нэгэнт дадал болчихсон учир булчингууд эцэж цуцаад байдаггүй. Одоо бүр сайжрахын тулд үсрэлт дээрээ ажиллах, техникүүдээ засах гээд хийх зүйл олон байна. Энэ бүгд нүдэн дээр харагдаж байгаа учир засах боломжтой юм. Надад анх 1983 онд орос багш нар усанд сэлэлтийг зааж байсан. 33 жилийн өмнөх тэр үеийн техникүүд хоцрогдчихоод байна. Одоо бол интернэт хөгжчихсөн, фэйсбүүк, youtube байгаа учраас хараад харьцуулаад өөртэйгөө ажиллахад үр дүн гарч байгаа юм. Би дасгал хийж байхдаа камераар бичиж аваад дэлхийн шилдгүүдийн бичлэгтэй харьцуулж, маш их уншиж судалдаг. Энэ боломжийг хүн бүр ашиглахад нээлттэй шүү дээ. Мөн гадаадын туршлагаас суралцах зүйл их байна. Ний нуугүй хэлэхэд манай улсад хүүхдүүдийг багаас нь бэлтгээд 14,15 нас хүрэхэд нь дэлхийн хэмжээнд бэлтгэх туршлага дутмаг. Өмнөх жилүүдэд манай усанд сэлэлтийнхэн хүчний бэлтгэл гэдэг юмыг хийдэггүй байж байгаад саяхнаас л хийж эхэлж байна. Бас хоолны талаар ямар нэгэн судалгаа байхгүй, шууд л бантан, гурилтай шөлөө иддэг. Хүүхдүүд мантуун бууз, хуушуур идчихээд бэлтгэл хийгээд байдаг. Ингэж болохгүй шүү дээ.

-Таны цаашдын зорилго, мөрөөдөл тань юу вэ?

-Ойрын хугацаанд ирэх долоодугаар сард болох Будапештын мастерын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд үлдэх, 2018 онд Эстони улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авах төлөвлөгөөтэй байна. Өвлийн усанд сэлэлт олимпын наадмын нэг төрөл болох гэж байгаа. Яг одоогоор шийд нь гараагүй ч олимпын төрөл болох магадлал өндөр. Олимпын нэг төрөл болбол олимпын наадмаас медаль авах зорилготой байна. Энэ хугацаанд бэлтгэл тасрахгүй бол усандаа дасах чадвар хангалттай сууна. Тиймээс 2020 оны дэлхийн аварга, 2022 оны олимпын наадмаас медаль хүртэх боломж гарна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн 2020-2025 оны хооронд Антрактидын гүнд шумбаж үзэх санаатай байна. Болж өгвөл Гиннесийн амжилтыг эвдэх төлөвлөгөөтэй байна. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа маань Антрактидын ноён оргилд гарч болсон юм чинь монгол хүн яагаад гүнд нь хүрч болохгүй гэж. Би одоо 48 настай 80 хүртлээ энэ спортод хүч үзнэ гэж бодож байгаа. Бэлтгэлээ хийгээд явахад энэ нь боломжгүй зүйл биш.

-Та 80 насандаа зодог тайлна гэлээ. Тэр болтол шижигнэсэн хэдэн шавь бэлдэж амжина даа?

-Эхлээд өөрөө өндөр амжилт гаргах бодолтой байна. Мөн энэ спортод бие, сэтгэлээ зориулж чадах хүн шавь болохоор ирвэл л түүнд заана. Энэ спорт тоглоом биш шүү дээ.

-Та бодибилдингийн спортоор 30 шахам жил хичээллэсэн байна. Усан спортоор амжилт гаргахад биеийн хөгжил давуу тал болдог байх?

-Усан спортод дан ганц сэлэлтээр амжилт гаргахгүй л дээ. Хүчний бэлтгэл зайлшгүй хийж байж усанд хурдан хүчтэй сэлнэ. Хоол, хүчний бэлтгэл, сэлэлт бас амралт нийлж байж амжилт гарна. Энэ бүгдийн аль нэг байхгүй бол амжилт гарахгүй. Би бодибилдингийн спортоор хичээллээд 27 жил болж байна. “Монголын мистер” тэмцээнд 1990-1995 онд оролцож, жиндээ гурван удаа түрүүлж, нэг удаа мөнгөн медаль, нэг удаа багаараа алтан медаль хүртэж байлаа.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Би одоогоор Баянгол дүүргийн усан спортын төвд багшилдаг. Тэнд өглөөний цагаар бэлтгэлээ хийдэг. Үдээс хойш бас фитнессийн багш хийдэг. Уг нь миний мэргэжил бол эрх зүйч хуульч, олон улсын аюулгүй байдлын мэргэжилтэн. Би 1988 онд ЗХУ-д Цахилгааны сургууль, 1997 онд Биеийн тамирын дээд сургууль, 2006 онд Хуулийн сургууль, 2013 онд Новосибирскийн олон улсын харилцааны их сургуулийг аюулгүй байдлын чиглэлээр, Москвад олон улсын харилцааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Төрийн тусгай хамгаалалтын газарт багш, хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан.

Б.Мөнх-Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (January 27, 2017 6:33:46 pm )

    gol ni tegeed amid garch ireerei, record evdene geed uhsen humuus olon shuu

  • zochin (January 30, 2017 10:25:11 am )

    та бол үнэхээр монгол залуусын бахархал болсон хүн байна.таны ярьсан зүйлүүдээс харахад таныг хүндлэх сэтгэл төрлөө. цаашдаа монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан ,монгол хүний тэсвэр тэвчээр ямар гэдгийг дэлхийд таниулсан олон олон амжилтууд гаргахыг хүсэн ерөөе. гол нь эрүүл мэндээ бодож яваарай

antalya rent a car