Хайртай гэр бүлтэйгээ хамт заавал үзээрэй. Танай гэр бүлд хайр халамж, үнэ цэнэ, ухаарал гээд олон зүйлсийг мэдрүүлэх болно.
Адамс эмч бол бусад эмч нараас өөр хүн. Инээд хөөр, хайр сэтгэлээр бүх төрлийн өвчнийг эмчилж болно гэж үзэх бөгөөд энэ маягаар өвчтөнүүдийнхээ амьдралыг өөрчилж дөнгөнө. Сэтгэл хөдөлгөх сайхан кино үзээд та илүү уян зөөлөн болох вий.
Крис Гарднер хүүгээ аз жаргалтай байлгах гэж хамаг байдгаараа хичээнэ. Гэвч харамсалтай нь, хувь тавилан түүнд дээр дээрээс нь саад тотгор илгээж, худалдааны багахан орлогоор амьдралаа залгуулахад бэрх болсон тул хүүтэйгээ гудамжинд гарахад хүрнэ. Хүүгээ өсгөхийн тулд юунд ч бууж өгөхгүй зүтгэхээс өөр аргагүй.
Elle сэтгүүлийн редактор, 43 настай Жан-Доминик Боби гэнэт цус харваж, нэг нүднээс бусад бүх эрхтэн нь мэдээгүй болж орхино. Ганц нүдээрээ бусадтай ойлголцож, хүний хэлсэн үсэгнээс хэрэгтэйгээ нүд ирмэн сонгох болсноор сэтгэл доторхоо илэрхийлэхээс гадна, бүр ном бичиж гаргадаг.
Хорвоо ертөнцийг яавал сайнаар өөрчлөх тухай та мэдэх үү? Тревор хүү үүнийг мэднэ. Тэрээр нэгэн схем зохиосон нь сайхан сэтгэлийг түгээх зориулалттай юм. Жишээ нь, та хэн нэгэнд туслаад, хариуд нь түүнийг өөр гурван хүнд талархал илэрхийлээрэй гэвэл цаашаа гурав гурваар нэмэгдсээр ертөнц даяар сайхан сэтгэл тархах ёстой. Гэвч энэ схем ажиллах уу? Тревор сайхан сэтгэлийн гинжин хэлхээг өөрөөсөө эхлүүлэхээр шийднэ.
Залуухан, амжилттай яваа менежер Макс Скиннер нас барсан авгынхаа байшинг худалдахаар Францад ирнэ. Бушуухан ажлаа дуусгаад явмаар байвч хууль ёсоор энэ байшинг өмчлөх эрхтэй өөр хүмүүс байгааг олж мэднэ. Шинэ танил, санаанд оромгүй үйл явдлууд орчлонд мөнгө, эрх мэдлээс хамаагүй чухал зүйлс байдгийг түүнд ойлгуулна.
Амьтны хүрээлэнгийн эзний хүү Пи гэр бүлийнхэнтэйгээ Канадыг зорин аялж явтал замдаа хөлөг онгоц нь сүйрч орхино. Пи амьд гарах бөгөөд түүнтэй хамт хэд хэдэн амьтан үлдсэний дотор бенгалын бар байна. Амьдралын бэрхшээл зовлонтой хэрхэн тэмцэх талаар өгүүлсэн гайхалтай кино.
Адуу үржүүлгийн газрын эзний охин Кэйл эх эцгийн хамт амьдрах бөгөөд том болоод аавынхаа ажлыг үргэлжлүүлэхийг мөрөөднө. Хэдийгээр бие биедээ хайртай боловч аав охин хоёр үл ойлголцох нь элбэг. Харин Кэйл эцгээсээ хайртай морийг нь эдгээж өгөхийг хүссэн мөчөөс эхлэн бүх зүйл өөрчлөгдөж, амьтанд хайртай охиныхоо сэтгэлд аав нь уярч, хайртай охиных нь аз жаргалаас өөр юу ч чухал биш гэдгийг ойлгох болно.
Гимнастикч Дэн Милленд аз жаргалтай амьдралаас бусад бүх зүйл бий. Шагнал, нэг багийн найзууд, охид, үдэшлэг… Гэтэл автын осолд орж хүнд бэртсэн тэр өдөр амьдрал нь өөрчлөгдөнө. Эмнэлгээс гарч явахдаа Сократ хэмээх хачин хүнтэй таарсанд хүний чадварын цоо шинэ ертөнцийг түүнд нээж өгнө. Дэн өөрийгөө өөрчилж, шинээр амьдарч эхлэхээр шийддэг.
Эцэг эхээ алдсан 11 настай охин Поллианна хатуу хахир ааштай авга эгчийндээ очиж амьдрахаар болно. Аав ээжийн хайранд умбаж өссөн охин ийнхүү хорио цээр, хатуу зарчмын дор амьдрах болсон ч сэтгэлээр унасангүй. Аав нь түүнд ямар ч үед амьдралдаа баярлаж талархаж байх тухай хөгжилтэй тоглоом зааж өгсөн юм санжээ. Ахин дахин үзмээр кино.
Фолбрукийн сургуульд шинэ багш ирсэн нь ноён Ди. Ноён Уорнероос бусад багш, сурагчид түүнд хөл алдах болов. Уорнер “Оны шилдэг багш” цолыг авахаар зүтгэж байтал залуу багш Ди гарч ирсэн нь шагнал авах боломжийг эрс бууруулсан юм. Гэвч ноён Уорнер бууж өгөхийг хүссэнгүй, шинэ багшид дайн зарлана. Харин сургуулийг тэр чигээр нь өөрчлөх нэгэн нууц ноён Ди-д байх бөгөөд түүнийг хэн ч мэдэхгүй.
Үнсгэлжингийн аав бэлэвсэрч, хоёр охинтой Тремейн хатагтайтай гэрлэнэ. Удалгүй шинэхэн эгч дүүс нь тэднийд нүүж ирээд охиныг зарц болгон хувиргав. Эцэг нь өөд болсон ч Үнсгэлжин сайн сайхны тухай мөрөөдөх бөгөөд нэгэн сайхан залуутай санаандгүй учралаар тааралдсан нь түүний амьдралыг өөрчлөх болно. Гайхалтай үлгэрийн кино.
Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн энэ киног үзэхэд сэтгэл хөдлөхгүй байх аргагүй. Эрч хүчтэй, залуу багш Рон Кларк Нью-Йорк хотод нүүж ирээд ядуусын хорооллын нэгэн сургуульд ажиллахаар болно. Багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүд нь хүртэл өөрсдийгөө нийгэмд хэрэггүй илүүдэл мэтээр үзэж заншсан ч Рон үүнтэй эвлэрэхгүй. Хүүхдийн зүрх сэтгэлд гал ноцоохын тулд сургалтын шинэ аргачлал зохиож, хамаг анхаарлаа ажилдаа тавьж ажиллана.
Атаа жөтөөч ахынхаа өшөө авалтаас аварга том халимны тусламжтайгаар аврагддаг эрт цагийн нэгэн удирдагчийн тухай маоричуудын домгоос сэдэвлэсэн кино. Олон зууны дараа Уангара омгийн удирдагч Коро удам залгах хүүгүй тул өөрийн амьдралыг дууслаа хэмээн бодож байтал түүний зээ охин Пай омгийн удирдагч болж чадна гэдгээ харуулахаар шийднэ. Үүний тулд бараг боломжгүй зүйлийг хийх хэрэгтэй бөгөөд тулааны эрдэм төгс эзэмшиж, шившлэг дом хийж сурах, аварга халим хөлөглөх ёстой болно.
Бяцхан охин Олив “Little Miss Sunshine” уралдаанд оролцохыг мөрөөднө. Гэрийнхэн нь дэмжих боловч бүгд завгүй. Оливийг уралдаанд урьсныг мэдмэгц хамт очиж дэмжихээр гэрийнхэн нь бүгдээрээ холын Калифорнийг зорихоор болно. Инээдмийн, өөдрөг сайхан кино.
Амели бүсгүй энэ хорвоог сайн сайхан хэмээн итгэж, хүний хийж буй үйлдлүүд ямар нэгэн утга учиртай гэдэгт үл эргэлзэнэ. Нэгэн удаа жижиг хайрцаг олоод эзнийг нь олохоор хайж, адал явдалтай учрах болно. Энэ бол ид шид, гайхамшгийн тухай кино. Мөн бид бусдын хувь заяанд гаднаас оролцож өнгө будаг нэмэхийн хэрээр өөрсдийн амьдралаа цоо шинэ өнгөөр будаж байдаг тухай өгүүлдэг.
Холбоотой мэдээ
-
зочин (January 18, 2017 12:02:54 pm )
Юнивейшины багцаар үзэх юм байна Нэг кино үзхэд 5000 төгрөг 15 кино 75 000 төгрөг . дээр нь сувгийн төлбөр нь сард 40 000 төгрөг Хэцүү хэцүү
-
Anonymous (January 19, 2017 4:18:54 am )
Dandaa l ene amerik hugiin ym uzej suuh uu mungu oloh gd bur yadab aa
2 Comments